Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 198

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч А.Т ,

Шүүгдэгч Н.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М т холбогдох 163/2020/0190/Э индекстэй, 1915003130190 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Төв аймаг Заамар суманд М  ХХК-д дампын оператор ажилтай, Б од оршин суух, ял шийтгэлгүй, З овгийн Н.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М  нь 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Т ы нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтээр/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т ы өгсөн: 2020 оны 4 дүгээр сарын 24-ний орой ажлын хамт олонтойгоо хамт хог цэвэрлэгээнд явчихаад орой нь ажилд шинээр орсон залуу жинхэлсэн гээд архи авч өгнө гээд авч өгсөн. Тухайн үед зургуулаа байсан. Н.М ийн гэрийн гадна очиход гурав нь гэр лүүгээ явсан. М ийн эхнэр та нар айлын гадаа ирчихээд гэрт ор хоол ид гэж хэлсэн. Би уг нь гэрийн чинь гадаа уучихаад явлаа гэж хэлсэн тэгэхэд ор гээд орсон. Гэрт нь ороход Н.М  болон өөрөө машиныг нь янзалж байсан гэсэн найзтайгаа 0,5 шил архи задалчихсан уучихсан талдаа орсон байсан. Тухайн үед би өөрөө согтолтын зэрэг гайгүй байсан. Гэрт нь ороход би литрийн архи барьж орсон. Түүнээс би хоёр шил архитай ороогүй. Өөрөө 0,5 литрийн арха ууж байсан түүнийг оруулж намайг 2 шил архитай орсон гэж хэлээд байх шиг байна. Би найзыг нь цохисон гэдгийг санахгүй байна. Ямартай ч маргахын хувьд маргасан байхаа, одоо надад 350 000 төгрөг өгсөн. Хагалгаанд орохын өмнө би гарсан зардлаа хэлэхэд надад мөнгө төгрөг байхгүй, би цалингийн зээлтэй чиний мөнгийг нэг дор бөөн өгөх боломжгүй банк бусын зээлээ дарчихаад бага багаар илүүчилж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгэх боломжгүй ядаж нэг сая төгрөг өгчих гэхэд боломжгүй гээд тас гүрийсэн. Хагалгаанд орохын өмнө гэр бүлийнхэнтэй нь уулзсан. Тэгэхэд Н.М ийн аав, ээж бид нарт тийм зүйл огт хэлээгүй, хэлсэн бол бага багаар мөнгийг нь олж өгч болох байсан гэж хэлсэн. Одоо эмчилгээний зардал 1 650 000 төгрөгний зардал гарсан. Баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн хамрын хагалгаанд орох шаардлагатай болсон. Цохиход хамрын таславч муруйсан байна гэсэн. Чих хамар хоолойн эмчид үзүүлтэл 3-6 сарын дараа хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Хагалгааныхаа хуваарийг авч чадахгүй өдийг хүрсэн. Хувийн эмнэлэгт үзүүлж хагалгаанд орвол их төлбөр гарах байх гээд улсын эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа. 1 650 000 төгрөг нэхэмжилж байгаа энэ хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

2015002370177 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч А.Т ы өгсөн: ...би газар өвдөглөөд хоёр гараараа газар тулаад байж байхад М  миний баруун нүдний ухархайн хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь би болье гэж хэлсэн чинь Н  намайг гэрээсээ хөөхөөр нь би харихаар явсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Г.Д гийн өгсөн: “...Т  ах газар баруун бөөр хэсгээрээ газар хэвтэж байхад Н  эгчийн нөхөр Т  ахын нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн яг аль хөлөөрөө өшиглөснийг санахгүй байна..., би Т  ахыг өргөж босгоход баруун нүднийх нь доод хэсэгт нь шалбарч цус гарч байсан. Би цусыг нь арчсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Яллагдагчаар Н.М  мэдүүлэхдээ: “....Т , Л  хоёр хоорондоо маргалдсан. Л  энэ намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би найзыгаа өмөөрөөд Т г заамдаж авахад Т  намайг бас заамдсан. Т  бид хоёр хоорондоо ноцолдсон. Ноцолдож байхад баруун гараараа миний зүүн нүд орчимоор мангасдсан. Тэгэх үедээ миний зүүн нүдийг майжсан. Т  бид хоёр босож ирсэн. Би Т г арагш нь түлхэхэд Т  арагш унахдаа ширээний булан юм уу, сандлын хөл мөргөсөн байх би тэрийг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7501 тоот дүгнэлтэнд: 1. А.Т ы биед баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 52-53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М  нь 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Т ы нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч А.Т , гэрч Г.Д  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон А.Т ы биед баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун зовхинд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7501 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Н.М ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.М ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч А.Т  нь эмчилгээний зардал мөрдөн шалгах ажиллагааны үед 350.000 төгрөг авсан ба шүүгдэгч Н.М  хэн аль нь маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т  нь 1.650.000 төгрөгний нэхэмжилийн шаардлага гаргасан байх ба хавтас хэргийн 12 дугаар тал 2020 оны 6 дугаар сарын 18ны өдөр шинжилгээний төлбөр 115.000 төгрөг, Улаанбаатараас Эрдэнэт явсан замын зардал 19600 төгрөг, 13 дугаар тал 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Тэу эмнэлэг имплант 1.150.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Винпотропил 30.000 төгрөг, 14 дүгээр тал 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар хүрэл явсан замын зардал 9300 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар хүрэл явсан замын зардал 9300 төгрөг, НИК ХХК шатахууны зардал 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30.000 төгрөг, 15 дугаар тал 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Булган эм ханган нийлүүлэх эмийн үнэ 6894 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Энх фарм эмийн үнэ 8000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр СОБЦ эмийн үнэ 17200 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Булган эм ханган нийлүүлэх эмийн үнэ 78920 төгрөг, 18 дугаар тал 2020 оны 4 дүгээр сарын 28ны өдөр Medipas hospital үзлэгийн үнэ 150.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатараас Эрдэнэт хүрэх замын зардал 19600 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар хүрэх замын зардал 19600 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг орны төлбөр 40000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг орны төлбөр 301840 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ану тулга ХХК эмийн үнэ 3800 төгрөг, 20 дугаар тал 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Жаргалант эмийн сан эмийн үнэ 118500 төгрөг нийт 2.127.194 төгрөгний баримтыг ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан гэх 350.000 төгрөгийг хасаж, үлдэх эмчилгээндээ зарцуулсан 1.650.000 төгрөгийг нэхэмжлнэ гэсэн байх тул шүүгдэгч Н.М өөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.М ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.М ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.М өөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 14, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З овгийн Н.М ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролсанаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Н.М өөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Н.М өөс 1.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч ...од оршин суух Ж овгийн А.Т -д олсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН