Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1786

 

 

 

 

 

 

 

 

   2020        10           12                                  2020/ШЦТ/1786

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Өд холбогдох эрүүгийн 2006 00000 2502 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Рояал хаус” нэртэй зочид буудлын хамгаалагчаар ажиллаад, ажил хүлээлцэх явцдаа ээлжийн хамгаалагч болох О.Намсрайтай “гаднах талбайн цэвэрлэгээ хийхгүй, амжихгүй”  гэх асуудлаас болж маргалдаж улмаар түүний хамран тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны урд хана, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-2/, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Намсрайгийн мэдүүлэг /хх-н 8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №10772 дугаартай дүгнэлт /хх-н 15-16/, яллагдагч Э.Өын мэдүүлэг /хх-н 31/, яллагдагч Э.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, Э.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, хохирогч, яллагдагч нараас гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-н 40-41/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Рояал хаус” нэртэй зочид буудлын хамгаалагчаар ажиллаад, ажил хүлээлцэх явцдаа ээлжийн хамгаалагч болох О.Намсрайтай “гаднах талбайн цэвэрлэгээ хийхгүй, амжихгүй”  гэх асуудлаас болж маргалдаж улмаар түүний хамран тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны урд хана, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-2/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Намсрайгийн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал хаус” нэртэй газарт 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хаалгачаар ажиллаж байгаа юм. Өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд ээлж хүлээж авах гээд ажил дээрээ ирэхэд өчигдөр шинээр хаалгачаар ажилд орсон гэх Э.Ө нь надад ээлж хүлээлгэж өгөх гээд байж байсан. Би түүнд за ээлж хүлээлцэж байгаа тохиолдолд гадаа талбайгаа цэвэрлээд хүлээлгэж өгдөг юм. Гадаа зогсоолын талбай хогтой байна , цэвэрлэчих гэхэд тэрээр “за чи юун сүртэй юм бэ? өөрөө цэвэрлээд  авчхаач гээд байхаар нь би үгүй тийм юм байхгүй гээд маргалдаад байж байхад тэр шууд миний хамар луу толгойгоороо нэг удаа хүчтэй мөргөсөн.Хамар хугалаад муруй болгосон...” /хх-н 8-9/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн: О.Намсрайн биед зүүн хоншоор ясны урд хана, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх №10772 дугаартай /хх-н 15-16/ гэх дүгнэлт,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Өын: “Би О.Намсрайгийн нүүрэн тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөсөн. Дээрх гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” /хх-н 31/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Рояал хаус” нэртэй зочид буудлын хамгаалагчаар ажиллаад, ажил хүлээлцэх явцдаа ээлжийн хамгаалагч болох О.Намсрайтай “гаднах талбайн цэвэрлэгээ хийхгүй, амжихгүй”  гэх асуудлаас болж маргалдаж улмаар түүний хамран тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны урд хана, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ө нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА