Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 194

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч  Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч  О.Г , түүний өмгөөлөгч  М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г д холбогдох 163/2020/0184/Э индекстэй, 2015000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр  Сэлэнгэ  аймгийн Орхонтуул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт  ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овгийн О.Г,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч О. Г   нь 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих  шөнө  ...ийн  нутаг  “А”  гэх газраас иргэн Т.А гийн нэг тооны морийг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000180 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Т.А гийн өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө аргамжаатай байсан хүрэн зүсмийн дэгрээ тамгатай хөхөл сойлготой морио өөрийн бэлчээрээс алдсан. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Б  гэх хүн залгаж морийг чинь  ... эзэнгүй хашаанд чөдөртэй байна гэж хэлэхээр би явж очоод цагдаагийн байгууллагад  хандсан. Би өөрийнхөө адууг “А”-ийн өөрийн бэлчээр дээрээс  аргамжаад өөрөө гэртээ очиж амраад 2020 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 6 цагийн үед очиж шалгахад алга байсан..., би өөрийн адууг амьдаар нь хүлээж авсан учир  гомдолгүй. Харин уг адууг аргамжаанаасаа алдсан өдрөөс хойш шатахуун хийж адуугаа хайхад 70.000 төгрөг зарцуулсан. Тэгээд өнөөдөр Булган аймгийн  төвд ирж мэдүүлэн өгөх, хэргийн материалтай танилцахаар мөн  машинтай хүн гуйж 130000 төгрөг өгөөд ирсэн.  Нийт 200000 төгрөг нэхэмжилж  байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...2020 оны  7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  ... гэх газраас өөрийн бэлчээрээс оройн 22  цагийн үед хоёр чих нь цуулбар, баруун ташаандаа дэгрээ тамгатай сартай хошуу цагаан улаан хээр  адуу, нэг  чих нь  цуулбартай, буруу гуяндаа дэгрээ тамгатай  хүрэн адуугаа  алдсан.  Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын  22ны өглөө   эрт 05 цагийн үед  гэрээсээ  гараад адуундаа яваад 2 адуугаа алдсаныг мэдээд хайж эхэлсэн.  Орон аймгийн Баян-Өндөр сумын  эргэн   тойрон  2 адуугаа хайж явахдаа  ... эзгүй  ногоон өнгийн төмөр  хашаанд хүрэн адуу байхыг  харсан. Тэгээд  очоод  хартал манай нутгаас алдсан адуу байна  гэдгийг мэдээд эзэн болох Т.А д хэлсэн. Т.А  ирээд манай адуу мөн байнга гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа ирсэн. Би Т.А г адуугаа алдсаныг мэдээгүй, өөрийнхөө хоёр адууг хайж  явахад сэжиг бүхий эзгүй ногоон өнгийн төмөр хашаанд чөдөрлөөд орхисон хүрэн адуу байхаар нь очиж шалгахад нутгийн Т.А гийн адуу болохыг мэдээд утсаар хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Яллагдагчаар О.Г ын өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 22-нд би  Орхон аймагт байсан. Тэгээд шөнө 02 цагийн үед  А гийн зусаж байсан газар луу алхаж очоод гэрийн ойролцоо байсан аргамжаатай хүрэн зүсмийн  морийг  унаад Орхон аймагт эзэнгүй байсан танихгүй айлын хашаан дотор хашааны шонгоос уяад эгчийнх рүүгээ харьсан. Тэгээд харьчихаад өдөр очиж авах гэтэл  баахан хүмүүс ирчихсэн байсан.  Тэгээд намайг очиход тэр хүмүүс цагдаа дуудсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад авч явсан.  А г гэдэг хүнийх манай аавын хажууд өвөлждөг байсан  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн  газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 23-24 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 900000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г  нь 2020  оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө  ...ийн нутаг  А гэх газраас  иргэн  Т.А гийн нэг тооны  морийг хулгайлж 900000 төгрөгний хохирол учруулсан, болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

Шүүгдэгч О.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч Т.А  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4/77 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Иймд шүүгдэгч О.Г ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Г  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэргийн хохирогч Т.А д 900000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдсан хүрэн зүсмийн  морио буцаан авсан. Морио эрж хайсны зардал болох 200000 төгрөгийн учирсан ба шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн.

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасныг тус тус журамлан, дээрх зүйл хэсэгт зааснаар  1 жил тэнсэж үүрэг  хүлээлгэх,  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Г  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч О.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Зудрага овогт О.Г ыг бусдын малыг хулгайлах гэмтхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгтзаасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г д оногдуулах хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-дзааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч О.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй,иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ж.ДЭЛГЭРМӨРӨН