Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 995

 

2020        05       28                               2020/ШЦТ/995

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов: 

шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006 00000 1214 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Г, 1990  оны 3 дугаар  сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 30 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, бизнесийн удирдлага  мэргэжилтэй, Нийслэлийн захирагчийн албанд хяналтын ажилтан,  ам бүл 4, эцэг, эх, эмээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 534 дүгээр байрны 57  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

        Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

       А.Г нь 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Х.Эрдэнэ-Очирыг найз Б.Бадамгаравтай маргалдаж байхад нь өмөөрч түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин биенд нь хөмсөгт шарх эрүүнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

         Хохирогч Х.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны 22 цагийн үед найзууд болох Гантулга, Бадамгарав болон 2 охины хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” нэртэй зочид буудалд орсон. Буудалд 206 тоот өрөөнд орж 0.75 литрийн Еden нэртэй архи уусан. Тэгээд унтах гээд хэвтэж байхад Бадамгарав “цаашаа цаашаа” гэж хэлээд нүүр лүү цохитол Гантулга босож ирээд хамар луу хэд хэдэн удаа цохиод зүүн хөмсөгт шарх гэмтлийг учруулсан. Зүүн мөр, зүүн шуунд цус хуралт гэмтлийг миний гар мөрнөөс татаж учруулсан...”гэсэн мэдүүлэг / хх-н 03-06/,

          Гэрч Б.Бадамгарав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар нэртэй зочид буудлын өрөөнд 2020 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 01 цагийн үед очсон бөгөөд намайг буудлын өрөөнд орох үед манай найзууд болох Гантулга, Учрал, Эрдэнэ-Очир, бас үл таних 1 охины хамт байсан. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 цагийн үед бүгд унтах гээд хэвтсэн бөгөөд би Учралтай нэг орон дээр нь хэвтэж байтал Эрдэнэ-Очир бос бос гээд байхаар нь би босож ирээд Эрдэнэ-Очиртой заамдалцсан...”, “... Эрдэнэ-Очир надтай маргалдаад салсны дараа буудлын гадаа зогсож байхад түүний хөмсөг сэтэрснийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 10-12/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 13/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5373 тоот шинжээчийн

  1. Х.Эрдэнэ-Очирын биед зүүн хөмсөгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 15-16/,  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 17-18/

      А.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 19/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 25/, захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 26-35/

          А.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 37/, прокурорын тогтоол /хх-н 38-39/,

Яллагдагч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 05 дугаар сарын 04-ний шөнө найз Х.Эрдэнэ-Очир нь Бадамгаравыг орноос нь түлхэж унагаагаад барьцалдаад авахаар нь Эрдэнэ-Очирын нүүр буюу зүүн хөмсөг рүү нь нэг удаа цохьсон... “ гэсэн мэдүүлэг /хх-н 08-09, 41-42/,

          А.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  43-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Гантулгыг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Х.Эрдэнэ-Очирыг найз Б.Бадамгаравтай маргалдаж байхад нь өмөөрч түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин биелд нь хөмсөгт шарх эрүүнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

шүүгдэгч  А.Г нь  2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Х.Эрдэнэ-Очирыг найз Б.Бадамгаравтай маргалдаж байхад нь өмөөрч түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин биед нь хөмсөгт шарх эрүүнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хохирогч Х.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...унтах гээд хэвтэж байхад Бадамгарав “цаашаа цаашаа” гэж хэлээд нүүр лүү цохитол Гантулга босож ирээд хамар луу хэд хэдэн удаа цохиод зүүн хөмсөгт шарх гэмтлийг учруулсан. Зүүн мөр, зүүн шуунд цус хуралт гэмтлийг миний гар мөрнөөс татаж учруулсан...”гэсэн мэдүүлэг / хх-н 03-06/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5373 тоот шинжээчийн

  1. Х.Эрдэнэ-Очирын биед зүүн хөмсөгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. / хх-н 15-16/, 

          Гэрч Б.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би Учралтай нэг орон дээр нь хэвтэж байтал Эрдэнэ-Очир бос бос гээд байхаар нь би босож ирээд Эрдэнэ-Очиртой заамдалцсан...”, “... Эрдэнэ-Очир надтай маргалдаад салсны дараа буудлын гадаа зогсож байхад түүний хөмсөг сэтэрснийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 10-12/,

           А.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... найз Х.Эрдэнэ-Очир нь Бадамгаравыг орноос нь түлхэж унагаагаад барьцалдаад авахаар нь Эрдэнэ-Очирын нүүр буюу зүүн хөмсөг рүү нь нэг удаа цохьсон... “ гэсэн мэдүүлэг /хх-н 08-09, 41-42/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд А.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож  прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч А.Гд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 46/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар А.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар А.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Г   нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Гд   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН