Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00629 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол 634 204 166 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямбажаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Давхарбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооноос Засгийн газрын 2014 оны 232 дугаар тогтоолын дагуу 2014 оны 12 дугаар 19-ний өдөр “Төр хурх” амралтын газрын үл хөдлөх хөрөнгийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулагдсан. Миний бие нээлттэй дуудлага худалдааны зарыг 2014 оны 11 сард Өдрийн сониноос мэдэж, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгөө зөвлөлдөн, бүгд боломж бололцоогоороо мөнгө төгрөгөөр туслаж, дэмжинэ гэсэн тул Монгол Улсдаа жишиг болохуйц сувилал байгуулах гэгээн зорилго тээн, тус дуудлага худалдаанд оролцсон юм. Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дээрх дуудлага худалдаанд миний бие  1 009 200 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг хэлснээр, хамгийн өндөр үнийн санал хэлсэн ялагчаар шалгарсан бөгөөд улмаар Төрийн өмчийн хороотой №17/4-2014 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус худалдах, худалдан авах гэрээгээр дуудлага худалдааны үнээс өмнө дэнчинд төлсөн 201 600 000 төгрөг дээр, үлдэгдэл төлбөр болох 807 600 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Төрийн сан дахь 900019006 тоот дансанд төлөх үүргийг би хүлээсэн. Гэрээний дагуу тэрбум гаруй төгрөгийг төлөхөд, надад байгаагүй дутаж байсан мөнгийг үйл ажиллагаа явуулж байсан амралтын газрыг авахын тул сувилалын үйл ажиллагаагаар зардлаа нөхөн төлнө гэдэг итгэлээр найз нөхөд, бизнесийн түнш, хамаатан саднуудаасаа нийт 700 000 000 төгрөгийг хүүтэйгээр нэмж зээлэн, хамаг байдгаа шавхаж, дуудлага худалдаа явагдсанаас хойш ердөө 14-хөн хоногийн дотор 1 009 200 000  төгрөгийг бүрэн бүрдүүлж, гэрээний үүргээ хариуцлагатайгаар хугацаанд нь бүрэн биелүүлсэн билээ. Гэтэл Төрийн өмчийн хороо нь үнэ төлснөөс хойш 14 хоногт буюу 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор худалдсан хөрөнгийг надад шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн боловч шалтгаан тоочиж үүргээ биелүүлэхгүй хойшлуулсаар, гэнэт Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоол гарсныг мэдэгдэж, таны худалдан авсан хөрөнгийг шилжүүлж өгөх асуудлыг хойшлуулсан гэсэн юм. Тэдний танилцуулсан Засгийн газрын 2015 оны 37 дугаар тогтоолын агуулга нь Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нэр бүхий 37 хөрөнгөнөөс /зөвхөн миний худалдан авсан/ Төр хурхын амралтын газрын үл хөдлөх хөрөнгийг ганцааранг нь хүчингүй болгож жагсаалтаас хасах тухай заасан нь мөнгөө төлсөн хүнд талхыг нь өгөх худалдааны наад захын дүрэм мэддэг хэн бүхэнд ойлгогдохооргүй шийдвэр байсан юм. Хууль журмын дагуу бол Төрийн өмчийн хороо нь хөрөнгөө зарна гэж олон нийтэд зарлан, иргэнээсээ мөнгийг нь авсаныхаа хэзээ хойно хөрөнгөө худалдахаа больсон гээд өгөхгүй байх ёс хаана ч байхгүй. Адаглаад, хөрөнгөө худалдахаа больсон бол энэ талаар иргэндээ учир байдлаа тайлбарлаад мөнгийг нь буцааж өгмөөр, харамсалтай нь Төрийн өмчийн хороо хөрөнгөө ч, төлсөн мөнгийг минь ч буцааж өгөөгүй юм. Төрийн өмчийн хороо албан ёсны гарын үсэг, тамга тэмдэгтэй гэрээ байгуулж, мөнгийг минь авсныхаа дараа таг чиг болсон энэ байдалд миний бие итгэж чадахгүй, сэтгэл зүйн хувьд хүнд цохилтонд орж, яах учраа олохгүй тэр цагаас хойш энэ 2 жил орчмын турш хамаг ажил хөдөлмөрөө орхин зөвхөн энэ асуудлын төлөө төрийн байгууллага, албан тушаалтны өрөө, өрөөний үүдийг сахин, Төрийн өмчийн хороо, түүний удирдлагууд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд улмаар Монгол Улсын Их хурлын дарга, Улсын их хурлын өргөдлийн байнгын хороо мэтчилэн холбогдох бүхий л байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандсан боловч хэн ямар ч хариу өгөлгүй, иргэн намайг эд хөрөнгөөр хохироогоод зогсохгүй цаг хугацаа, ажил, сэтгэл санаагаар хохирсон дээр минь хохироосоор байсан. Эцэст нь хандах газар мухардаж, аргагүй эрхэнд миний бие энэ асуудлаар шүүхэд хандахад Улсын дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №001/2016/00066 дугаар тогтоолоор “... Засгийн газрын 232 дугаар тогтоол хууль зөрчсөн тул Д.Энхтуяа болон Төрийн өмчийн хорооны хооронд 2014 оны 12 сарын 19-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй” хэмээн үзсэн юм. Иргэн миний бие өнөөдрийг хүртэл иргэнийхээ хөрөнгийг хүчээр булаасан төрийн хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч нэгэнт шүүхээс хөрөнгийг харилцан буцаахаар эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэхээс apraгүйд хүрлээ. Улсын дээд шүүхийн тогтоол 2015 оны 12 сарын 26-нд гарсан боловч худалдан авах гэж байсан хөрөнгийн үнэ болгон шилжүүлсэн 1 009 200 000 төгрөгийг Сангийн яаманд өргөдөл гаргасны дагуу сая нэг шилжүүлсэн байна. Гэтэл энэ мөнгө өнөөдөр бусдаас зээлсэн 700  000 000 төгрөг болон түүний хүү, алдангийг төлөөд ч хүрэхгүй хүнд байдалд намайг оруулаад байна. Ардчилсан улсад ингэж л төр нь иргэнээрээ тоглож, өмч хөрөнгийг нь үрэн таран болгодог юм байна. Худалдсан хөрөнгөө буцааж аваагүй бол, гаргасан тогтоол шийдвэрээ өөрчлөөгүй бол зээлсэн мөнгөний хүү, алданги болох 577 700 000 төгрөгийг төлөх үүрэг надад үүсэхгүй байсан. Мөн өөрийн 300 гаруй сая төгрөгөө бизнестээ хэрэглэсэн бол бас энэ байтугай өсгөх бүрэн боломж байсан. Ийнхүү Төрийн өмчийн хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас бидний хооронд байгуулагдсан №17/4-2014 тоот худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул энэ 2 жил орчмын хугацаанд учруулсан хохирол болох нийт 635 520 400 төгрөгийг шаардаж байна. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж буй дуудлага худалдаа, тус дуудлага худалдааны дагуу байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хууль ёсны, хүчин төгөлдөр гэж итгэн хамаг мөнгөө өгсөн бөгөөд миний бие Төрийн өмчийн хорооны дээрх үйл ажиллагаа анхнаасаа хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Төрийн өмчийн хороо нь дуудлага худалдааны дараа амралтын газраа шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй удаасан, худалдах тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ мөнгийг минь буцааж өгөлгүй 18 сарын хугацаа болсон байна. Энэ хугацаанд бусдаас зээлсэн зээлийн төлбөр, хүү алданги нийлээд нийт 1 277 700 төгрөгийг төлөх өрөнд ороод байна. Энэ байдал тухайн обьектын үнийг төлөхөд гаргасан миний өөрийн мөнгө болох 309 200 000 төгрөг элсэнд шингэх ус мэт алга болсон болохыг харуулна. Одоогийн байдлаар, бусдаас авсан зээлийн хүү алдангийг л барагдуулахын тулд Төрийн өмчийн хорооноос буцаан авсан 1 009 200,000 төгрөгийг бүрэн өгснөөс гадна, мөн дээрээс нь дахин өөрөөсөө 268 500 000 төгрөгийг нэмж төлөхөөр хохироод байна. Зээлийн гэрээ, түүнээс үүссэн хүү, алдангийг авч үзвэл: Зээлдүүлэгч Н.Нацагдоржоос 500 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн, сард 15 000 000 төгрөг хүүнд төлнө. Зээлийн хугацаа 1 жил. Үндсэн зээлд 500 000 000 төгрөг, 2015.12.23-2016.05.23 хүртэл нийт 17 сарын хугацаанд хүүнд 255 000 000 төгрөг, 2015.12.23-2016.05.26 хүртэл алдангид 200 000 000 төгрөг, нийт 950 000 000 төгрөг төлнө. Үүнээс 2016.05.26-ны өдөр үндсэн зээл 500 000 000 төгрөгийг төлсөн. Зээлээ хугацаанд нь төлөөгүй 156 хоног хэтрүүлсэн 390 000 000 төгрөгийн алданги үүссэн. Зээлдүүлэгчид хүсэлт тавьсанаар алдангийг 200 000 000 төгрөгөөр тооцож, гэрээг дуусгахаар тохиролцсон. Зээлийн хүүнээс 155 000 000 төгрөгийг 2016.07.08-нд төлсөн бөгөөд одоо хүү 100 000 000 төгрөг, алданги 200 000 000 төгрөг төлөөгүй үлдсэн байгаа, нийт хохирол 450 000 000 төгрөг. Зээлдүүлэгч Д.Ариунзаяагаас 100 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй зээлсэн, сард 2 700 000 төгрөг хүүнд төлнө. Зээлийн хугацаа 1 жил. Үндсэн зээл 100 000 000 төгрөг, 2015.12.24-2016.06.10 хүртэл нийт 17 сарын хугацаанд хүүнд 45 900 000 төгрөг, нийт 145 000 000 төгрөг төлнө. Үүнээс 2014.12.24-2016.06.10 хүртэл сар бүр хүүнд 2 700 000 төгрөг төлсөн. 2016.06.10-нд үндсэн зээл 100 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, нийт хохирол 45 900 000 төгрөг. Зээлдүүлэгч Г.Батбаатараас 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, сард 2 500 000 төгрөг хүүнд төлнө. Зээлийн хугацаа 1 жил. Үндсэн зээл 50 000 000 төгрөг, 2015.12.26-2016.05.26 хүртэл нийт 17 сарын хүүнд 42 500 000 төгрөг, 2015.12.26-2016.05.26 хүртэл алданги 25 000 000 төгрөг, нийт 117 500 000 төгрөг төлнө. Үүнээс үндсэн зээл болон хүүнд 2016.05.26-нд 92 500 000 төгрөг төлсөн. Алданги 2015.12.26-2016.05.26 хүртэл 152 хоногийн хугацаанд 38 000 000 төгрөг болсон боловч Иргэний хуульд заасны дагуу 50 хувь буюу 25 000 000 төгрөг төлөхөөр байна, нийт хохирол 67 500 000 төгрөг. Зээлдүүлэгч Д.Энхээгээс 50 000 000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй сард 650 000 төгрөг хүүнд төлнө. Зээлийн хугацаа 1 жил. Үндсэн зээл 50 000 000 төгрөг, 2015.12.29-2016.10.26 хүртэл нийт 22 сарын хугацаанд хүүнд 14 300 000 төгрөг, нийт 64 300 000 төгрөг төлнө, нийт хохирол 14 300 000 төгрөг бүгд хүү, алдангийн хохирол 577 000 000 төгрөг байна. Төрийн өмчийн хорооны алдаанаас болж нэгд /монголд жишиг болохуйц нэгэн сувиллыг хувийн хэвшлийн дотоодын хөрөнгө оруулалтаар бий болгох бүрэн боломжийг алдсан бол хоёрт /миний, бизнесээрээ мөнгөө өсгөх боломжийг ч хязгаарлаж, олон зуун мянган төгрөгний алдагдалд оруулсан. Би дээрх хугацаанд бизнесээс орлого олж чадаагүй алдагдлаа банкны хадгаламжийн хүүгээр л тооцож нэхэмжилж байна. Энэ хүүгийн хэмжээ, бусдаас авсан зээлийн төлбөрт өгөөд дууссан, төрд төлсөн байсан 309 200 000 төгрөгийг минь ч нөхөхгүй. Гэхдээ ядаж л банкинд хадгалуулсан гэж тооцон банкны хүүгээр тооцсон ба 2014.12.31-ний өдрөөс 2016 оны 05 сарын 25-ний өдрийг хүртэл өөрт байсан 309 200 000 төгрөгийг аль нэг арилжааны банк бус Монгол банкны /2016.05 cap/ хадгаламжийн нөхцлийн дагуу 1 сарын 1,10 хувийн хүүтэй хадгалуулсан бол нийт 57 820 400 төгрөгийн хүүг авах боломжтой бөгөөд, мөн хэмжээний хадгаламжийн хүүгийн алдагдлыг миний бие хүлээсэн гэж үзэж байна. Иймд Төрийн өмчийн хорооноос, худалдах худалдан авах гэрээ байгуулан, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учруулсан хохиролд 635 520 400 төгрөгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.01.26-ны өдрийн №001/27 2016/00066 дугаар тогтоолын дагуу нэн даруй гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү. Монголбанкны лавлагаа ирсэнтэй холбогдуулан анх нэхэмжилсэн мөнгөнөөс зөрүү болох 14 316 234 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Төр хурах” дахь амралтын газрыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хороо дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж, ялагч Д.Энхтуяатай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Д.Энхтуяа нь 2014 оны 12 дугаар сарын 31- ний өдөр гэрээний үнийн дүнг бүрэн төлж дууссан. Гэрээний дагуу гэрээний үнийн дүнг бүрэн төлж дууссанаас хойш 14 хоногийн дотор эд хөрөнгийг худалдан авагч талд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч тухайн үед Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мөн түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга солигдсон юм. Засгийн газраас Төрийн өмчийн хороонд хөрөнгө хүлээлцэх ажлыг түр хойшлуулах чиглэл өгч байсны дагуу хөрөнгийг хугацаанд нь хүлээлцээгүй бөгөөд Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын хавсралтад заасан нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалтаас Төр хурахын амралтын газрын дуудлага худалдаатай холбоотой заалтыг хүчингүй болгосон юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах" гэж Төрийн өмчийн хорооны бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу /Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоол/ хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдсан боловч дуудлагын худалдаа явагдсаны дараа баталсан жагсаалтаас тухайн хөрөнгийг хассанаар /Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын 2 дахь заалтаар/ хувьчлал хүчингүй болоход хүрсэн. Иймд хувьчлалыг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан тул буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй. Дуудлага худалдаа явагдаж, Д.Энхтуяа ялагч болсоны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь үүргээ биелүүлсэн талаар маргаагүй. Харин Засгийн газраас тогтоолоо хүчингүй болгосон тул хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Улмаар гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүх дээр маргаан үүссэн бөгөөд үүний шийдвэрийг гартал мөнгийг олгохыг хүлээсэн. Шүүх гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзсэн тул мөнгийг буцааж олгосон. Хэдийгээр гэрээний үүргийн дагуу өмчийг шилжүүлж өгөөгүй боловч энэ нь хариуцагчаас шалтгаалаагүй. Засгийн газар буруутай. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг төлөх ёстой боловч нэхэмжилж байгаа хохирол нь бодит эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

 

  •      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 207 255 324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 426 948 842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 335 552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 194 226.62 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараахь гомдол гаргаж байна. Талуудын хооронд маргаан үүсч,  хуулийн дагуу хувьчлан авсан хөрөнгийг шилжүүлэх, эсвэл үнэхээр боломжгүй юм бол тухайн хөрөнгийн төлбөр болох 1 тэрбум гаруй төгрөгийг буцаан шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлтийг ТӨХ, ЗГ зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж байсан боловч 2016 оны 5 сарын 25-нд мөнгөө буцаан авсан. Д.Энхтуяа нь 1 009 200 000 төгрөгийн төлбөрийн 700 000 000 төгрөгийг бусдаас зээлэн, үлдсэн 309 200 000 төгрөгийг өөрөөсөө гарган төлсөн, мөнгө зээлэхдээ тухайн үед хэвийн ажиллаж байсан амралтын газар авах, цаашид сувилал болгон ажиллуулах, явцын дунд засан сайжруулалт, хөрөнгө оруулалт хийх, эхний байдлаар шууд өвчтөн-амрагч хүлээн авах, зээлдэгч нарын мөнгийг ямар хугацаанд төлөх боломж байх вэ гэх зэргээр эдийн засгийн тооцоолол хийн, зээлдэгч нараас нэг жилийн хугацаатай мөнгө зээлсэн байдаг. Шүүхээс дүгнэхдээ, хувьчлах хөрөнгийн үнийг төлөхөд зээл авах, зээлийн хүү төлөх нь ТӨХ-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж дүгнэлээ. 2014 оны 12 сарын 22-нд бусдаас нэг жилийн хугацаатай мөнгө зээлэх нь ТӨУЗГ-т хамааралгүй, гэм буруугийн шалтгаант холбоогүй гэж үзэхэд, 2015 оны 12 сарын 22-ноос хойшхи хугацааны хүүг хэн хариуцах вэ гэдгийг эрх зүйн үндэслэл бүхий дүгнэж чадсангүй. Дээрх байдлаар, мөнгийг ТӨУЗГ /хуучнаар ТӨХ/ буцаан олгосон бол Д.Энхтуяа нэгд /тэр даруйд буцаан төлсөн бол гэрээний үүргээ ямар нэг зөрчилгүй биелүүлэх, зээлсэн мөнгийг буцаан өгөх, мөн хүү төлөхгүй байх боломжтой байсан бол хоёрт /нэг жил дотор төлсөн бол хугацаа хэтрүүлсний алданги, ялангуяа 2015 оны 12 сарын 22-ноос хойшхи 5 cap гаруйн хүү, алдангийг төлөхгүй байх бүрэн боломжтой байсан. Гэтэл мөнгө өгснөөс хойш нийтдээ 18 cap буюу 1 жил 6 сарын дараа буцааж олгосоноос болж хүү алданги төлөх болсон буруутан бол яах аргагүй ТӨУЗГ гэж үзэж байна. Тэгэхээр, зээлдэгч нараас мөнгө зээлсэн нэг жилийн хугацаа бугоу 2014.12.22-2015.12.22-ны хооронд үүсэх үүрэг хариуцагч байгууллагад хамааралгүй юм бол энэхүү нэг жилийн хугацааг хэтрүүлсэн үед тооцогдож олгосон, зээлдэгч нараас авахаар шаардаж тооцоо нийлсэн хүү, болон алдангийг тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ТӨУЗГ хувьчилсан хөрөнгийг өгдөггүй юм бол төлбөрт төлсөн мөнгийг нь өөртөө байлгах, чухамдаа 18 cap байлгах эрх байхгүй. Д.Энхтуяа болон зээлдэгч нартай байгуулсан гэрээний дагуу үүссэн үүрэг гэрээний талуудад хамааралтай, харин энэ гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэм буруугийн шалтгааныг шүүх зөв дүгнэх ёстой. Аливаа хохирол гэдэг нь тодорхой этгээдийн хөрөнгө байх ёстойгоос багассан байхыг хэлдэг. Д.Энхтуяа хувьчлалд оролцсоноор бусдаас зээлсэн мөнгөний хүү, алдангид өөрөөсөө хувьчилсан хөрөнгийн төлбөрт шилжүүлсэн 309 200 000 төгрөгөө, мөн дээрээс нь дахиад 312 675 000 /төгрөг буюу нийт 621 875 000 төгрөгийг төлөхөөр болж хохирол хүлээгээд байгаа атал зөвхөн 207 000 000 төгрөгийг гаргуулахаар болсонд гомдолтой байна. Хувьчлалд оролцсоноор иргэн Д.Энхтуяагийн хувьд зарцуулсан цаг хугацаа, сэтгэл санааны хохирол зэргээ тооцвол бас ч үгүй багагүй тоо гарах байхаа. Гэтэл үүнийг тооцолгүй өөрт учирсан хохирлоо шаардсан болно. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш нийт 329 120 000 төгрөг төлөх үүрэг үүсээд байгаа болно. Иймээс бусадтай байгуулсан гэрээний үүргийн дагуу төлөх төлбөрөөс анхан шатны шүүх 153 000 000 төгрөгийг хангаж бусдыг хэрэгсэхгүй болгосон. Дээрх төлбөрөөс хангагдсан хэсгийг  хасч тооцвол 176 120 000 төгрөг болох ба үүнийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Мөн тухайн төлбөрийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч, шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол 635 520 400  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 634 204 166 төгрөг болгон багасган нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Төр хурх” дахь амралтын газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч Д.Энхтуяа нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 1 009 200 000 төгрөгөөр худалдан авахаар дуудлага худалдааны дээд үнийг тогтоож, уг мөнгөн хөрөнгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 12-15 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Төр хурх” дахь амралтын газрыг Д.Энхтуяагийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх боловч Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолоор “Төр хурх” дахь амралтын газрыг бусдад худалдах хэсгийг хүчингүй болгожээ.

 

            Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Төр хурх” дахь амралтын газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг Улсын дээд шүүх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 001/ХТ2016/00066 дугаар тогтоолоор Д.Энхтуяа болон Төрийн өмчийн хорооны байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзжээ. /хх-ийн 5-10 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хэлцлийн дагуу шилжүүлсэн 1 009 200 000 төгрөгийг Сангийн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буцаан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… худалдах, худалдан авах гэрээний дагуу 1 009 200 000 төгрөгийг төлөхийн тулд бусдаас зээл авсан, уг гэрээ хэрэгжих боломжгүй болгосон атлаа мөнгөн хөрөнгийг надад буцаан өгөхгүй байсаар 16 сарын дараа авсан. Үүний улмаас бусдад зээлийн хүү, алданги илүү төлж хохирсон, мөн олох ёстой байсан орлогоо алдсан” гэж тодорхойлжээ.

 

            Худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох Төрийн өмчийн хороо нь татан буугдсан ба нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хариуцагчаар тодорхойлсон нь Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь буруу байна. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

           

            Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт төлсөн 1 009 200 000 төгрөгөөс 300 орчим сая төгрөгийг өөрийн мөнгөн хөрөнгөөс төлсөн, уг мөнгөн хөрөнгийг гэрээний үүрэгт төлөөгүй зах зээлийн эргэлтэд оруулсан бол өсгөх боломжтой байсан гэж арилжааны банкны хадгаламжийн үлдэгдлээр жигнэсэн дундаж хүүгээр тооцож, олох байсан орлого 56 504 166 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 54 255 324 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

 

            Учир нь нэхэмжлэгч Д.Энхтуяа дуудлага худалдааны нийт үнийг төлөхдөө өөрийн хөрөнгөөс 309 200 000 төгрөгийг төлсөн талаар тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх 309 200 000 төгрөгийг Д.Энхтуяад өөрт нь байсан мөнгөн хөрөнгө гэж дүгнэж, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг мөнгөн хөрөнгийг зах зээлийн ямар харилцаанд оруулах байсан эсэх, хэдий хэмжээний ашиг олох байсан эсэх нь тодорхойгүй байхад арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцож гаргуулсан нь учир дутагдалтай болжээ. Иймд нэхэмжлэгчийн олох байсан орлогод нэхэмжилсэн 56 504 166 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Анхан шатны шүүх Д.Энхээ, Д.Ариунзаяа, Г.Батбаатар нартай нэхэмжлэгч Д.Энхтуяагийн байгуулсан гэх зээлийн гэрээний харилцааг үндэслэлтэй зөв дүгнэж, тэдгээрт хүү, алданги төлж хохирсон гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь зээлдэгч Н.Нацагдоржтой 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг сувилал худалдан авах зориулалтаар зээлсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон, уг зээлийн хүүд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 153 000 000 төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордероор тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.  

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00629 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 …” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6” гэж, “… 207 255 324 төгрөг …” гэснийг “153 000 000 төгрөг” гэж, “… 426 948 842 төгрөг …” гэснийг “481 204 166 төгрөг” гэж,

2 дахь заалтын “… 1 194 226 төгрөг …” гэснийг “922 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 038 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО     

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ