Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 191

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор,

өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0183/Э индекстэй, эрүүгийн 2015002390181 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогтой С.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч С.Т  нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ...ийн нутаг “С” гэх газарт **-** УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйл, 3.4 дүгээр зүйлийн Б, 3.7 дугаар зүйлийн А-д заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуугийн далан мөргөж зорчигч Т.Н  биед хүнд хохирол, Ц.У ын биед хүндэвтэр хохирол, Н.Х , Б.Г  нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Т гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015002400187 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Ц.У ын өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 03 цагийн орчим би найз М аагаас гар утасны цэнэглэгч авчихаад сургууль руу буюу дамжааныхаа байр руу очиж явахад ангийн найз Т  над руу гараад ир гээд фэйсбүүкээр чат бичсэн. Удаагүй намайг цагаан өнгийн приус-20 машинтай Г , Т , Х , Н  нар ирж аваад машинтай бунхан гарсан. Би машины хойд суудлын голд нь суугаад унтаад явсан. Намайг унтахад машиныг Н  бариад явж байсан. Би Булган сумаас гарахад буюу Цагаан хаалга өнгөрөөд унтаад өгсөн. Намайг унтахад 04 цаг өнгөрч байсан. Тэгээд унтаад явж байтал Г , Х  хоёр хоёр талд /ааа/ гээд хашгирсан. Тэгсэн чинь машин 2 тал руугаа дайвалзсан. Тэр үед би сэрээд өндийтөл машин онхолдсон. Тухайн үед юу болж байгааг анзаарч амжаагүй нэг сэрсэн чинь миний толгой өвдөөд урд сууж явсан Т , Н  хоёр машинаас гарч, Х  бид хоёрыг нэг нэгээр маань машинаас гаргаж ирсэн. Тэгээд Т  машин унагаачихлаа яах гэж машин барив аа гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Н.Н гийн өгсөн: “...Т  машиныг барина гэж хэлээд жолооны ард суусан. Би жолоочийн эсрэг талд суугаад Г , Т гийн чанх хойно, Х  болохоор миний чанх хойд суудал дээр, голд У  суугаад хөдөлсөн. У  унтсан чигээрээ явсан. Тэгээд машин хөдлөөд би хойшоогоо суудлаа налаад зүүн гар тал руугаа хараад явж байхад машин гэнэт хоёр тал руугаа дайвалзсан. Тэр үед би юу болоод байна гэж бодоод Т  рүү харахад Т  жолооны хүрдийг хоёр тийш нь ээлжилж эргүүлээд байсан. Тэгээд зүүн гар тал руу жолооны хүрдийг Т  дарахад машин замын хажуу руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 40-42 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Х гийн өгсөн: “...Яг хэдэн цагийн үед Булганаас Орхон сум руу гарсныг мэдэхгүй байна. Бид хэд шууд цаашаа гараад Орхон голын гүүрэн дээр очсон. Тэгээд хэсэг явж байгаад Т  тээврийн хэрэгслийг барина гээд жолооны ард суугаад Г  жолоочийн чанх хойно суусан. Хөдлөөд удаагүй би юм бодоод сууж байхад машин 2 талруугаа дайвалзсан. Би юу болж байгааг харах хооронд машин замын хажуу руу ороод юм мөргөөд машин өөрөө эргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 40-42 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Г гийн өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед гар утсаа авч фэйсбүүк чатад ороход Х  над руу чат бичсэн. Тэгээд бид хэд ахын машинтай гараад би Х  руу машинтай очиж байна, гараад ирээч гэж чат бичсэн. Тэгээд эхлээд Х г гэрээс нь очиж аваад дараа нь колонкоос бензин машиндаа хийгээд дараа нь У ыг 1-р сургуулийн хойноос очиж авсан. Энэ үйл явдлаас хойш болсон зүйлийг санахгүй байна. **-** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай төрсөн ах Г ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн осол гарах үед хэн жолоодож явсныг санахгүй байна. Надтай хамт явсан найзууд маань намайг эмнэлэгт байхад Т  жолоо барьж явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г ын өгсөн: “...Г гийн биеийг үзүүлж харуулахад нийт 600.000 төгрөгний зардал гарсан. Би Т гийн ээжээс тээврийн хэрэгслийн гадна эвдрэлийн үнэлгээ болох 4.800.000 төгрөг авсан. Харин Г гийн эмчилгээний мөнгийг аваагүй байгаа. Надад Г гийн эмчилгээнд гарсан мөнгийг 9 сард багтааж өгнө гэж ярьж тохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №197 дугаартай “...Т.Н гийн биед цээжний битүү гэмтэл, зүүн талын уушигны авчилт, цээжний хөндий дэх хий хуралдалт, цээжний урд дээд хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд ба тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Цээжний хөндийн битүү гэмтэл, зүүн уушигны авчилт, цээжний хөндий дэх хий хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний урд дээд хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/

Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №193 дугаартай “...Ц.У ын биед зүүн шилбэний дотор хавчаар ясны ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-62- дугаар хуудас /

Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №196 дугаартай “...Б.Г гийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хацарт шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, баруун хацар, цээжний зүүн хэсэгт, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүдийн баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, баруун хацар, цээжний зүүн хэсэгт, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун хацарт үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд ба тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-73 дугаар хуудас/

Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №192 дугаартай “...Н.Х гийн биед баруун шилбэнд цус хуралдалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “...Жолооч С.Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт зааснаар Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4 дүгээр зүйлийн Б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээврэлэхгүй байх, 3.7 дахь хэсгийн А-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 83- 84 дүгээр хуудас /

Тольдох оюуны өгөөж ХХК-ны №210190 дугаартай “...**-** УАЕ улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг 4.709.500 төгрөгөөр тогтоосон...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-97 дугаар хуудас /

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч С.Т  нь 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ...ийн нутаг “С” гэх газарт **-** УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйл, 3.4 дүгээр зүйлийн Б, 3.7 дугаар зүйлийн А-д заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуугийн далан мөргөж зорчигч Т.Н д хүнд хохирол, Ц.У ын биед хүндэвтэр хохирол, Н.Х , Б.Г  нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 194, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 193, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 192, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Т гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.У , Т.Н , иргэний нэхэмжлэгч Н.Х , Б.Г а нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

  Өсвөр насны шүүгдэгч С.Т  нь “авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, өсвөр насны шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулах саналыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Т д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч А овогтой С.Т г тээврийн хэрэгсэлжолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаарөсвөр насны шүүгдэгч С.Т д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаарөсвөр насны шүүгдэгч С.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
  5. Өсвөр насны шүүгдэгч С.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-тзааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч С.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН