Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Хэргийн индекс: 114/2018/003/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сандагдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Гуравдагч этгээд: С.Батжаргал

 

Нэхэмжлэлийн “Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэсэн бүртгэл, эцэг тогтоосон бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаарт С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон бүртгэл, ХААТР-14 маягтыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Б.Сандагдорж                                                                    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Б.Цогзолмаа нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сандагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-С.Дархандаваа П.Баярмаа нар нь гэр бүл бөгөөд түүний дундаас 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Зэв төрсөн. Дархан сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж Дархандаваагийн төрсөн хүү болох Зэвийг Батжаргалын Зэв хэмээн төрсний бүртгэлд бүртгэсэн байна. Түүнийг нь хүүхдийн мөнгө авах зорилгоор төрсний бүртгэлийн лавлагаа авахдаа мэдсэн боловч тухайн үедээ энэ бүртгэлээрээ хүүхдийн мөнгийг авч болно гэж хэлсэн учир тухайн бүртгэлээрээ явж байгаад 2018 онд Зэвийн төрсөн эцэг нь Дархандаваа болохыг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс Дархандаваа нь Зэвийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосон. Зэв хүү маань шигшээ багийн тамирчин сая нэгдүгээр байранд ороод шагнал гардуулах болоход С.Батжаргалын Зэв гэж зарлатал хүү маань би өөр хүний хүүхэд юм уу гээд уйлж байсан. Хүү маань одоо 15 настай иргэний үнэмлэх авах болсон тул эцэг эхээр нь зөв овоглож төрсний бүртгэлийг нь хүчингүй болгуулах гэсэн боловч эцэг нь 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан тул эх П.Баярмаагаар нь овоглож бичиг баримтын зөрчлийг нь арилгахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг авч Улсын бүртгэлийн хэлтэст авч очиход “төрсний бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагатай” гэж хэлсэн учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Иймд гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэсэн бүртгэл, Эцэг тогтоосон бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон  бүртгэл, ХААТР-14 дүгээр маягтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-Нэхэмжлэгч Б.Сандагдоржийн хүү С.Дархандаваа /ТЖ80082771/-г 2003.06.01-ний өдөр төрсөн Зэвийн эцэг мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу Зэвийг Дархандаваагаар овоглуулахаар хүсэлт гаргасан Б.Сандагдорж нь тус хэлтэст хандаж гаргасан 2017.07.17-ны өдрийн өргөдөлдөө Дархан-Уул аймгийн Дархан сумаас олгосон С.Дархандаваа, П.Баярмаа нарын 50 дугаартай гэрлэсний гэрчилгээний хуулбар, Б.Зэвийн төрсний бүртгэлийн лавлагааг хавсарган ирүүлсэн. Тус гэрлэсний гэрчилгээний хуулбарыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон архивын эх нотлох баримттай тулган шалгахад П.Баярмаа /ТЯ81102306/ нь Сандагдоржийн Батжаргал /ТИ74111674/-тай 2004.02.02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлт нь ХААТР-15 маягт болон бүртгэлийн дэвтэр, цахим мэдээллийн санд бүртгэлтэй.

Гэвч П.Баярмаа,С.Батжаргал нарын болон П.Баярмаа С.Дархандаваа нарын гэрлэлт бүртгүүлэхээр гаргасан өргөдөл хүсэлт болон бусад нотлох баримт архивт хадгалагдаагүй байна. Учир нь 2004 онд Дархан сумын иргэний бүртгэлийн ажилтан Дархан сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд харьяалагддаг байсан тул иргэдийн бүртгэл хийлгэхээр гаргасан өргөдөл хүсэлтийг аймгийн архивт шилжүүлж ирүүлснийг улсын бүртгэлийн хэлтэст 2018 онд хүлээлгэн өгсөн байдаг. Тэдгээрт 2004 оны гэрлэсний бүртгэлийн 1 боть баримт архивт хүлээлгэн өгсөн байх бөгөөд түүнээс холбогдох баримтууд гараагүй болно. 2004.02.02-ны өдөр П.Баярмаа, С.Батжаргал нарын 50 дугаартай гэрлэсний гэрчилгээг үндэслэн Зэвийн эцгийг Сандагдоржийн Батжаргалаар тогтоож Баярмаагийн Зэвийг Батжаргалын Зэв болгон бүртгэл хөтөлсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримтлан бүртгэл хөтөлсөн байх бөгөөд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон архивын санд бүртгэлтэй ХААТР маягт, бүртгэлийн дэвтэрт бүртгэлтэй байна.

Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн үндэслэлээр Б.Зэвийг С.Дархандаваагаар овоглон эцэг тогтоосныг бүртгэхээс татгалзаж, П.Баярмаа /ТЯ81102306/-ийн С.Батжаргал /ТИ74111674/ тай бүртгүүлсэн гэрлэлт, хүүхдийн эцэг тогтоосон бүртгэлийг хууль бус гэж үзвэл шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх, 2004 оны тус бүртгэлүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосны дараа С.Дархандавааг эцгээр тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу бүртгэлийг хөтлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариуг иргэн Б.Сандагдоржид өгсөн. Иргэн С.Батжаргалд бүртгэлийг танилцуулахад П.Баярмаатай гэрлэсэн гэрлэлт, эцэг тогтоосон бүртгэлийг хууль бус гэдгээ хүлээн зөвшөөрч амаар хариу өгсөн. Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасны дагуу гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар мэдэгдсэн гэжээ.

 

Гуравдагч этгээд С.Батжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Зэв гэдэг ямар ч хүүхэдгүй бөгөөд Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт бүртгэсэн П.Баярмаатай гэр бүл болж байгаагүй,  гэрлэсний  бүртгэлд зурсан гарын үсэг  миний гарын үсэг биш, Зэвийн эцгээр тогтоосон 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэл, маягтууд бүгд хууль бус гэж үзэж байна. Би одоо 1997 онд гэр бүл болж амьдарсан эхнэр Наранчимэг 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний овог Дархандаваагийн овог нэг байсан учраас АНУ-ын виз гаргуулахад ашигласан байх гэж бодож байна. Иймд Б.Сандагдоржийн нэхэмжлэлийн дагуу дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгоход татгалзахгүй гэжээ.

 

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сандагдорж нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Төрсний бүртгэлийн 2003 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0310-т Батжаргалын Зэв гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, Баярмаагийн Зэв болгон бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэсэн бүртгэл, Эцэг тогтоосон бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон  бүртгэл, ХААТР-14 дүгээр маягтыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч  этгээд  нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

Нэхэмжлэлийн “Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Пүрэвдорж овогтой Баярмаа нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын амаржих газарт 2003 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүү Зэвийг төрүүлж, төрсний бүртгэлийн 2003 оны бүртгэлд хүү Зэвийг өөрөөрөө овоглон бүртгүүлж, Г-310 дугаартай төрсний гэрчилгээ авсан, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар шийдвэрээр 2003 оны 6 дугаар сарын 1-ны өдөр төрсөн хүү Зэвийн төрсөн эцэг Харчус овогт Сандагдоржийн Дархандаваа мөн болохыг тогтоолгосон байна.

 Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “...Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна...” 13.2-д “...гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө хамтран гаргана...”13.9-д “Энэ хуулийн 13.2, 13.7-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан гэрлэснийг 30 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ олгоно...” мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгана” гэж заасан байхад хариуцагч байгууллагын иргэний бүртгэлийн ажилтан нь дээрхи хуулийг зөрчиж Пүрэвдоржийн Баярмаа /ТЯ81102306/, Сандагдоржийн Батжаргал /ТИ74111674/, нарыг 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Иргэний гэр бүлийн  байдлын гэрлэсний  бүртгэлийн 50 дугаарт бүртгэхдээ баримт бичгийн бүрдэл, үнэн зөв байдлыг шалгаагүй, гэрлэгчдийг байлцуулаагүй, гэрлэлт бүртгүүлэх талаар өргөдөл гаргаагүй байхад тус бүртгэлийг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан П.Баярмаа, С.Батжаргал, нарыг 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 50 дугаарт бүртгэсэн бүртгэл, Сандагдоржийн Дархандаваа /ТЖ80082771/,  Пүрэвдоржийн Баярмаа /ТЯ81102306 / нарыг 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэснийг 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн мэтээр олгосон ПА-50 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, гуравдагч этгээд С.Батжаргалын  ”...Зэв гэж хүүхэд байхгүй, П.Баярмаа гэж хүнийг танихгүй...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч байгууллагаас Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэхдээ дээрхи хуулийн заалтуудыг зөрчиж хууль бус бүртгэл хийсэн байх тул уг бүртгэлийг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Нэхэмжлэлийн “Эцэг тогтоосон бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон бүртгэл, ХААТР-14 дүгээр маягтыг тус тус хүчингүй болгуулах “шаардлагын тухайд:

Хариуцагчийн зүгээс 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон бүртгэлийг  бүртгэхдээ “Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэсэн” бүртгэлийг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед хариуцагч байгууллагын Иргэний бүртгэлийн ажилтан нь  Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгана” 17 дугаар зүйлийн 17.1-д “...эцэг тогтоосны бүртгэлийг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эцэг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тус тус үндэслэн бүртгэнэ...” гэж заасныг зөрчөн, баримт бичгийн бүрдэл үнэн зөвийг шалгаагүй, эцэг эхээс хамтран гаргасан өргөдөл гаргаагүй байхад 2004 оны 02 дугаар срын 02-ны өдрийн 50 дугаартай С.Батжаргал, П.Баярмаа нарын гэрлэлтийг бүртгэсэн хууль бус бүртгэлийг үндэслэн “Эцэг тогтоосны бүртгэл”-ийн 13-т Зэвийн эцгээр С.Батжаргалыг бүртгэж, ХААТР-14 дүгээр маягт бөглөсөн нь буруу байна.

Харин бодит амьдрал дээр Зэвийн эцэг нь Харчус овогт Сандагдоржийн Дархандаваа мөн болохыг  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 747 дугаартай шийдвэрээр тогтоосон байх тул “Эцэг тогтоосон бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаарт С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон бүртгэл, ХААТР-14 дүгээр маягтыг тус тус  хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.9, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан П.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сандагдоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гэрлэлтийн бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаарт П.Баярмаа, С.Батжаргал нарыг бүртгэсэн бүртгэл, Эцэг тогтоосон бүртгэлийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаарт С.Батжаргалыг Зэвийн эцгээр тогтоосон бүртгэл, ХААТР-14 дүгээр маягтыг” тус тус хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сандагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                                                                                                       

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНЧИМЭГ