| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0187/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 195
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
улсын яллагч Э.Гантулга,
Насанд хүрээгүй хохирогч Х.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Л.С ,
Иргэний нэхэмжлэгч В.Ө ,
шүүгдэгч Х.М , түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0187/Э индекстэй, эрүүгийн 2015002030158 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ... гэх газарт эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлжбайгаагүй, Т овогтой Х.М.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч Х.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 21-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ... ийн нутагт байрлах асфальтан замд **-** УНЦ улсын дугаартай Toyota bluebird загварын тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 12.2, 12.3, 11.3, 3.7-а дахь заалтуудыг тус тус зөрчиж замын эсрэг талын төмөр шонг мөргөж, улмаар эсрэг урсгалд зорчиж явсан **-** ӨВР улсын дугаартай Toyota Rav-4 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Х.Э гийн биед хүнд хохирол, Г.Э ийн биед хүндэвтэр хохирол, Л.О , Н.Г нарын биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч В.Ө т 6.965.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М ий өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С ын өгсөн: Миний охин Х.Э д зүүн талын нүдний ухархайд дагзны цөмрөл, нүүр эрүүгээрээ цөмрөлттэй гээд сэтэг тавиулсан. Хохирол төлбөрт 3200000 гаран төгрөг өгсөн яг баттай мөнгөн дүнг санахгүй байна. Одоо 11 дүгээр сард эрүү, нүүр орчим тавиулсан сэтэгээ авахуулна. Баруун талын хөлний гэмтэл маш их удаан эдгэрэлттэй байгаа. Өнөөдрийг хүртэл таягнаасаа гараагүй байдалтай байна.
Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч В.Ө ын өгсөн: Миний машиныг 8500000 төгрөгөөр үнэлсэн. Би үнэлгээнээс гаргасан мөнгөн дүнг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Энэ мөнгөн дүнгээс 5 сая төгрөгийг надад өгсөн. Автобусны билет онлайнаар захиалсан учир баримт гаргаж авч чадсангүй. Мөн Оч буудалд хоносон баримт гаргаж өгөөгүй учир авсангүй гэв.
2015002030158 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Насанд хүрээгүй хохирогч Х.Э гийн өгсөн: “...Тухайн үед би машины жолоочийн эсрэг талын суудлын ар талд сууж байсан юм. Ослоос болж миний баруун хөл хугарсан. Зүүн талын гавар тархи гэмтсэн. Хамрын самсаа чихэгдсэн, зүүн талын нүдний ухархай цөмөрсөн, зүүн талын хацар хэсэг цөмөрсөн. Тэгээд би зүүн хацартаа 14-15 оёдол тавиулсан. Амныхаа дотор талд 8 оёдол тавиулсан. Зүүн талынхаа нүдний ухархаа хэсгээ төмрөөр нөхүүлсэн. Би 2020 оны 11 сард хагалгаанд орж нөхөлт хийлгэсэн төмрөө авахуулна. Миний хугарсан хөлний эдгэрэлт удаан байгаа би одоог хүртэл хөл дээрээ гишгэж чадахгүй байна. Миний зүүн талын нүд маань осол гарсан цаг хугацаанаас эхлэн юм харахгүй байгаа би тэрэндээ маш их бухимдаж байна. Мөн миний зүүн талын нүднээс нулимс их гарч нуух их тогтдог болсон. Миний нуруу толгой хоёр байнга өвдөж байгаа би орой унтаж чадахгүй толгойны эм ууж унтдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Г ын өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 24ний өдөр найз О ын машинд эхнэр О , охин Э , эхнэрийн дүү Э , эхнэрийн бага дүү Э нарын хамтаар Өвөрхангай аймаг руу хөдөлсөн. Тэгээд Булган аймгийн Рашаант сумын нутагт явж байхад эсрэг урсгал болон урд талд ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй. Тэгээд би хөгжимний дуу солих гээд доошоо тонгойж байгаад өндийгөөд хартал нэг тээврийн хэрэгсэл шууд манай машиныг мөргөх шиг болсон. Тэгээд гэнэт ухаан ороход манай найз О тээврийн хэрэгслийн цонхоор гарч байсан. Бидний сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж ирээд мөргөчих шиг болсон. Мөн тухайн жолоочоос архи үнэртэж байсан..., эмчилгээнд 350.000 төгрөг зарцуулсан боловч М эс бага багаар хэрэг шийдэгдсэний дараа авахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37, 45 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.О гийн өгсөн: “...Хэрэг болсон талаар сайн мэдэхгүй байна. Унтаж явж байсан нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн... Би охин Э ийн биед учирсан гэмтэл болон шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Э ийн зүүн хөлний дунд хуруу нь хугарсан. 300.000 төгрөг нэхэмжилж байна. Х.М нь 32.000 төгрөгөөр эм авч өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч В.Ө ын өгсөн: “...2020 оны 05 сарын 24-нд хүү О , найз Г тай Өвөрхангай аймагт очиж найзынхаа хүүхдийн үсний найранд гэр бүлээрээ явцгаасан. Тухайн үед манай хүү О **-** ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. 5 сарын 25-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна миний утас дугараад О Өвөрхангай явах замдаа Сансарын наана авто аваар болжээ согтуу жолоочтой мөргөлдсөн байна гэж эхнэр Д надад хэлсэн. Тэр зүйлийг мэдээд манай гэр бүлийнхэн Өвөрхангайгаас гарсан. Газар дээр очиход манай О ын барьж явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талаас нь мөргөж замаас нь гаргасан зүйл болсон байна гэж хэлсэн... Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 07 сарын 24-нд ДаХүрээ захаас 8.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би машинаа бүтэн болгож авмаар байна эсвэл миний машинтай үнэ дүйцэхүйц машин авмаар байна би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/,
Гэрч Ө.О ын өгсөн: “...хотоос өөрийн аав Ө ын эзэмшлийн RAV-4 загварын тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн найз болох Г , О , дүү Э болон хүүхдүүд болох Э , Э нарын хамт хөдөлсөн.
Тэгээд би дандаа тээврийн хэрэгслийн жолоог барьж явсан. Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт буюу осол болсон гэх газарт ойролцоогоор шөнийн 12 цагийн үед явж байхад миний урд талд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд эсрэг урсгалаас нэг тээврийн хэрэгслийн гэрэл гарч дөхөж байснаа гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн үед би айж сандарсан мөн гэнэт байсан тул зогсоох арга хэмжээ авч амжаагүй байхад уг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “жолооч Х.М нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын****** тоот эрхийн үнэмлэхтэй боловч 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна. Жолооч Х.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан "...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэх Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,
Насанд хүрээгүй хохирогч О.Э ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №300 дугаартай “...О.Э ийн биед зүүн хөлийн тавхайн 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6358 дугаартай “...Л.О гийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хацарт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 85 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6357 дугаартай “...Н.Г ын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт шарх, дух, баруун нүдний зовхи, баруун шилбээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 89-90 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6364 дугаартай
“...Х.Э гийн биед баруун дунд чөмөгний доод 3/1-ийн зөрүүтэй ил хугарал, зүү гайморын хөндий болон зүүн нүдний ухархайн бүх хананы олон ясны сэлтэрхий үүсгэсэн гавлын суурийн хөндий рүү үргэлжилсэн бяцарсан зөрүүтэй далд хугарал, зүүн хацрын нум ясны ил хугарал, зүүн гадна талын жигүүр сэртэнгийн хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн урд хэсгийн хатуу хальсан доорх нимгэн цусан хуралт хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 98-100 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ны №1443 дугаартай “**-** ӨВР улсын дугаартай Тоёота RAV-4 загварын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг “шууд зардал 6.245.000 төгрөг, шууд бус зардал 720.000 төгрөг нийт 6.965.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 107-108 дугаар хуудас/
2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн №01 дугаартай “...жолооч Х овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7-а заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. 11.3 дахь хэсэгт заасан”...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн магадлагаа /хх-ийн 113 дугаар хуудас/,
Яллагдагчаар Х.М ий өгсөн:...гэм буруугаа хүлээж байна..., миний буруу нойрмоглосны улмаас уг зам тээврийн осол гарсан, би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг гаргахгүй” гэх /хх-ийн 131 дүгээр хуудас/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 21-нөөс 25нд шилжих шөнийн 01 цагийн орчим ... ийн нутагт байрлах асфальтан замд **-** УНЦ улсын дугаартай Toyota bluebird загварын тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 12.2, 12.3, 11.3, 3.7-а дахь заалтуудыг тус тус зөрчиж замын эсрэг талын төмөр шонг мөргөж, улмаар эсрэг урсгалд зорчиж явсан **-** ӨВР улсын дугаартай Toyota Rav-4 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Х.Э гийн биед хүнд хохирол, Г.Э ийн биед хүндэвтэр хохирол,
Л.О , Н.Г нарын биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч В.Ө т 6.965.000 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон шүүх эмнэлгийн шинжээчийн №300 дугаартай “...О.Э ийн биед зүүн хөлийн тавхайн 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх, шинжээчийн №6358 дугаартай “...Л.О гийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хацарт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх, шинжээчийн №6357 дугаартай “...Н.Г ын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт шарх, дух, баруун нүдний зовхи, баруун шилбээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэх, шинжээчийн №6364 дугаартай “...Х.Э гийн биед баруун дунд чөмөгний доод 3/1-ийн зөрүүтэй ил хугарал, зүү гайморын хөндий болон зүүн нүдний ухархайн бүх хананы олон ясны сэлтэрхий үүсгэсэн гавлын суурийн хөндий рүү үргэлжилсэн бяцарсан зөрүүтэй далд хугарал, зүүн хацрын нум ясны ил хугарал, зүүн гадна талын жигүүр сэртэнгийн хугарал, тархины хоёр талын духны дэлбэнгийн урд хэсгийн хатуу хальсан доорх нимгэн цусан хуралт хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох нь Замын хөдөлгөөний дүрмээр хориотой, энэ үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч энэ хор уршигт хүргэхгүй гэж өөртөө найдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.М хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Э гийн биед хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Г.Э ийн биед хүндэвтэр хохирол, хохирогч Л.О , Н.Г нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.М нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С 1.429.357 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Ө т 3.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Н.Г 350.000 төгрөг, Л.О 332000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Х.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлөхөө ирэлхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Х.М нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, эхнэр болон 2 хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 133-134 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Т овогтой Х.М ийг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Х.М ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дзааснаар шүүгдэгч Х.М д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.М д мэдэгдсүгэй.
Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтбитүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзааснаар шүүгдэгч Х.М эс 3.500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ... од оршин суух Б овогт В.Ө-т, насанд хүрээгүй хохирогч Х.Э гийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот ...од оршин суух Т овогт Л.С-д 1.429.357 төгрөгийг олгож, иргэний нэхэмжлэгч Н.Г , Л.С , Л.О нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН