Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1011

 

  2020       05        29                                 2020/ШЦТ/1011

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн  өмгөөлөгч : Л.Энх-Амгалан

шинжээч эмч : М.Золжаргал

шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 1906 04670 1853 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э-г, 1972 оны 12 дугаар  сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн  хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо 23а дугаар байрны 83 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн 131 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулий тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,  РД: ШЗ72120575,

           Холбогдсон хэргийн талаар:

           Д.Э нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 83 тоотод хамтран амьдрагч Г.Нарантай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун хөлөнд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 05 өдөр О.Алтангэрэлийн гэрт Г.Наран бид 3 архи ууж байсан. Тэгээд сүүлийн 0.75 граммын архи хувааж ууж байхад Г.Нарантай таарамжгүй харилцааны улмаас маргалдах болсон. Тэгээд машины талаар ярихад Г.Наран улам бүр агсраад байхаар нь би тэндээс гараад явсан. Гэрээс гараад Хөдөө аж ахуйн яаман дээр явж байхад Жавхлантөгстэй тааралдсан. Тэгээд зогсож байтал Г.Наран араас хүрээд ирсэн. Тэгээд би Г.Наранг “цаанаа байж бай би хүнтэй уулзаж байна” гэж хэлсэн. Тэр хоёроос салаад 17 цагийн үед гэртээ харьсан. Оройн 22 цагийн үед гэртээ байж байгаад Г.Наран руу утсаар ярихад “чамаас болоод би хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ?” гээд утсаа таслаад гэртээ байж байхад шөнийн 00 цагийн үед 2 цагдаа манай ээж рүү утсаар яриад орж ирсэн. Тэгээд намайг дагуулж явна гэхээр нь “Би яасан бэ? юу болсон бэ?” гэж асуугаад тэр 2 цагдааг дагаад цагдаагийн хэлтэс хүү явсан. Очоод байцаалт өгч дуусаад 02 цагийн үед намайг явуулсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед Г.Нарангийн хүүхэд ажилладаг авто угаалгын газарт очсон. Тэгээд “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад Мөнхбат “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би Г.Наран дээр очсон. Очиход Г.Нарангаас намайг яагаад худлаа юм бичиж гүтгээд байгаа юм бэ? гэхэд юм дуугарахгүй байсан. Г.Нарантай очиж уулзахад онцын зүйл ярихгүй байсан. Тэгээд түүнийг харахад хөлөө шархны лентээр ороосон байсан. Тэгээд би гэрээс гараад явсан. Өглөө гэртээ харьсан гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 3-7/,

          Хохирогч Г.Наран мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хамтран амьдрагч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр болгон архи ууж байгаа. Бид хоёр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 25-16 тоотод хүү Мөнхбаярын хажуу өрөөнд нь амьдардаг байсан. 2019 оны 07 дугаар сарын сүүлчээр манай бага хүү Мөнхбат хамтран амьдрагч Д.Эын “приус-20” маркийн машинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад хажуу талаас нь 1 машин ирж мөргөөд зам тээврийн осол гарсан.

Уг асуудлыг замын цагдаа шалгаад гэм буруутай этгээдээс даатгалаар мөнгийн гаргуулахаар болсон. Д.Эын “приус 20” машин нь банк бусын нэр дээр байдаг ба зээлээ төлөөд дууссан өөрийнхөө нэр дээрээ шилжүүлэх ёстой боловч архи уугаад одоо хүртэл өөрийнхөө нэр дээрээ шилжүүлээгүй түүнээс болоод нөгөө талаас заавал нэр дээрээ машинаа шилжүүлсэн байх ёстой тэгвэл хохиролын мөнгө нь орж ирнэ гэсэн. 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдөр бид 2 даатгал орж Д.Эын нэр дээр шилжүүлэхээр болоод хүү Мөнхбатын ажил дээр иртэл Д.Э хүү Мөнхбатын ажлын залуугаар 0,33 л хэмжээтэй архи авахуулаад ажлаа хойшлуулаад найз Алтангэрэлийн гэрт бид хоёр очсон. Алтангэрэлийн гэр нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12-23 тоотод байдаг ба гэрт нь очиход Алтангэрэл ганцаараа байсан. Д.Э, Алтангэрэл хоёр 0,33 хэмжээтэй архи хувааж уусан. 15 цагийн орчимд Д.Э надтай хамт хүү Мөнхбатын ажил дээр очоод 20.000 аваад 0,75 л хэмжээтэй "Арвай" гэх архи ус ундаа тамхины хамт аваад Алтангэрэлийн очоод тэр хоёр хувааж уусан би архинаас нь уугаагүй надад 2 хундагийг өгөхөөр нь түүнийг л уусан. Тэгээд тэр 2 архи ууж суухдаа Д.Э нь надаас танай хүүхэд миний машиныг унаж яваад эвдсэн гээд хэрүүл маргааныг эхлүүлсэн. Энэ асуудлаас болж олон удаа маргаан болж байгаа. Тухайн үед би гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхад Д.Э нь баруун гарныхаа ханцуйнаас хар иштэй байхаа /сайн санахгүй байна / хутга гаргаж ирээд уурлаад миний баруун хөлний шилбэнд нэг удаа хутгалчихаад сандал дээр сууж байхаар нь цагдаа дуудлаа гэхэд гараад зугтаасан. Энэ үед Алтангэрэл архи уусан өрөөндөө унтаж байсан. бид 3 гурваас өөр хүн байхгүй байсан. Би Д.Эыг гараад зугтаахаар араас нь гарахад баруун 4 замын чиглээд надад гүйцэгдэхгүй зугтаагаад явсан. Би буцаж гэрт ороход Алтангэрэлийн танихгүй хоёр дүү нь гэрт ирсэн байсан. Би Алтангэрэлийг цагдаа дууд гэхэд гэрийн хаягаа хэлэхгүй манай найзыг барьж өгөөд яах гээд байгаа юм бэ гээд байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг хамтран амьдрагч Д.Э нь танай хүүхэд миний машиныг эвдсэн гэж удаа дараа хэрүүл маргаан хийснээс болоод нэг удаа хутгалж учруулсан. Би Энхбаяртай одоо хүртэл уулзаагүй над руу утсаар залгаад би цагдаад танилтай чи намайг яач ч чадахгүй чамайг бодвол би хоёр их дээд сургууль төгссөн. Би өөрийгөө хутгалсан эсвэл Алтангэрэл чамайг хутгалсан гэж гүтгээд хүмүүст худлаа яриад яваад байгаа. Энхбаяр нь надаас уучлалт гуйгаагүй хүнийг хүн гэж хүндлэхгүй харин доромжлоод утсаар залгаад танил талтай гээд юу ч болоогүй юм шиг яриад доромжлоод байгаад нь гомдолтой байна. Энэ хүний гаргасан үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөч гэж хүсмээр байна. Д.Э  өмнө нь архи ууж байхдаа над руу стакан бариад нүдийг чинь сохлон гээд байсан тухайн үед найз Алтангэрэл нь хажууд байж байхдаа боль боль гээд салгасан. Дараа нь Д.Эт хэлэхэд юу ч санахгүй байна гээд байсан.... гэсэн мэдүүлэг / хх-н 8-14/,

          Гэрч О.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Энхбаяр гэх хүнтэй 10 жил найзалж байна бид нар Баянгол дүүргийн 23 дугаар байранд хамт байдаг байхдаа танилцсан. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 08 дугаар сарын 05-нийг хүртэл Энхбаяр нь хамтран амьдрагч Нарангийн хамт манай гэрт амьдарч байсан. Нарангийн хүүхэд нь Энхбаярын машиныг унаж яваад машинтай мөргөлдсөн гэсэн түүнээсээ болоод тэр 2 үе үе маргалдаад байдаг өдөр болгон шахуу л маргалддаг. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад Энхбаяр 0,33 л хэмжээтэй “Арвай” гэх нэртэй архи барьж орж ирээд бид хувааж уугаад 15 цагийн орчимд Наран тэр 2 гарч яваад 0,75 л хэмжээтэй "Арвай" архи, тамхи ундаатай барьж орж ирсэн. Архийг Энхбаяр бид 2 хувааж уусан Наран уугаагүй. Бид 2 архины тал хүртэл нь уугаад би Энхбаярт миний бие өвдөөд байна нойр хүрээд байна гээд би унтаад өгсөн. Наран тэр юм яриад үлдсэн. Намайг унтах гэж байхад нөгөө мөргөлдсөн машинаасаа болоод маргалдаад байхаар бичиг баримт бүрдсэн даатгал нь төлөөд өгнө гэсэн биздээ битгий гэр оронд хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлээд 17 цагийн орчимд унтсан. 19 цагийн орчимд сэрэхэд тэр 2 байхгүй гал тогооны өрөө рүү ороход шалан дээр цус болсон байсан. Тэгтэл гаднаас Наран Энхбаяр намайг хутгалчихлаа гэхээр нь түүний зүүн талын хөлний шилбэнээс нь цус гарсан байсан. яасан юу болсон гэхэд Энхбаяр намайг гал тогоонд хутгалчихаад гараад зугтаасан би араас нь гараад гүйхэд хөл өвдөөд барьж чадаагүй гэхээр нь намайг унтаж байхад сэрээхгүй яасан юм бэ? гэхэд цагдаа дуудна гэхээр нь чи юу ч гэсэн хүлээж байхгүй юу ороод ирэх байлгүй дээ гээд байж байхад гаднаас цагдаа орж ирсэн. Би ер нь согтолттой байсан. унтаад бос ч ирэхэд гайгуй болсон байсан. намайг унтаж байхад тэр хоёрыг маргалдсан, зодолдсон ямар нэгэн чимээ шуугиан гараагүй. Намайг унтаад сэрэхэд гэрийн эд зүйлс эмх цэгцтэй байсан харин гал тогооны өрөөний шал дээр цус болсон мөн банны өрөөний шалан дээр цус дуссан байсан.Наран надад хэлэхдээ Энхбаяр ханцуйнаасаа хутга гаргаж ирээд хутгалсан гэж хэлсэн. Манай гал тогоонд 1 заазуур, 1 талхны хутга, 1 скочоор ишийг нь ороосон хар иштэй хутга байдаг байсан. Гэхдээ хар иштэй хутга алга болсон байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 16-19/,

          Гэрч Б.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Д.Этай 2019 оны 08 дугаар сарын эхээр билүү дундуур яг өдрийг хэлж мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн хуучин автобусны буудал дээр хотын төвийн зүүн 4 замын чиглэлд алхаж байгаад тааралдсан. Тухайн үед нэг хүн араас дуудахаар эргээд харахад Д.Э байсан...”, “... Бид хоёр ярьж байхад нэг махлагдуу биетэй эмэгтэй хүн хажууд ирээд зогсоход Энхбаяр түүний чи цаашаа байж бай гэхэд нөгөө эмэгтэй жаахан холдоод зогсох шиг болсон. Бид хоёр нэг тамхи татчихаад салсан. Энхбаярыг хаанаас хаашаа явж байгааг нь мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / хх-н 73-76/,

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 20-21/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9525 дугаартай:

  1. Г.Нарангийн биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэсэн шинжээчийн  дүгнэлт  / хх-н 22-23/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 24-25/

         Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, оршин суух гарзын тодорхойлолт/ хх-н 77/

          Д.Эт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 38  /, прокурорын тогтоол /хх-н 39-40/,

Яллагдагч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Г.Наран, гэрийн эзэн Алтангэрэл бид гурав 13 цагийн орчимд “Арвай” гэх 0.75 л нэртэй архи хувааж ууцгаасан. Би архи ууж байхдаа чи хүүхдэдээ миний машиныг миний зөвшөөрөлгүй өгсөн гээд уурласан. Бид хоёр бие биенийхээ биед гар хүрсэн зүйл болоогүй. Би тухайн үед архи ууж байхдаа харьмаар санагдаад байхаар нь 15-16 цагийн орчимд гараад явсан. Намайг гэрээс гарахад Алтангэрэл сандал дээр сууж

байсан архинаас үлдсэн байсан ба намайг гэр рүүгээ явах гэхээр Г.Наран намайг явуулахгүй шинжтэй байсан. Би тухайн үед харих гээд хувцсаа өмссөн байсан болхоор гараад явсан. Намайг гэрээс гараад явсан байхад Наран миний араас ирээд гудамжинд миний хамар, хацар руу 2-3 удаа цохисон. Алтангэрэлийнд байхад мөн намайг 1 удаа цохисон  энэ үед Алтангэрэл яаж байгаа юм бэ гэж асуусан.Би тухайн үед яаж байгаа юм бэ? гээд тэвчээд өнгөрсөн түүнийг цохиж зодсон зүйл болоогүй. Би Хөдөө аж ахуй хүртэл Г.Нарангаас зугтаагаад гүйгээд Хөдөө аж ахуйн яамны буудал буюу “Бөхийн өргөө”-ний ард талын уулзвар дээр найз Жавхаатай тааралдаад уулзаад байж байхад Наран миний араас ирээд чи хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь би харьлаа гээд цаашаа гүйгээд гэртээ харьсан. Наран буцаад гэртээ харьсан байх.

Би цагдаа дээр мэдүүлэг өгчихөөд Алтангэрэлийн гэрт шөнийн 02 цагийн
үед очиход Наран хаалга тайлж өгсөн ба гэрт ороход том өрөөний телевизорын
урдуур цус болсон байхаар нь би гайхаад юу болсон яасан юм бэ гэхэд Г.Наран
чамаас болоод ийм болчихлоо гээд юм яриад жижиг өрөө рүү орохоор нь би
цагдаа дээр мэдүүлэг өгөөд чи ер нь намайг яагаад гүтгээд худлаа яриад байгаа
юм бэ гэхэд Г.Наран жижиг өрөө рүү орсон… гэсэн мэдүүлэг /хх-н 41-44 /, / хх-н 131-134/

          Д.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 45-46/ зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эыг  2019 оны 8 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 83 тоотод хамтран амьдрагч Г.Нарантай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун хөлөнд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 83 тоотод хамтран амьдрагч Г.Нарантай чи хүүхдэдээ миний машиныг миний зөвшөөрөлгүй өгсөн гээд уурлаж маргалдан улмаар Г.Нарангийн  баруун хөлөнд нь хутгаар нэг удаа зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Г.Нарангийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... тэр 2 архи ууж суухдаа Д.Э нь надаас танай хүүхэд миний машиныг унаж яваад эвдсэн гээд хэрүүл маргааныг эхлүүлсэн. Энэ асуудлаас болж олон удаа маргаан болж байгаа. Тухайн үед би гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхад Д.Э нь баруун гарныхаа ханцуйнаас хар иштэй байхаа /сайн санахгүй байна / хутга гаргаж ирээд уурлаад миний баруун хөлний шилбэнд нэг удаа хутгалчихаад сандал дээр сууж байхаар нь цагдаа дуудлаа гэхэд гараад зугтаасан. Энэ үед Алтангэрэл архи уусан өрөөндөө унтаж байсан. бид 3 гурваас өөр хүн байхгүй байсан гэсэн  мэдүүлэг / хх-н 8-14/,

          Гэрч О.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Д.Э нь хамтран амьдрагч Нарангийн хамт манай гэрт амьдарч байсан. Нарангийн хүүхэд нь Энхбаярын машиныг унаж яваад машинтай мөргөлдсөн гэсэн түүнээсээ болоод тэр 2 үе үе маргалдаад байдаг өдөр болгон шахуу л маргалддаг. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад Энхбаяр 0,33 л хэмжээтэй “Арвай” гэх нэртэй архи барьж орж ирээд бид хувааж уугаад 15 цагийн орчимд Наран тэр 2 гарч яваад 0,75 л хэмжээтэй "Арвай" архи, тамхи ундаатай барьж орж ирсэн. Архийг Энхбаяр бид 2 хувааж уусан Наран уугаагүй. Бид 2 архины тал хүртэл нь уугаад би Энхбаярт миний бие өвдөөд байна нойр хүрээд байна гээд би унтаад өгсөн. Наран тэр юм яриад үлдсэн. Намайг унтах гэж байхад нөгөө мөргөлдсөн машинаасаа болоод маргалдаад байхаар бичиг баримт бүрдсэн даатгал нь төлөөд өгнө гэсэн биздээ битгий гэр оронд хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлээд 17 цагийн орчимд унтсан. 19 цагийн орчимд сэрэхэд тэр 2 байхгүй гал тогооны өрөө рүү ороход шалан дээр цус болсон байсан. Тэгтэл гаднаас Наран Энхбаяр намайг хутгалчихлаа гэхээр нь түүний зүүн талын хөлний шилбэнээс нь цус гарсан байсан. яасан юу болсон гэхэд Энхбаяр намайг гал тогоонд хутгалчихаад гараад зугтаасан би араас нь гараад гүйхэд хөл өвдөөд барьж чадаагүй гэхээр нь намайг унтаж байхад сэрээхгүй яасан юм бэ? гэхэд цагдаа дуудна гэхээр нь чи юу ч гэсэн хүлээж байхгүй юу ороод ирэх байлгүй дээ гээд байж байхад гаднаас цагдаа орж ирсэн. Манай гал тогоонд 1 заазуур, 1 талхны хутга, 1 скочоор ишийг нь ороосон хар иштэй хутга байдаг байсан. Гэхдээ хар иштэй хутга алга болсон байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 16-19/,          

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9525 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Нарангийн биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

Яллагдагч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би архи ууж байхдаа чи хүүхдэдээ миний машиныг миний зөвшөөрөлгүй өгсөн гээд уурласан... зэрэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Э нь хамтран амьдарч байсан Г.Нарангийн хамт Алтангэрэлийнд архи авч очоод ууцгаасан бөгөөд архи ууцгааж байх үедээ Г.Нарантай чиний хүүхэд миний машиныг зөвшөөрөлгүй авч яваад эвдэлсэн гэсэн асуудал ярьж маргалдсан, үүнээс болж Г.Наранг нэг удаа хутгаар хатгасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Тухайн үед скочоор ишийг нь ороосон хар иштэй хутгаар хутгалсан гэж хохирогч Г.Наран мэдүүлдэг, гэрч Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ манай гэрт 1 скочоор ишийг нь ороосон хар иштэй хутга байдаг, алга болсон байсан гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд гэрч Алтангэрэлийнд байсан тэр хутгаар зүсэгдсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Э нь би Г.Наранг хутгаар зүсээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Д.Эыг гараад явсаны дараа Г.Наран нь  араас нь гараад явж байгаад эргэж ирээд цагдаа , түргэн дуудаж дуудлагаар ирсэн эмчид үзүүлж шархаа оёулсан болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эын дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

         Энэ хэргийн улмаас  Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Хохирогч Г.Наран шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч  хохирогчид төлсөн төлбөргүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 Шүүхээс шүүгдэгч Д.Эт ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Д.Эыг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 4. Д.Э нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН