Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0372

 

 

 

                                                                                  Л.Г, Э.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгч: Л.Г, Э.Б нар

    Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

    Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Б-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв, Л.Г-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв талбай газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах”;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0215 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0757/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нараас НЗД-д холбогдуулан “НЗД-ын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Баатарсүрэнд “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв,  Л.Г-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв талбай газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0215 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г, Э.Б нараас НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Г, Э.Б нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан НЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Б-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв газрыг, Л.Г-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх захирамж гаргахыг НЗД-д даалгаж” шийдвэрлэжээ.

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У давж заалдах гомдолдоо:

           3.1. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Э.Б-д “Survey of porigono” XXK-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв газрыг, Л.Г-д “Survey of porigono” XXK ийн үйлдсэн 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх захирамж гаргахыг НЗД-д даалгах байсан.

3.2. Яг энэ асуудлаар иргэн Э.Б, Л.Г нар нь НЗД-ын 2018 оны А/1177 дугаар захирамжийн Н.Наранчимэг, Г.Чулуунцэцэг, Д.Галбаатар, 3.Үнэнбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нарт нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйл үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Баатарсүрэнд "Survey of porigono" ХХК-ийн үйлдсэн 524.3 м.кв, Л.Г-д 467.4 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 59 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.

3.3. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд нэхэмжлэгч Э.Б, Л.Г нар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргад хандан газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн боловч нийслэлийн Засаг дарга татгалзсан хариу өгсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхой бичсэн. Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 59 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолд тус тус нэхэмжлэгч нарын эзэмших эрх олгохыг даалгах шаардлагыг хангахаас нэгэнт татгалзаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу татгалзах нь зүйтэй гэж үзэж байна.

3.4. Маргаан бүхий газарт газар эзэмшиж байсан иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож шийдвэрлэсэн ч, дахин эзэмших эрх олгох асуудал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацааны төлөвлөгөөнүүд бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь нэг жилийн хугацаанд хэрэгжих богино хугацааны төлөвлөгөө тул урт хугацааны төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөлтэй нийцүүлэн шийдвэрлэх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий юм.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

ХЯНАВАЛ:

        1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

        2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. 

        3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

        4. Нэхэмжлэгч нараас “...НЗД-ын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...12 жилийн турш амьдарч байгаа газраа гэр бүлийн зориулалтаар эзэмших хүсэлт гаргаад байхад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус, өөр этгээдэд давхцуулан олгосон байгаа нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

         Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөлтэй нийцүүлэн шийдвэрлэх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий” гэж тайлбарлан маргажээ.

       5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нараас маргаж буй газар болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон  сууцын зориулалтаар Н.Наранчимэг, Г.Амартүвшин, Д.Галбаатар, Г.Чулуунцэцэг, З.Үнэнбат нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн дээрх иргэдэд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

       6.  Дээрх шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсанаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх маргаан бүхий актын нэр бүхий иргэдийн давхцал бүхий хэсэг хүчингүй болсон байх ба мөн уг шүүхийн шийдвэрийг үндэслэж НЗД-ын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/179[1] дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Н.Наранчимэг, Д.Галбаатар, З.Үнэнбат, Д.Ган-Оч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон. 

       7. Түүнчлэн нэхэмжлэгч Л.Г, Э.Б нарын газар эзэмших хүсэлт гаргасан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Тайн” гэсэн нэртэй газар нь 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор[2] болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолуудад[3] “гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх”-ээр тусгагдсан болох нь нотлогдож байна.

        8. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Л.Г-д “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйл дэх заалтуудыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй байна”, Э.Баатарсүрэнд “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн татгалзсан хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж заасантай нийцээгүй байна.

       9. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн тодорхой шийдвэр гаргуулахыг хүсэж түрүүлж гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсөн атлаа уг газарт өөр иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд нийцээгүй, төрөөс газрын талаар баримтлах зарчмыг зөрчсөн буруутай гэж үзэхээр байна.

      10. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал хууль бус тул нэхэмжлэгч Э.Б-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв, Л.Г-д “Survey of porigono” ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв талбай газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

       11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                        

                                                                                                 

 

                          

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

 

 

                    ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

 

 

                    ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 182 дахь тал

[2][2] Хавтаст хэргийн 119 дэх тал

[3] Хавтаст хэргийн 56-59 дэх тал