Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0361

 

 

 

 

               “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Б.Т,

Нэхэмжлэгч: “Д” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Х Б” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0537/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгаар болгох тухай” А/421 дүгээр захирамжийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвастай давхцаагүй газарт холбогдох хэсгийг буюу 1,506 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 630,273.6 төгрөгөөс 436,276 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас, 193,988 төгрөгийг “Д” ХХК-иас тус тус гаргуулж, “Г А” ХХК-д олгож”,

3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.2. “Д” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/602 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2200 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжаар “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тусгасан бөгөөд анхан шатны шүүхээс Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/3525 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тодорхойлогдсон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт холбогдох 668 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх ажиллагааг дутуу хийснийг илтгэж байна.

3.4. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий захиргааны акт байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх маргаан бүхий актын үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

3. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

           3.2. Нэхэмжлэгчээс “... газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлсөн, анх газар эзэмшүүлсэн захирамж хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн” зэрэг агуулгаар маргасан бол хариуцагчаас маргаан бүхий А/421 дүгээр захирамжийг гаргахдаа “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дугаар зүйлийн 40.1.5, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслээд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/602 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон “Д” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж  үзээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” байна.

            3.3. Анхан шатны шүүх “... хариуцагч газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, газрын төлбөр төлөх хугацаа нь дууссан эсэхийг нарийвчлан шалгах үүргээ биелүүлээгүй, ... маргаан бүхий актыг гаргахаас өмнө газрын төлбөрийг төлсөн байна, ... 2021 оны 2 дугаар улирлын газрын төлбөрөө төлөх хугацаа болоогүй байхад газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийн энэхүү дүгнэлтэд холбогдуулан хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж давж заалдах гомдол гаргаагүй.

            3.4. Харин шүүх “... маргаан бүхий актад заасан үндэслэлийг л хянах бөгөөд захирамжид газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлийг заагаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, маргаан бүхий газар нь цахилгаан дамжуулах агаарын шугамтай давхцалтай болох нь тогтоогдсон” гэж дүгнээд цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвастай давхцаагүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт холбогдох 668 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан.

            3.5. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2642, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2870 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгчид “газар эзэмших эрх олгосон захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 56 дугаар зүйлийн 56.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, уг газар нь ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, ... тайлбар, санал, баримтуудыг ирүүлэхийг мэдэгдсэн”, маргаан бүхий актад “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заасан боловч захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дугаар зүйлийн 40.1.5, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус үндэслэсэн, улмаар 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3938 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн А/421 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” талаар мэдэгдсэн зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан байна.

            3.6. Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа тухайн актын үндэслэл болсон хуулийн урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх, актад заасан үндэслэл бодит байдалд тогтоогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх бөгөөд дээрх байдлаар актад чухам ямар хууль зүйн үндэслэлээр ямар зөрчилд холбогдуулан ямар шийдвэр гаргаж байгаагаа тодорхой тусгах ёстой.

            3.7. Хариуцагч актын үндэслэл болгосон хуулийн зүйл, заалтыг дахин нягтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаагаа тодорхой тусгах нь зүйтэй бөгөөд шүүх энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийг газрын төлбөр төлсөн эсэх, тухайн газар нь ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон эсэх, нэхэмжлэгч нь газар эзэмшихдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 56 дугаар зүйлийн 56.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх зэргийг бүрэн тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэхээр байна.

3.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзхээр байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдах нь зүйтэй.

3.9. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 630,273.6 төгрөгөөс 436,276 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас, 193,988 төгрөгийг “Д” ХХК-иас тус тус гаргуулж, “Г А” ХХК-д олгож” шийдвэрлэсэн бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн бол шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ. Гэхдээ уг маргааны хувьд дээрх байдлаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор талууд гомдол гаргаагүй тул энэ хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН