| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0188/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 196
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.С , Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С , Д.Ц нарт холбогдох 163/2020/0188/Э индекстэй, эрүүгийн 2015000000191 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 21-нд ...анд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүүгийн хамт ...т оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогтой Б.С,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ...т оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогтой Д.Ц ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д овогтой Б.С нь 2020 оны 8 дугаар сарын 9нөөс 10-нд шилжих шөнө ...ийн нутагт бусадтай хэрүүл маргаан үүсгэх явцдаа хохирогч Д.Ц тай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц овогтой Д.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 9нөөс 10-нд шилжих шөнө ...ийн нутагт бусадтай хэрүүл маргаан үүсгэх явцдаа хохирогч Б.С той маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.С ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Ц ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
2015000000191 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.С ийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ...ын төвд “Адуучин” тэмцээн 13-16 цагийн хооронд зохион байгуулагдсан. Адуучин тэмцээн дуусаад найзууд болох Ц , Ё , Э , Б , Д ах, У.С бид долоо Ц ийн гэрийн хашаан дотор Бориго нэртэй 2.5 литрийн хоёр сав пивыг хувааж уугаад М.С ийнд очихоор дээрх бүх хүмүүс явсан. М.С ийнд очиход Архангай аймгийн Хашаат сумын танихгүй 2-3 залуугийн хамт Ерөөл нэртэй 0.75 литрийн нэг шил архи, Боргио нэртэй 2.5 литрийн пиво хувааж ууж байсан. Ц , Ё , Э , Б , Д ах, У.С бид нар архи, пиво нараас нь хувааж уусан. Би Э ийг “хоёулаа юм ярья” гэж хэлээд Э бид хоёр гадаа гараад хоорондоо юм ярьсан. Би Э ийг “чи найзыгхаа тоохоо байжээ” гэж хэлснээс болж хоорондоо хэрүүл маргаан хийгээд бие биенийгээ заамдаад байж байхад М.С ийнд байсан бүх хүмүүс гарч ирсэн. Ц хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа алагдахаар нь би газар унасан. Ц миний дээр гарч суугаад толгой руу баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод байхаар нь би өмдний баруун халаасанд байсан цагаан өнгийн яс шиг материалаар хийсэн бариултай эвхэгддэг жижиг хутга гаргаж ирээд баруун гараараа Ц ийн нуруу хэсэг рүү нь хоёр удаа хатгахад Ц миний дээрээс боссон. Ц миний цээж, зүүн талын хавирга хэсэг рүү баруун, зүүн хөлөөрөө ээлжлээд 5-6 удаа өшиглөөд байхаар нь би зугтаагаад морио унаад яваад өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Ц ийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ...ын төвд “Адуучин” тэмцээн болсон. Уг тэмцээнд оролцчихоод орой 18 цагийн үед сумын төвд байдаг манай гэрийн хашаанд Д ах, У.С , бид гурав адуу хийж байсан. Цаана Б.С , С , Ё , Д ах, Б бид долоо М.С ийнд очихоор явсан. М.С ийн очиход Архангай аймгийн Хашаат сумын танихгүй 5-6 хүн байсан. Тэр хэд Ерөөл нэртэй 0.75 литрийн нэг шил архи хувааж ууж байсан. Б.С ,У.С , Ё тэр гурав архинаас нь хувааж ууж байсан. Д ах, Э , Б бид гурав архинаас нь уугаагүй сууж байсан. Б.С , Э , Б гурав гараад явсан. Би бие засах гээд гэрээс гарахад Э , Б.С ийн дээр сууж байхаар нь би Э ийг босгоход Б.С босож ирээд Э рүү дайрах гээд байхаар нь би яагаад байгаан гээд Б.С ийг арагш нь хоёр гараараа түлхсэн. Б.С хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэгт зүүн гараараа нэг удаа цохихоор нь би Б.С ийн баруун шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиод түлхээд газар унагаагаад дээр нь гарч цээжээр нь тэвэрээд доош нь дарахад Б.С ийн баруун гар нь миний нуруу руу хоёр удаа явах шиг болсон. Удалгүй нуруу хүйт даагаад юм урсаж байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь би Б.С ийн дээрээс нь босоход Б.С хашааны зүүн тийшээ гүйгээд явсан. Би дээлээ тайлаад М.С оор нуруугаа харуулахад хутгалсан байна, цус гарч байна ш дээ гэж хэлсэн. Гурван булаг сумын эмнэлэгт оёдол тавиулсан. Тэрнээс өөр эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.С мэдүүлэхдээ: “...Ц миний дээр гарч суучихаад намайг зодоод байхаар нь миний уур хүрээд өмдний халаасанд байсан эвхэгддэг хутгаа гаргаж ирээд нуруунд нь хатгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Яллагдагчаар Д.Ц мэдүүлэхдээ: “...Б.С над руу ирж байхаар нь би “чи яагаад намайг хутгалж байгаан гэж хэлээд баруун шанаа хэсэгт зүүн гараараа 2-3 удаа цохиод, зүүн талын гар хэсэгт нь зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гадаа харанхуй байсан болохоор яг хаана нь өшиглөж байгаагаа хараагүй...” гэх мэдүүлэг /ххийн 63 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9314 тоот дүгнэлтэнд: 1. Б.С ийн биед зүүн 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дал, зүүн хуухнагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9262 тоот дүгнэлтэнд: 1. Д.Ц ийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи /ххийн 45, 46, 47, 49, 50, 51 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ххийн 11 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44, 48 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д овогтой Б.С нь 2020 оны 8 дугаар сарын 9нөөс 10-нд шилжих шөнө ...ийн нутагт бусадтай хэрүүл маргаан үүсгэх явцдаа хохирогч Д.Ц тай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц овогтой Д.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 9нөөс 10-нд шилжих шөнө ...ийн нутагт бусадтай хэрүүл маргаан үүсгэх явцдаа хохирогч Б.С той маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.С , Д.Ц нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.С ийн биед зүүн 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дал, зүүн хуухнагт цус хуралт гэмтэл, хохирогч Д.Ц ийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9314 тоот дүгнэлт, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9262 тоот дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.С , Д.Ц нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.С , Д.Ц нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.С , Д.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.С , Д.Ц нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С , Д.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон шүүгдэгч Б.С ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ц ийг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.С , Д.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С , Д.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн төмөр бариултай эвхэгддэг тонгорог, бариул хэсэг нь 10 см, ажлын хэсэг нь 8 см, өргөн нь 0,3 см хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН