Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1782

 

 

 

 

 

 

 

 

   2020        10           12                                   2020/ШЦТ/1782

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Я.Сансар,

Иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч О.Б,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, С.Г нарт холбогдох эрүүгийн 2006 00416 2376 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Б, С.Г нар нь хамтран, үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ 125 дугаар салбар дэлгүүрийн эд хөрөнгөөс нийт 9.713.740.02 төгрөгийг завшиж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн “Миний Сүлжээ” дэлгүүрт ажилд орсон. Ажиллаж байх явцдаа 9.713.740 төгрөгийн хохирол төлбөрийг тухайн байгууллагад учруулсан. Касс дээрээс мөнгө дутаагаад банкны цаасаар тухайн мөнгийг хийсэн мэт харагдуулдаг байсан. Шинжээчийн дүнгээр тодорхойлсон үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогоор хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Ер нь хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “...Би анх хүүхдээ 8 сартай байхад нь танил талаараа яриулаад цэцгийн дэлгүүр буюу “Миний дэлгүүрт” ажилд орсон юм. Би ороод нээх удаагүй буюу 12 дугаар сард энэ цэцгийн дэлгүүрт ажиллаж эхэлсэн юм. Би дэлгүүрийн хүмүүстэй нээх их харьцдаггүй байсан. Манай дэлгүүрийн дотоод журамд хүртэл ажлын цагаар хоорондоо харилцаад байхаар тусгаагүй юм. Би Б гэдэг хүнийг сайн танихгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд цагдаа дээр таньдаг болсон. Би ажилладаг дэлгүүр дээрээ бол тухайн хүмүүстэй харьцдаггүй байсан бөгөөд өглөөд ажилдаа ирээд ажлаа хийж байгаа эмийн сан орвол орчхоод ажлаа тараад гэртээ харьдаг байсан. Сар хүрэхгүй ажиллаад ирэхээр зүс зүсээ таньдаг болж, мэндийн зөрүүтэй явдаг болсон. Оройд надад хандан кассын хүн чи мөнгө задлуулах юм уу гэхэд би маргааш нь задгай мөнгө их хэрэг болдог байсан учраас задлуулъя гээд задлуулдаг байсан. Би өдрийн орлогоо оройд өөрийн дансаар дамжуулан захирлын данс руу хийдэг байсан. Өглөө ажил эхлэх үед надад задгай мөнгө хэрэгтэй байдаг байсан болохоор би оройд 10.000 төгрөгийг задлуулдаг байсан. Тэгээд надад эхний удаад мөнгө задлуулсны мөнгөн дунд 20.000 төгрөг дэвсгэрт 10-г хийж явуулсан байсан болохоор нь би нээх их юм бодолгүй авчихсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа надад хандан өөрийнхөө виза картаар данс руу мөнгө шилжүүлээд өгөөч гээд 2 хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Дараа нь над руу хамгаалагч явуулаад таныг мөнгө задлуулах юм уу гээд явуулсан байсан. Тэгээд мөнгө задлуулахад дахин задлуулсан мөнгөн дунд нэмж мөнгө хийсэн байсан. Мөн дүүгээр мөнгө задлуулах гээд явуулахад мөнгө өгсөн байхаар нь би сэжиг авч эхэлсэн юм. Би яаж мөнгө авдаг байсныг нь сүүлд анзаарахад надад задлуулдаг байсан мөнгөнийхөө доор бүхэл мөнгө хийдэг байсныг мэдсэн. Би энэ талаар мэдээд холбогдох хүмүүст нь мэдэгдье гэхэд дахин тийм асуудал гаргаагүй болохоор больсон...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: “...Тус компанийн салбар дэлгүүр болох “Миний Дэлгүүр” 125 дугаар салбар дээр касс ажилтай Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд кассын бэлэн мөнгөнөөс нийт 9.713.740 төгрөг хувьдаа завшсан үйлдэл гаргасныг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэн. Манай байгууллага дотооддоо мөрдлөг хийхэд тус дэлгүүрийн хамгаалалтын алба тухайн цаг үеийн камерын бичлэг шүүхэд касс Б нь тус дэлгүүрт талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг худалдагч Гд бүхэл мөнгө задалж өгч байхдаа дунд нь 20.000 төгрөгийн дэвсгэрт давхар өгч байхыг илрүүлсэн. Касс Б нь дээрх үйлдлийг өөрийн касс бичих эрхээс гадна тус салбар дэлгүүр зохион байгуулагч байсан Баасансүрэн, Уранчимэг нарын эрхээр тус тус бичилт хийсэн байдаг. Уг үйлдэл нь бэлэн бус байдлаар банкны картаар баримтыг дахин хэвлэж давхардуулах байдлаар кассын шахаа тооцоог хийлгүүлж бэлэн мөнгө завшдаг байсныг Б өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн дэлгүүрийн гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд цэцгийн дэлгүүрийн худалдагч ирж мэдүүлэг өгөхдөө Б мөнгө задлуулна гэж ирээд надад 500 төгрөг дунд багц 20.000 төгрөг хавчуулж өгдөг байсан гэж мэдүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хохирол нэхэмжилж байна...” гэв

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1хх-25-27/, гэрч Ж.Алтанчимэгийн мэдүүлэг /1хх-39/, гэрч Б.Насанжаргалын мэдүүлэг /1хх-41/, гэрч Б.Баасансүрэнгийн мэдүүлэг /1хх-42/, гэрч Б.Мянганжадамбын мэдүүлэг /1хх-43/, “Релаэнс Секюртиз Аудит” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 020/107 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /1хх-63-67/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-53-55/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.Б, С.Г нар нь хамтран, үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ 125 дугаар салбар дэлгүүрийн эд хөрөнгөөс нийт 9.713.740.02 төгрөгийг завшиж хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Алтанчимэгийн: ”...1.Би “Миний сүлжээ” дэлгүүрт нягтлан бодогч ажилтай бөгөөд би 2000 онд анх ажилд орж байсан бөгөөд нягтлан бодогчоор 5-6 жил ажиллаж байна. Б гэх эмэгтэй өмнө нь манай байгууллагад кассаар ажиллаж байгаад түр гарч буцаад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллах болсон. Өдөр бүр кассын шахаа /кассын орлогыг баримт болон программтай тулгадаг гэх/ хийдэг бөгөөд кассын шахааг 2 зохион байгуулагч маань өдөр өдрөөр ээлжилж хийдэг байсан. 2019 оны 12 дугаар сарын 20-ноос хойш тооцоо хийж эхэлсэн бөгөөд бүх банкнаас орж ирсэн хуулгыг программтай тулгалт хийхэд орлогын зөрүүнүүд гарч ирсэн бөгөөд өмнө нь ийм зөрүү гарч ирж байгаагүй учир их гайхсан.Тэгээд 12 дугаар сарын сүүлчээр намайг хянадаг нягтлан байдаг бөгөөд би тэр нягтланд банкны хуулга зөрүүтэй гарч ирээд байх шиг байна, зөрүү гараад байна гэж хэлсэн.Тэгээд 12 дугаар сарын сүүлээр дахин нэг бүрчлэн үзэхэд яалтчгүй 9.713.740 төгрөгийн дутагдал гарч ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамгийн их дутагдал гарсан байсан бөгөөд тэр өдрийн гүйлгээнүүдийг нэг бүрчлэн тулгаж үзэхэд Бийн ажиллах үеийн /Уранчимэг кассын эрхээр орсон гэх/ дутагдал байсан.Тэгэхээр нь би салбар хариуцсан Пуужин-Од даргад энэ талаар хэлэхэд Пуужин-Од дарга Бэгийг дуудаж уулзаад чиний ажиллах үеийн дутагдлууд байна, чи бэлэн бус орлогыг бэлэн дээр хадгалж зөрүү үүсгэсэн байна, яагаад ийм юм хийж байгаа юм бэ гэж тулгаж асуухад Рысбек ах надаар мөнгө авхуулдаг байсан.Рысбек ах анх надад зааж өгөөд казак хүүхдүүд явуулж мөнгө авхуулдаг байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Рысбекийг гэрээс нь дуудуулж авчруулаад уулзуулахад Рысбек ийн өөдөөс чи юу яриад байгаа юм  бэ, хүн гүтгэх хуультай байдаг шүү, чи үүнийхээ хариуцлагыг өөрөө хүлээгээрэй, би шалгуулах газраар нь шалгуулна, намайг гүтгэж байна гэж өөртөө их итгэлтэйгээр хэлж байсан.Тэгээд манай байгууллагаас хуулийн ажилтанд мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн.Зохион байгуулагч нар маань өдөр бүр кассын тулгалт хийдэг, тэгэхэд мөнгөн дүн дээр гаргахгүйгээр авсан мөнгөтэйгөө ижил баримтыг /банкны бэлэн бусын баримт гэх/ Б кассын шахаан дээр наадаг байсан юм байна лээ. Яг тулгалт хийхээр мөнгөн дүн нь зөрөхгүй, дутагдал нь мэдэгдэхгүй яваад байсан. Миний хувьд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 11 сарынхаа цалин, шахаа тооцоог бодож байсан. 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооллого тооцоо дуусгах гэж явсаар байгаад бага зэрэг хугацаа алдсан нь үнэн. Бараа материалыг сард 1 удаа тоолдог, өдөр бүр кассын шахаа хийгээд тэрэн дээр айхтар зөрүү мэдэгдэхгүй байсаар ийм байдалд хүрсэн. Бийн хувьд гол нь бэлэн бусын баримтыг давхар хэвлэж наагаад бэлэн мөнгийг авдаг байсан болох нь тогтоогдсон. 11 дүгээр сард манай байгууллагад хэсэгчлэн засвар хийсэн бөгөөд камераа шинэчлэхээр болоод камергүй байсан үеийг далимдуулсан байсан. Манайх 10-12 кассын орон тоотой, гэхдээ одоогоор бол 5-6 касс ээлжилж ажиллаж байгаа. Гэхдээ Бээс өөр кассын ажилтанд ямар нэгэн дутагдал гараагүй, ганцхан Бт л ийм асуудал гарсан. Рысбек манай байгууллагад нэлээд олон жил ажиллаж байгаа, өмнө нь иймэрхүү асуудал гаргаж байгаагүй, хувь хүнийх нь хувьд бол би Рысбекийг ийм зүйл хийгээгүй байх гэж бодож байна...”  /1хх-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Насанжаргалын “...Би Миний сүлжээ дэлгүүрт зохион байгуулагч ажилтай бөгөөд энэ байгууллагад ажилд ороод 6 жил болж байна.Миний ажил үүргийн хувьд гэвэл дэлгүүрийн дотоод үйл ажиллагаа болон ажилчдыг хариуцах үүрэгтэй, мөн оройдоо кассын шахаа /кассын тулгалт хийдэг гэх/ хийж дэлгүүрээ хаалгадаг. Б гэх эмэгтэй 2019 оны 12 сарын               01-ний өдөр кассаар ажилд орсон бөгөөд би оройдоо кассын шахаа хийхэд программ дээрх бэлэн бус болон бэлэн мөнгө нь банкны хуулгатай таардаг байсан. Өөрөөр хэлбэл би программыг Пос машины баримттай тулгахад таардаг байсан. Тэгтэл 12 дугаар сарын сүүлээр Бийг мөнгө төгрөгийн дутагдал гаргасан гэж мэдсэн бөгөөд Б нь банкны бэлэн бусын баримтыг илүү хэвлэж мөнгөн дүнтэйгээ тааруулчихдаг байсан нь тогтоогдсон. Тэгээд би эсвэл зохион байгуулагч маань оройдоо кассын тулгалт хийхэд мөнгөн дүн нь таараад байдаг байсан юм байна лээ. Баримтыг илүү хэвлэдэг гэдгийг мэддэггүй байсан. Гэтэл Б нь илүү их хэвлээд хэвлэсэн мөнгөн дүнтэйгээ ижил хэмжээний мөнгийг авдаг байсан учир орой кассын шахаа хийхэд дутагдал гардаггүй байсан юм байна лээ. Батчимэг хэлэхдээ Рысбек ах анх зааж өгсөн гэж байсан. Б сүүлд өөрөө цэцэг зардаг эмэгтэйгээр дамжуулаад мөнгөө авдаг байсан нь мэдэгдсэн. Гол нь кассын шахаа хийхэд таараад байсан учир энэ дутагдал мэдэгдээгүй. Б өөрөө мөнгөн дүнгээ яг тааруулчихдаг байсан учир дутагдал мэдэгдэхгүй байсан юм байна лээ...” /1хх-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасансүрэнгийн“...Би Миний сүлжээ дэлгүүрт зохион байгуулагч ажилтай бөгөөд ажил үүргийн хувьд дэлгүүрийн дотоод үйл ажиллагаа болон ажилчдыг хариуцах үүрэгтэй. Мөн оройдоо кассын шахаа /кассын тулгалт хийдэг гэх/ хийж, дэлгүүрээ хаалгадаг. Б гэх эмэгтэй 2019.12.01-ний өдөр кассаар ажилд орсон бөгөөд би оройдоо кассын шахаа хийхэд программ  дээрх бэлэн бус болон бэлэн мөнгө нь таардаг байсан. Өөрөөр хэлбэл би программыг Пос машины баримттай тулгахад таардаг байсан. Тэгтэл 12 дугаар сарын сүүлээр кассыг нэг бүрчлэн тулгаж үзэхэд Бийн дутагдал гарсан бөгөөд Б нь банкны бэлэн бусын баримтыг илүү хэвлэж мөнгөн дүнтэйгээ тааруулчихдаг байсан болох нь тогтоогдсон. Тэгээд би эсвэл нөгөө зохион байгуулагч маань оройдоо кассын тулгахад мөнгөн дүн нь таараад байдаг байсан юм байна лээ. Б хэлэхдээ Рысбек ах анх зааж өгсөн. Рысбекийн дүү нар ирж мөнгө авдаг байсан гэж хэлсэн боловч сүүлд камераар үзэхэд ямар ч казак хүн орж ирж байгаа хүн байхгүй байгаад байгаа. Өөрөөр хэлбэл Б худал хэлсэн байсан. Харин ч Б сүүлд өөрөө цэцэг зардаг эмэгтэйгээр дамжуулаад мөнгөө авдаг байсан нь мэдэгдсэн. Би өөрөө санхүүгийн хүн биш учраас тэр дутагдлыг мэдээгүй, гэхдээ кассын шахаа хийхэд таараад байсан учир энэ дутагдал  мэдэгдээгүй. Хамгийн гол нь Б өөрөө мөнгөн дүнгээ яг тааруулчихдаг байсан учир дутагдал мэдэгдэхгүй байсан..” /1хх-42/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мянганжадамба“...Би Миний сүлжээ дэлгүүрт ахлах нягтлан бодогч ажилтай бөгөөд 7 жил ажиллаж байна. Ерөнхийдөө салбаруудын нягтлан бодогч нартай сарын сүүлээр тооцоо нийлдэг гэж ойлгож болно. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орчимд байх би Миний дэлгүүр-125 салбарын кассын тооцоо нийлсэн.Тухайн үед 10 орчим сая төгрөгийн дутагдал гарахаар нь би тухайн нягтлан бодогч Алтанчимэгт кассын дутагдлын шалтгааныг гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа Алтанчимэг нягтлантай хамт баримтуудыг тулгаж үзэхэд тухайн салбарт кассаар ажиллаж байсан Б дээрх дутагдал илэрсэн. Тэгээд бүх баримтуудыг тулгахад 9.713.740 төгрөгийн дутагдал гарсан. Тухайн үед Бт хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, зугтаагаад яваад байгаа. Бийн дутагдлын талаар Алтанчимэг нягтлан бодогч дэлгэрэнгүй хэлсэн байх гэх мэдүүлэг, /1хх-ийн 43/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 166 дугаартай “... “Релаэнс секюритиз аудит” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 020/17 тоот аудитын дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь шинжилгээгээр “Миний дэлгүүр” ХХК-ний 125 дугаар салбар дэлгүүрт кассчинаар ажиллаж байсан О.Б нь нийт 9.713.740.02 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох “Миний дэлгүүр” ХХК-ний 125 дугаар салбар дэлгүүрт кассчинаар ажиллаж байсан. О.Бийн хариуцсан өдөр бүрийн кассын тайлан, харилцах дансны хуулга, өдрийн тооцоо нийлсэн кассын дэвтэр зэрэг санхүүгийн баримтуудыг үндэслэн тогтоогдож байна. Шинжилгээгээр “Миний дэлгүүр” ХХК-ний 125 дугаар салбар дэлгүүрт кассчинаар ажиллаж байсан О.Б нь нийт 9.713.740.02, төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааг хамаарч байна. Харин эдийн засгийн шинжилгээгээр үйлдлийг тогтоох боломжгүй болно. /1хх-55/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч О.Б, С.Г нар нь хамтран, үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ 125 дугаар салбар дэлгүүрийн эд хөрөнгөөс нийт 9.713.740.02 төгрөгийг завшиж хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б, С.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь “Миний дэлгүүр” ХХК-д 9.713.420.02 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч О.Б, С.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдэнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй, жирэмсэн зэрэг хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Бт 344 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

         

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч О.Б, С.Г нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Б, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар шүүгдэгч С.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

 

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 344 /гурван зуун дөчин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Гд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилбөл мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Б, С.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Б- ээс 9.713.740 /есөн сая долоон зуун арван гурван мянга долоон зуун дөчин/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд гаргуулан хохирогч “Миний дэлгүүр” ХХК /РД:6225608/-д олгосугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б, С.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, /иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА