| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00314/И |
| Дугаар | 00314 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 00314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух, РЛ66031500 дугаар регистртэй, Бичээч овогт Нямжанцангийн Чулууны
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00144/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Н.Чулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Чулуун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Ариунбатыг эцэг, эхийн хамт амьдарч байхдаа төрүүлсэн. Тусдаа гараагүй байсан тул өөрийн аав Нямжанцангаар овоглож бүртгүүлсэн. Эцгийн нэр Цэдэнсодномын Нямжанцан, эхийн нэр Пүрэвжавын Мягмаржав гэсэн бүртгэл хийгдсэн байсан. Тэгээд 1984 оны 11 сард хүүгийн аав З.Баатартай гэр бүл болж тусдаа гараад хүү Ариунбатыг өөрийн асрамжид авч өсгөсөн юм. Үүнээс хойш 3 хүүхэд төрүүлсэн. Гэтэл хүү Ариунбат нь 2003 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19 настайдаа өвчний учир нас барсан. Одоо би 50 нас хүрсэн ба 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хүү Ариунбатыг төрүүлж, өсгөсөн байдал тодорхойгүй байна гэсэн. Ингээд би шүүхэд хандаж, хүү Ариунбатын төрсөн эх мөн болохоо тогтоолгосон. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс хүү Н.Ариунбатыг 0-6 нас хүртэл өөрийн асрамжид байлгаж өсгөсөн байдал нь тогтоогдохгүй байна гэсэн. Хэдийгээр хүү Н.Ариунбатыг аав, ээжийн нэрээр бүртгүүлсэн боловч би өөөрөө өсгөсөн. Учир нь миний ээж Аржав нь 1989 онд нас барсан ба энэ үед миний хүү Ариунбат 4 настай, миний хамгийн бага дүү Болормаа 3 настай, дүү Түдэвдорж 6 настай, дүү Навчаа 8 настай үлдэж байсан. Аав Нямжанцан нь 1990 онд Ж.Доржханд гэх хүнтэй гэр бүл болсон тул би дүү Болормааг өөр дээрээ авч, дүү Түдэвдорж, Навчаа нарыг эгч маань Улаанбаатар хот руу асран хамгаалахаар авсан. Аав Нямжанцан нь 1995 онд нас барсан учир миний ээж, аав хоёр хүү Н.Ариунбатыг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй юм. 1984 онд өөрийн асрамжид авсан тухай баримт байхгүй. Шүүхээс эх тогтоосон тухай шийдвэр гарсны дагуу сумын Засаг дарга намайг асран хамгаалагчаар тогтоосон захирамж гаргасан. Иймд хүү Н.Ариунбатыг 0-19 нас хүртэл миний бие асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Чулуун том хүү Н.Ариунбатыг 1984 онд гэртээ төрүүлсэн учир эцэг Нямжанцан, эх Аржав нарын нэрээр овоглож бүртгүүлсэн. Тэгээд хүүгийн эцэг Баатартай 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, хүү Н.Ариунбатыг өөрийн асрамжид авсан байдаг. Эх Аржав нь 1989 онд буюу хүүг 4 настай байхад нас барсан ба мөн эцэг Нямжанцан 1995 онд нас барсан тул хүүг асран хамгаалж өсгөсөн байх боломж байхгүй. Иймд талийгаач хүү Н.Ариунбатыг төрүүлсэн эх Н.Чулуун 0-19 нас хүртэл хугацаанд асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Чулуун нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Н.Чулуун шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулахдаа 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ариунбатыг 0-19 нас хүртэл хугацаанд өөрийн асрамжид байлган, өсгөж хүмүүжүүлсэн байдлыг тогтоолгоно гэж тайлбарлаж байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Чулуун 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Ариунбатыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1080 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдлоо.
Гэвч хүү Ариунбатыг 0-19 нас хүртэл хугацаанд өөрийн асрамжид байлгаж, өсгөн хүмүүжүүлсэн болох нь нотлогдохгүй байна. Учир нь Н.Ариунбатыг 2003 онд нас барсан тухай бүртгэлд эцгийн нэрийг Нямжанцангаар бүртгэсэн, 1984 онд өөрийн асрамжид шилжүүлэн авсан тухай, 1984 оноос 1991 оны хооронд өрхийн болон хүн амын тооллогын бүртгэлд Н.Чулуун, З.Баатар нарын ам бүлд бүртгэлгүй, 0-4 настай байхад хэний асрамжид байсан талаар тодорхойгүй зэрэг байдал нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “РЛ84032513, Нямжанцангийн Ариунбат нь 2003/09/28-нд нас барсныг Улаанбаатарт 2015/01/14-нд өдрийн 1199000027-т бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа” гэх бичилттэй 00/000341 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Тус аймгийн Төмөрбулаг сумын 1984-1991 оны хүн амын тооллогын бүртгэл манай архивт байхгүй тул Н.Чулуун, Н.Ариунбатад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/16 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “тус сумын иргэн Нямжанцангийн Чулуун нь хүү Ариунбатыг өсгөсөн талаарх баримт материал болох 1984-1991 онуудын хүн амын тооллогын бүртгэл, мөн хүү Ариунбатын тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан талаарх баримт сумын архивын баримтад байхгүй” гэх бичилттэй 3/05 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Тус сумын 1-р багийн иргэн Нямжанцан овогтой Ариунбатын РЛ84032513 регистрийн дугаартай өрхийн бүртгэлийн дэвтэр 1984-2003 онд багийн даргын бүртгэлд байхгүй” гэх бичилттэй 07 дугаартай тодорхойлолт, гэрч Н.Түдэвдоржийн “...Н.Ариунбат төрсөн цагаасаа хэний асрамжид байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, Ж.Доржхандын “...Н.Ариунбат нь Чулууны асрамжид байсан, нарийн ширийнийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Н.Ариунбатын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ц.Нямжанцан, П.Аржав нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаал нь тухайн үйл баримтад хамааралгүй, мөн шүүхийн шийдвэрийг үндэслэн хүүхдийн асрамж тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Асран хамгаалагч тогтоох тухай” 7/108 дугаартай захирамж нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иймд Н.Чулууны хүү Ариунбатыг 0-19 нас хүртэл хугацаанд өөрийн асрамжид байлгаж, өсгөн хүмүүжүүлсэн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бичээч овогт Нямжанцангийн Чулууны 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Ариунбатыг 0-19 нас хүртэл хугацаанд өөрийн асрамжид байлгаж, өсгөн хүмүүжүүлсэн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА