| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1736/Э |
| Дугаар | 1792 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1792
2020 10 13 2020/ШЦТ/1792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Улсын яллагч Б.Тулга,
Хохирогч С.Нэргүй түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,
Шүүгдэгч Э.Б
Шүүгдэгч Д.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батмөнх нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Майнжуур овогт Д.Ц, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02617 2346 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Нэргүйгийн цээж, баруун хавирган тус газарт гараараа цохиж зодсоны улмаас сээрний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3 дугаар нугалын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн 12 дугаар хавирганы хугарал, зүүн бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Нэргүйгийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний ёзоорын хугарал, дээд, доод уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл үүсгэж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Нэргүй мэдүүлэхдээ: “Тэр өдөр би гэр лүү орох гэж явж байгаад байсан. Эрдэнэ толгойд байдаг Ганбаяр гээд залуу болон бусад 5 залуу тоглоомын саад дээр байж байсан. Миний утсыг аваад явсан болохоор би утсаа авах зорилгоор очиж уулзахад 0.5 литрийн хараа гэх нэртэй архи ууж байсан. Утсаа авахад хэн авсан мэдэхгүй гээд архинаасаа надаа өгөхөөр нь уусан. Би шинэ байранд орсон байсан. Хүн амьтан хараад эвгүй юм байна энд байж байхаар гэр лүү авъя гээд орсон. Бид нар гэрт ороод зүгээр юм яриад байж байтал Цэнд согтолт нь их байсан уу агсан тавьж эхэлсэн. Тэр үед хамт байсан найзууд нь ямар хэцүү юм бэ наадхаа гарга гэж хэлсэн. Тэнд байсан Цэндийн 3 найз гараас өргөөд гаргасан. Төд удалгүй хаалга маш хүчтэй нүдсэн. Бид Цэнд ирсэн гэдгийг мэдсэн. Шинэ байранд орсон хүн амьтан юу гэж бодох юм бэ гээд хаалгаа онгойлгоод оруулсан. Удалгүй байж байгаад ахиад агсан тавьж эхлээд шууд зохиод авсан. Би юунаас болж цохисон гэдгийг нь би ойлгохгүй байна. Магадгүй намайг гэрээсээ хөөсөн гэж бодсон байх. Миний зүгээс юм хэлээгүй найзууд нь гарга гэсэн. Би орж ирэхэд нь нэг зүйл хэлсэн. Айл гэр орондоо оруулж ирээд байж байхад хүндлээч яасан тавтиргүй юм бэ гэж хэлсэн. Би бусад 5 найзыг нь танихгүй. Тэд нар байж байгаад шүдийг нь цохичихлоо гээд ойлгоод гэрээс гараад явцгаасан. Би энэ хүмүүсийг танихгүй хаана байдгийг нь мэдэхгүй учраас нэгийг нь барьж авъя гэж бодоод Батцагааныг нь барьж авсан. Тэгтэл цахилгаан шатаар 16 давхарт аваачаад зодсон. Би тэнд 15 минут ухаан алдсан байсан. Хяналтын камерын бичлэг хийдэг хүнээс камерын бичлэгийг манай эгч авсан. Тэд хамт байсан Зулаа гэх охины ээж нь очиж харсан. Би өөрөө дууны уран бүтээл хийгээд сүүлийн 3 жил явж байна. 06 сард багтаад нэг дууны зураг авалттай байсан. Би дуу ая, зохиодог, зураг авалттай байсан. Эдгээр зүйлс бүгд хойшлогдсон учраас сэтгэл санааны хохиролтой байна. Би хурдан шүдтэй болмоор байна. Хүмүүс тагнайтай шүд хямдхан гэх байх гэхдээ дуулж байхад нэг шүд хүртэл чухал буруу дугардаг. Миний өөрийн шүд хугарсан байсан учраас би хамгийн сайн эмчилгээг судалсан. Би 3.000.000 төгрөг өгөөд мэс засалд орсон. Би эдгээр хүмүүсийн зардлыг нь бодоод Солонгос эмчилгээг нь сонгосон. Би бодит гарсан хохирлоо авмаар байна. Шүд 9.000.000 төгрөг болсон” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Нэргүйгийн мэдүүлэг /хх-30/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №6435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38-40/, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /хх-41-42/, яллагдагч Э.Бы мэдүүлэг /хх-57-60/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Нэргүйгийн цээж, баруун хавирган тус газарт гараараа цохиж зодсоны улмаас сээрний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3 дугаар нугалын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн 12 дугаар хавирганы хугарал, зүүн бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Нэргүйгийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний ёзоорын хугарал, дээд, доод уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл үүсгэж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нэргүйгийн “...Цэнд нь миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж, хиймэл 1 шүд, үүдэн 3 шүд мөн нэг шүдний мань тал нь эмтэрч унасан. Харин дараа нь Батцагаан намайг 16 давхар гаргаж зодож миний биеийн сээр нурууны сээр хугарсан, мөн 2 хавирга хугарсан. Нүд хөхөрч уруул хавдсан, гар нуруу, хөл эмчилгээ болон имплант суулгахад 11.630.000 төгрөгөөр эмчлүүлэх юм байна лээ. Харин нуруу болон хавирганы эмчилгээний хэдэн төгрөг болохыг би сайн мэдэхгүй байна...” /хх-30/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн: 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №6435 дугаартай бүсэлхийн 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн 12 дугаар хавирганы хугарал, баруун дээд үүдэн 1,2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний ёзоорийн хугарал, дэээд, доод уруулын салстад шарх цус хуралт, зүүн бугалга, бүсэрхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлтийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гурван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алданганд тогтонгид 10 хувь нөлөөлнө...” /хх-38-40/ гэх шинжээчийн дүгнэлт,
Шинжээч эмч О.Болороогийн “...Баруун дээд үүдэн 1,2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 1,2 дугаар шүдний ёзоор ын хугарал, дээд, доод уруулын дотор салст шарх гэсэн гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10 хувь нөлөөлнө. Сээрний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-41-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Б “..Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн №6435 дугаартай дүгнэлтэд бичигдсэн С.Нэргүйгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн..” /хх-49-52/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Цийн “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн №6435 дугаартай дүгнэлтэд бичигдсэн С.Нэргүйгийн биед учирсан баруун дээд үүдэн 1,2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний ёзоорийн хугарл, дээд, доод уруулын салстад шарх, цус хуралт гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Баримтаар гарсан эмчилгээний зардлыг өгнө..” /хх-57-60/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Нэргүйгийн цээж, баруун хавирган тус газарт гараараа цохиж зодсоны улмаас сээрний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3 дугаар нугалын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн 12 дугаар хавирганы хугарал, зүүн бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Нэргүйгийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун дээд үүдэн 1,2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний ёзоорын хугарал, дээд, доод уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6, 11.4 дүгээр зүйлүүдэд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч С.Нэргүй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримт гарган өгснөөс нотлох баримтын шаардлага хангасан, бодит гарсан байгаа зардал нь 4.074.830 төгрөгийн баримт байх бөгөөд үүний дийлэнх нь шүд, эрүү нүүрний хэсэгт учирсан гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээхэд зарцуулагдсан мөнгөний баримт байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн гэмтэл учруулсан хэсэгтээ учруулсан гэм хороо тус тус хариуцах талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Өөрөөр хэлвэл шүүгдэгч Д.Ц хохирогчийн нүүр толгойн тус газар гар, хөлөөрөө зодож цохисон тул шүд эрүү нүүрэнд учирсан гэмтлийн хохирлыг, шүүгдэгч Э.Б нь хохирогчийн сээр нуруу, хавирга, бугалга тус газар гар, хөлөөрөө зодож цохисон тул тус хэсэгт учирсан гэмтлийн хохирлыг хариуцан барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч, хохирогч нар энэ талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч нарын шүүх хуралаас өмнө хохирогчид төлсөн 700000 төгрөгийг хасаад үлдэх 3374830 төгрөгийг гэмтэл учруулсан байдлаар нь хувааж шүүгдэгч Д.Цээс 3.000.000 төгрөг, шүүгдэгч Э.Баас 374.830 төгрөгийг тус тус гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Э.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц нь нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б, Д.Ц нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
-Шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000, 200.000, 300,000 төгрөгөөр хэсэгчлэн, шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Д.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц -ээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Э.Б -аас 374.830 /гурван зуун далан дөрвөн мянга найман зуун гучин/ төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор гаргуулж хохирогч С.Нэргүй /РД:ЦГ75120972/-д олгуулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Б, Д.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хохирогч С.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б, Д.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА