| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0142/Э |
| Дугаар | 630 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 630
2020 09 28 2020/ШЦТ/630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
хохирогч Г.Г-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч М.У-, Н.С-, тэдгээрийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овогт М- У-, Б- овогт Н-ын С- нарт холбогдох эрүүгийн 201726030000 дугаартай хэргийг 2020 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “У-” ХХК-д эксковаторын операторчин ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 5 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л- овогт М- У-
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “L-” хоолны газарт тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай, дэд станцын 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 00а байрны 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 22-ний өдрийн 540 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б- овогт Н-ын С-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч М.У- нь Н.С-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” амралтын газарт унтаж, амарч байсан иргэн Г.Г-, Ц.Ц-, Д.Д- нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Г-, Ц.Ц- нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэнд,
2. Шүүгдэгч Н.С- нь М.У-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” амралтын газарт унтаж, амарч байсан иргэн Г.Г-, Ц.Ц-, Д.Д-нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Г-, Ц.Ц- нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Н.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 201726030000 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 80-81, 143-р хуудас/,
Хохирогч Ц.Ц-ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 111-113, 232-233-р хуудас/,
Гэрч Д.Д-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 82-р хуудас/,
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 29-р хуудас/,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 227-229-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 152-155-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 157-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 159-р хуудас/
Шүүгдэгч М.У-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 161-р хуудас/
Шүүгдэгч Н.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 168-р хуудас/
Шүүгдэгч М.У-ын хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 59-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 60-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 61-р хуудас/,
Шүүгдэгч Н.С-ын хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас хх-ийн 1 дүгээр хавтас 62-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 63-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 65-р хуудас/, гэрч Н.Н-, М.Э-нарын мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 84-86-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.У-, Н.С- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.У-, Н.С- нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” амралтын газарт хохирогч Г.Г-, Ц.Ц- нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь:
Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 сарын 08-ны орой 23 цагийн үед манай найз Ц-, Д-, манай найз хүүхэн Д- бид 4 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “Ч-” нэртэй амралтын газарт амрахаар очиж, нэг гэр аваад идэж уунгаа ойр зуурын юм ярьж суусан. Д- ерөөсөө архи уугаагүй, “өглөө эрт машин барина” гээд бидэнтэй хэсэг сууж байгаад шөнө дунд машиндаа амрахаар явсан. Гэрт бид 3 үлдсэн юм. Цаг нилээн орой болчихсон, үүр цайх дөхөж байхад би амрахаар орондоо ороод хэвтэж байсан ба Д- миний хажууд орон дээр сууж байсан. Харин Ц- “найзтайгаа хамт явна” гээд сууж байсан юм. Тэгээд би унтаж байхад манай найз охин намайг сэрээгээд “энэ юун хүмүүс вэ” гэж асуухаар нь харахад үл таних 2 залуу ороод ирчихсэн, нэг нь над руу хүрч ирээд “чи хаанаас ирсэн юм бэ, хужаа юм уу, хэн юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж байх хооронд нөгөө залуу нь Ц- дээр очоод маргалдаж байсан. Тэгээд Ц- гэрээс гараад явахад араас нь нөгөө 2 залуу дагаад гараад явсан. Д- мөн араас нь гарахаар нь би босоод хувцсаа өмгөөд гэрээс гарахад нөгөө 2 залуу манай найзыг зодох гээд хөөгөөд явж байсанаа баригдахгүй болохоор нь над руу хүрээд ирсэн. Тэгээд С- гэдэг нь над руу дайраад байхаар нь би биедээ ойртуулахгүй өөдөөс нь түлхэхэд тэр газар унасан, тэгэхэд хажууд нь зогсож байсан У- гэх залуу нь намайг хөлөөрөө хавирч унагаад, газар унах үед тэр хоёр залуу хоёулаа тал талаас толгой тархи руу өшиглөж дэвсэж зодсон. Тэгэхэд манай найз хүүхэн Д- гар утсаараа бичлэг хийгээд “та нар болиоч ээ, хүн аллаа ш дээ. Цагдаа дуудчихсан байгаа” гээд орилоход нь салаад явсан. Ц-, Д- хоёр холоос харж байсан ба айгаад ойртож чадахгүй байсан. Д- бид хоёр гэрт ороод, юмаа янзлаад явахад бэлдэж байхад цагдаа ирээд нөгөө хоёр залууг аваад явсан. Би 2 хоногийн дараа ирж гомдол гаргасан. Тэр залуус намайг амралтын гэрт амарч байхад орж ирээд зодож танхайрсан, нэг ч үг солиогүй байхад согтуурхаж зодсон гэж бодож байна. Би тэднийг танихгүй. ...Би нилээн хэд хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн ба миний биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. ...Эмчилгээний зардалд 3.0 сая төгрөг нэхэмжилж байна. Би хэрэг болсоноос хойш 2 өдөр гэртээ хэвтэж өвчин намдаах уусан, толгойгоо бариачаар 3-4 удаа бариулсан. Тухайн үед миний хуйх нилээн хавдсан, дух болон баруун хацарт цус хурсан байсан. Би гомдолтой байна, хувиараа эмч нараас зөвлөгөө авч, хоёр газар толгойгоо бариулсан. Энэ хэрэг болсноос хойш И- эмнэлэгт үзүүлсэн, тархины томографийн зураг авахуулсан, зургийг 180.000 төгрөгөөр авхуулсан шиг санагдаж байна. Өөр ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирч байна гэж үзэж байна. ...Гомдолтой, согтуу этгээдүүд танхайрч байгаа үйлдэл тодорхой.., хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас, 143, хх-ийн 3-р хавтас 3-4-р хуудас/,
Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 4 сарын 08-ны орой найз Д-, Г- болон Г-ын найз хүүхэн Д- нартай хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч-” амралтын газарт очоод нэг тарвага боож идчихээд, авч очсон нэг шил 1 литрийн савалгаатай вискигээ тал хүртэл нь хувааж ууцгаагаад унтах гээд ор орондоо ороод хэвтэцгээсэн юм. Биднийг унтах гэж байхад гэрийн хаалга дотроосоо түгжээгүй байсан болохоор гаднаас үл таних 2-3 залуу орж ирээд ямар нэгэн юм хэлэлгүйгээр, намайг орноос босож амжаагүй байхад нийлээд миний дээр гараад цохиж зодож байгаад, миний куртикнээс чирээд гэрээс гаргасан. Тэгээд би шууд гэрээс гарангуут тэдгээр залуучуудын гараас мултраад, гэр тойроод зүүн урагшаа зугтаасан. Тэгээд хэсэг байж байгаад өөрсдийн амарч байсан гэрт ирэхэд манай гэрийн гадаа Г-ыг газарт унагачихсан зодож байсан. Тэгэхээр нь “болиоч ээ” гэхэд над руу дайрахаар нь буцаад зугтсан. Удалгүй цагдаа нар ирээд тэдгээр залуучуудыг бариад явсан.
Тэдгээр залуучууд гаднаас согтуу орж ирээд биднийг “хятад” гэж доромжлоод, учир зүггүй зодсон. Яг ямар шалтгааны улмаас манай гэрт орж ирээд биднийг зодох болсоныг нь мэдэхгүй байна. ...Би тэдгээр залуучуудыг танихгүй, мөн тухайн үед гэрэл унтраастай харанхуй байсан болохоор тэдгээр залуучуудын хэн нь намайг цохисон болохыг мэдэхгүй. Ямар ч байсан миний нүүрэнд нэг нь хэд хэдэн удаа цохисон ба би тухайн үед сандраад яг хаана, яаж өшиглөж зодсон болохыг мэдэхгүй байна. Дараа нь хувцсаа харахад миний гэдэс болон нуруу хэсэгт гутлын мөр гарсан байсан. Тухайн үед миний нүүр болон биед ямар нэгэн ил харагдах гэмтэл гараагүй, харин толгой хэд хоног хөндүүрлэж явсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2017 оны 10 сарын 20-ны өдөр Англи Улс руу 5 жилийн хугацаатай сурахаар явах гэж байгаа болохоор одоо энэ асуудлыг хаалгамаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 111-113, 232-233-р хуудас/,
Гэрч Э.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ц- найз, Г- нь Ц-ийн найз нь юм. 2017 оны 4 сарын 08-ны өдөр Ц- над руу залгаад “манай найз амралтанд явъя гэнээ, хамт явах уу” гэхээр нь “тэгье” гээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч-” амралтын газарт Ц-, Г- нарын хамт ирсэн. Тэр өдөр би анх Г- гэх залуутай танилцсан юм. Г-ын найз охин Д- гэх эмэгтэй араас ирсэн. Ц-, Г- хоёр архи ууж, Д- бид хоёр уугаагүй. Тэгээд бид нар гэртээ унтаад өглөө 06 цагийн үед байх Ц- “ажилтай, явъя” гээд намайг сэрээхээр нь би түрүүлж гараад зогсоол дээр байсан Ц-ийн машиныг халаагаад машинд сууж байхад Г-ын найз охин ирээд “хөөе, танай хоёр найзыг зодоод байна” гэхээр нь бид хоёр амарч байсан гэрийн зүгт яваад очиход үл таних 2 залуу Ц-ийг ална гээд араас нь хөөж байсан, би тэр залуугийн араас “хөөе, боль” гэхэд Ц-ийг хөөхөө болиод зугтаагаад явсан юм. Би Ц- дээр очоод “зүгээр үү” гэж асуугаад эргээд харахад Г- гэрээс гарч ирээд нөгөө хоёр залууд хандаж “та нар ягаад байгаа юм бэ, энд юу болоод байгаа юм” гэж асуухад нөгөө хоёр залуугийн нэг нь “чи бас хужаа юу” гэсэн. Тэгэхэд Г- “адилхан монгол хүмүүс байж юу яриад байгаа юм бэ” гэхэд нөгөө хоёр залуу Г-ыг барьж авсан. Би “боль” гээд тэр хоёрыг болиулах гэхэд хар өнгийн малгай өмссөн залуу нь Г-ын нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисон, араас нь нөгөө залуу нь Г-ын нүүрэнд нь 1 удаа цохиход Г- газарт уначихсан. Энэ үед 1-2 удаа өшиглөсөн байх. Тэгэхдээ аймар хүчтэй өшиглөөгүй, яагаад гэвэл энэ үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн, зодож байхад нь дор нь очиж салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ямар шалтгааны улмаас зодоон гарах болсоныг би мэдэхгүй байна, би түрүүлж гараад машиндаа ирчихсэн байсан. Гэрийн хаалгыг ер нь түгжээгүй онгорхой байлгаж байсан. ...Ц-ийг У-, С- нар цохиж зодож байхыг би хараагүй. Харин С-, У- нар нь Г-ын нүүр рүү гараараа тус тусдаа 1-2 удаа цохисон, мөн газарт унасан байхад нь нуруу, хөл рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Эмэгтэй хүн орилж хашгирах чимээ гараагүй. Харин С-, У- нарын амарч байсан гэр нь манай ар талд байсан бөгөөд тэр гэрт оройноос шөнөжингөө бужигналдаад залуучууд шуугилдаад байсан. Бид нарыг унтах гэж байхад тэр залуучууд хоорондоо маргалдаад, зодоон хийгээд байх шиг байсан. Тэгээд удалгүй чимээгүй болчихсон байсан. Ц-, Г- нар тэр хоёр залууг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 242-244-р хуудас/,
Гэрч Д.Д-ы мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 4 сарын 08-ны орой хуучин найзалж байсан Г-тай уулзсан. Тэр үед Г-, Ц-, Д- гэх 2 найзын хамт явж байсан. Тэгээд бид дөрвүүлээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч-” амралтын газарт очиж хоногоор гэр авч амарсан. Бид амралтын газар очоод жаахан сууж байгаад амарсан бөгөөд Д- машиндаа амрахаар явсан. Ц-, Г- нар хажуу талын орон дээр тус тусдаа амарцгаасан ба би Г-ын хажууд унтах гэхэд ар талын гэрт байсан хүмүүс хөгжим тавиад, чанга дуугараад хоорондоо маргалдаад байсан болохоор унтаж чадаагүй. Тэгэж байхад гаднаас хоёр согтуу эрэгтэй хүн бидний амарч байсан гэрийн хаалганы цоожийг мулт татаад ороод ирсэн. Тэгсэнээ “муу сайн хужаа нар” гээд бид нарыг доромжлоод, Ц-, Г- хоёр дээр тулж очоод “чи хужаа юу, ална” гээд байсан. Тэр хооронд Ц- зугтаад гэрээс гараад явсан. Гэтэл тэд хойноос нь хөөгөөд гараад явсан. Би араас нь гараад машинд байсан Дарханбаатар дээр очоод “2 найзыг чинь согтуу хүмүүс орж ирээд зодох гээд байна” гэж дуудсан. Бид хоёр хүрээд ирэхэд Ц-ийг нэг нь ална гээд хөөж байсан. Г- босоод гэрээс гарч ирж байсан ба нөгөө 2 согтуу залуу нийлж байгаад Г- руу дайрч, газар унагааж байгаад Г-ыг дээрээс нь өшиглөж зодсон. Тэгээд Ц-ийг зодох гээд хөөхөөр нь би Г-ыг босгоод, бид хоёр гэрт орсон. Гадна юу болж байгааг бол хараагүй, гэрт орж Г-ын хамар амнаас нь цус гарчихсан байсаныг арчиж өгөөд байж байхад Ц- хаалга цохиод, “намайг оруулаач ээ, эд нар чинь намайг зодож аллаа” гэж орилохоор нь хаалга тайлж өгөхөд цагдаа ирж байсан. Тэгээд бид нарыг аваад Цагдаагийн газарт ирсэн. Тэд худал мэдүүлж байна. Намайг цохиж зодсон хүн байхгүй, би орилж хашгирч аврал хүссэн зүйл байхгүй. Бидэнд муудалцах шалтгаан байгаагүй, Г-тай 4 сарын хугацаанд үерхэхэд намайг цохиж зодож байгаагүй. Би тэр залуучуудыг танихгүй, анх удаа харсан. Г-, Ц- хоёр жоохон архи уусан байсан, гэхдээ хүмүүстэй маргаан хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,
Хэрэг гарсан өдрийн “Ч-” амралтын газрын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.Г- /хохирогч/ нарын амарч байсан гэрийн чиглэлтэй камерт 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагаас хойш бичлэгийг шүүж үзэхэд 07 цаг 11 минутад 2 эрэгтэй /шүүгдэгч М.У-, Н.С-/ нар Г.Г- нарын амарч байгаа гэрт оров. 2 минутын дараа эхлээд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн, дараа нь М.У-, Н.С- нар гарч, араас нь нэг эрэгтэй /Д.Д-/ гарч ирэв. Гэрээс эхэлж гарсан хар хувцастай хүний араас Н.С- нь хөөж байгаа бичлэг камерт тод харагдана. Зодож, цохиж байгаа байдал харагдахгүй. 07 цаг 13 минутад хохирогч Г.Г- гэрээс гарч ирээд шүүгдэгч М.У-тай муудалцаж нэгнийгээ түлхэж байгаа мөн М.У- нударгаа зангидаад цохих гэж байгаа дүрс харагдана. Шүүгдэгч Н.С- нь Г.Г- руу хэд хэдэн удаа дайрах боловч цохиогүй. 07 цаг 14 минутад хохирогч Г.Г- нь Н.С-ыг зүүн гараараа цохих, эсхүл түлхэж буй мэт үйлдэл хийхэд Н.С- нь газар унав. Энэ үед шүүгдэгч М.У- Г.Г-ыг хавирч газар унагааж, нүүр орчимд гараараа цохиж, өшиглөж байна. Мөн Г.Г-, М.У- газар унасаны дараа нүүр орчим гараараа цохиж байна. Энэ үед шүүгдэгч Н.С- Г.Г-ын нуруу, ар хэсэг, нүүр хэсэгт гараараа цохиж байгаа бичлэг харагдав.
“...Ч- зодоон 2017.04.08” гэсэн бичигтэй байх сидиг ажлын суурин компьютерт хийхэд “bichleg” гэсэн 1 хуудас байх ба уг хуудсыг нээж харахад 001-007 хүртэл дугаарласан бичлэг байна. 001 гэсэн бичлэгт гэрүүдийн наад талд 3 эрэгтэй хүн /хохирогч Ц.Ц-, шүүгдэгч М.У-, Н.С-/ нар байна. Шүүгдэгч Н.С- “чи намайг мэдэх юм уу, би чамайг шарж иднэ, тэнэгтээч, чи муу юу юм бэ” гэж хэлээд барьж авах гэж хохирогч Ц.Ц- рүү дайрахад хохирогч Ц.Ц- зугтаахад шүүгдэгч М.У- нь Н.С-ыг хорьж байгаа нь харагдаж байна. шүүгдэгч М.У-, Н.С-ыг хорьж татаж чангаах үед Н.С- зүүн өвдгөөрөө газарт унаж, 2 гараараа шороон дээр тулж байгаа нь харагдаж байна. /шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл/ хохирогч Ц.Ц- нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй зугтаж, хүн дуудаад өгөөч гэж хэлж байхад шүүгдэгч Н.С- “би чамайг иднэ” гээд араас нь хөөж байна. Шүүгдэгч М.У- нь “чи намайг шаах юм уу” гэж хэлээд Ц.Ц- рүү дайрахад эмэгтэй хүн “аа боль л доо, би яасан юм бэ гэж айж сандарсан байдалтайгаар хэлж” гартаа бичлэг хийж буй утсаа хөдөлгөж чичирч байна. Хохирогч Г.Г- хохирогч Ц.Ц-ийг өмөөрч “яагаад байгаа юм бэ, адилхан монголчууд байж яагаад байгаа юм” гэж хэлэхэд М.У-, Н.Сүхбт нар нь Г.Г- руу гараа далайж дарч эхлэв. 002 гэсэн бичлэгт хохирогч Ц.Ц-, наад талд нь хохирогч Г.Г- руу шүүгдэгч Н.С- нь 2 гараа атгасан байдалтай Г.Г- руу дайрч байхад шүүгдэгч М.У-, Н.С-ыг хориглож голоор нь орж байгаа нь харагдаж байна. Бичлэгийн дундуур бичлэг хийж буй гэрч Б.Д- нь “очиж хамгаал л даа, хоёулаа дайраад байна” гэж гэрч Э.Д-т хандаж хэлж байна. 003 гэсэн бичлэгт гэрийн наад талд хохирогч Ц.Ц-, наад талд нь хохирогч Г.Г- руу шүүгдэгч Н.С- нь 2 гараа атгасан байдалтай толгойгоороо бөхийж Г.Г- руу толгой хэсгээ цохиулах гэж дайрч байгаа харагдана. 004 гэсэн бичлэгт шүүгдэгч Н.С- хохирогч Г.Г-ын нүүр рүү өшиглөж байна. 005 гэсэн бичлэгт шүүгдэгч Н.С- хохирогч Г.Г-ын цамцны ар хэсгээс хүзүүдэж татан нуруу хэсгээр нь газарт унагааж байгаа харагдана. 006 гэсэн бичлэгт хохирогч Г.Г-ыг шүүгдэгч Н.С-, М.У- нар нь толгойг нь доош дарж нүүр болон толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөөд ганцаараа салаад явсаны дараа Г.Г- шүүгдэгч М.У-ыг түлхэж унагаан өөрөө салж байгаа нь харагдана...” /хх-ийн 1-р хавтас 29, 151, 227-229, 230-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 152-155-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн 5015 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г-ын биед хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5015 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Г.Г-ын биед баруун чамархайн хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл учирчээ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Г.Г-ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт дэх гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдсан байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 159-р хуудас/,
Шүүгдэгч М.У-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө найз Б-ийг Швейцарь улсаас ирсэн гэх шалтгаанаар наймуулаа амралтанд явахаар болж “Ч-” гэх газарт шөнийн 01 цагийн үед очсон. Үүрийн 05-06 цагийн хооронд Бямбаа, Б-, М- “нар мандахыг харна, мөн амралтын газарт байсан нэгэн том нохойг харна” гээд гарсан. Гэрт С-, Г-, Н-/Х-/ бид хэд үлдсэн юм. Г- орж гараад явж байснаа унтахаар болсон. Тухайн үед би нэг пиво уусан байсан. С- бид хоёр юм яриад сууж байхад эмэгтэй хүн “авраарай” гэж орилохоор нь бид 2 хоорондоо “юу болж байгаа юм бол” гээд ярилцаад байж байхад дахин “аваарай” гэж орилохоор нь тэр эмэгтэйд туслахаар гэрээс гарсан. Баруун талын гэрийн хаалгыг татахад хүн байгаагүй. Тэгээд байж байхад дахин “авраарай, туслаарай хүүе” гэж орилохоор нь дараагийн гэр рүү хаалгыг нь татаад ороход гэрийн баруун хойд талд орны толгой хэсэгт хар өнгийн хувцастай эмэгтэй хүн хувцас нь хагас тайлагдсан, айж чичирсэн байдалтай, өвдөгөө тэврээд сууж байсан. Урд талд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Эсрэг талын орон дээр Г- гэх залуу унтаж байсан. С- бид 2 орж ирээд “юу болоод байгаа юм бэ, эмэгтэй хүн яагаад орилоод байгаа юм бэ, зүгээр үү” гэхэд эмэгтэйн урд зогсож байсан залуу үгийн зөрүүгүй гараад зугтаасан. С- бид хоёр араас нь гарсан ба тэр залуу зугтаагаад явсан. Гэтэл гэрээс Г- гарч ирээд “хөөе, та нар яагаад хүний амарч байгаа гэр оронд орж ирээд байгаа юм. Та нарт ямар хамаатай юм бэ, пизданууд минь” гээд хараасан. Тэгэхээр нь С- “эмэгтэй хүн орилоод байгаа юм биш үү, чи хажууд нь байж хамгаалдаггүй юм уу” гэхэд “та нарт ямар хамаатай юм пизданууд минь, та нарт ямар ч хамаагүй, зайл” гэсэн. Тэгэхэд С-, Г- хоёр маргалдаад 3-4 удаа хоорондоо барилцаад маргалдах гэхээр нь дундуур нь орж хоёр тийш нь салгасан боловч С-ыг Г- баруун гараараа шанаа руу нь цохиж унагаасан. Тэгсэнээ эргээд намайг цохихоор нь би хавираад Г- бид хоёр орооцолдоод унасан. Тэр хооронд Г- намайг зөндөө зодож цохисон. С- салгах гэж Г- бид хоёрыг татаад гурвуулаа орооцолдсон байдалтай байсан. Тухайн үед Г- нь хараагаад дайраад байсан болохоор маргаанаас салахын тулд түрүүлж босоод мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд л бидний маргаан дууссан. Би түхайн үед нэг л пиво уусан. Эрүүлжүүлэх байранд очиход согтолтын зэрэг тогтоолгох гэж үлээхэд согтолт тогтоогдоогүй. Би болсон явдлыг бүгдийг нь санаж байна. Тухайн үед тэдний амарч байсан гэрийн хаалга онгорхой байсан юм. Эмэгтэй хүн аврал хүсээд байхаар нь цаг алдалгүй туслах санаатай орсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 162-163-р хуудас/
Шүүгдэгч Н.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Швейцарь улсаас Б- гэх найз ирсэн учраас найзуудаараа амралтанд явахаар болсон. Тэгээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч-” гэх амралтанд шөнийн 01 цагийн үед очиж гэр авсан. Өглөө 06-07 цагийн хооронд Б-, М-, Б- 3 “нар харангаа амралтын газрын нохойнуудыг харна” гээд явсан. Тэр хооронд гэрт Г-, Н-, А-, У- бид 5 үлдсэн. Г-, Н-2 гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Зүүн талын орон дээр А- унтаж байсан. У- бид 2 юм яриад сууж байтал эмэгтэй хүн “авраарай, туслаарай” гэж орилсон. Тэр үед “юу болоод байгаа юм бол” гээд чих тавиад сонстол дахин “авраарай, туслаарай” гэж орилсон. Тэгээд У- бид 2 хамт гэрээс гараад урд талын гэрийг татаж үзэхэд цоожтой, хүнгүй байсан. Тэгэхэд дахин хашгирах чимээ гарсан ба тэр чимээнээр эмэгтэй хүний дуу гарсан гэр лүү ороход хаалга нь цоожгүй онгорхой байсан. Гэрт зүүн гар талын орон дээр Г- унтаж байсан. Баруун талын орны толгойд хар өнгийн хувцастай эмэгтэй хүн өвдөгөө тэврээд суучихсан, айж чичирсэн байдалтай байсан. Ц- тэр эмэгтэйн хажууд орных нь урд талд зогсож байсан. Бид хоёрыг гэрт ороод “юу болоод байгаа юм бэ” гэхэд Ц- сандраад гараад гүйсэн. Эмэгтэйгээс “чи зүгээр үү, юу болсон юм бэ” гэхэд дуугарахгүй байсан. Тэгэхээр нь Ц-эс юу болсоныг асуухаар араас нь гарсан, Миний араас У- гарч ирээд Ц- рүү дөхөж очихоор зугтаагаад байсан. Тэгтэл гэрээс Г- нөгөө хүүхнийхээ хамт гарч ирээд “юун пизданууд гэрт орж ирээд байгаа юм бэ” гэхээр нь би Г-аас “наад эмэгтэй чинь орилоод байна, хамт яваа юм бол өмгөөлж хамгаалдаггүй юм уу” гэхэд “чамд ямар хамаатай юм, орилуулна уу, чарлуулна уу, миний хэрэг та нар зайлцгаа пизданууд минь” гэсэн. Тэгэхээр нь би хариуд нь “хоёрын хоёр эр хүн байж ганц эмэгтэйгээ айлгаж ичээгээд сэтгэл чинь өвдөхгүй байна уу” гэж асуухад баруун гараараа миний нүүрэн тус газарт цохиод унагаасан. Тэр үед Г- У-ыг цохиод хамт газар унаж байгаа харагдсан. Намайг босоход энэ 2 ноцолдож байсан бөгөөд босоод салгахаар очоод Г-ын куртикнаас нь татсан боловч зууралдаад салахгүй болохоор нь зууралдсан гар луу нь өшиглөсөн. Мөн өөрөө хамт унаад тэгээд босож ирээд маргаан дууссан. Би тухайн үед бага зэргийн халамцуу байсан, гэхдээ болсон явдлыг санах чадвартай байсан. Тэдний амарч байсан гэрийн хаалга онгорхой байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 169-р хуудас/ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг гэж тодорхойлж хуульчилжээ.
Шүүгдэгч М.У-, Н.С- нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” амралтын газарт амарч байсан иргэн Г.Г-, Ц.Ц-, Д.Д-нарын гэрт нэвтрэн орж, амгалан тайван байдлыг алдагдуулж улмаар хохирогч Г.Г-, Ц.Ц- нарт хүч хэрэглэн халдаж, Г.Г-ын биед “...хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт” гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.У-, Н.С- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугийн талаар маргаагүй боловч гэрт эмэгтэй хүн хашгираад байсан болохоор тусламж үзүүлэхээр орсон” гэж гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар тайлбарлаж байгаа боловч гэрч Д.Д-ы мэдүүлгээр дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч М.У-, Н.С- нарын гэмт үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч М.У-, Н.С- нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж амгалан тайван байдлыг алдагдуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Тухайн хэргийн хохирогч Н.Ц- нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ. /хэргийн 1-р хавтас 111-113х, 232-233х/,
Харин хохирогч Г.Г- нь “И-” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх 160.000 төгрөгийн баримт ирүүлсэн /хх-ийн 3 дугаар хавтас 105-р хуудас/ бөгөөд шүүгдэгч М.У-, Н.С- нар нь хохирогч Г.Г-д 160.000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.У-, Н.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилээр тэнсэж, ажил сургуулиа өөрчлөх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлт гаргасан ба, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс хохирогч Г.Г- нь маш их гомдолтой байгаа. Шүүгдэгч нарт хорих ялыг биеэр эдлүүлэх саналтай байна гэсэн санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь энэ хэрэгт шалгагдсан 3 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч М.У-, Н.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.У-, Н.С- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч М.У-, Н.С- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.У-, Н.С- нарт мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.У-, Н.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л- овогт М- У-, Б- овогт Н-ын С- нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.У-, Н.С- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.У-, Н.С- нарт мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.У-, Н.С- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.У-, Н.С- нарт мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-, Н.С- нар нь хохирогч Г.Г-д 160.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 3 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч М.У-, Н.С- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.У-, Н.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР