Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 629

 

                           

                       

      

 

 

 

 

   2020         09           28                                   2020/ШЦТ/629

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-гийн Б-д холбогдох эрүүгийн 191001494061000 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

          Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 00 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хорих ялаар тогтоосон, Боржгин овогт Н-гийн Б-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” дэлгүүрийн үүдэнд Ц.М-тай маргалдаж байхдаа түүний смарт табыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 792.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 19100149400000 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19-р хуудас/,

           “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37-р хуудас/,

           шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 103-117-р хуудас/

Ялын тооцооны хуудас /хх-ийн 51-р хуудас/

Шүүгдэгч Н.Б-ы мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 79, 165-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” дэлгүүрийн үүдэнд хохирогч Ц.М-ын “Самсунг смарт таб-3” гар утасыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 792.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 06 сарын 13-ны шөнө 23 цаг 50 минутын үед Яармагийн хуучин эцсийн буудлын дэргэдэх дэлгүүр орохоор явж байхдаа найзын эгч Туяатай тааралдаад мэндлээд өнгөрсөн. Гэтэл 2 залуу, 1 эмэгтэй хүний хамт гарч ирээд “чи Туяагийн юу нь юм” гээд дайраад байсан. Би “манай найзын эгч байгаа юм” гэж нэг залуутай нь “чи согтуу байна” гээд маргалдаад цааш түлхтэл нөгөө нэг залуу нь миний гар утсыг шүүрээд зугтсан. Найзын эгч Туяагийн хашааны гадаа очтол манай найз Эрдэнэбаатар гарч ирээд тухайн хүмүүс нь  Туяагийн нөхөр, түүний хоёр дүү нь байсан талаар мэдсэн. Тухайн айлын гадаа байж байгаад цагдаад дуудлага өгсөн. Манай ажлаас өгсөн Smart tab-3 гэсэн таб утас байсан. Манай байгууллагаас тухайн таб-ыг 1.800.000 төгрөгөөр үнэлж өгч байсан. Би тухайн таб-ыг 3 жил ашиглаад өөрөө авах ёстой байсан. Хайрцаг сав нь надад байгаа. Нилээн том хэмжээтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим манай найз Ц.М- ганцаараа “Танай эхнэрийн эгчтэй дэлгүүрийн гадна таараад мэндэлсэн чинь нөхөр нь хардаад над руу дайрлаа, тэгээд зууралдаад зогсож байхад цуг явж байсан залуу нь миний гар утсыг булаасан” гэж хэлсэн. Би гайхаад эхнэрийнхээ эгч Дэлгэртуяа болон Борхүүгээс юу болсон талаар асуухад “Борхүү ахын төрсөн дүү Б- нь манай найз Мөнхбаатарын табыг аваад зугтаасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай бэр түрүүлээд явсан.  Нэг согтуу залуу манай бэр эгчийг дуудаад юм яриад зогсож байхад Борхүү ах уурлаад “чи яагаад манай бэртэй юм ярьдаг юм, таньдаг юм уу” гээд тэр 2 зодолдсон.  Тэр хоёрыг би салгах гээд дийлэхгүй байхаар нь би Б- ахыг “салгаач дээ” гэсэн чинь ирээд салгасан. Тэр хоёр дахин маргалдаад би салгах гээд очтол Б- ах алга болчихсон байсан. Нөгөө залуу “танай дүү чинь яасан их хүн зоддог юм бэ, миний утсыг аваад явчихлаа” гээд араас нь машинтайгаа явсан. Бид хоёр араас нь гэр рүүгээ очиход нөгөө машинтай залуу манай ахынд ирчихсэн манай бэр эгчтэй юм яриад зогсож байсан. Тухайн үед Борхүү ах бид хоёр Б- ахыг утас авч явсныг анзаараагүй. ...Тэгээд түрээсэлдэг гэрт нь очтол энэ таб байсан. Нөгөө цагдаа руу яриад таб нь хорооллын байранд нь байна гэж ярьсан. Бүгд согтуу  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 12-306 тоотод оршин суух 0000000000000 регистрийн дугаартай Нямаагийн Отгонтөгсөөс хэвийн ажиллагаатай нүүрний шилэн наалт дээд хэсгээр цууралттай “Samsung Galaxy Tab active” маркийн тавлет 1 ширхэг, хар өнгийн тавлетийн резин гэр 1 ширхэгийг түр хураан авч Ц.М-т хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 18-19-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайланд: “Самсунг смарт таб-3” гар утас 792.000 /долоон зуун ерин хоёр мянга/ төгрөгөөр  үнэлжээ. /хх-ийн 35-37-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Борхүү, түүний эхнэр бид архи пиво уусан. Борхүү ах, эхнэрийн хамт АТМ орж мөнгө аваад дахиж шар айраг авна гээд гэрээсээ гарсан. Тэд ирэхгүй удаад байхаар би араас  нь гарсан. Борхүү ах, түүний эхнэр, манай төрсөн дүү Отгонтөгс бид нар сааданд шар айраг уучихаад  гэртээ харихаар явж байтал гудамжинд нэг том биетэй залуутай тааралдсан. Тэр залуу бид нараас архи  асуусан бас Борхүү ахын эхнэртэй юм яриад байсан. Тэгэхээр нь би “архи байхгүй, мөн манай ахын эхнэртэй юу яриад байгаа юм бэ” гэтэл тэр залуу манай ах Борхүүтэй маргалдаж эхэлсэн. Манай ахыг унагаагаад дээрээс нь дараад гараараа нэг хоёр удаа цохисон. Би очоод салгах гээд татахад тэр залуу гартаа барьчихсан байсан хар өнгийн том утсаараа намайг цохисон. Тэгж цохих үед гартаа барисан байсан утас нь газар унасан. Тэгэхээр нь би утсыг аваад зурагтын эцэст байх түрээсийн байшин руугаа шууд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Болорчулууныг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

          Шүүгдэгч Н.Б- нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” дэлгүүрийн үүдэнд хохирогч Ц.М-ын “Самсунг смарт таб-3” гар утасыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

               Хохирогч Ц.М-ын смарт таб-3 гар утасыг  “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд 792.000 төгрөгөөр /хх-ийн 25-р хуудас/ үнэлжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид “смарт таб-3” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн  ба хохирогч “эд зүйлээ бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 01 жилийн хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 14 хоногоор тогтоож,  дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “шүүгдэгч Н.Б-д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Н.Б- /ЛМ92031912/ нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоосон ба ялын тооцооны хуудасанд: Н.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 06 сар 16 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 14 хоногийн хорих ялтай гэжээ. /хх-ийн 51-р хуудас/

         Шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн гар утсыг хүлээлгэн өгч, хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 14 хоногийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-ыг энэ хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс ялтанг шилжүүлэн авч яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан /хх-ийн 125-р хуудас/ боловч 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хорьсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б- нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржгин овогт Н-гийн Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлүүлэхээр тогтоосон 3 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 3 жил 7 сар 14 хоногийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Н.Б- нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч  хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР