Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 113/ШШ2019/0003

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Б” ХХК

“Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч А.М, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Е, түүний өмгөөлөгч З.Г, Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “”Э” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлжин толгой” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад гаргасан.

Уг талбайд манай компани хамгийн түрүүнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн байсан.

Түгээмэл тархацтай ашигт малтамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан аж ахуйн нэгж нь хуулинд заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байна.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь манай компанийн өргөдлийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байхад буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Б” ХХК-ийн өргөдлийг давхар хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А/327 дугаар захирамж гарган түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д олгохоор хууль бус захирамж гаргасан байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь “Б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргасныхаа дараа 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1284 дугаар албан бичгээр манай өргөдлийг хянан шийдвэрлээд зөвшөөрөл олгохоос татгалзсан талаар хариу ирүүлсэн болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд Засаг дарга нэг дор 2 өргөдөл хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй, тус хуулийн 14 дүгээр зүйлд өргөдлийг бүртгэж хянан шийдвэрлэх ажиллагаа нь өргөдөл тус бүрээр хянан шалгаж шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу “Б” ХХК-ийн талбай нь түрүүлж өргөдөл ирүүлсэн манай компанийн талбайтай илэрхий давхардсан байтал Засаг дарга нь хууль зөрчин “Б” ХХК-д олгосон байдаг.

Иймд Говьсүбмэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамж нь:

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно гэсэн заалтыг зөрчиж дараагийн хуулийн этгээд буюу “Б” ХХК-д олгосон
  2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж давхардсан талбайд тусгай зөвшөөрөл олгосон
  3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт Засаг дарга өргөдлийг шалгуулахаар Төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэхээр заасан бөгөөд энэ ажиллагаа хийгдсэний дараа мөн зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар хуульчилсан байна. Гэтэл “Б” ХХК-ийн өргөдлийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан даруйдаа цахим хэлбэрээр Төрийн захиргааны байгууллагад шалгуулахгүйгээр, уг дарааллыг алгасч 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсан нь илтэд хууль зөрчсөн байна.
  4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд хуулийн этгээдийн өргөдлийг давхардуулан хянан шийдвэрлэх талаар зохицуулалт огт байхгүй байхад “Э”, “Б” ХХК-ийн өргөдлийг хамтад нь хүлээн авч шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

          Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь хууль зөрчин 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосны улмаас манай компанийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2 дахь хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ.

           Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...”Э” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлжин толгой” гэдэг газар 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

          Өргөдлийг хүлээж аваад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүлтийг хийсэн. Тус газарт 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Б” ХХК мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байсныг хуулийн дагуу хүлээн авч анхан шатны шүүлт хийсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 2 компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахад “Б” ХХК-д олгох тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргасан.

          Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул “Э” ХХК-ийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

          Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...”Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамж илтэд хууль бус шийдвэр биш учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

          Говьсүмбэр аймгийн Засаг даргад “Э” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, “Б” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч хуульд заасны дагуу ажиллагаа хийж, тус 2 компанийн материалыг тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахад тус хурлаас “Б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал гаргасан байдаг.

          Мөн Ашигт малтмал газрын тосны газраас “Б” ХХК-ийн хүссэн 182.47 га талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан талбайтай давхцаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг мөн адил ирүүлсэн байдаг.

          Эдгээрийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Засаг дарга “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргасан нь илтэд хууль бус шийдвэр биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулж Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” тухай  А/327 захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргад “Э” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “...тус аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ордын лиценз эзэмших хүсэлтэй байгаа тул...” гэсэн хүсэлт, “Б” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “...тус аймгийн Шивээговь сумын “Дөрвөлж толгой” хэмээх газарт түгээмэл тархацтай хайрга, дайрганы геологийн хайгуул судалгаа хийх хүсэлтэй байгаа...” гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж,

14 дүгээр зүйлийн 14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж,

14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж,

14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж,

14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл хуульд заасан анхан шатны бүрдлийг хангасан бол төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж, тус байгууллага нь хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар мэдэгдэж, энэ мэдэгдлийг хүлээн авмагц аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга “Э” ХХК, “Б” ХХК-иудаас гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу бүртгэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийхэд бүрдлийг хангасан байсан тул “Э” ХХК болон “Б” ХХК-иудын гаргасан хүсэлтийг хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан[1] нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч аймгийн Засаг даргаас хуульд заасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичигт анхан шатны шүүлт хийсний дараа шаардлага хангасан, хамгийн түрүүнд гаргасан өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар хандаж, улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуг үндэслэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Б” ХХК-ийн гаргасан өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичгийг цахим хэлбэрээр хүргүүлж, тус байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6685 дугаар дүгнэлтийг хүлээн авч Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

Зүй нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга “Э” ХХК болон “Б” ХХК-уудын гаргасан хүсэлтийг шаардлага хангасан гэж бүртгэсэн тохиолдолд хамгийн түрүүлж гаргасан “Э” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан давхцалтай эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хандаж хариу авсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” тухай  А/327 захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 14.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗУЛ

 


[1] ХХ-ийн 4, 5, 79-88 дугаар талууд