Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 163

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Б холбогдох эрүүгийн 2007002200185 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ……………………………………….тоотод оршин суух,

Урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрий 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

 ******* овгийн Б.Б /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч ******* овгийн Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цаг 50 минутад Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэрэлж сүйх” амралтын гадаа болон Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд 2 хүүхэдтэй болж ээжийгээ авч явж байгаа. Архи уусан үедээ өөрийгөө хянах чадваргүй болсондоо гэмшиж байна. Архийг хэрэглэхгүй гэсэн зорилготой болсон” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нэгэнт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б нь хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшсэн, хэргээ сайн дураараа хүлээсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу прокурортой тохиролцож эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх санал тавьсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулж өгнө үү” гэв.

            Хохирогч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Н.Нын хамтаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой 22 цагийн үед тухайн хорооны хэсгийн ахлагч Э миний гар утас руу залгаад “UB-2” амралтын газрын урд талын зогсоол дээр байрлуулсан миний машинд согтуу залуу орж ирж суугаад буухгүй байна хүрээд ирээч гэсэн дуудлага өгсөн. Ингээд дуудлага, мэдээллийн дагуу тэр даруйдаа “UB-2” амралтын газрын урд талын зогсоол дээр очиход гуч орчим насны эрэгтэй хүн Этай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь нөгөө залуугаас юу болоод байна гэхэд тэр миний дух хэсэгт гараараа нэг удаа цохингуут нь Н.Н бид хоёр биеийн хүч хэрэглэж гарт нь бугуйн гав хэрэглэж машинд суулгаад Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Эрүүлжүүлэх байранд хүргэх үед мөн л янз бүрийн хараалын үг хэллэг хэлж байсан. Мөн эрүүлжүүлэх байранд ирсэн үедээ агсам согтуу тавьж байсан. ...Тэр залуу Н.Н бид хоёрыг очиход миний дух руу хальт цохисон. Үүнээс үүдэлтэйгээр миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа дэд ахлагч Ч.Гын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад орой 22 цагийн үед дэд ахлагч Ч.Гын гар утсанд “UB-2” амралтын газрын урд талын зогсоол дээр согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байгаа талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу “UB-2” амралтын газрын урд талд очиход гуч орчим насны эрэгтэй хүн тухайн хорооны хэсгийн ахлагч ажилтай Э гэх эмэгтэйтэй маргалдаж байсан ба тухайн эмэгтэй болохоор тэр залууд хандаж чи гутал хувцсаа өмсдөггүй юм уу хаашаа явах гээд байгаа юм гэж байсан. Тухайн архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуу цээж нуцгэн өрөөсөн гуталгүй явж байсан ба Ч.Г бид хоёр юу болоод байна амрыг эрье гээд нөгөө залуугийн дэргэд яваад очиход нөгөө залуу Ч.Гын толгой хэсэг рүү зүүн гараараа цохих үед нь бид нар хүч хэрэглэн газар хэвтүүлж байгаад гарт нь гав зүүсэн. Тэгээд тэр залууг босгоод ирэх үед миний зүүн хацарт мөргөсөн. Тэгээд бид хоёр нөгөө залууг машинд суулгаад Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Эрүүлжүүлэх байранд хүргэх үед нөгөө залуу янз бүрийн муухай үгээр доромжилж эр эмийн ажил, сексийн талаар ганцаараа орилж ярьж байхдаа гэнэт ганцаараа инээх гэх мэтийн үйлдэл гаргаж байсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

              Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг дэх| цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд жижүүрийн цагдаагаар эмч Нгийн хамтаар 24 цагийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 23 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ч.Г, цагдаагийн дэд ахлагч Н.Н нар Б.Б гэх залууг хүлээлгэн өгөхөөр хүргэж ирсэн. Тухайн залуу ирэхдээ ардаа хоёр гараа гавлуулсан, гуталгүй, зүүн хөмсөгний дээд хэсгээс нь цус гарсан байдалтайгаар ирсэн. Тэгээд коридорын хэсэгт гаргаад биед нь үзлэг хийх гэхэд тэр намайг мөргөхөөр дайрах үед холдож зайлахад газар унасан. Газар унасан даруйд Н.Н бид хоёр дээрээс нь дараад хэсэг хугацаанд тайвшируулсан. Тэгээд тайвшираад ирэхээр нь босгоод гаран дахь гавыг нь тайлаад эмч Н биед нь үзлэг хийж байх үед миний зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа хальт цохисон. Дахиад цохих гэхээр нь би өөрөө холдож зайлсан. Тэгээд гарт нь гав хэрэглээд камерт оруулж хонуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 24 цагийн хугацаатайгаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд эмчээр ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 23 цаг 50 минутын үед дэд ахлагч Ч.Г, Н.Н нар нь Налайх дүүргийн 6 дугаар хорооноос согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Б гэх эрэгтэй хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Тэр гаднаас орж ирэхдээ л алнаа гэж чанга дуугаар хэлсэн. Ардаа хоёр гараа гавлуулсан байдалтайгаар орж ирсэн. Ингээд тэр хүнийг хүлээж авах үед өрөөсөн хөлөндөө оймстой, хоёр гуталгүй, зүүн хөмсөгний эхлэл хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тухайн хүний биед цагдаа, дэд ахлагч Ч.М үзлэг хийж хувцсыг нь тайлах үед түүнийг эсэргүүцэж би энд ирэх ёсгүй, намайг “UВ-2”-ын урд талд хүн хүлээж байгаа ш дээ гэж янз бүрийн бүдүүлэг үг хэллэг хэлж байх үедээ *******ын цээж рүү нь мөргөх үед нь хойшоо зайлангуут өөрөө газар унасан. Тэгээд дэд ахлагч Н.Н, Ч.М нар дээрээс нь  дарахад ийш тийшээ тийрээд орилоод байсан. Тэгж байгаад тайвширахаар нь гавыг нь тайлаад биед нь үзлэг хийж байх үед *******ын толгой руу хоёр удаа гараараа цохисон. Ингээд тавьсан шаардлага эсэргүүцсээр байгаад камерт орсон. Камерт орсон хойноо ч гэсэн орилж хашгираад амарч байсан хүмүүсийг сэрээгээд байсан. ...Согтуурлыг нь шалгасан. Одоо санаж байгаагаар 1.20 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

            Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намайг Налайх дүүргийн 6 дугаар хороо 108-2 амралтын газрын урд талын зам дээр явж байхад гэнэт баруун талаас нэг эрэгтэй хүн гарч ирээд миний машины хаалгыг онгойлгоод машинд орж суугаад би Улаанбаатар хот руу явна намайг хүргээд өгөөдөх гэхээр нь би машинаа замаас чөлөөлж зогсоож машинаасаа буугаад нөгөө залууг машинаас буулгасан. Тэгээд тэр залууг хашаа руу тулгаж зогсоож байгаад тэрэлжийн цагдаа Ч.Год дуудлага өгсөн. Ч.Г удалгүй хүрч ирээд нөгөө залууг авч явах гэхэд шаардлагыг нь эсэргүүцээд явахгүй гэж байгаад явсан. Тэр залуу хоёр гуталгүй, өрөөсөн оймстой байсан ба нэлээн их хэмжээний согтолттой байсан. Тэр залуу миний биед халдаж бэртэл гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн залуу цагдаагийн шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэх үед нь цагдаа нар гавыг нь мушгиж ард нь гаргаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,                                   

 

            Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найз нөхөдтэйгөө амралтын газар байхад найзууд минь хүнд өвчтэй ээжийн минь эмчилгээний зардалд зориулж мөнгө хандивласан. Тэр зүйлд миний сэтгэл их хөдлөөд согтууруулах ундаа хэрэглэж байгаад гэнэт ухаанаа алдсан байсан. Тэгээд би эрүүл байхдаа гэртээ харина гэсэн бодолдоо хөтлөгдөөд ганцаараа гарч явсан юм шиг байна лээ. Тэгэж байхдаа цагдаа нартай тааралдаад авч явах гэхээр нь мэдээж явахгүй гэж эсэргүүцсэн байх. Түүнээс надад цагдаагийн дүрэмт хувцастай хүний өөдөөс эсэргүүцэх, ухамсар, санаа зорилго байхгүй. Мэдээж тухайн үед цагдаагийн алба хаагч нар над шиг согтуу хүнд зодуулаад байхгүйгээр хүч хэрэглээд аваад явсан байх. Тэр үед нь явахгүй гэдэг байдлаар эсэргүүцэл үзүүлсэн байх л гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуудас/,

           

            Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 132 дугаар хуудас/, Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-129 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цаг 50 минутад Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэрэлж сүйх” амралтын гадаа болон Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдаж хүч хэрэглэсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Архи уусан үедээ өөрийнхөө хянах чадваргүй болсондоо гэмшиж байна. Архийг хэрэглэхгүй гэсэн зорилготой болсон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ч.Гын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...нөгөө залуугаас юу болоод байна гэхэд тэр миний дух хэсэгт гараараа нэг удаа цохингуут нь Н.Н бид хоёр биеийн хүч хэрэглэж гарт нь бугуйн гав хэрэглэж машинд суулгаад Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Эрүүлжүүлэх байранд хүргэх үед мөн л янз бүрийн хараалын үг хэллэг хэлж байсан. Мөн эрүүлжүүлэх байранд ирсэн үедээ агсам согтуу тавьж байсан... ” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Н.Нын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...нөгөө залуу Ч.Гын толгой хэсэг рүү зүүн гараараа цохих үед нь бид нар хүч хэрэглэн газар хэвтүүлж байгаад гарт нь гав зүүсэн. Тэгээд тэр залууг босгоод ирэх үед миний зүүн хацарт мөргөсөн” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ч.Мын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...эмч Н биед нь үзлэг  хийж байх үед миний зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа хальт цохисон. Дахиад цохих гэхээр нь би өөрөө холдож зайлсан” гэх мэдүүлэг,

           

            Гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “биед нь үзлэг хийж байх үед *******ын толгой руу хоёр удаа гараараа цохисон. Ингээд тавьсан шаардлага эсэргүүцсээр байгаад камерт орсон. Камерт орсон хойноо ч гэсэн орилж хашгираад амарч байсан хүмүүсийг сэрээгээд байсан. ...Согтуурлыг нь шалгасан. Одоо санаж байгаагаар 1.20 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн залуу цагдаагийн шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэх үед нь цагдаа нар гавыг нь мушгиж ард нь гаргаад аваад явсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ. Тухайн хэрэг болсон өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Н.Н, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Г, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаа С.Ч.М нар албан үүргээ биелүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү албан үүргээ биелүүлэх үедээ жолооч, цагдаагийн дэд ахлагч Н.Н, хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Г нар нь “Тэрэлж сүйх” амралтын газрын гадаа, мөн эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаа С.Ч.М нь Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд шүүгдэгч Б.Бд хууль ёсны шаардлагыг тавьсан боловч цагдаагийн албан хаагч нарын хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн нөхцөл байдалтай зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ч.Г, Н.Н, Ч.М нар нь хохирогчоор мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Бийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас ямар үйлдэл гаргаснаа санадаггүй, эмгэг согтолттой гэж тайлбарлаж байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

                                                                                                           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч нар гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овгийн Б.Бийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туха й хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ