| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2016/01026/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт П.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, н байранд оршин байрлах,ТГт холбогдох,
“Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ТГ дэргэдэх ҮТАхөдөлмөрийн гэрээ байгуулж тус академид Хятад хэлний багшаар ажилд орсон. 2011 оноос хойш Хөдөлмөрийн гэрээг сунган 2016 оны 8 дугаар сар хүртэл ажилласаар ирсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар ТГ даргын тушаалаар тус академийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас 8 дугаар сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн.
Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Чын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг “... ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 4,343,570 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах” гэж нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу. Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 848,986 төгрөг /Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 3 сарын дундаж дүнд үндэслэв/. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа-2016.08.18.-2017.01.20-ны өдрийн хооронд буюу ажлын 110 хоногоор тооцож гаргасан бөгөөд 1 сарын ажлын өдрийг 21,5 хоногоор тооцсон болно.848,986/21,5=39,4897/нэг өдрийн цалин/x110 хоног=4,343,570 төгрөг” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тушаалын үндэслэлд дурдсан ТГ даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А07 дугаар тушаалаар албан хаагчдын мэргэжлийн түвшинг тогтоож, үнэлэх чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар ажлын хэсгийн удирдамж баталж, ажилчдын түвшин тогтоох үнэлгээг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийж дуусгахаар ажлын хэсэгт даалгасан байдаг.
Уг тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан удирдамжид ажилтныг үнэлэхдээ тайлан бичих, энэ нь нийт 80 оноо, энэ дотроо үндсэн ажил 40 оноо, хариуцлага, сахилга бат 20 оноо, мэдлэг ур чадвар 20 оноо гэсэн нэгдүгээр шалгалт, хоёрдугаарт ярилцлага, гуравдугаарт ерөнхий мэдлэгийн шалгалт авах гэсэн удирдамжид дурдагдсаны дагуу П.Т уг аттестатчилалд хамрагдаж үндсэн ажил 40 онооноос 40 оноо, сахилга бат 20-оос 20 оноо, мэдлэг ур чадвар 20-оос 20 оноо авч нийт авах ёстой 80 онооноос 80 оноо авч уг албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж шууд харьяалах албан тушаалтны үнэлгээ гарсныг ажлын хэсэг үнэлэхдээ 40 оноог 17, сахилга батын 20 оноог 15, мэдлэг ур чадварын 20 оноог 13 болгон бууруулж нийт 45 оноо болгон бууруулж 56,2 хувьтай F үнэлгээ авсан гэж дүгнэсэн нь хавтаст хэргийн 47-50 дугаар талд байгаа. Ярилцлагын шалгалт авсан байдаг. Ямар үнэлгээ авсан нь дурдагдаагүй. Ерөнхий мэдлэгийн шалгалтын 50 онооноос 30 оноо буюу 70 хувийн C гэдэг үнэлгээ авсан. Удирдамжийн дагуу ажлын хэсэг үзүүлэлт тус бүрийн онооны нийлбэрийг гаргаж авбал зохих оноог хуваарьт тооцон гаргана гэж заасан байх боловч нийлбэр оноог гаргалгүйгээр дүгнэлт хэсэг дээр сонсогчдын түвшин тогтоох хөндлөнгийн дүнгээс үзэхэд хариуцсан ажилтан хангалттай ажиллаагүй байна гэж бичсэн байгаа. Санал гэдэг хэсэгт тухайн албан тушаал тэнцэхгүй гэж дүгнээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гээд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан байдаг.
Энэ нь удирдамж, ТГ үйл ажиллагааны журмын 441.6.2, 441.6.7-д заасны дагуу шалгуулагчийн шалгуур үзүүлэлт тус бүрд авсан онооны нийлбэртэй харьцуулан хувиар илэрхийлэн үнэлнэ, албан хаагчийн мэргэжлийн түвшинг үнэлэхдээ ажилтны тогтвортой, ил тод байх зарчмыг баримтална, хэрэв тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ажилтан үндэслэл бүхий тайлбар гаргахаар хангана гэсэн заалтыг зөрчиж ажлын хэсэг дүгнэлт гаргасан.
Ажлын хэсгийн удирдамж 02 дугаар сарын 28-ны дотор гаргахаар заасан байдаг. 16-наас 28-ны хооронд шалгалтын процесс, үйл ажиллагааны процесс, ажилтан үнэлгээтэй танилцах, ажилтан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргана гэсэн удирдамж болоод үйл ажиллагааны журмуудыг ажлын хэсэг баримтлаагүй.
Хавтаст хэргийн 64 дүгээр талд байгаа шалгалтын үнэлгээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр П.Тд танилцуулж гарын үсэг зуруулахад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын хэсгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гарын үсэг зурсан байдаг. Хэрэв ажлын хэсэг удирдамжид заасны дагуу тогтсон хугацаандаа, тогтсон зарчмаа баримтлан ажлын үнэн зөв дүгнэж, нэгдсэн оноог гаргаагүй нь авах хамгийн нэг анхаарах ёстой үзүүлэлт нь удирдамж, үйл ажиллагааны журмын дагуу авч байгаа шалгалтын дүгнэлт хэсэг дээр 2015 оны 09 дүгээр сард явагдсан шалгалтын МУИС-ийн Ази судлалын тэнхимийн хөндлөнгийн үнэлгээг үндэслээд дүгнэлт гаргасан.
Уг хөндлөнгийн шалгалт нь МУИС-ийн Ази судлалын тэнхимээс ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжид танай байгууллага нь сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах боломжтой бол шинэчлэн боловсруулах, боломжтой бол хичээлийн цагийг нэмэх замаар суралцагсдын гадаад хэлний түвшин, мэдлэгийг дээшлүүлж анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг нь багш П.Тын алдаа дутагдал болон түүнтэй холбоотой заалт байдаггүй. Хятад хэлний багшаар 2-3 мэргэжилтэн ажилладаг.
Ажлын хэсгийн дүгнэлтээр мэдлэг ур чадварын хангалтгүй үнэлгээтэй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагч ТГ төлөөлөгч Б.Хурц шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ч.Х нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
П.Т нь ТГ даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр тушаалаар ТГ ҮТАд Гадаад хэлний тэнхимийн багшаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ҮТАйн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тогтоох комиссын үнэлгээгээр “хангалтгүй” дүн авч, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлэх чадваргүй гэж дүгнэгдсэн тул ТГ даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
ТГ даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/07 дугаар “Тушаалаар ТГ ҮТА /цаашид “ҮТА” гэх/-ийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоож, үнэлгээ өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталсан. Уг ажлын хэсэг нь удирдамжийн дагуу ҮТА-ийн нийт албан хаагчдын сүүлийн 3 жилийн ажлын үр дүн, төлөвлөгөө, тайлантай танилцан судалж, хүн тус бүртэй ярилцлага хийж, ерөнхий мэдлэгийн шалгалтыг авч нэгдсэн дүнг гаргасан болно. Уг шалгалтаар цөөнгүй албан хаагч “хангалтгүй” дүн авч албанаас чөлөөлөгджээ.
П.Тын хувьд тэрээр хятад хэлний багшийн мэдлэг, заах арга барил хангалтгүй, сонсогчдод эзэмшвэл зохих хятад хэлний мэдлэгийг өгч чаддаггүй гэж дүгнээд түвшин тогтоох ажлын хэсэг “хангалтгүй” буюу ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлэх чадваргүй үнэлгээ өгсөн байна.
Түүнчлэн П.Т нь Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасны дагуу өөрийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж байх, сонсогчдод хятад хэлний хичээлийг ойлгомжтой, үр өгөөжтэй хэлбэрээр заах, сургалтын орчин үеийн дэвшилтэт арга, техник, хэрэгсэл ашиглан явуулах, сонсогчдыг хөгжүүлэх зэрэг үндсэн зорилтуудаа хангалтгүй биелүүлэхийн зэрэгцээ анги дэвших шалгалтын комиссын сонсогчдоос авсан шалгалтын дүнг сүүлд нь засдаг зөрчил дутагдал гаргадаг байжээ. П.Т нь ТГ ҮТА-д 2011 онд ажилд томилогдохдоо өгсөн шалгалтаар хятад хэлний дунд шатны мэдлэг /48.78%/-тэй байжээ.
ҮТА-ийн сонсогчдын хятад хэлний мэдлэгийн түвшин доогуур, сайжрахгүй байсан тул 2015 оны 9 дүгээр сард ҮТА-ийн захиргаанаас хүсэлт тавьсны дагуу МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимээс ҮТА-ийн сонсогчдын хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох хөндлөнгийн шалгалтыг авсан. Уг шалгалтаар 1-р дамжааны сонсогчид 65%, 2-р дамжааны сонсогчид 70%, 3-р дамжааны сонсогчид 77%-ийн дундаж дүн авсан үзүүлэлт гарчээ. МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимээс гаргасан дүгнэлтэд үүнийг маш доогуур үзүүлэлт гэж дүгнэсэн ба тагнуулын байгууллагын тусгай албаны ажилтнуудыг бэлтгэдэг ТГ ҮТА-ийн хувьд ч энэ бол маш муу үзүүлэлт юм. Мөн ҮТА-ийн 2015-2016 оны төгсөлтийн хятад хэлний шалгалтад сонсогчдын дийлэнх нь 60-70%-ийн дүн авч, 45%-ийн чанартай төгссөн байна. 2016 оны 9 дүгээр сард ҮТА-ийн 3-р дамжааны сонсогчдоос хятад хэлний шалгалт авахад дундаж үзүүлэлт 50%-тай байна.
Дээрх байдлаас харахад П.Т нь Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан үүрэг, зорилтоо хангалтгүй биелүүлдэг, тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь харагдаж байна.
Иймд ТГ даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Т ньТГт холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацаа 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 110 хоног 4,343,570 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлүүлэх, зохих бичилт хийлгэх” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч П.Т нь ТГ Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаар тушаалаар ТГ ҮТАйн Гадаад хэлний тэнхимийн багшаар /энгийн/ томилогдон ажиллаж байсан бөгөөд ТГ 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ҮТАйн Гадаад хэлний тэнхимийн багш /энгийн/ П.Тыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан ТГ Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаар тушаал, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ТГ даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 15-16, 32, 34 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...16-наас 28-ны хооронд шалгалтын процесс, үйл ажиллагааны процесс, ажилтан үнэлгээтэй танилцах, ажилтан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргана гэсэн удирдамж болоод үйл ажиллагааны журмуудыг ажлын хэсэг баримтлаагүй.
Шалгалтын үнэлгээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр П.Тд танилцуулж гарын үсэг зуруулахад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын хэсгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гарын үсэг зурсан байдаг.
Ажлын хэсгийн дүгнэлтээр мэдлэг ур чадварын хангалтгүй үнэлгээтэй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажлаас халагдах үед П.Тын хүүхэд нь 3 нас хүрээгүй буюу 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрөн байсныг анхаарах хэрэгтэй” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...П.Тын хувьд тэрээр хятад хэлний багшийн мэдлэг, заах арга барил хангалтгүй, сонсогчдод эзэмшвэл зохих хятад хэлний мэдлэгийг өгч чаддаггүй гэж дүгнээд түвшин тогтоох ажлын хэсэг “хангалтгүй” буюу ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлэх чадваргүй үнэлгээ өгсөн байна.
П.Т нь Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, зорилтоо хангалтгүй биелүүлдэг, тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь харагдаж байна. Иймд Б/407 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж маргажээ.
ТГ дарга нь нэхэмжлэгч П.Тыг ТГ ҮТАйн Гадаад хэлний тэнхимийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” Б/407 дугаар тушаалыг гаргахдаа Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, 40.5 дахь заалт, “ТГ үйл ажиллагааны журам”-ын 441.7.6 дахь заалт, ТГ даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан “ҮТАйн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тогтоож, үнэлгээ өгөх” үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэл болгожээ.
Хариуцагч ТГ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч П.Тыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлэх чадваргүй гэж тайлбарладаг бөгөөд уг үндэслэлээ багш П.Т ҮТАйн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээгээр “Хангалтгүй дүн” үзүүлсэн гэж тайлбарладаг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
Маргаан бүхий ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл ажил олгогч болох хариуцагчТГ нь нэхэмжлэгч П.Тыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримт болох ТГ Тамгын газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ҮТАйн захирал, хурандаа Ц.Даваадоржид “... гадаад хэлний багш П.Т, Э.Дугарцэцэг нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр цуцлах болсныг дурдсан багш нарт мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авна уу” гэх 01/1482 дугаартай албан бичгээр мэдэгдсэн хэдий ч дээрх баримт нь нэхэмжлэгч П.Тд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч болохТГ нь ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтан П.Тд өөрт нь мэдэгдээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил олгогч нь П.Тд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өөрт нь мэдэгдсэн гэж тайлбарлах боловч үүнийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч П.Тыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөх үед тэрээр гурав хүртэлх насны хүүхэдтэй байсан болох нь хэрэгт авагдсан Адъяадоржийн Түвшинбаярын төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 17 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагчТГ нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох П.Тыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр гадаад хэлний багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, хуулийн дээрх заалтыг ноцтойгоор зөрчсөн байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчТГ нь нэхэмжлэгч П.Тыг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Иймд ТГ даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар тушаалаар П.Тыг ҮТАйн Гадаад хэлний тэнхимийн багшийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул П.Тыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч П.Тыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч П.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажлын 110 хоног 4,343,570 төгрөгийг нэхэмжилжээ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу П.Тын ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 848,986 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 39,487 төгрөг болох нь хэрэгт авагдсан П.Тын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн картын хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч П.Тын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны П.Тын ажилгүй байсан ажлын 110 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,343,570 төгрөгийг хариуцагч Тагнуулын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч П.Тд олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагууТГт нэхэмжлэгч П.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд хариуцагчТГ нь П.Тыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түүнд танилцуулсан байх тул нэхэмжлэгч П.Тыг хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч П.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,500 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Тд буцаан олгож, нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Тагнуулын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+84,447 төгрөг/ нийт 154,647 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Тыг ТГ ҮТАйн Гадаад хэлний тэнхимийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Тагнуулын ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,343,570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Тд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Т болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийгТГт даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч П.Т улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,500 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Тагнуулын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 154,647 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС