Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00317

 

 

 

 

 

 

 

                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух, РД62070801 дугаар регистртэй, Тэргүүн овогт Лундаагийн Цэрэнхандын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2017/00236/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Л.Цэрэнханд нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэнханд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал”  нэгдэлд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр малчнаар элсэн ороод 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй хоньчин, саальчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, авч байсан цалин хөлсний баримтад зарим сарыг орхин, нэг сар дээр нь бөөнөөр бичилт хийсэн зэргээс болоод миний ажиллаж байсан хугацааны зарим жил тооцогдохгүй болоод байна. Мөн шагнал урамшуулал авч байсан  ч алга болгосон. Иймд миний Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Цэрэнханд нь ажиллаж байсан  байдал   тогтоолгох   тухай   хүсэлт   гаргасан   ба

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.     

Нэхэмжлэгч Л.Цэрэнханд Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Цэрэнхандын 1978 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1978 онд малчдын чуулга уулзалтад оролцож нэгдлийн гишүүдийн хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Т.Дашдоржийн “...Би Л.Цэрэнхандын Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1978 оны 06 сараас 1989 оныг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан талаар нь мэднэ. Одоо ч малаа маллаж байгаа. Ноднин аймгийн сайн малчин болсон, сумын 2 удаагийн мянгат малчин байгаа юм... 1978 оны 06 сард намайг цэргээс халагдаж ирээд ажилд ороход ажиллаж байсан юм... Ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан… цалин хөлсийг бөөн бөөнд нь бичсэн байж магадгүй. Тухайн үед багадаа 50 орчим төгрөг, ихдээ 100 гаран төгрөг л авдаг байсан юм. Тэр үед ажилгүй хүн гэж байхгүй, ажил хийхгүй бол арга хэмжээ авахуулдаг, донгодуулдаг байсан шүү дээ... Би Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1971 оноос 1990 он хүртэл хугацаанд үхэрчин, хоньчин зэрэг ажил нэгдлийн бүх л ажлыг хийж үзсэн дээ. Мөн баримт байхгүй, хагас дутуу гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсан. 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1978 оны 06 сард халагдаж ирж байсан. Тэгээд нэгдэлд ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бадраагийн“...Л.Цэрэнханд нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1978 оны 01 сараас 1989 оныг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан. Бид хамт тус нэгдэлд 1978 оноос 1989 оныг дуустал хугацаанд хамт ажиллаж байгаад хувьчлалын үеэр аймгийн төвд шилжин ирсэн... Ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан. Малчин, төлчин, саальчин хийдэг байсан... цалин хөлс нь яагаад дутуу бичигдсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед цалин хөлсийг тоо бүртгэгч л гаргадаг байсан юм. Тэгээд бид хөдөлмөрийн дэвтэрт бичүүлдэг байсан... Би Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1977 оноос 1990 он хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Л.Цэрэнхандын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Тус аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Цэрэнхандад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/100 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэргүүн овогт Лундаагийн Цэрэнхандын Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА