| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0650/Э |
| Дугаар | 643 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 643
2020 10 01 2020/ШЦТ/643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
Улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
Хохирогч Э.Б-,
Шүүгдэгч Г.П-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Г-ийн П- холбогдох эрүүгийн 2010012890000 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Дэнж 00-00в тоотод оршин суух, “Э-” ХХК-д хамгаалагч ажилтай,
Говь-алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ш- овогт Г-ийн П-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.П- нь насанд хүрээгүй У.Б-тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 7 дугаар гудамжинд байх тоглоомын талбай дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-ийг нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, хавсарч газар унаган мөн нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...П- миний нүүр рүү цохисон, Б- намайг унасан байхад цээж рүү өшиглөсөн...” гэв.
Эрүүгийн 2010012890000 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,
Гэрч Ц.Н- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Н- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Б- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 7511 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Насанд хүрээгүй У.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-ийн 88-р хуудас/
Шүүгдэгч Г.П-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.О- мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 50-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.П- гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.П- нь насанд хүрээгүй У.Б-тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 7 дугаар гудамжинд байх тоглоомын талбайд хохирогч Э.Б-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Э.Б-ийн “...Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 7 дугаар гудамжны сагсны талбай дээр найз Н-, Н- болон бусад хүүхдүүдийн хамт тоглож байхад нэг ангид сурч байсан П- ирсэн. Би Г.П-той мэндлэхэд архи үнэртэж байсан тэрээр халамцуу байсан. Би тэгэхээр нь тоглоомоор “чи уучихсан юмуу, юу уусан юм бэ, над руу үлээ” гэхэд тэр босч ирсэнээ намайг заамдаж аваад “чи намайг үлээлгэх гэлээ, хэзээ ийм болчихсон юм бэ” гээд намайг газарт түлхэж унагаасан. Тэгсэнээ миний дээр суугаад гараараа миний нүүрэн тус газар 6-7 удаа цохьсон. Харин нөгөө залуу нь миний цээжний зүүн хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн, мөн толгойны зүүн хэсэг рүү 1-2 удаа өшиглөж, нүүрэн дээр 1-2 удаа дэвссэн. Эмчилгээний зардал 700.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-8-11-р хуудас/
Гэрч Ц.Н-мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “...Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамжинд байх сагсны талбай дээр тоглож байхад найз Б- ирээд хамт тоглосон. П- танихгүй 3 хүүхдийн хамт ирсэн. Нэг харахад П-, Б- нар заамдалцаад зогсож байсан. П- нь Б-ийг газарт унагаагаад нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Би бас тэнд сагс тоглож байсан хүүхдүүд П-ыг салгасан. Тэгтэл П- нь Б- руу дайрч нүүр рүү нь гараараа цохиод байсан. Бид нар П-ыг Б-оос арай гэж салгасан. Б- бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин П-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. П- нь Б-ийн нүүр рүү нь гараараа зөндөө олон цохисон. Мөн П-той хамт явсан Б- нь Б-ийн нүүр рүү бас цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.Н- мөрдөн байцаалтанд өгсөн: “...П- нь манай найз Б-ийг газарт унагаачихсан дээрээс цохиж байсан. Т-, Н-, Д-, Т- нар очиж тэр хоёрыг салгасан. Б-ийн хамарнаас жаахан цус гарчихсан байсан. Ингээд байж байтал зүс таних Б- ирээд Б-ийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Бид тэр хоёрыг салгасан. Би доошоо явж хүүхдийн дугуй хүргэж өгчихөөд буцаад ирэхэд тэд нар сагсны талбай дээр байхгүй харин станцын тэнд орилолдоод байсан. Яваад очтол Б-, Т-, М-, Д-, Б-, М-, О-, Н- болон П-, Д-, Т-, Б- танихгүй 3-4 банди нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгтэл П- нь гартаа чулуу бариад хамт байсан банди нарыг хөөхөөр нь бид нар зугтаасан. Би гэртээ орчихоод буцаад гараад иртэл Б- манай гудамжны үзүүрт явж байсан бөгөөд түүний хамраас их цус гарч байсан. Б- миний хамар хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Би Д-ын гар утаснаас цагдаа дуудсан бөгөөд удалгүй цагдаа ирээд Б-ийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-18-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б- П- нар нь маргалдаад зогсож байсан. П- нь Б-ийн нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь Т- бид 2 П-ыг салгасан. Тэгтэл Б- Б-той маргалдаад түүнийг цохиод байх шиг байсан. Би яг сайн харж чадаагүй бөгөөд П-ыг цааш нь авч явж байсан. П- бид 2 Дэнжийн 6 дугаар гудамж хүртэл хамт яваад би гэр рүүгээ орлоо гээд явсан. П- ч гэсэн явлаа гээд явсан. Ийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн /хх-33-34-р хуудас/
Насанд хүрээгүй У.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд: “...яллагдагч У.Б- гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 18 хоногтой байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэл тогтоогдсон байх тул эрүүгийн 2010012890000 дугаартай хэргээс яллагдагч У.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна...” гэх тогтоол /хх-88-р хуудас/
Шүүгдэгч Г.П-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед хуурай дүү Б-гийн хамт Хан-Уул дүүргийн Дэнжийн 7 дугаар гудамжинд сагсны талбай дээр очсон. Тэнд хүүхдүүд тоглож байсан бөгөөд би ч бас тоглосон. Тэгтэл дунд ангидаа хамт сурч байсан Б- над руу томроод хэл амаар доромжлоод түлхээд байсан. Би Б-ийн шанаа руу нь гараараа 3-4 удаа цохисон. Н- миний нуруу руу 2 удаа өшиглөхөөр нь би больсон. Энэ үед Б- нь Б-ийн нүүр рүү гараараа цохиод байсан. Тэгээд би явсан ба бусад нь тэндээ үлдсэн. Миний хувьд халамцуу байсан. Харин Б-, Н-, Б- нар эрүүл байсан. Би Б-ийн зүүн шанаа руу нь гараараа 3-4 удаа цохисон. Б- нь Б-ийн нүүр рүү гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-44-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.П- нь насанд хүрээгүй У.Б-тэй бүлэглэн хохирогч Э.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан ба У.Б- нь гэмт хэрэг гарах үед 15 нас 18 хоногтой байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар прокуророос У.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.П- нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 7 дугаар гудамжинд сагсны талбай дээр хохирогч Э.Б-ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж, зодож “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.П-ыг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгч Г.П- нь хохирогч Э.Б-ид эмчилгээний зардалд 130.000 төгрөг нөхөн төлсөн байна.
Хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “шүүгдэгч Г.П- нь хохирогчтой эвлэрсэн, гэм буруугийн талаар маргаагүй, “Э-” ХХК-д хамгаалагчаар ажилд ороод 10 хонож байгаа, сарын 500.000 төгрөгийн цалинтай тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардалд 130.000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, тэрээр “Э-” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байгаа тогтмол орлоготой гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Г.П-ын 500.000 төгрөгийн цалинтай, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.П-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Ш- овгийн Г-ийн П- нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.П-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.П-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.П-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Б-ид эмчилгээний зардалд 130.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР