Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1788

 

 

 

 

 

 

 

   2020        10           13                                  2020/ШЦТ/1788

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 1906 04585 1925 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газрын урд талд хохирогч Э.Алтанхуягийн өмчлөлийн шаргал өнгийн резинэн гэр /кейс/-тэй Самсунг галакси Эс-7 Эдж загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 94.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...“Би энэ хэргийг хэзээ, яаж хийсэн гэдгээ мэдэхгүй байна. Ганбаяр гэдэг Эрүүгийн төлөөлөгчид би 08 дугаар сарын эхээр 04 цагийн үед “Шөлөндөө” хоолны газрын үүдэн дээрээс утас шүүрсэн гэж мэдүүлсэн гэдэг. Би энэ талаар санахгүй байна. 2020 оны 07 дугаар сард наадмын дараа  Мөнх-Эрдэнэ гэх байцаагч “Чи ийм хэрэг хийсэн мэдүүлэг авна” гэхээр нь би санахгүй байна гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ байцаагч “Ганбаяр дээр ийм мэдүүлэг ирсэн байна гэхэд нь би наад мэдүүлгийг чинь мэдэхгүй” гээд явуулсан. Миний урьд Ганбаяр дээр өгсөн мэдүүлгийг хуулаад бичсэн байсан. Түүн дээр  гарын үсэг зуруулсан...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Алтанхуягийн мэдүүлэг /хх-27,55/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-30/, яллагдагч А.Бгийн мэдүүлэг /хх-36/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн БЗД2-20-1223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-64, 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоол /хх-45-48/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газрын урд талд хохирогч Э.Алтанхуягийн өмчлөлийн шаргал өнгийн резинэн гэр /кейс/-тэй Самсунг галакси Эс-7 Эдж загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 94.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Алтанхуягийн “ ...2019 оны 08 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 1-р хороо “Шөлөндөө” гэх түргэн хоолны газарт ганцаараа хоол идчихээд гараад иртэл 20 орчим насны залуу миний өмдний баруун халаасанд байсан Эс-7 Эдж маркийн гар утсыг булаагаад зугтаасан...” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн хохирогч Э.Алтанхуягийн “...Би утасныхаа кейсийг хаанаас авснаа санахгүй байна. Утсаа алдахаас 1 сарын өмнө буюу 2019 оны 07 дугаар сард 5000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /хх-55/ гэх мэдүүлэг,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-30/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Бгийн “...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр гэж санаж байна. 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын урд нэг залуу зогсож байсан. Тэр залуу гартаа гар утсаа барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би гар утсыг нь булаагаад Шөлөндөөгийн баруун талаар тойроод хойшоогоо зугтаасан. Би тэр хүнээс авсан гар утсаа 50.000 төгрөгөөр зарсан. Тухайн утасны дэлгэц нь хагархай байсан. Би тухайн утсыг зарсан мөнгөөрөө архи авч уусан. Би тухайн хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-36/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газрын урд талд хохирогч Э.Алтанхуягийн өмчлөлийн шаргал өнгийн резинэн гэр /кейс/-тэй Самсунг галакси Эс-7 Эдж загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 94.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч                 А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх 94.000 төгрөгийн төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж бага байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж, урьд ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 8 /найман/ сар хорих ял оногдуулсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр заалтыг журамлан шүүгдэгч А.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар хорих ял дээр, өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Бгийн биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 2 жил 3 сар 8 хоногоор тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар 8 /найман/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-ээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 94.000 /ерэн дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Э.Алтанхуягт олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Бгийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА