Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              Хэргийн индекс: 114/2018/0041/З

           Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч иргэн Ч.Отгонбатын нэхэмжлэлтэй

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан сумын Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн  Дархан сумын Засаг даргын  1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.Мөнхжаргалд хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ганхуягт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Ц.Мөнхжаргалд олгосон газар өмчлөх эрхийн Ү-2003008912 дугаар бүртгэл, 000481085 дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох ” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                          Н.Цэдэнбал

           Хариуцагч Дархан сумын Засаг даргын

             итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                      Б.Батзул

           Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргын

             итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                     Б.Золбаясах, Д.Батчулуун                  

           Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн

             итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                      О.Мэндбаяр

             Гуравдагч этгээдийн өмгөөлөгч                                              Б.Содболд

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ч.Отгонбатаас шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Отгонбатын эзэмшиж байгаа газартай холбогдуулан иргэн Мөнхжаргал нь удаа дараа зарга үүсгэхдээ хууль бусаар гэрчилгээ авсан, газрыг хууль бусаар эзэмшиж байна”  гэж гомдол гаргадаг. Мөнхжаргалын 3061 дугаартай газар эзэмших гэрчилгээг сумын Засаг даргын 1997 оны 222 дугаар захирамжийг үндэслэсэн гэж бичин олгогдсон байдаг. 222 дугаар захирамжаар иргэн Мөнхжаргал, Ганхуяг нарт газар эзэмшүүлэх эрх олгоогүй, өөр асуудлыг шийдвэрлэсэн байсан тул Мөнхжаргалд хууль бусаар 3061 дугаартай гэрчилгээ олгосон гэж үзсэн. 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр сумын газрын даамалтай байгуулсан гэрээний дагуу гэрчилгээ олгосон байдаг ба уг гэрээнд Хуримын ордны арын толгой гэж заасан байдаг. Хуримын арын толгойд 100 гаруй айл байдаг ба газрын суурь үнийг 300 сая төгрөг гэж бичжээ энэ газар 300 сая төгрөгөөр үнэлэгдэхгүй учраас тэр үедээ буруу бичигдсэн байх магадлалтай.

Энэ гэрчилгээ нь анхнаасаа хууль бус, хууль бус буруу хийгдсэн гэрчилгээ, гэрээтэй газрын эзэмшигч Мөнхжаргал би мөн гэж явсаар байгаад 2004 онд гэрчилгээнийхээ хуулийн хугацааг алдагдуулж хууль зөрчсөн. 2004 оны 5 дугаар сарын  19-ний өдрөөс нэг сарын өмнө сунгуулах хүсэлтээ гаргаж гэрчилгээгээ шинэчилж авах ёстой байсан. Газрын тухай хуульд “Гэрчилгээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө зохих газарт нь сунгуулах хүсэлт гаргаж гэрчилгээг сунгуулах үүрэгтэй. Хэрэв гэрчилгээг сунгуулаагүй бол тухайн ашиглаж байсан газрын гэрчилгээ болон бусад баримт нь хүчингүй болно гэх заалтыг зөрчсөн. Үүнийгээ өөрөө  ашиглаад 2010 онд иргэн Ганхуягийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулахдаа “Мөнхжаргал энэ газарт амьдардаг” гэдэг мэдүүлэг гаргаж маргаан бүхий газрыг дахин авсан байдаг. Газрын алба нь маргаан бүхий газарт хүн амьдарч байсан эсэхийг хянаж үзэх байсан.

 Тус газарт 2008 оноос хойш Отгонбатын гэр бүл амьдарч, зохих хэмжээгээр аж ахуйгаа төлөвлөж газар дээрээ байшин барилга барьж амьдарлаа төвхнүүлж байсаар байтал газрын гэрчилгээг Ганхуягийн нэр дээр шууд бичиж олгосон нь ойлгомжгүй. Ч.Отгонбатаас 2008 онд газар авахдаа газрын албанд өргөдөл гаргаж байсан гэдэг боловч энэ талаарх баримт устгагдсан, олддоггүй бөгөөд Газрын албаныхан бид үндсэн мэдээллээ барина, та нар хоорондоо эвлэр гэх хариу өгдөг. Одоо маргаан бүхий газар дээр 20 гаруй сая төгрөгийн үнэтэй байшин байдаг. Газрын албанаас Мөнхжаргалыг маргаан бүхий газрын эзэн мөн үү биш үү гэдгийг тодорхойлсон нь тодорхойгүй байна. Маргаан бүхий газрын 2007-2008 оны зургийг харахад хундаамны суурь байдаг гэдгийг ярьдаг. Гэтэл мэдсээр байж яагаад энэ газрыг зөвхөн иргэн Ганхуягт эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь тодорхойгүй. Мөнхжаргалтай  3061 тоот гэрчилгээг албан ёсоор эзэмшиж байсан бол хууль зөрсөн байна. Та гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө нэг сарын өмнө мэдүүлэг гаргаж гэрчилгээгээ шинэчлэх эрхтэй байсан .

Энэ эрхээ алдчихаад нөхрийнхөө нэр дээр мэдүүлэг гаргаж, Ганхуяг нь ганцаараа өмчлөгчөөр орсон. Тухайн үед Мөнхжаргал Ганхуяг нар хамт амьдарч байсан уу гэдгийг нь тогтоох шаардлагатай болчихоод байгаа юм. Хэрэв хамт амьдраагүй салсан байсан бол Мөнхжаргал Ганхуягийн газрыг өвлөж авах эрх бүхий этгээд мөн үү биш үү гэдэг асуудал яригдах ёстой.Анх гарсан захиргааны актыг хүчингүй болгохгүй бол иргэн Мөнхжаргалын үйлдэл нь зогсохгүй байгаа. Дархан сумын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  222 дугаар захирамжийг үндэслэн иргэн Мөнхжаргалд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Аймгийн Засаг даргын 78 дугаар захирамжийн Ө.Ганхуягт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Дээрх захирамжуудыг үндэслээд Мөнхжаргалд олгосон газар өмчлөх гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгох тухай тодруулга гаргасан. Мөнхжаргал нь одоогийн баримтаар маргаан бүхий газрын өмчлөгч мөн мэт харагдах боловч үндсэн нотлох баримтууд нь хууль бусаар олгогдсон бичиг баримт. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дархан-Уул аймгийн  Дархан сумын Засаг даргын  1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.Мөнхжаргалд хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ганхуягт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Ц.Мөнхжаргалд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

         Хариуцагч Дархан сумын Засаг даргаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзулаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжаар тус сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх Түмэннаст ХЭАА-д граж засварын газарт 0,2 га, 6 дугаар хорооллын 54 машины нэгдсэн граж барихад 0,1 га газруудын зөвшөөрлийг олгосон бөгөөд маргаан үүсэж буй иргэдийн газартай огт хамааралгүй байна.  222 дугаар захирамжийг үндэслэж гэрээ гэрчилгээ олгогдсон байна. Сумын Засаг даргын бүрэн эрхэд гэрээ гэрчилгээ хүчингүй болгох эрх байхгүй 222 дугаар захирамжид Мөнхжаргал, Ганхуяг нартай холбоотой заалт байхгүй гэв.

 

        Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулуунаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан сумын Засаг даргын 1997 оны 222 захирамжид Ганхуяг, Мөнхжаргал нартай холбоотой захирамжилсан хэсэг байхгүй. Тус захирамжийн нэгдүгээр хэсэгт “1996 оны 43 дугаар захирамжийг хүчингүй болгосон”, хоёрдугаар хэсэгт “газар эзэмших гэрчилгээг шинэчлэх тухай”, гуравдугаарт “газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа зохих журмын дагуу хийгдсэн байхыг үүрэг болгосон”, дөрөвдүгээрт “14 дүгээр багт Түмэннаст ХЭАА-д гарааш, 6 дугаар хороололд 54 машины нэгдсэн гарааш 0.1 га газрыг олгосон" байдаг. Газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгох журмаар бол газар эзэмшүүлэх тухайн шатны Засаг даргын шийдвэр гарснаар гэрээ гэрчилгээ олгодог. 1997 оны 222 дугаар захирамжийг үндэслэн Мөнхжаргалд гэрээ гэрчилгээ олгосон нь хууль бус болсон байна. Энэ захирамжтай холбоотой хүчингүй болгосон 43 дугаар захирамжийг үзэхэд энэ нь “газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай" гэсэн захирамж байсан. Энэ захирамж дээр  Мөнхжаргал, Ганхуягтай холбогдолтой газар эзэмшүүлэх эрх олгоогүй. Мөн 2010 оны Аймгийн Засаг даргын 78 дугаар захирамжаар Ө.Ганхуягт газар өмчлүүлсэн байдаг. Энд 1997 оны 222 дугаар захирамжийг үндэслэн Мөнхжаргалд олгосон гэрчилгээг түүн дээр үндэслээгүй байна. Ганхуяг нь өөрийн хүсэлтээр Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгснөөр Аймгийн Засгийн 78 дугаар захирамж гарч тухайн газрыг Ганхуягт өмчлүүлсэн гэв.

 

         Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн дарга шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганхуяг нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст газар өмчлөх эрхээ баталгаажуулахаар мэдүүлэг гаргасан. Мэдүүлэгт 2010 оны 78 дугаар захирамж, газрын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, хүсэлт зэргийг гаргаж өгсөн. Бүртгэлийн байгуулага нь дээрх баримтыг үндэслээд бүртгэх эсэхээ шийддэг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримтыг мэдүүлэг гаргагч гаргаж өгснөөр мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл мэдүүлэг гаргах үед байгаагүй учраас иргэн Ганхуягт өмчлөх эрхийн Г-2003008912 дугаарт бүртгэж, 00477229 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Бүртгэлийн байгууллага нь Аймгийн Засаг даргын 2010 оны өмчлүүлэх захирамжийг үндэслэж бүртгэл хийсэн. Энэ газар, тоот хаягтай холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол бүртгэгдээгүй, ирээгүй учраас мэдүүлэг гаргагчийн бүрдүүлсэн материалыг үндэслээд бүртгэл хийсэн учир бүртгэлийн байгууллага нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Ганхуяг нь нас барсан, өвлөх эрхийн гэрчилгээ Мөнхжаргалын нэр дээр бүртгэгдсэн байсан учраас Мөнхжаргалд газар өмчлөх гэрчилгээ олгосон гэв.

 

      Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мөнхжаргал нь Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгой 2 дугаар гудамжны 03 тоот, 4506903867 нэгж талбарын дугаартай, Г-2003008912 дугаартай, 1695 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг нөхөр Ө.Ганхуягаасаа өв залгамжлан авч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 000481085 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өмчлөх эрх нь баталгаажсан.Энэхүү газар өмчлөх эрх нь нэхэмжлэгч Ч.Отгонбатын хууль ёсны эрх ашиг сонирхолыг ямар нэгэн байдлаар огт хөндөөгүй. Гэтэл Отгонбат нь хуулийн дагуу өмчилж буй газарт нь холбогдох захирамж шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

       Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн юу хүсч, ямар эрх сэргээлгэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь анх үндсэн нэхэмжлэлээ улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгуулах гэсэн байдаг боловч явцын дунд өмчлөлийн захирамжийг оруулж ирсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар ямар эрх сэргээлгэхэээр шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй байх тул тайлбар өгөхөд хүндрэлтэй байна. Гэхдээ захиргааны хэрэг үүсгэсэн учраас тайлбар хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгээс 54.1.8 хүртэл заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан харьяаллын бус маргаан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Мөнхжаргалд  газар буруу олгогдсон, газар дээр Отгонбат амьдарч байгаа. Анх бид тус газрыг өмчилж байсан гэдэг.

Хэрэв Мөнхжаргалын 1600м2 газар буруу олгогдсон эсэх, тухайн газар нь хэнийх вэ гэдэгт маргаж байгаа бол иргэний буюу өмчлөлийн маргаан /шударга өмчлөгч/-ийн асуудал яригдана. Мөн газрын хэмжээ дээр маргаж байгаа бол Отгонбат нэхэмжлэгчээр, Мөнхжаргал хариуцагчаар оролцож эрх бүхий байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлж тогтоолгох ёстой. Энэхүү өнөөдрийн хэлэлцэж буй нэхэмжлэлтэй холбоотой маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Нэхэмжлэгч Аймгийн Засаг даргад хандаж хариу авсан байдаг. Гэхдээ Аймгийн Засаг дарга нь нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татагдсан байдаг.  Аймгийн Засаг дарга нь Улсын бүртгэлийн хэлтсийн дээд шатны байгууллага мөн үү гэдгийг харах хэрэгтэй. Хэрэв бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа бол Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл байна. Нэхэмжлэгчийн ямар субьектив эрх зөрчигдсэн бэ. Мөнхжаргалын өмчлөх эрх баталгаажсан. Маргаан үүсэх болсон шалтгааныг агуулгаар нь авч үзвэл 55м2 орсон байсантай холбоотой байдаг.

Ч.Отгонбат нь бусдын өмчилж авсан газрыг би авна гэж байгаагаар түүний субьектив эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Ч.Отгонбат нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан Мөнхжаргалын эрхийг зөрчиж байна. Ч.Отгонбат маргаан гаргах эрхгүй. Ч.Отгонбат, Ц.Мөнхжаргал хоёрын дунд маргаан үүсэх эрх зүйн баримт байхгүй. Ч.Отгонбатын зүгээс Мөнхжаргалын өмчлөлд халдаж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар өмчлөх эрх дуусгавар болох тохиолдлыг заасан ба газар өмчлөх эрхийг хүчингүй болгох гэсэн заалт байхгүй. Хүчингүй болгохтой ойролцоо гэвэл дуусгавар болгох гэсэн заалт л байна.

       Мөн  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлд Газар өмчлөгч иргэнд дараахь зүйлийг хориглох зүйлийг заасан. Эдгээрийн алинд нь Ч.Отгонбатын нэхэмжлэл холбогдохгүй байна. Ч.Отгонбатыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийг харахаар хүчингүй болгох гэж байгаа. Хүчингүй болгох шаардлагын хувьд эрх ашиг нь зөрчигдсөн этгээд тухайн эрх ашгийг нь зөрчсөн шийдвэр эс үйлдэхүй, үйлдлийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, шүүхэд хандах ёстой талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан. Хүчингүй болгуулах гэрчилгээнүүдийн хамгийн сүүлийнх нь л гэхэд 2010 он гэсэн байдаг. Үүнээс нь харахад  30 хоног нь хэдэн жилээр өнгөрсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. “Мөнхжаргалд газар олгосон эрх зүйн бүх актуудыг хүчингүй болгуулъя” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнээ нэхэмжлэлийн үндэслэл нь илт хууль бус захиргааны актын үндсэн дээр Мөнхжаргалд газрын өмчлөх эрх очсон гэж яриад байгаагаас нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд бүрдсэн учраас энэ хэрэг нь захиргааны хэрэг биш, нэхэмжлэгчийн субьектив эрх ашиг хөндөгдөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэх юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Отгонбат нь “Дархан-Уул аймгийн  Дархан сумын Засаг даргын  1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.Мөнхжаргалд хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон газар өмчлөх эрхийн Ү-2003008912 дугаар бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Ганхуягт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаан дээр ”Дархан-Уул аймгийн  Дархан сумын Засаг даргын  1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.Мөнхжаргалд хууль бусаар олгосон 3061 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Ганхуягт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Ц.Мөнхжаргалд олгосон газар өмчлөх эрхийн 000481085 дугаарын гэрчилгээ, Ү-2003008912 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж  нэхэмжлэлийнхээ шаардлагаа тодорхойлсон болно.

 

        Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга нь Дархан сумын 8 дугаар багийн Хуримын ордоны арын толгойд 1500 м2 газрыг Ц.Мөнхжаргалд амины хашаа байшингийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр Да3061 дугаарын гэрчилгээг 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосноор Дархан сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Тунгалаг иргэний газар эзэмших гэрээг 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 14-ныг хүртэл 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. Да 3061 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээн дээр “Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар шийдвэр”-ийг үндэслэн гэж бичигдсэн байх бөгөөд энэхүү  Дархан сумын Засаг даргын 1997 оны 222 дугаар захирамжаар Дархан сумын Засаг даргын 1996 оны 3 сарын 21-ний өдрийн 43 тоот захирамжийг хүчингүй болгож,  “Түмэннаст” ХЭАА-д 0,2 га газар, нэгдсэн граж  барих 0,1 га газрын зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн, мөн 1996 оны 43 дугаар “газар эзэмшүүлж, ашиглуулах тухай” захирамжаар сумын харъяа аж ахуйн нэгж байгууллагуудад газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, дээрх сумын Засаг даргын 222 дугаар, 43 дугаар захирамжуудаар иргэнд газар эзэмшүүлэх талаар шийдвэрлээгүйгээс гадна Ц.Мөнхжаргалд газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байна.

          Маргаан бүхий  Да 3061 дугаарын газар эзэмшүүлэх гэрчилгээг олгохдоо Ц.Мөнхжаргалд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байхад огт хамааралгүй захирамжийн дугаарыг бичиж олгосон нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн  газар эзэмших гэрээ, гэрчилгээнээс үзэхэд Ц.Мөнхжаргал нь тухайн газрыг 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан, энэхүү газар эзэмших эрхийн хугацаа 2004 онд дуусгавар болсон байх ба 2004 оноос хойш Ц.Мөнхжаргал нь газар эзэмшиж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Нэгэнт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаар Ц.Мөнхжаргалын газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул Ц.Мөнхжаргалын Да3061 дугаарын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Отгонбат нь “Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгой 2 дугаар гудамжны 03 тоотод /хуучин хаягаар 13 тоот/ 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, хашаа газрыг 2008 оны 05 дугаар сарын 15-нд Цэцэгмаа, Наранбаатар нараас 2100000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн газрыг кадастрын зурагтай нь хамт надад өгсөн, энэ хаягт газар дээр Мөнхжаргал нь ерөөсөө амьдарч байгаагүй, 2008 оны кадастрын зургаар 2142 м2  гэсэн зургийг газрын албанаас гаргаж өгсөн, газрын асуудлаар газрын албанд удаа дараа амаар хэлж хандсан боловч газар дээр очиж үзэж хэмжилт хийж, зураг гаргаж өгөөгүй, Ганхуяг, Мөнхжаргал нарт өмчлүүлэх тухай захирамж гэрчилгээ олгосныг сая сум дундын шүүхэд дуудагдаж очсоноор мэдсэн, миний бие 2017 онд цахилгааны шугам татах шаардлагатай болж холбогдох байгууллагад хандахад газрынхаа гэрчилгээг аваад ир гэсний дагуу 445 м2  гэж кадастрын зургаа гаргуулж хүсэлтээ гаргаж гэрчилгээгээ авсан” гэж тайлбарлаж байна. Дархан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/400 дугаар захирамжаар  /хавсралтын 12-д/  нэхэмжлэгч Ч.Отгонбатад Манхантолгой 2-3Б тоотын 445 м2  талбай бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснээр  2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэгж талбарын 4506903803, 445 м2 газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000430768 дугаарын гэрчилгээ олгогдон эрхийн улсын бүртгэлийн Г-2003008809 дугаарт бүртгэгдэн баталгаажжээ.                                                                  

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжаар Ө.Ганхуягт 8 дугаар багийн Манхантолгой 2-3 тоот 1695 м2 газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарснаар 2010 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 20 жилийн хугацаатайгаар 1677 м2 газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон улмаар  2017 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Ө.Ганхуягт нэгж талбарын 4506903867, 1695 м2 газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000477229 дугаарын гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Г-2003008912 дугаарт бүртгэгдсэн байх ба Дархан сумын 8 дугаар багийн 2-3 тоот хашаа гэр бүлийн зориулалттай 1695 м2  талбайтай газар /өмчлөх/ -г 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Мөнхжаргалд олгогдсоноор 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдөр 4506903867 нэгж талбарын дугаар бүхий Г-2003008912 дугаарын бүртгэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000481085 дугаар гэрчилгээ бичигджээ.

 

Шүүхээс маргаан бүхий  Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгой 2-3 тоотын газар дээр хийсэн үзлэгээр Ч.Отгонбатын 66.6 м2 талбай бүхий хувийн сууцны байшин, 26.5 м2  грашийн барилга, 6.8 м2  байшингийн цутгамал бетон суурь байснаас гадна  тухайн газарт бодит хэмжилт хийхэд  Отгонбатынх өмчлөлийн 445 м2 газар болон илүү барьсан гараж, барилгын өргөтгөл 49 м2, барилгын суурь 8 м2  бүгд 57 м2  газарт өргөтгөл суурь цутгагдан нийт газрын хэмжээ  502 м2 байх бөгөөд Ц.Мөнхжаргалынх тухайн газар дээрээ амьдардаггүй, хэсэг газар нь хоосон байлаа.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Мөнхжаргалын 2008 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн газар өмчилж авахыг хүссэн өргөдөл /гэр бүлийн гишүүд Ө.Ганхуяг, Г.Эрхэмбаяр, Г.Гантулга, Г.Энхтүвшин/ болон Ц.Мөнхжаргал, Ө.Ганхуяг нарын газрын хэмжээг зурагжуулсан кадастрын зурагт /2008 оны 01 дүгээр сарын 13-ны/ тус тус 1500 м2  гэж тодорхойлогдсон,  2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ө.Ганхуягаас газрын албанд гаргасан өргөдөлд газрын хэмжээ тусгагдаагүй, аймгийн Засаг даргын 2010 оны 78 дугаар захирамжаар 1695 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байхад газар эзэмших гэрчилгээ, гэрээ болон кадастрын зурагт 1677 м2  гэж бичигдсэнгазрын хэмжээг ямар бичиг баримт, кадастрын зургийг үндэслэн тогтоосон нь тодорхойгүй, Далхаагийн Бат-Эрдэнэ, Далхаагийн Наранбаатар нарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /нэгж талбарын 1856783809606, Дархан сумын 8 дугаар хороо 2-13 тоот/ -г аймгийн газрын албаны мэргэжилтэн Б.Мөнхчулуун нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэж 2142 м2 гэж бичсэн зэргээс дүгнэхэд  Ч.Отгонбат, Ц.Мөнхжаргалын нарын газрын хэмжээ тус бүрдээ зөрүүтэй байх бөгөөд Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 62 дугаар албан бичигт “иргэн Д.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын эзэмшлийн гэх 18567483809606 нэгж талбарын дугаартай газрын бүртгэл кадастрын мэдээллийн санд байхгүй, Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгойн 2 дугаар гудамжны 3, 3Б тоот хаягийн одоогийн газар эзэмшигч Ч.Отгонбат 4506903803 нэгж талбарын дугаар бүхий 445 м2 газар, Ц.Мөнхжаргал 4506903867 нэгж талбарын дугаарын 1695 м2 газрын бүртгэл кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй”  болохыг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Ч.Отгонбат, гуравдагч этгээд Ц.Мөнхжаргал нарын бодитоор амьдарч эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж байсан газрын байршлыг кадастрын зурагт бодит байршлаар нь хэмжилт хийж бүртгээгүй, газрын хэмжээ болон хил заагийг зөв тодорхойлоогүйгээс тухайн айлын амьдарч байсан байршлаас зөрүүтэй, ямар хэмжээгээр давхцалтай болох болон маргаан бүхий газрын хэмжээг яаж тодорхойлж олгосоныг дүгнэх боломжгүй байх ба, иргэдэд өмчлүүлсэн газрын хил заагийг тогтоож, тэмдэглэх,  өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, газрын кадастрыг эрхлэх, мэдээллийн санд бүртгэх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “иргэнд өмчлүүлэх газар кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч Засаг даргын харъяа агентлаг Газрын албаны чиг үүрэг бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул газар эзэмших эрх үүссэн эсэх зэрэг хэргийн тодорхой бус нөхцөл байдлуудыг хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд шинжлэн судалж тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, эдгээр судлах нөхцөл байдлын цар хүрээ шүүхээс илүү хариуцагчид хадгалагдаж байх учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гарах хүртэл маргаан

 

бүхий актын биелэлт, Ц.Мөнхжаргалд олгосон газар өмчлөх эрхийн 000481085 дугаарын гэрчилгээ, Ү-2003008912 дугаар бүртгэлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “хөөн хэлэлцэх хугацаа дууссан, улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Ч.Отгонбат, Ц.Мөнхжаргал нарын хоорондын маргаан иргэний шүүхээр шийдэгдэж байсан болон дахин иргэний шүүхэд маргаантай байгаа,  Ч.Отгонбат нь 2008 оноос хойш газрын албаны холбогдох хүмүүстэй удаа дараа уулзаж, хүсэлтээ амаар гаргаж байсан ба тухайн үед газрын албаны мэргэжилтнүүд газрын кадастрын зургийг зурж, хэмжилт хийж өгнө  гэсээр өдий хүрсэн гэж тайлбарлаж байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулууны тайлбар, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  2018 оны бүртгэлийн дэвтрийн хуулбар, хяналтын карт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй байна.Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 15.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид... гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

          

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.11, 107.6 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгүүдэд   заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн  Дархан сумын Засаг даргын  1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.Мөнхжаргалд хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”  шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Ганхуягт холбогдох хэсэг, Ц.Мөнхжаргалын газар өмчлөх эрхийн 000481085 дугаарын гэрчилгээ, эрхийн улсын

бүртгэлийн Ү-2003008912 дугаар бүртгэлийг тус тус 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмших, өмчлөх эрх үүссэн шалтгаан нөхцөлийг бодитоор судлан тогтоон улмаар тухайн газарт тэдгээрийн хэн аль нь хууль ёсоор газар эзэмших өмчлөх эрхтэй эсэх талаар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Ганхуягт холбогдох хэсэг, Ц.Мөнхжаргалын газар өмчлөх эрхийн 000481085 дугаарын гэрчилгээ,эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008912 дугаар бүртгэл тус тус хүчингүй болохыг дурьдсугай.

 

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.НАРАНТУЯА