Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Иргэн З.Л, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц холбогдох

         Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай”, 35/02/29 дугаар “Номны үнэ төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нар онлайнаар, иргэдийн төлөөлөгч Ч.Бүрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

     Нэхэмжлэгч З.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шатахууны үнэ төлүүлэх гээд акт тавигдсан байгаа. Шатахууны үнэ төлүүлэх акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Өнөөдрийг хүртэл надад энэ актыг гардуулаагүй, гарын үсэг аваагүй. Энэ талаар би яаж мэдсэн гэхээр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхээс нэхэмжлэл гардуулахад мэдсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байсныг түдгэлзүүлээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хоёр асуудлаар нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт: захиргааны акт хууль бус, хоёрдугаарт гүтгэсэн гэдэг үндэслэлээр өгсөн. Хэргийн явцад явсан километрийг мөн үнийн дүнг нэмж бичсэнийг илрүүлсэн. Шатахууны үнэ төлүүлэх тухай 35/02/27 актыг бичихдээ ******* аймгийн Засаг даргын баталсан 35-02-04 удирдамжийн дагуу гэсэн байгаа. Энэ асуудал 4 шатны хурлаар хэлэлцэгдсэн. Засаг даргын баталсан 35-02-04 дугаартай удирдамж нь хууль зүйн үндэслэлтэй биш байсан. Тухайн байгууллага тус бүр дээр удирдамж  гаргасан байдаг. Засаг дарга захирамж гаргахдаа Засаг даргын гаргасан удирдамжаас нэг хоногийн өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шалгасан. Удирдамж дээр 01 дүгээр сарын 19-ээс эхлэн 3 хоног шалгахаар байхад 01 дүгээр сарын 18-аас эхлэн шалгаад 03 дугаар сарын 06-нд актаа тавьсан байдаг. Тэгэхээр 45 хоногийн хугацаанд шалгалт хийсэн байгаа нь хууль зөрчиж байна. Шалгалтаар 2017 оны шатахууны тооцоог тулган шалгахад 1126 километр, 200 литр шатахуун зарлагдаж 4 сумд явсан нь байгууллагын болон байцаагч жолооч нарын мэдүүлгээр албан ажлаар яваагүй болох нь мэдэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа си-ийн системээр кл гэсэн нэгж байхгүй. Аудитын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталж өгсөн аудитыг хэрхэн яаж хийх талаар зааварчилж өгсөн. Үүн дээр аудитын тушаалыг дагалгүйгээр алдаа гаргасан. ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь бодлогын яам байтал байцаагч гэж орж ирсэн. Бодит байдал дээр байцаагч ажиллахгүй, мэргэжилтэн ажилладаг. Байцаагч, мэргэжилтэн гэдэг нь хоёр өөр статустай ажил байгаа. 9 үгийн алдаа байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дугаар зүйл нь төсвийн захиран зарцуулагч хэрхэн яаж ажиллах ёстой юм бэ? гэдгийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулна гэж заасан. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж байхад энэ хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дугаар заалтууд нь хэрэглэхээргүй хуулийн заалтыг хэрэглэсэн байгаа. 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэлтэй. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтыг үндэслэн тогтоох гээд гэтэл энэ нь 2012 оны Төсвийн тухай хуульд байгаа. 2017 онд акт тавихдаа 2012 оны хуулийг буцаагаад хэрэглэсэн байдаг. 2015 онд энэ зүйл заалт өөрчлөгдсөн байхад 2012 оны хуулийн заалтыг буцаан хэрэглэсэн байдаг. Албан бус хувийн ажилд явсан зардал болох өргүй зардлын 351610 төгрөгийг дарга санхүүгээр төлүүлж нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэх авлага өглөгөөр тусгахыг нягтлан бодогч Г.Ч-д даалгасугай гэж бичсэн. Шатахууны акт тавьсантай холбоотой актын төлбөр болох 351610 төгрөгийг 160054411 тоот санхүүгийн хяналт аудитын албаны төрийн банкан дахь дансанд шилжүүлэхээр заасан. Хууль зүйн заалтууд нь буруу байхад энэ мөнгийг төлөхөөр шийдвэрлээд мөн актыг зөвшөөрөөгүй байхад хаана хэзээ хэнд хандах талаар бичээгүй байсан. Шүүхээс нэхэмжлэл аваад Санхүүгийн хяналт аудитын албанд хандахад таны манай байгууллагад хандах хугацаа дууссан байна гэж хэлсэн. Тэгээд сангийн яам дахь санхүүгийн ерөнхий шинжээчид хандаад тухайн газраас шийд авч байсан. Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц акт тавихдаа хавсралт хуудсан дээр 4 удаагийн явалт гээд акт тавьсан байдаг. 4 удаагийн явалтыг ажиглаад үзэхээр 2016 оны 02 дугаар сарын 22-24 хооронд ******* аймгийн Дөргөн сум руу 294 километр 52 литр шатахуун зарцуулж явсан гэдэг. Тэгэхэд О.Б гээд байгаль орчин аялал жуулчлалын газрын жолооч нь явсан километр цагаа жолоочийн бүртгэл дээрээ бичээд өгсөн байдаг. Тухайн бүртгэл дээр 265 километр гээд 52 литрээр шатахуунаар явсан гэж бичсэн. Ж.Ц-ийн тавьсан акт, О.Баттөрийн жолооны хуудсыг харьцуулаад үзэхээр 12000 төгрөг, 29 километрийн зөрүү гардаг. 2016 оны 02 дугаар сарын 22-24-ний өдрийн хооронд ******* аймгийн төвд сургалттай байсан. Аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний 5 дугаарт нь энэ талаар дурдсан холбогдох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. 2016 оны бүтэн жилийн тайлан дээр энэ үйл ажиллагааны талаар бичсэн байгаа. Ийм ажилтай байхад гүтгэж бичсэн. Жолоочийн хэрэглэсэн жолооны хуудас солигдсон байсан.  04 дүгээр сарын 26-27-нд ******* аймгийн Дөргөн сумд 331 километр 59 литр шатахуунаар 103250 төгрөг зарцуулж явсан гэсэн. Жолоочийн хуудаснаас үзэхэд ******* аймгийн Дөргөн сумд Хар нуур орчмын загасны эргүүлд мэргэжилтнүүдийн хамт явсан гэж хэлдэг. Тэгэхээр загасны эргүүлд явсан зүйл огт байхгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явсан. Тэгэхдээ өглөө яваад орой нь ирсэн. Дөргөн сумд байдаг Хөх эргийн аарагт очоод эргэлт хийсэн. Хүмүүс алт олборлож байсан. Тухайн хүмүүсийг цуглуулаад зураг аваад сургалт хийсэн. Энэ талаар зурагнуудыг манай жолооч хавтаст хэрэгт гаргаад өгсөн байсан. Жолоочийн бичсэн, Ж.Ц-ийн бичсэн хоёрыг харьцуулаад үзэхээр 41 километрийг илүү явуулсан байгаа. О.Б 91450 төгрөг зарцуулсан гэж бичсэн байхад Ж.Ц 103250 төгрөгөөр явсан гээд 11800 төгрөгийн зөрүү гарч ирдэг. 04 дүгээр сарын 29-нд Ж.Ц-ийн бичсэн акт дээр Дөргөн сумд 261 км яваад 46 литр шатахуун 80500 төгрөг зарцуулсан гэдэг тооцоо гарсан. Гэтэл жолооч 260 километр явсан 46 литр шатахуун зарцуулсан 71300 төгрөг зарцуулсан тооцоо гараад 9200 төгрөг нэмээд бичсэн байдаг. 04 дүгээр сарын 29-нд явсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай нөхрийн ах хүнд өвчтэй байсан учир хөдөөлүүлэх ажилд оролцоод ирсэн. 04 дүгээр сарын 26-нд Хөх эргийн аараг ороод буцахдаа хадам ахдаа эм тариаг нь өгчихөөд ирсэн. Би 04 дүгээр сарын 26, 29-нд явсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин Ж.Ц явсан километр шатахууны үнийг нэмээд бичсэн байсан. 07 дугаар сарын 18-нд Дөргөн сум руу ажилтануудын хамт явсан гээд бичсэн байсан. Тэгэхэд би ажилтануудтай хамт яваагүй. Маш их ачаалалтай ажиллаж байсан. 240 километр яваад 66650 төгрөг зарцуулсан. Ж.Ц 75250 төгрөг зарцуулсан гээд 8600 төгрөг нэмээд бичсэн байдаг. Нэгдсэн дүнгээр гаргаад үзэхээр 71 километр нэмж бичээд 41970 төгрөгийг нэмж бичсэн байгааг би 3 дахь хурлын дараа олж мэдээд давж заалдах шатны хуралд хэлж байсан. Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн албаны улсын байцаагч явсан километрийг нэмж бичээд акт тавьж байгаа нь намайг хохироож байна. Санхүүгийн хяналт аудитын албанаас 01 дүгээр сард ирж шалгахдаа ХОА 2017162 гээд санхүүгийн хяналт шалгалтын гэрчилгээ олгосон. Гэрчилгээгээр зөрчилгүй санал дүгнэлтийг өгсөн байдаг. Зөрчилгүй санал дүгнэлт өгсөн байхад хоёр аудит зэрэг ороод нэг нь зөрчилгүй санал дүгнэлт өгсөн байхад нөгөө нь явсан километр цагийг нэмж бичээд акт тавьсан. ******* аймгийн санхүүгийн хяналт аудитын алба нь Улсын үндэсний аудитын харъяа Монгол улсад үйлчилж байгаа аудитын албаны хамгийн том байгууллага байдаг. Гэрчилгээг ******* аймгийн аудитын албаны ерөнхий шинжээч Галбадрах эсхүл Монгол Улсын ерөнхий аудитор цуцлах ёстой байтал тухайн хүмүүсээр цуцлуулалгүй акт тавиад явсан явдал нь дотоод аудит юм. Дотоод аудит нь хууль зөрчөөд акт тавьсан байгаа нь хуулийн хүрээний асуудал биш болсон юм. Монгол Улсын 7 хуулийн 44 зүйл заалт Засгийн газраас баталсан дүрмийн 3 зүйл заалт, нийтдээ 47 зүйл заалтыг зөрчиж энэ актыг тавьсан байдаг.

   

     Сэтгүүлтэй холбоотой актын тухайд: 2015 онд ******* аймагт байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын хэмжээний сургалт явагдсан. Үүнд Монгол Улсын бүх байгаль хамгаалагч нар, дарга нарт сургалт явагдсан. Тухайн сургалтад аймгийн байгаль хамгаалах сангаас 6 сая төгрөг зөвшөөрсөн. Тухайн 6 сая төгрөгийг зөвшөөрөхдөө аялал жуулчлалын яамны сайд Б.О-той 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 10 дугаарт байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих хурал зөвлөгөөн гээд заасан. Үүнд 17 сумын байгаль хамгаалагч идэвхитэй хамгаална гээд 6 сая төгрөг тавьсан. Гэтэл аймгийн Засаг дарга үүнээс илүү мөнгө зарцуулж чадахгүй гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/343 дугаар захирамжаар 6 сая төгрөгийг байгаль хамгаалах сангаас гаргуулж зарцуулахыг аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А-т зөвшөөрөөд хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б-ыг хяналт тавихаар захирамжилсан байсан. Захирамжилсны дагуу тухайн 6 сая төгрөг нь манай байгууллагын нэмэлтийн дансанд орж ирсэн. Нэмэлтийн дансаар орж ирээд зарцуулагдсан байдаг. Гэтэл манай байгууллагын төсвөөс мөнгө гараагүй. 6 сая төгрөг нь хүрэхгүй байсан учир аймгийн Засаг дарга дээр ороход та энэ асуудлаа өөрөө зохион байгуул гэж хэлсэн.

     ******* аймгийн дэлхийн байгаль хамгаалах сангаас нэг сая төгрөг гаргаж өгсөн. Нэг сая төгрөгийг шавиасаа авч хэрэглэсэн. Дахиад Засаг дарга дээр ороход би таныг өөрөө зохицуул болохгүй бол төсвөөсөө гаргуул гэж хэлсэн. Би төсвөөс мөнгө гаргаагүй байхад намайг төсвийг өргүй зарцуулсан гээд 2105000 төгрөгийн акт тавьсан. Санхүүгийн хяналт аудитын албаны дарга зөрчилтэйгээр удирдамж гаргасан. ******* аймгийн санхүүгийн хяналт аудитын алба нь манай байгууллагын ажлыг 01 дүгээр сарын 08-нд шалгасан байтал 04 дүгээр сарын 10-ны өдөр жилийн төлөвлөгөө баталсан байдаг. Жилийн төлөвлөгөөнд нь байгаль хамгаалах санг шалгана гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Байгаль хамгаалах санг шалгахдаа ******* аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааг нэгтгээд шалгасан. Тайлангаа тавихдаа байгаль орчин аялал жуулчлалын газрын тайлан, байгаль хамгаалах сангийн тайлан нэгтгээд тавьсан. Байгаль орчин аялал жуулчлалын тайлан төсвийн тайлан, байгаль хамгаалах сангийн тайлан нь төслийн тайлан байдаг. Энэ хоёрыг нэгтгээд тайлан гаргахаар учир замбараагүй болж байгаа. Мөн утга агуулгын маш их алдаатай.  2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоногийн санхүүгийн хяналт шалгалт хийгээд 03 дугаар сарын 06-ны өдөр акт тавьсан. Акт тавихдаа шалгалтаар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай хүсэлтээр 300 ширхэг сэтгүүлийн 2105000 төгрөг шилжүүлсэн бөгөөд сэтгүүлийг нэг ширхэгээр зарлага авч нэг ширхэгээр зарлагдсан нь уг сэтгүүлийг зах зээлийн ханшид үл нийцэх өндөр үнэтэйгээс гадна уг сэтгүүлийг 300 ширхэгийг хэвлэж юунд зарцуулсан нь тогтоогдохгүй байна гэж акт тавьсан. Гэтэл 6 сая төгрөгийг юунд яаж зарцуулах талаар Засаг дарга зөвлөмж өгсөн байтал акт тавихдаа энэ талаар авч үзээгүй. 4 шатны шүүх хуралдаан явагдахад аудитын алба болон санхүүгийн хяналт аудитын газар авч ирж өгөөгүй. Бодит байдал дээр байгаль хамгаалах сангаас Засаг даргын захирамжаар гарсан мөнгө байгаа. Мөнгөө үр дүнтэй ашиглах зорилгоор сэтгүүл хэвлүүлсэн. ******* аймгийн  байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар гээд сэтгүүл мөн байгаль эх дэлхий гээд сонин хэвлүүлсэн. Сонин хэвлүүлэхэд 500.000 төгрөг болсон. Сэтгүүлийг нэгийг 8000 төгрөгөөр үнэлээд 30 ширхэгийг 240.000 төгрөг зарцуулсан. Бүх аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ажилтнууд ирж байгаа учир тухайн байгууллагын ханыг будаад, самбарыг солиход энэ мөнгөнөөс зарцуулагдсан.

     Засаг дарга хэлэхдээ бүх аймгуудаас хүмүүс ирж байгаа учир хүндэтгэлийн хүлээн авалтыг хийнэ тухайн мөнгөнөөсөө зарцуул гэж хэлсэн. 08 дугаар сарын 03-ны өдөр бүх аймгийн төлөөлөгч 30 гаруй машинтай цуваагаар орж ирэхэд Засаг дарга хүлээн авалт хийсэн учир түүндээ өртэй байсан. Тухайн өрийг сэтгүүлийн үнээс аваад хаасан. Бүх баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Гэтэл үүнийг өргүй зарцуулсан гээд над дээр акт тавьсан. Актан дээр тавигдсан хууль нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг үндэслэсэн. Гэтэл тухайн заалтууд нь нягтлан бодогч нарын өдөр тутам гүйцэтгэх үүрэг дээр буруутгасан. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтыг үндэслээд тогтоосон. Тухайн заалт нь 2012 оны хүчингүй болсон хуулийг үндэслэсэн. Нэг ширхэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр үнэлдэг нь ямар учиртай юм бэ? гэхээр “Эхлэл *******” төрийн бус байгууллага зарлага бичиж ирэхдээ нэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр аваад манайх орлогоор авахдаа 2105000 төгрөгөөр бичээд авсан байдаг. Ямар учиртай юм бэ? гэхээр энэ сэтгүүлүүд бүгд энэ байгууллагад хөрөнгө болж орохгүй маргааш гэхэд зарцуулагдаад дуусах учир ингэж авна гэж ойлгуулсан. Үүнийг судлаад үзэхээр нэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр үнэлсэн гэж ойлгоод акт тавиад явсан байдаг. Гэтэл үүн дээр акт тавих биш алдааг нь албан даалгавар өгөөд засуулаад авах талаар зүйлчилсэн байхад албан даалгавар өгөлгүйгээр акт тавиад явсан нь буруу байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт зааж өгсөн. Тогтоох хэсгийн 2 дугаарт нь актын төлбөрийн 2105000 төгрөгийг аймгийн Төрийн банк дахь санхүүгийн хяналт, аудитын албаны дансанд 05 дугаар сарын 25-ны дотор шилжүүл гэсэн. Гэтэл ******* аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар тэтгэвэрт гараагүй тэтгэмжээ тогтоолгоогүй байхад тэтгэмжийн мөнгөнөөс 2105000 төгрөгийг ******* аймгийн дотоод аудитын газар руу шилжүүлсэн. Энэ актыг зөвшөөрөөгүй тохиолдолд хаана хэнд хандах ёстой юм бэ? гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зохицуулсан. Энэ акт нь 7 хуулийн 40 гаруй заалтыг зөрчсөн. Тухайн шалгаж байсан хүн нь Байгаль орчин аялал жуулчлалын газар болон байгаль хамгаалах санг ялгаагүй. 16 хуудас тайлан тавьсан. Түүнд ******* аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, байгаль хамгаалах сангийн бүх төсвийг хольж бичсэн. Мөн хурлын тэмдэглэл дээр хоёр өөр статустай байгууллагыг бүгдийг холиод гаргасан. Үүний бурууг над дээр бичсэн. Үнэн хэрэг дээрээ би байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Тухайн сангийн мөнгийг зарцуулах эрх ч байхгүй. Төсвийн данс төслийн данс хоёроо ялгаагүй. Төсвийн 160013001 гэсэн данснаас 2105000 төгрөг сэтгүүл хэвлэнэ гэж суугаагүй, зарцуулагдаагүй, нэг ч төгрөг аваагүй байхад төсвийг өргүй зарцуулсан гэж акт тавигдсан.

     Төсвийн дансны гүйлгээний баримтыг 4 шатны шүүх хуралдаан болоход гаргаж өгөөгүй. 2018 оны 06 дугаар сарын 11-нд над дээр сэтгүүлийн үнэ гээд 1638500 төгрөгийн акт тавьсан. Энэ ямар учиртай юм бэ? гэхээр байгууллага тохижуулсан мөнгийг хасаад тавьж өгсөн. Шатахуун дээр актай холбоотой хоёр асуудлыг хасаал сургалттай байсан үйл ажиллагааны мөнгөд акт тавьсан. Нотлогдоогүй баримтад акт тавьсан байна гээд 2018 оны 06 дугаар сарын 11-ний 38 дугаартай тоотыг зөвшөөрөхгүйгээр давж заалдах шатны шүүхэд хандаад давж заалдах шатны шүүх байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвөөс зарцуулсан уу, ******* аймгийн Засаг даргын шийдвэрээр байгаль хамгаалах сангаас зарцуулсан уу? гэдгийг тодорхой болгохоор орж ирсэн. Төслийн зарцуулагдаж байгаа 6 сая төгрөгөөс би нэг ч мөнгө аваагүй. Мөнгө данс руу орж ирэхэд манай байгууллагынхан хуваарь гаргаад өөрсдөө зарцуулаад явсан. Бүтэн хоёр өдрийн өглөөний, үдийн хоол, орой хоол мөн майхан барьсан. Гэтэл 6 сая төгрөг хаана нь ч хүрэхгүй болохоор нь байгаль орчин аялал жуулчлалын газрын мэрэгжилтнүүд урлагийн ноймруудаа өөрсдөө тоглож үзүүлээд,  сумуудаас урлаг уран сайханчдын мөнгийг нь төлж авч ирээд тэр гарсан мөнгөө өөрсдөө төлсөн. Энэ байгууллагын ажилтнууд болон би нэг төгрөгийн алдагдал гаргаагүй гэж ойлгож байтал бүгдийг намайг төлөөгүй гэж гаргаж ирж байгаа нь шударга бус гэдэг үндэслэлээр 4 шатны шүүх хуралдаан явагдаад 5 дахь шүүх хуралдаандаа оролцож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу барааг нь хараагүй мөнгөний төлөө өөрөө мөнгө төлнө гэдэг нь хууль бус учир процессийг нарийн тайлбарлаад бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. Мөн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сард манай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болсонтой холбоотой улсын хэмжээний Байгаль орчин, аялал жуучлалын газрын төлөөлөл манай аймагт цугларч “Ногоон хөгжил” нэртэй чуулга уулзалт хийсэн. Үүнтэй холбоотой Байгаль хамгаалах сангаас 6000000 төгрөг Засаг даргын захирамжаар манай байгууллагын дансанд орж ирсэн. Энэ сургалт 2015 оны 8 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд болсон. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн “Төгс” төвд хүлээн авалт хийсэн. “Төгс” төвөөс хүлээн авалтын ширээ засах гэхээр төсөв нь өндөр гараад байсан. Энэ асуудлыг хамт олны хурал дээр ярилцаж “Эхлэл *******” ТББ байгууллагаар дамжуулж мөнгө гаргаж авсан. 2 сая төгрөгөөс 38 ширхэг сэтгүүл хэвлэгдсэн нь үнэн. 38 сэтгүүлийг 21 аймгийн дарга, яамнаас ирсэн дарга нарт өгсөн. Тухайн үед бэлэг болгож өгсөн учраас гарын үсэг зуруулж аваагүй. Манай байгууллага төсөвтөө тааруулж сэтгүүл гаргаж хийсэн. Эхлэл ******* ТББ-ын дансанд шилжүүлсэн 2105000 төгрөгөөс 1638500 төгрөгийг бэлнээр авч уг хүлээн авалтанд хэрэглэсэн. Уг мөнгийг байгууллагын дансанд буцааж оруулаагүй. ******* аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны төсвийн санхүүгийн тайлангийн аудитыг 2016 оны 01 дүгээр сарын 14-17-ны хооронд ******* аймгийн Аудитын газраас хяналт шалгалт хийхэд санхүүгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас маргаан бүхий акт гарсан талаар бидэнд хэлээгүй. Мөн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

       Хариуцагч ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 70 дугаар зүйлийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль үйлчлэх үеэс эхлэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор заасан.

        ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл 2015 онд ******* аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 300 ширхэг сэтгүүл хэвлүүлэхээр материал бүрдүүлж 2105000 төгрөгийг Эхлэл ******* ТББ-ын дансруу шилжүүлсэн боловч ******* аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны санхүүгийн баримтад 1 ширхэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр орлогод авсан байдаг. Бид санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж акт тогтоосон. Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн болон бусад ажилчид 300 ширхэг сэтгүүл хэвлүүлээгүй талаар бидэнд тайлбарласан ба 1638000 төгрөгийг Эхлэх ******* ТББ-аас бэлнээр нь авч хүлээн авалтанд зарцуулсан нь баримтаар тогтоогдсон. Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахаар заасан ба төсвийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан нь уг актыг тогтоох үндэслэл болсон.

 ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл ******* аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас гомдол санал ирсэнтэй холбоотойгоор шалгаж үзэхэд зөрчил илэрсэн учраас акт тогтоосон. Өөрөөр хэлбэл тус газрын ажилчид Дөргөн сум явлаа гэж шатахуун зарцуулдаг гэсэн тул шатахууны тооцооны хуудаснаас Дөргөн сум руу явснаар шатахуун бичсэнийг нь жолоочийн тайлан болон бусад баримтуудтай тулгаж үзээд баримтыг үндэслэн уг актыг тогтоосон. Санхүүгийн хяналт аудитын албаны хяналтын улсын байцаагч нь холбогдох этгээдээс тайлбар бичүүлж авах эрх бий. Үүний дагуу Байгаль орчин аялал жуучлалын газрын жолоочоор тайлбар бичүүлж авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б өмгөөллийн үгэндээ: Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны акт гарах болсон шалтгааныг нэхэмжлэгч нарт ямар нэгэн байдлаар гардуулж танилцуулаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж танилцуулах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Хэрэв танилцах ажиллагаа хийгдсэн болон гаргасан актуудын талаар тодруулга  нэхэмжлэгч нараас авч тухайн үед акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгах боломжтой байсан. Гэтэл захиргааны байгууллага энэ ажлаа хийгээгүй. Хоёрдугаарт: Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2015 он, 2016 оны тайлан болон гэрчилгээгээр аудитын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт ороод ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх болон бусад эрх ашгийг хөндөж аудитын шалгалтыг өөрт нь мэдэгдэхгүйгээр оруулж акт тавьсан. Энэ актын үндэслэлээр буруутгаж ажлаас нь халсан. Ажлаас халснаас болоод нэхэмжлэгч нь тэтгэврийн насанд хүрсэн хэдий ч тэтгэвэр тогтоолгож чадахгүй эрх ашиг хөндөгдөж байна. Шатахууны үнэ төлүүлэх актын тухайд: 4 удаагийн тохиолдол яриад байдаг. Жолоочийн тооцооны хуудсаар явсан гэж тодорхойлогдсон байдаг. 2016 оны 02 дугаар сарын 22-24-нд мэргэжилтэн болон байцаагч нарын хамт Дөргөн сумд хяналт шалгалтаар явсан. Сүүлд жолооч О.Б-ийн ажлын тайлан хавтаст хэрэгт авагдсан. Тайландаа өдөр өдрөөр нь биш багцлаад сар сараар нь бичсэн байсан. 02 дугаар сарын 22-24-ний хооронд нэхэмжлэгч өөрөө яваагүй. Ногоон хөгжлийн хэтийн  зорилт үйл ажиллагаа гэсэн сургалтад хамрагдаж байсан. 02 дугаар сарын 22-24-нд өөрөө яваагүй байж жолоочоор явсан гэж баримт бүрдүүлээд тухайн шатахууныг хувьдаа ашигласан гэдэг зүйлийг хэлдэг. 02 дугаар сарын 22-24-нд нэхэмжлэгч яваагүй, мэргэжилтэн болон байцаагч нь Дөргөн сум Хар ус нуурын орчмоор хяналт шалгалтын ажлаар явсан. 04 дүгээр сарын 26-27-ны хооронд газрын дарга мэргэжилтэн нарын хамт Хар ус нуур орчмоор хяналт шалгалтаар явсан. Жолоочийн тооцооны хуудас болон жолоочийн тайлангаар нотлогдож байна. Тэгэхээр шатахууныг нэхэмжлэгч хувьдаа ашигласан гэдэг нь няцаагдаж байна. 07 дугаар сарын 18-нд ******* аймгийн Дөргөн сум Хөх эргийн аараг гэдэг газар 120 километр газар явсан гэдэг нь жолоочийн тооцооны хуудсан дээр тэмдэглэгдсэн. Жолоочийн 2016 оны 07 дугаар сарын ажлын тайланд Дөргөн сумын Хөх эргийн аараг гэдэг газар явсан. Тэгэхээр мэргэжилтнүүд ажлаар явсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч өөрөө яваагүй.

          ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан тоотоор 2016 онд зохион байгуулсан ногоон хөгжил хэтийн зорилт үйл ажиллагаа сэдэвт сургалтын материал мөн 2014 оны 07 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны баримтууд Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаагүй байна гэсэн тайлбараас үзэхэд энэ сургалтууд болон төслийн сонгон шалгаруулалт болсон гэдэг нь харагдаж байгаа. ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шатахууны үнэ төлүүлэх тухай акт үндэслэлгүй гарсан. 4 удаагийн явалт дээр 2 дээр нь нэхэмжлэгч явсан, хоёр дээр нь нэхэмжлэгч яваагүй. Өөрөө яваагүй байх хугацаандаа ямар нэгэн сургалттай байсан тул эдгээр шатахууныг нэхэмжлэгч хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай акт байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хавсралтын хүрээнд 6 сая төгрөгийг сургалт хөтөлбөрт зарцуулсан байгаа. Үүнээс ямар нэгэн мөнгө төгрөг завшиж хувьдаа ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байгаа.

      Аймгийн Засаг дарга байсан Ц гэдэг хүний мэдүүлгээс маш тодорхой харагддаг. Тухайн 6 сая төгрөг сургалтын үйл ажиллагаанд бүрэн зарцуулагдсан гэдэг нь харагдаж байгаа. Нэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр үнэлээд үлдсэн мөнгийг З.Л аваад ашигласан гэдэг зүйлийг үндэслэж акт тавьсан. Тэгэхээр З.Л энэ мөнгийг хувьдаа яаж зарцуулсан талаар баримт байдаггүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Акт нь хуурамч нотлох баримтад үндэслэж хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж бид нар мэтгэлцсэн байгаа. Иймээс хуульд заасны дагуу хоёр актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хоёр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

         Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Бүрэнжаргал дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн шаардлага зөв гэж  бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч З.Л, Б.Б нар ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-ийн тавьсан 35/02/27 дугаар шатахууны үнэ 351610 төгрөг, 35/02/28 дугаар сэтгүүлийн үнэ 2105000 төгрөг, 35/02/29 дугаар номны үнэ 2000000 төгрөг төлүүлэх тухай актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасанчлан захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир захиргааны актыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Л, З.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 35/02/39 дугаар номны үнэ 2000000 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаны үр дагварыг тайлбарласан баримтад 2018 оны 05 дугаар сарын 04, 10-ны өдрүүдэд нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан байна.

       Иймд ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны 35/02/27 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

      Нэг. ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлагын тухайд:

     Тус актад “...2016 оны шатахууны тооцоог тулган шалгахад 1126 кл буюу 200 литр шатахуун зарлагадаж ******* аймгийн Дөргөн суманд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй болох нь нотлогдсон...” гэж акт тогтоосон бөгөөд нэхэмжлэгч З.Л шүүх хуралдаад “...2016 оны 2 дугаар сарын 22-24-ны хооронд ******* аймгийн төвд сургалттай байсан...2016 оны бүтэн жилийн тайланд энэ үйл ажиллагааны талаар бичсэн байгаа...04 дүгээр сарын 26-27-нд ******* аймгийн Дөргөн сумд 331 километр 59 литр шатахуунаар 103250 төгрөг зарцуулж явсан гэсэн. Жолоочийн хуудаснаас үзэхэд ******* аймгийн Дөргөн сумд Хар нуур орчмын загасны эргүүлд мэргэжилтнүүдийн хамт явсан гэж хэлдэг. Би 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явсан. Тэгэхдээ өглөө яваад орой ирсэн. Дөргөн сумд байдаг Хөх эргийн аарагт очоод эргэлт хийсэн. Хүмүүс алт олборлож байсан ... 04 сарын 29-нд явсанаа хүлээн зөвшөөрч байгаа ... 07 дугаар сарын 18-нд Дөргөн сумруу ажилтнуудын хамт явсан гээд бичсэн байсан. Би ажилтануудтай хамт яваагүй. Маш их ачааллалтай ажиллаж байсан” гэсэн тайлбарыг гаргасан.

Хавтаст хэргийн материалд авагдсан ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 онд хийсэн ажлын тайланд “...Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жил бүр сумдын байгаль хамгаалагч нарын сургалтыг жилд 2 удаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн сургалтыг 2016 оны 02 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд зохион явууллаа ...аялал жуулчлалын чиглэлээр 2016 онд хийж гүйцэтгэх ажлын талаар чиглэл өгч, байгаль хамгаалагч нар БОАЖГ-ын даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа” мөн “...Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGG/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт бүхий *******, Булган, Архангай аймгуудыг сонгон авч ажиллаж байгаа ба 2016 оны 02 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулсан “******* аймгийн Ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагаа” сургалт, семинарт байгууллагын дарга мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцоо” гэж тайланд тусгагдсан /Хавтас-4 хуудас 123, 124/, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/327 дугаар ******* аймгийн Засаг даргын захирамжаар З.Лхамхүүг “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулах ажлын хэсгийн комиссын даргаар томилогдон ажилласан байгаа нь А/327 дугаар захирамж, төслийн орон нутгийн зохицуулагч шалгаруулах үнэлгээний хуудас, гар ноорог, 2016 оны 07 дугаар сарын 18-нд комиссын хурлын дүнг аймгийн Засаг даргад өргөн барьж танилцуулахаар ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын даргын өрөөнд хуралдсан зохицуулагч шалгаруулах комиссын хурлын тэмдэглэл, 2016 оны 07 дугаар сарын 22-нд Б/23 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар Б.Б-ыг уг төслийн орон нутгийн зохицуулагчаар томилсон захирамж /Хавтас-4 хуудас 208-215/ зэргээр З.Л нь 02 дугаар сарын 22-24-ний өдрүүд 07 дугаар сарын 18-ны өдөр Дөргөн сум руу яваагүй гэдэг нь тогтоогдож байна.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын газрын жолооч О.Б-ийн 2016 оны ажлын тайлангийн 2 дугаар сард “...мэргэжилтэн болон байцаагч нарын хамт Дөргөн сум нуур орчмын газруудаар загасны хяналт шалгалтанд явав”, 07 дугаар сард “газрын даргын хамт Дөргөн сум хөх эргийн аараг явсан” гэж бичсэн тайлан байхаас өөр 02, 07 дугаар саруудад хугацааны талаар тодорхой бичигдсэн зүйл байхгүй байна.

Мөн Шатахууны үнэ төлүүлэх тухай 35/02/27 дугаар актын хавсралт зөрчлийн дүнгийн 1-т “02 дугаар сарын 22-24-нд ******* аймгийн Дөргөн суманд 294 километр буюу 52 литр шатахуун зарцуулж явсан” гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын жолоочийн тооцооны хуудсанд 2 дугаар сарын 22-нд хот дотор болон бусад үйлчилгээнд явсан 29  километрийг Дөргөн суманд явсанаар оруулан тооцсон, жолоочийн тооцооны хуудсанд 23-нд 110 километр, 24-нд 155 километр нийт 265 километр Дөргөн сум Хөх эргийн аараг мэргэжилтэн дарга нарын хамт явсанаар бичигдсэн; 2-т “04 дүгээр сарын 26-27-нд ******* аймгийн Дөргөн суманд 331 километр буюу 59 литр шатахуун зарцуулж явсан” гэсэн боловч жолоочийн тооцооны хуудсанд 26-нд 130 километр, 27-нд 160 километрийг Дөргөн сум хар нуур орчмын газраар загасны хяналтанд нийт 290 километр явсанаар бичигдсэн; 3-т “04 дүгээр сарын 29-нд ******* аймгийн Дөргөн суманд 261 километр буюу 46 литр шатахуун зарцуулж явсан” гэсэн боловч жолоочийн тооцооны хуудсанд 29-нд 260 километр Дөргөн Хөх эргийн аараг явав гэсэн; 4-т “07 дугаар сарын 18-нд ******* аймгийн Дөргөн суманд 240 километр буюу 43 литр шатахуун зарцуулж явсан” гэсэн жолоочийн тооцооны хуудсанд 18-нд 120 километр, 19-нд 120 километр Дөргөн Хөх эргийн аараг дарга, ажилчдын хамт явав гэж бичигдсэн байгаа зэргээс харахад 35/02/27 дугаар Шатахууны үнэ төлүүлэх тухай актыг тогтоохдоо тоо, баримтын үндэслэл, нотолгооны зөрүүтэй байна.

Энэ нь Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 843 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дотоод аудитын дүрмийн 6.3.4-т “санхүүгийн хяналт шалгалтын болон аудитын материал, бичсэн танилцуулга, акт, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцах” гэж тус тус заасныг зөрчжээ.

Хоёр. “******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаар            “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлагын тухайд:

“Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28 дугаар актад ******* аймгийн Засаг даргын баталсан 35-02-04 тоот удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 18-наас ажлын 8 хоногт санхүүгийн хяналтын улсын байцаагч Ж.Ц шалгалт хийж, шалтгалтаар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 160 тоот төлбөрийн хүсэлтээр Эхлэл ******* ТББ-д 300 ширхэг сэтгүүлийн үнэ 2105,0 мянган төгрөг шилжүүлсэн ба уг сэтгүүлийг 1 ширхэгээр орлого авч 1 ширхэгээр зарлагдсан нь уг сэтгүүл зах зээлийн ханшид үл нийцэх хэт өндөр үнэтэйгээс гадна уг сэтгүүлийг 300 ширхэгийг хэвлэж юунд хэрэглэсэн нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх тул З.Л, Б.Б нараар төлүүлэхээр тогтоожээ.

 Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх эрхтэй хэдий ч Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, мөн хуулийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмын дагуу гүйцэтгэхээр байна.

******* аймгийн Засаг дарга Д.Г  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар хяналт хийх шалгалтын 35-02-04 тоот удирдамжийг баталсан. Удирдамжид шалгалтын төрөл, арга хэлбэр нь төлөвлөгөөт шалгалт бөгөөд төсөвт байгууллагын санхүүгийн анхан шатын баримт болон нягтлан бодох бүртгэлд үндэслэн явуулах, шалтгалтын хамрагдах обьект нь  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг хамааруулах удирдамжийг баталсан.

Гэтэл ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагч нь “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28 дугаар актыг тогтоохдоо 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар хяналт хийх шалгалтын 35-02-04 тоот удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд бус, харин  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийж акт тогтоож байгаа нь дээрх хуульд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журамтай нийцэхгүй байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “...миний бие 2016 оны санхүүгийн баримтыг бүрэн, 2015 оны санхүүгийн баримтыг санал хүсэлтийн дагуу түүвэрчлэн ...баримтанд шалгалт хийж гүйцэтгэлээ ...байгууллагын ажилчдын гомдол санал дээр үндэслэн дээрх анхан шатны баримтуудтай тулган үзсэн ба анхан шатны баримтыг зөрчилтэй өөрөөр бүрдүүлсэн байгууллагын ажилчид хурал дээр 300 ширхэг биш 30 ширхэгийг хэвлэсэн гэдгийг амаар хэлсэн...”/хавтас-1 хуудас 86/, 2017 оны 03 дугаар сарын 06-ны 35/02/06 дугаар ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын танилцуулагад: “...Ж.Ц 2016 оны санхүүгийн баримтыг бүрэн, 2015 оны санхүүгийн баримтыг санал хүсэлтийн дагуу түүвэрчлэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс ажлын 8 өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг ... шалгалтыг хийж гүйцэтгэлээ” гэсэн баримт, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний 36 дугаар “...газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар ажилтануудын ирүүлсэн санал гомдлын дагуу 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны холбогдох баримт...” гэсэн албан бичиг, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2018 оны 02 дугаар сарын 18-нд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Б-ын “...нэмэлтээр 2015 оны санхүүгийн хавсаргасан баримтад шалгалт хийж өгнө үү”, гэсэн хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Ц-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны “...хамт олны хуралд 300ш хэвлүүлсэн сэтгүүлийг шалгаж өгөх талаар санал гаргасан болно” гэсэн хүсэлт зэргээс үзэхэд батлагдсан удирдамжийн хүрээнд бус санал хүсэлтийн дагуу /Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн нарын гаргасан хүсэлт/ Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийсэн байгаа нь өөрөө үндэслэлгүй байх бөгөөд цаг хугацааны хувь шалгалт хийгдсэнээс хойш хүсэлт гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.   

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны 35/02/27 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актууд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь “…Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтыг хүчингүй болсон байхад актдаа баримталсан...” гэж маргасан бөгөөд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг өөрчлөн найруулж 70 дугаар зүйлийг 70.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул акт тавигдсан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх  хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 35/02/27 дугаар, “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28 дугаар актуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын 35/02/29 дугаар “Номны үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Э.ЗОЛБАДРАХ

                                                  ШҮҮГЧИД                             Ц.СУВДМАА

                                                                                                Ч.ЦЭНД-ОЧИР