| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1696/Э |
| Дугаар | 1780 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1780
2020 10 12 2020/ШЦТ/1780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лд холбогдох эрүүгийн 2006 00000 2434 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57а байрны 1-1402 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нармандахыг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дал, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: “Тэр 7 хоногт эхнэр 5 хоног гэртээ ирээгүй. Аавындаа хоносон гэдэг боловч нэг ч удаа утсаар яриагүй. Би яасан яагаад ярихгүй байсан бэ гэж асуухад хараалын үг хэлж уурлаад байдаг байсан. Тэрнээс болж маргаан үүсэж ийм байдал хүрлээ” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/, аюулын зэргийн үнэлгээ /хх-30/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Наранмандахын мэдүүлэг /хх-10/, насанд хүрээгүй гэрч Л.Батзоригийн мэдүүлэг /хх-33/, Батлан хамгаалах эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №54 дугаартай дүгнэлт /хх-12-13/, Л.Лгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57а байрны 1-1402 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нармандахыг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дал, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нармандахын “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис хотхоны 57а-1-1406 тоотод ам бүл дөрвүүлээ буюу нөхөр Л.Л, хүү Л.Батзориг, охин Л.Цолмон халуураад байсан тул би хоёр хүүхэдтэйгээ хамт аав Борхүүгийн гэрт хоночхоод маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 15 цагийн орчимд хоёр хүүхдээ дагуулан гэртээ ирэхэд манай нөхөр Л.Л нь над руу уурлаад “чи хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж хэлээд миний нуруу, гуя, руу 2 удаа, хөл рүү 1 удаа өшиглөсөн. Мөн зүүн гарын далны хэсэгт хөлөөрөө нэг удаа маш их хүчтэй өшиглөсөн бөгөөд Л.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Л.Л бид хоёр 2018 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Л.Л нь 2014, 2017, 2019 онуудад намайг цохиж зодож байсан ба зодохдоо байнга толгой руу цохдог байсан. Үүний улмаас миний толгой байнга өвдөж би зарим зүйлийг мартаж санадаг болсон. Миний хувьд Л.Лд зодуулаад цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Учир нь Л.Л нь намайг зодчихоод миний гар утсыг булаан авах, гар утас эвдэх, мөн цагдаа торгох юм бол чи мөнгийг нь өгөөрэй гэж дарамталдаг байсан тул хандаж байгаагүй. Миний хувьд хоёр хүүхдээ бодоод эцэгтэй нь хамт байлгах гэж урьд зодуулсан ч тэврээд одоог хүрсэн. Л.Л нь намайг зодохоос гадна хоёр хүүхдүүд миний гэртээ байхаас дургүйцэж өвөө, эмээгийнхээ гэрт байна гэж хэлдэг болсон...” гэх мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Батзоригийн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ээж Б.Нармандах, дүү Л.Цолмон нарын хамт өвөө Борхүүгийн гэрт хоночхоод маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээж, дүү хоёрын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис хотхоны 57а-1а-1406 тоотод оршин суух гэртээ орж ирээд хувцсаа тайлаад зурагтаа асааж байтал аав Л.Л нь ээж Б.Нармандах руу уурлаад “чи хаагуур яваад ирж яваад ирж байгаа юм бэ гэж асуухад ээж дуугараагүй тул би ээжийн өмнөөс өвөөгийн гэрт хоночхоод ирлээ гэж хариулсан. Ээжийг юм дуугарахгүй байтал аав түүний хөл рүү нь өшиглөөд зурагт унтраагаад ягаан өнгийн сандал авч ээжийн өмнө суучхаад хаагуур яваад ирсэн юм бэ гэж хэлээд чанга хашхираад байсан. Тэгтэл ээж дуугарахгүй байтал сандлаар гар руу нь цохиж, нуруу, хөл гээд биеийн бүх хэсэг рүү нь өшиглөж зодсон. Аав ээжийг зодож байгааг дүү бид хоёр хараад айгаад уйлсан ба би ааваас “зодохоо болиоч” гэж хэлэхэд “чи дуугүй бай” гэж хэлээд намайг загнаад дүү бид хоёрыг гал тогооны өрөөний сандал дээр суу гэж зандарсан. Би аавд хандаж “та ээжийг зодохоо болиоч” гэж хэлэхэд “чи миний өмнөөс дуугарах болоогүй шүү” гэж хэлээд намайг алгадаад өшиглөсөн. Аав архи уугаагүй эрүүл байсан. Намайг 6-7 настай байхад аав зуслангийн байшинд ээжийг хоёр удаа зодож байсан. Мөн энэ жил буюу цагаан сарын өмнө нэг удаа зодож байсан. Аав намайг 2-3 удаа зодож байсан. Аав намайг 2-3 удаа зодож байсан ба ээжийг зодох үед нь би өмөөрөхөөр намайг зоддог...” гэх мэдүүлэг /хх-33/,
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн: Б.Нармандахын биед тархи доргилт, баруун дал, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Нармандахын биед учирсан гэмтэл нь 24-48 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх №54 дугаартай /хх-12-13/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Л.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57а байрны 1-1402 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нармандахыг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дал, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт баримт өгөөгүй тул шүүгдэгч Л.Л нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба хохирогч жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Лд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Лд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Лд нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Лд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА