Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1103

 

 

 

 

 

 

 

 

2020          10             16                                           2020/ШЦТ/1103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч О.П,

Хохирогч М.Г,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мөнхжаргалын Г д холбогдох 2008000001352 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номуун виллаж 100/7-80 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Мөнхжаргалын Г  /РД: ЗЮ75061101/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-34 тоотод төрсөн дүү М.Г-т ыг зээлсэн мөнгөө нэхлээ гэх шалтгаанаар үсдэж, толгой руу нь гараараа 3-4 удаа цохиж зодож биед “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

           

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-34 тоотод М.Г-т той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :         

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /х-3/,

- хохирогч М.Г-т ...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-34 тоотод Эрдэнээ дүүгийнд очиход төрсөн эгч Г  ногоо дараад байж байсан…Би гэрээс гарахдаа эгч Г д тань руу мессеж бичээд, залгаад байхад та хариу өгчихгүй юм даа гэж хэлсэн чинь манай эгч надад хуц май би чамд нэг ч төгрөг өгөхгүй чамд 15.000.000 төгрөгийн хүү өгсөн одоо болоо гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би 21.000.000 төгрөг аваад үрхэд амархан байгаа биз дээ харин буцааж төлөхөд хэцүү байгаа биз дээ гэж хэлсэн чинь Г  эгч миний толгой руу цохиод байсан. Тэгээд манай дүү Эрдэнэ бид хоёрыг салгасан юм…Би Г  эгчээс мөнгө авах ёстой...тэгээд бид 2 хэрэлдэж маргалдсан...гэх мэдүүлэг /хх-12-15/,

- гэрч М.Э “...2020 оны 09 дүгээр сарын 14-нд эгч Г  бид хоёр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-34 тоотод  ногоо цэвэрлээд дараад байж байхад эгч Г-т  ирээд, том эгчтэй мөнгөний асуудлаар хэрүүл хийгээд том эгч Г  гэрт хэрүүл хийгээд яах уу гаръя гээд гарах гэсэн чинь Г-т  эгч Г  эгчийн нуруу хэсэг рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд том эгч Г  зөрүүлээд гараараа толгой хэсэг рүү цохиод авсан, би болиулсан...гэх мэдүүлэг /хх-16-18/,

- шинжээчийн дүгнэлт : М.Г-т ын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-20-21/,

- шүүгдэгч М.Г гийн...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний  өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-34 тоотод дүү Эрдэнэ гэрт очиж, ногоо дараад байж байсан чинь манай төрсөн дүү Г-т  11 цагийн үед Эрдэнийн гэрт нь ирсэн...Г-т  намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би “чи одоо гараа, нялх нойтон хүүхэдтэй газар хэрүүл хийгээд яах юм бэ” хоёулаа гэрээс нь гаръя гэсэн чинь гарахгүй гэрт нь суугаад байсан. Тэгэхээр нь би л гарахгүй бол энэ гарахгүй юм гэж ойлгоод би дүүгийнхээ гэрээс гарах гээд хаалга руу явж байсан чинь миний араас Г-т  нуруун тус газар гараараа цохиод  авахлаар нь миний уур хүрээд эргэж хараад толгой хүзүү хэсэг рүү гараараа цохиж аваад гарч явсан...Дээрх гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-45-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрчээ.

Хохирогчоос шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд тус хохирогчид  түүний аав ээж, ахан дүүс зүй бусаар нөлөөлж, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эсрэг мэдүүлэхийг ятгасан, дарамт бүхий байдал үүсгэсэн гэх тул энэ байдлыг шүүгдэгчээр дамжуулан тэдэнд  анхааруулах, хэрэв тус нөхцөл байдал давтагдвал хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдэх, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй, харин хохирогч нь худал мэдүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээх болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.         

М.Г-т , М.Г нар төрсөн эгч дүүс боловч тусдаа амьдардаг, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзээгүй нь зөв болно.         

Иймд шүүгдэгч М.Г г хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Тус хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт цуглараагүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо мөрдөн байцаалт /х-12-15/, шүүх хуралдаанд мэдүүлж, бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь 440.000 төгрөг хохирогчид төлсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байна.        

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч шүүгдэгч рүү халдсан зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн байх буюу тус гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас үүссэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт /хх- 24, 27-29, 31-40/ авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.               

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :       

 

1. Шүүгдэгч М.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Г г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Г д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.               

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР