Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0300

 

 

Оросын Холбооны Улсын иргэн П, Р нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн П,

Нэхэмжлэгч: Оросын Холбооны Улсын иргэн П, Р нар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “1987 онд хураагдсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3-26 тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 874 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн П, хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2020/0821/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 874 дүгээр шийдвэрээр:

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д холбогдуулан нэхэмжлэгч П, Р нарын гаргасан “1987 онд хураагдсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3-26 тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч П дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. Гомдлын үндэслэл: 1987 онд П, Р бид буцаан олгох нөхцөлтэйгөөр о/с байр хураалгасан. 1998 оноос хойш /бидний хүүхдүүд нас хүрэхэд/ бид хураалгасан байраа буцаан авахаар хөөцөлдөж байсан. 2001 онд Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 40 мянгатын 4 дүгээр байр, 26 тоот байр суларсан байсан. Түүнийг бид эзэмшихийг Улсын Их Хурал, нийслэлийн Засаг даргад бичгээр хандаж нааштай шийдвэрлэсэн. Урд нь бид манай Оросын Элчин Сайдаас мөн энэ асуудлаар дэмжлэг гуйсан болно. Тэгэхэд Элчин Сайдын Консул М гэдэг хүн дараах хариу өгсөн. “Бид тусгаар тогтносон улсын асуудал руу орох эрх байхгүй, орон сууцны асуудал болохоор ямар ч орох эрх байхгүй, хэдхэн хоногийн дараа элчин сайдаас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Э руу суларсан байрны ордерийг иргэн М гэдэг хүний нэр дээр бичихийг хүсэж явуулсан байна. М.Э нь бидэнд суларсан байр олгох байсан өөрийн шийдвэр өөрчилж ямар ч үндэслэлгүй хоосноос М олгуулсан. Тэхэд бид нарыг гудамжны хүмүүс гэв.

2.1.2021 оны 12 дугаар сарын 15-нд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралд чухал гол асуудлуудыг тоохгүй, хариултгүй үлдсэн байна. Жинхэнэ асуудал руу холбогдох хүмүүс /М, М, 20021 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны нарийн бичиг н.Э-д гэдэг хүн, Чингэлтэй дүүргийн 1-р хорооны цагдаа н.Баатар гэдэг хүн эдгээр хүмүүстэй ямар нэг холбоо барьсангүй/

2.2.Иймд бид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн хурлын хэрэгсэхгүй шийдвэрийг буруу гэж үзэж байна.

2.3.Иргэн М-ийн хуурамч бичгийг үл тоохгүй байна. Хэзээнээс Улсын орон сууцны асуудлыг Оросын байнга оршин суугчдын нийгэмлэг шийдвэрлэдэг болсон юм бэ.

2.4.Бидний хувьд 2016 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, 2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яаманд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж байсан билээ. Гэтэл 2020 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Орон сууцны корпорацад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг өмнө нь шийдвэрлэсэн мэтээр дүгнэж, хүлээн авахаас татгалзаж байгаа нь буруу юм.

2.5.Бидний хувьд хураасан байрыг буцаан олгох үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй холбогдуулан эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандсан.

2.6.Тодруулбал, 1987 онд буцаан олгох нөхцөлтэйгөөр хураалгасан байраа буцааж авахаар удаа дараа төрийн бүх шатны байгууллагуудад хандсан, хандаж байсан байгууллагуудаас буцаан олгох асуудлыг судалж байгаа, дарааллын дагуу олгох боломжтой гэх зэргээр хариу байнга өгч байсан. Улмаар 2020 онд орон сууц олгохтой холбоотой асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Орон сууцны корпорац шийдвэрлэх үүрэгтэйг мэдэгдэж, уг асуудлыг шийдвэрлэхийг даалгасан. Энэ талаарх баримт бүгд байгаа бөгөөд шүүхэд гаргаж өгсөн билээ.

2.7.Иргэн М-ийн хуурамч бичигт хаяг буруу /дүүрэг Сүхбаатар гэсэн байна. тоот-28/ Албан ёсны бланк биш байна. М-ын газрын үсгээс гадна 5 нийгэмлэгийн удирдлагын гишүүдийн гарын үсэг байх ёстой. Тийм дүрэм, журамтай.

2.8.Вера бид хоёрын хөдөлмөрлөсөн хугацааны медаль, шагнал, урамшуулал, бусад баярын бичгүүдийг мөн үл тоохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” 15 дугаар зүйлийн 2-т “Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина”, 4-д “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

2.Нэхэмжлэгч нараас “1987 онд хураалгасан 1 өрөө орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулахаар 1998 оноос хойш хотын захиргаанд хандсан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй, хариуцагч нараас нэхэмжлэгч бидний өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй” гэж, харин хариуцагч нараас “төвлөрсөн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажил зогссон, төрийн мэдлийн орон сууц байхгүй тул тодорхой хэмжээнд хуваарилдаг байсан ажил дуусгавар болсон,  төсөвт тусгагдаггүй тул орон сууц олгох асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй, орон сууцыг буцаан олгох асуудлыг чиг үүргийн хүрээнд хариуцахгүй” гэж маргажээ.

3.Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн Р, П нараас “1987 онд хураагдсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3-26 тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулах” өргөдөл, хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д тус тус хандан гаргажээ.

4.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорациас тус тус холбогдох хариуг бичгээр хүргүүлж байсан гэдэг нь хэрэгт авагдсан албан бичгүүдийн хуулбараар тогтоогдов.

Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн гаргасан өргөдөлд 08 дугаар сарын 16-ний өдөр[1], 2020 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн гаргасан өргөдөлд 7 дугаар сарын 09-ний өдөр[2], 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан өргөдөлд 09 дүгээр сарын 23-ний өдөр[3] тухайн иргэдтэй биечлэн уулзаж хариу өгсөн нь холбогдох байгууллагуудын бүртгэл хяналтын картад тэмдэглэгдсэн байна.

5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “төвлөрсөн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажил зогсож зөвхөн байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга, тэдний хөрөнгөөр барьдаг болсон, 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль гарч төрийн мэдлийн орон сууц байхгүй тул тодорхой хэмжээнд хуваарилдаг байсан ажил дуусгавар болсон, орон сууц шаардлагатай иргэдийн асуудлыг шийдвэрлэх санхүүжилт нийслэлийн төсөвт тусгагдахгүй байгаа, хураалгасан орон сууцыг дахин олгох боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгч байжээ.

6.Харин Нийслэлийн орон сууцны корпорациас “нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохион байгуулан ажилладаг, хураалгасан орон сууцыг буцаан олгох асуудлыг чиг үүргийн хүрээнд хариуцахгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгсөн.

7.Үүнээс дүгнэхэд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 2, 4-д заасны дагуу нэхэмжлэгч нарын өргөдөл, хүсэлтэд хариуцагч байгууллагуудаас холбогдох хариуг өгч байсан бөгөөд нэхэмжлэгч нарын өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүргээ хариуцагч байгууллагуудаас биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэгч Р-ийн ээжийг нас барсны дараа түүний эзэмшиж байсан 1 өрөө орон сууцыг түүний охин нэхэмжлэгч Р 1982 онд шилжүүлэн олгосон[4], харин нэхэмжлэгч П ажиллаж байсан газраас нь 1987 онд 3 өрөө орон сууцыг олгожээ[5].

 9.Тухайн үед мөрдөгдөж байсан социалист улсын өмчийн орон сууцыг хуваарилах журмын дагуу гэр бүлийн хоёр иргэнд тус тусдаа орон сууцыг улсаас олгосон тохиолдолд аль нэг орон сууцаа сонгон авч, үлдсэн орон сууцыг улсаас хураан авч, уг орон сууцыг журмын дагуу иргэдэд дахин хуваарилдаг байсан.

Энэхүү журмын дагуу нэхэмжлэгч Р-ийн нөхөр нэхэмжлэгч П-д улсаас 3 өрөө орон сууц олгосон тул нэхэмжлэгч Р-д өмнө нь 1982 онд олгогдсон 1 өрөө орон сууцыг улсаас 1987 онд хураан авсан байх[6] бөгөөд уг үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тодорхойлж, үүнтэй холбогдуулан холбогдох журмыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.

10.Нэхэмжлэгч нарын өргөдлийг үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорациас нэхэмжлэгч нарт 1987 онд хураалгасан 1 өрөө орон сууцтай дүйцэх орон сууцыг өнөөдөр олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

11.Учир нь нэхэмжлэгч нарт улсын өмчийн 2 орон сууцыг эзэмших эрх олгосон болон нэг байрыг хураан авсан шийдвэрүүд нь 1982, 1987 онд гарсан байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн зохицуулалтаар улс, хоршооллын өмчийн орон сууцыг байгууллагуудад хуваарилж, тухайн байгууллагууд нь ажилтнууддаа хуваарилж, тухайн байгууллагаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ордер бичиж, гэрээ хийдэг байжээ[7].

12.Нэхэмжлэгч нарын маргаж байгаа улсын өмчийн орон сууцыг байгууллагуудад хуваарилах, байгууллагуудаас ажилтнууддаа хуваарилан эзэмшүүлэх шийдвэр гаргах, байгууллагаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ордер бичиж, гэрээ байгуулахтай холбоотой харилцаа нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдаж Монгол Улсын өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор болон Орон сууц хувьчлах тухай хууль гарч улсын өмчийн орон сууцыг эзэмшиж байсан иргэдийн хувийн өмчлөлд нэг удаа үнэгүй өмчилснөөр дуусгавар болжээ.[8]

13.Энэхүү шинэ Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нар нь П-ийн албан байгууллагаас хуваарилж олгосон 1987 оноос 871388 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр[9] эзэмшиж байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 10 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг хувьчлан авсан байна.

14.Иймээс нэхэмжлэгч нарын шаардсаны дагуу хариуцагч байгууллагуудаас 1987 онд хураалгасан 1 өрөө орон сууцтай дүйцэх орон сууцыг нэхэмжлэгч нарт олгох, ордер гэрээ хийх талаарх өмнөх эрх зүйн зохицуулалтыг буцаан хэрэглэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын шаардлагыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болжээ.

15.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтална” гэж заасан. Энэхүү захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх зарчимд нийцсэн байх” агуулга нь захиргаанд хуулиар эрх олгогдож, үүрэг хүлээлгэсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулна, захиргаа нь аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ зөвхөн хуулиар зөвшөөрсөн, бүрэн эрх олгосон тохиолдолд эрх эдэлж, үүрэг хүлээхээр байна.

16.Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа тухайн үед буюу 1987 онд хүлээж байсан үүргийг /эрх залгамжлан/ хүлээх үүрэгтэй гэж нэхэмжлэгч нарын үзэж байгаа хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорацид одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор улсын өмчийн орон сууцыг иргэдэд эзэмшүүлэх, олгох, ордер бичиж, гэрээ байгуулахтай холбоотой бүрэн эрх олгогдоогүй, ийм эрх хэмжээг хуулиар[10] зөвшөөрөөгүй байна.

17.Хэрэв хариуцагч захиргааны байгууллагууд нь нэхэмжлэгч нарын шаардлагын дагуу 1987 онд хураалгасан 1 өрөө орон сууцтай дүйцэх орон сууцыг өнөөдөр олгохтой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тохиолдолд энэхүү үйл ажиллагаа нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх зарчим”-д нийцэхгүй, өөрт хуулиар эрх олгогдоогүй, хүлээн зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэх эрх зүйн үр дагаврыг бий болгохоор байна.

18.Мөн хариуцагч захиргааны байгууллагуудад өнөөдрийн хууль тогтоомжоор 1987 оны улсын өмчийн хураалгасан орон сууцыг иргэнд буцаан олгох, орон сууцыг хуваарилах хуулиар олгогдсон бүрэн эрх байхгүй, ийм үүргийг түүнд хуулиар хүлээгээгүй, өнөөдрийн үйлчилж байгаа Төсвийн тухай хуульд заасны дагуу хариуцагч байгууллагаас төсвийг захиран зарцуулах чиг үүрэгт орон сууцыг иргэнд олгох үүрэггүй учир нэхэмжлэгч нарын шаардлагыг бодит байдалд биелүүлэх боломжгүй, цаашлаад хариуцагчаас хуулиар хүлээлгээгүй үүргийг биелүүлэхийг шаардах үр дагавар бүхий шийдвэрийг шүүхээс гаргах үндэслэлгүй юм.

19.Дүгнэхэд, нэхэмжлэгч нарын хүсэлт, өргөдөлд тухай бүр хариуцагч захиргааны байгууллагуудаас хариу өгч байсан, хариуцагч захиргааны байгууллагуудад өнөөдрийн хууль тогтоомжоор улсын өмчийн 1987 онд хураалгасан орон сууцыг иргэнд буцаан олгох, орон сууцыг хуваарилах хуулиар олгогдсон бүрэн эрхгүй, ийм үүргийг түүнд хуулиар хүлээгээгүй гэдэг нь тогтоогдож байх тул “хураалгасан орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа” захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 874 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 64-65 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 79-80 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 81-83 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 200 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 142 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[7]Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 117 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны  171 дүгээр тогтоол

[8] Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг

[9] Хэргийн 1-р хавтас 142 дахь тал

[10] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль