| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0536/Э |
| Дугаар | 603 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 603
2020 09 22 2020/ШЦТ/603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр ҮД:/2729/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Д-ийн Д-д холбогдох эрүүгийн 2000009320000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 0995 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай,эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо 04 дүгээр байрны 295 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт Д-ийн Д-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 05 дугаар сарын 00-ний орой Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью Скай хотхоны 00б байрны 0 дүгээр орцны 0 давхарт хохирогч Р.С-ыг гэртээ орж байхад нь хүрзээр зүүн шуу болон толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2000009320000 дугаартай хэргээс:
Хохирогч Р.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р хуудас/
2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 00-07-р хуудас/
2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-26-р хуудас/
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/
Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн хүний биед үзлэг хийсэн 5703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 97-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 98-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 99-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 000-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-р хуудас/ болон бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д- гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 05 дугаар сарын 00-ний орой Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью Скай хотхоны 00б байрны 0 дүгээр орцны 0 давхарт хохирогч Р.С-ыг хүрзээр цохиж зодож “зүүн шууны богтос ясны далд хугарал, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч: Р.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 00-ний орой 20 цаг 30 минутын үед би өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блью Скай” хотхоны 00б байрны 0 дүгээр орцны хаалгаар ороод 0 давхарт байрлах 00 тоотын хаалгыг онгойлгох гээд хаалганы бариул дээр байх хурууны хээг таньдаг цоожийг тайлах гэтэл хаалга онгойлгоогүй. Тэр мөчид орцны хаалгаар зүс таних Д- орж ирээд улбар шар өнгийн төмөр иштэй хүрзээр “чамайг ална” гэж цохиж миний толгой хэсгийг онож хөмсөг сэтэрч, дараагийн цохилтыг би зүүн гараараа хаахад шуу хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Манай давхарын хяналтын камерын бичлэгт үлдсэн байгаа. Би тэр үед өөрийгөө хамгаалж хажуугаар нь гарч гүйж байхдаа өөрийнхөө утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би цааш зугтааж “Х-” нэртэй хүнсний дэлгүүр рүү орж агуулахын өрөө рүү нуугдах гэсэн боловч тус өрөө нь цаашаагаа хаалттай зугтаах боломжгүй байсан. Тэгэхээр нь би буцаад гарч гүйх гэж байтал Д- саарал өнгийн авто машинтай миний араас хөөж ирээд дэлгүүрийн үүдэнд машинаа байрлуулж тавиад хүрзээрээ дахиж цохих гэж дэлгүүр рүү орж ирсэн. Би дэлгүүрийн лангууны ард нуугдахад намайг ална гэж хүрзээрээ далайлгаад дайраад орилж байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс гарч зугтааж “Голден Драгон” нэртэй байр руу гүйж машины ард нуугдахад миний араас машинтай хөөж ирээд “чамайг ална” гэж машинаасаа бууж ирэхээр нь би буцаж зугтаад “Х-” дэлгүүрийн баруун талд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү орж нуугдахад Д- намайг олоогүй. Цагдаагаас ярихад би байгаа газраа хэлж цагдаа нар ирээд намайг авчирсан. Д- бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн болон өр авлаганы асуудал байхгүй. Д- нь миний хүүхдүүдийн ээж С.М-гэх эмэгтэйтэй сүүлийн 3 жил янаг амрагийн харилцаатай байсан. 2020 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо “Могул таун” хотхонд намайг очиход М- хаалга тайлж өгөхдөө Д- хамт байсан. Тэр үед над руу хутга барьж довтлох гэтэл М- хутгыг нь авч болиулсан. Би “харах ёстой юм аа харсан би явъя” гэтэл Д- “ороод ир ээ” гэхээр нь би том өрөөнд ороод суухад “Д- гэдэг” гэж танилцуулсан. Бид 3 жилийн өмнөөс янаг амрагийн холбоотой гэдгээ хэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 00:40 цагт Д-гийн гар утас болох 85200000 дугаараас “өчигдөр эвгүй юм болсон байна лээ шүү, уучлаарай, хоёулаа хэд хоногоос уулзаж байгаад энэ асуудлаа шийдье. 2 сарын хугацаа өгчих. Би холдоод өгье. Хоёулангынх нь дундах яриа шүү” гэж мессеж бичсэн. Тэр өдрийн 00 цаг 55 минутад дахиад над руу мессеж бичсэн. Эр хүн шиг хэлсэндээ байна. Хүний амьдралд гай болохгүй, 2 сарын дотор холдсон байна гэсэн мессеж ирүүлсэн. Би тэр үед ямар нэгэн хариу мессеж бичиж залгаагүй. Одоо болохоор Д-, М-ын ээж А.Д- болон манай эхнэр М- нар нийлж миний амь насанд халдахаар бүлэглэсэн гэж бодож байна. Болсон үйл явдлыг тооцохоор хэрэг гардаг өдөр 20:00 цагт миний охин С.А-гаар над руу залгуулж яриулсан гэж бодож байна. Намайг ирэхэд гэрийн цоож миний хурууг танихаа больсон байсан. Би өглөө нь хурууны хээгээр хаалга тайлж байсан. М- над руу утсаар болон facebook хаягийн чатаар “хоёулаа салъя, би өөр хүнтэй сууж хуримаа хийнэ” гэдэг байсан. М- урьд өмнө өөр хүнтэй сууж байсан, 06 настай Э-ын А- гэдэг хүүхэдтэй. М- бид хоёрын дундаас 2 охинтой. Том охин маань 9 настай С.А-, бага охин маань 9 сартай С.А-нэртэй. Миний биед учирсан гэмтлийг М-тай уулздаг Д- гэдэг залуу учруулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлнэ. Д-, М-, Д- нарын зөв бус үйлдэлд хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...дэлгэцний зүүн доод хэсгээс бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн ботинктой эрэгтэй /хохирогч Р.С-/ гартаа цагаан өнгийн гялгар ууттай зүйл гартаа барьсан байдалтай 33 секундэнд дэлгэцийн голын хэсгийн байрлалтай байрны орц руу ороход цаанаас нь хөндлөн тавьсан саарал өнгийн жижиг машины зүүн урд талаас тод өнгийн даавуун цамцтай, хар өнгийн тамирын өмдтэй эрэгтэй хүн 34 секундэнд бууж ирсэнээ гартаа юм барьсан байдалтай 40 секундэнд орц руу гүйж оров. 54 секундэнд хохирогч Р.С- нь орцноос гүйн гарч ирэхэд араас нь тод өнгийн даавуун цамцтай, хар өнгийн тамирын өмдтэй эрэгтэй хүн 56 секунтэд араас нь гүйж гарч ирээд 59 секундэнд гартаа барьсан хүрзээ шийдэхэд газарт унахад тод өнгийн даавуун цамцтай, хар өнгийн тамирын өмдтэй эрэгтэй хүн 0 минут 07 секундэнд хүрзээ газраас аваад зүүн гараараа шулуун юм зааж байгаад 0 минут 03 секундэнд дэлгэцийн гол хэсэгт байрлах авто машины зогсоол руу гүйж, 00 минут 36 секундэнд саарал өнгийн жижиг машины зүүн урд талын хаалганд суухад 00 минут 38 секундэнд машин хөдлөөд чигээрээ явж 0 минут 43 секундэнд хяналтын камерын үзэгдэх орчиноос гараад явсанаар бичлэг дуусав.
...тоглуулахад бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн өмдтэй, хар гуталтай эрэгтэй хүн /хохирогч Р.С-/ нь орцоор орж ирээд шатаар гараад хүрэн өнгийн төмрөн хаалгыг онгойлгох гэж байхад тод өнгийн даавуун цамцтай, хар өнгийн тамирын өмдтэй эрэгтэй хүн /шүүгдэгч Д.Д-/ гартаа хүрз байсан байдалтай орж ирсэнээ Р.С-ын толгойг цохиход хохирогч зүүн гартаа барьсан цагаан өнгийн гялгар ууттай зүйлийг унагаахад тод өнгийн даавуун цамцтай, хар өнгийн тамирын өмдтэй эрэгтэй /Д-/ гартаа барьсан хүрзээрээ цохиход Р.С- нь зүүн гараараа хааж байна. Ингээд Р.С-ыг хүрзээр дахин толгойны дагз хэсэг рүү цохиход хохирогч нь шүүгдэгч Д.Д-гийн зүүн талаар нь гарч зугтааж орцоор гарахад нөгөө цохиж байсан эрэгтэй хүн /Д-/ араас нь гарав. 06 секундэнд үл таних хүн гарч коридор хэсгээр гараад орцоор гарч байхад 09 секундэнд Р.С-ын орох гэж байсан хаалгаар бараан өнгийн даавуун подволктой эрэгтэй хүн цухуйж хаалгаа хаагаад 25 секундэнд тухайн хаалга онгойж цухуйсан эрэгтэй хүн хаалгаар гарч ирээд шатаар бууж орцны хаалгаар гарч явсанаар 33 секундэнд бичлэг дуусав...” гэх тэмдэглэл /хх-ийн 00-07-р хуудас/
Х- дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...00:57 секунтэнд эрэгтэй хүн /хохирогч Р.С-/ гаднаас гүйж орж ирээд агуулах хэсэг рүү орж нуугдах гэж байгаа харагдана. Р.С- өрөөстэй барааны ард нуугдаж байгаа харагдана. 00:00 секунтэнд Р.С- баруун гараараа хөмсөгөө арчиж байгаа харагдана. 00:05 секунтэнд эрэгтэй хүн /шүүгдэгч Д.Д-/ орж ирээд Р.С- руу ойртох гэж оролдоно. 00:06 секунтэнд Д.Д- Р.С- руу гүйж гартаа тааралдсан барааг түлхэж унагаахад Р.С- зугтааж гарахад дэлгүүрийн эзэн эмэгтэй Д.Д-гийн урд зам хааж зогсож буй бичлэг,
...Р.С- утсаар ярьсан байдалтай дэлгүүр рүү гүйж орж байгаа харагдана. Д.Д- нь 83-09 УБХ улсын дугаартай авто машинтай дэлгүүрийн урд хэсэгт ирж зогсож хойд хаалгаа онгойлгож хүрз барин дэлгүүр рүү гүйж орно. 00:39 секунтэнд Р.С- дэлгүүрээс гүйж гарч авто машины төв зам руу гүйж үзэгдэх орчин хязгаарлагдмал харагдана. 00:45 секунтэнд Д.Д- нь гартаа ямар нэгэн зүйл бариагүй дэлгүүрээс гүйж гарч ирээд 00:49 секунтэнд машиндаа сууж төв зам руу явж байгаа харагдана...” гэх тэмдэглэл /хх-ийн 20-26-р хуудас/
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 00-ний 20:00 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо “Х-” дэлгүүр дээрээ байж байсан чинь манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг С- орж ирээд зайрмаг болон хүнсний зүйлүүд аваад гараад явсан. Тэгээд удалгүй 05-20 минутын дараа С- ын нүүр цус болсон байдалтай орж ирээд “эгчээ намайг авраарай, хүн алах гээд байна” гээд орилоод байсан. Манай дэлгүүрийн үүдэнд 00-00УБХ улсын дугаартай Инсайт нэртэй машинаас нэг хүн бууж ирээд хойд хаалгаа онгойлгоод шар өнгийн бариул хэсгийг маралаар ороосон хүрз авч гарч ирээд С- ыг “ална” гээд дайраад цохих гээд байсан. Тэгэхээр би “чи болиоч, хүн алах гээд байна шүү дээ” гэхэд “холдооч та нарыг ална” гээд С- ыг хөөгөөд байсан. Тэр үед С- дэлгүүрийн лангууны араар зугтааж байсан. С- дэлгүүрийн хаалгаар гараад хойд хашаа руу орсон. Хойд талын хашааны хаалга онгорхой байсан болохоор тийшээ орсон. Тэр залуу С- ыг анх орж ирсэн хаалгаар орсон байх гэж бодоод машинаа маш хүчтэй хаазлаад гараад явсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн чинь цагдаа нар ирээд С- ыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/
Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 00-02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцат-000 чиглэл дээр д/а Н.П-ын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 00-ний 20:35 цагт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Блью Скай хотхоны гадаа хүнд зодуулаад, гар хөлөө хугалчихлаа гээд утас тасарсан. Дуудлага мэдээлэл аваад 05-20 минутын дараа очсон. Тэгээд дуудлага өгсөн дугаар руу залгахад “Зайсан Лоунжингийн хажуугийн эмэгтэйчүүдийн эмнэлэгийн хажууд зогсож байна, надад туслаач” гэхээр нь яваад очсон чинь гараа барьсан өндөр биеэрхүү залуу “би хүнд зодуулчихлаа эхнэрийнхээ нууц амрагт зодуулсан” гэж хэлж байсан. Тэгээд тухайн хүнийг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирч Арцат-00-ийн жижүүрийн ахлах мөрдөгч х/ч Л-д хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 5703 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... Р.С-ын биед зүүн шууны богтос ясны далд хугарал, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.0-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд: “...нийт урт 70 см, ажлын хэсгийн урт 80 см, өргөн 05 см, цагаан өнгийн маралаар ороосон бариул хэсгийн урт нь 36 см урттай улбар шаргал өнгийн хүрзийг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Шүүгдэгч Д.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Р.С-ын хамтран амьдрагч М-тай хамтарч бизнес хийдэг байсан. Р.С- нь намайг хэл амаар доромжилж “эр янхан” гэж хэлж ярьж байдаг гэж М- надад хэлсэн. Тийм учраас би биед нь халдах болсон. Би Р.С-ын гэрийн гадаа түүний эхнэр М-д шорооны дээж авах зорилгоор хүрз үлдээх гэж байсан чинь Р.С- гэр рүүгээ орж байсан болохоор араас нь дагаж орсон. Надад ямар нэгэн алах санаа сэдэл байхгүй. Би тэр хүнийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би айлгах гэж гар руу нь цохисон. Би уурлаж бухимдсан байсан. Би М-тай 3-4 цагийн өмнө утсаар холбогдсон. Р.С-ыг хөөгөөд хотхоноос гарч байхад Америк сургуулийн урд талын зам дээр М- 00-00 хар өнгийн Тоёота Ланд-570 маркийн авто машинтай зөрж байсан. Би М-тай уулзах ажил байсан. Ирэхгүй болохоор гэр рүү нь оруулж өгье гэж бодсон чинь Р.С- ирж таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Р.С-ыг хүрзээр цохисон үйлдлийн улмаас хохирогч Р.С-ын биед “зүүн шууны богтос ясны далд хугарал, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Р.С-ыг хүрзээр цохиж биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Д- “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д- болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
Хохирогч Р.С- нь “энэ хэрэгт хамтран амьдрагч М-, түүний эх Д- нар хамааралтай. Мөн Д.Д- нь алахаар завдсан” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн боловч хэрэгт цугларсан баримтаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.С-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч Р.С- нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн /хх-ийн 30-32 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүйд тооцов.
Хохирогч Р.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Д-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3600 нэгжээр буюу 3.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлийг учруулахдаа хүрз хэрэглэж үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 060 дугаар зүйлийн 060.0 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д-д мэдэгдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 0 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 0 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.00, 36.02, 36.03 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т- овогт Д-ийн Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 5400 нэгжээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 060 дугаар зүйлийн 060.0-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д-д мэдэгдсүгэй.
4. Хохирогч Р.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Д-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР