| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2016/01027/И |
| Дугаар | 1225 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, тоотод оршин суух, овогт Л.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, байранд оршин байрлах, “МБ”-д холбогдох,
“МБ ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.О нь 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн банкны мэргэжилтний ангид суралцаж төгсөөд 2006 оны 09 дүгээр сараас эхлэн МБны Увс аймаг дахь салбарт теллерээр ажиллаж эхэлсэн. 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Увс аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, МБны ерөнхийлөгчийн тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс захирлаар ажилласан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн МБны ерөнхийлөгчийн Б503 тоот тушаалаар ажил, үүргээсээ чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь 2016 оны 05 дугаар сард тус салбарт дотоод хяналт шалгалт, эрсдэлийн газраас хийсэн шалгалтын дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Уг дүгнэлтийн 01 тоот актаар 11 төгрөг 90 мөнгийг кассаар илүү төлсөн байна гэсэн ба 02 тоот актаар “Хаан банк” ХХК-иас бэлнээр орж ирсэн 940.000.000 төгрөгийг тоолохгүйгээр авсан гэсэн ба дээрх үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. 2015 онд гаргасан зөрчлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр актаар илрүүлсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна заасны гэж дагуу Л.Оын гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байсан. Иймд МБ ажлаас халсан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна. Урьд ажиллаж байсан МБ Увс аймаг дахь салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 гэсэн тушаал гарсан. 2016 оны 08 дугаар сарын 27-28-ны өдөр ажлын 2 өдрөөр тооцон 103.914 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 52.456 нийт 156.370 төгрөг, 9 сар бүтнээрээ ажлын 22 хоног сарын үндсэн цалин 1.508.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754.050 төгрөг, нийт 2.262.150 төгрөг, 10 сар ажлын 21 хоног үндсэн цалин 1.508.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754.050 төгрөг, улирлын урамшуулал 1.327.128 төгрөг, нийт 3.589.278 төгрөг, 11 дүгээр сард ажлын 22 хоног 1.508.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754.050 төгрөг, нийт 2.262.150 төгрөг, 12 дугаар сард 2 хоног 137.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 68.550 төгрөг, нийт 205.610 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны 5 сар буюу ажлын 69 хоног нийт Үндсэн цалин 4.766.313 төгрөг улсын байцаагчийн нэмэгдэл 2.383.156 төгрөг, улирлын урамшуулал 1.327.128 төгрөг, нийт 8.476.597 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Үндсэн цалин нь Монгол банк 12 сарын 01-ний өдрийн албан тоот дээр салбарын захирлын сарын цалин, улсын байцаагчийн нэмэгдэл нь 2015 оны тушаалыг үндэслэж нэхэмжилж байгаа. Улирлын урамшуулал нь хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг ба шалгалтын актад тусгасан байдаг ба үндсэн цалингийн 80 хувийн урамшуулал олгогддог гэв. Улирлын урамшуулалтай холбоотой тушаал байдаг гэсэн. Зөрчлөө 2016 оны 05 дугаар сард илрүүлсэн мөртлөө 2016 оны 08 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул ажлаас халах тушаал нь үндэслэлгүй байна” гэв.
Хариуцагч “МБ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ба хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. МБны ерөнхийлөгчийн Увс аймгийн салбарын захирал Л.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан зөрчлийг гаргасан. Ноцтой зөрчил гэдгийг Л.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д заасан мөнгөн хөрөнгө, санхүүгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж заасан. МБны ерөнхийлөгчийн удирдамжийн дагуу Дотоод хяналт шалгалт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Увс аймаг дахь МБ салбарт иж бүрэн шалгалт хийсэн. Улсын байцаагчийн актаар 2 зөрчил илрүүлсэн. Мөнгөн үлдэгдэл баланс 0 үлдэгдэлтэй тэнцэж байх ёстой байтал 11 төгрөг 90 мөнгө илүүдсэн. Энэ бол хэдэн төгрөгөөр илүүдэж байгаа нь чухал биш. МБны орон нутаг дахь салбар нь банкуудад мөнгөн тэмдэгт нийлүүлэх онцгой үүрэгт ажлыг хийдэг. Энэ ажил бол ямар нэгэн дутагдалгүй байх ёстой. Улсын онцгой ажил үүрэгт эрсдэл үүсэж байна гэсэн үг юм.
Шалгалт очиж байх үед буюу газар дээр нь очиж шалгахад Хаан банкнаас оруулж ирсэн мөнгийг журмын дагуу тоолж аваагүй байсан. 940.000.000 төгрөгийг тоолоогүй, шуудайтай нь хүлээж авсан байсан нь ноцтой зөрчил болж байна. Мөнгийг хүлээж авсан даруйдаа тоолж, бүх тооцоог нь гаргах ёстой. Гэтэл 940.000.000 төгрөгийг тоолж аваагүй нь маш их эрсдэл үүсгэж байна. Эдгээр зөрчлийг ноцтой зөрчил гэж үзээд улсын байцаагч нар акт гаргасан байгаа. Шалгалтын үр дүнг Л.От танилцуулсан ба тэрээр гарын үсэг зурсан байдаг. Өөрөө улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэв. МБ ерөнхийлөгч нь Монгол банкийг удирдана гэж заасан байдаг. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халах тушаал гарсан байдаг. Ажил олгогч нь улсын байцаагчийн шалгалтын үр дүнг баталгаажуулж тушаал гаргасан байдаг. Л.О нь үйл ажиллагаанд баримталдаг МБ кассын ажиллагааны журам, МБ бэлэн мөнгө тоолох, хүлээн авах заавар зэрэг журмуудыг зөрчсөн. МБ салбарын захирлын хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн ба 88.29 буюу дунд гэсэн үнэлгээ авсан. Салбарын захирал нь удирдан чиглүүлж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг МБны ерөнхийлөгч 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр тушаалаараа баталгаажуулж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн МБ ерөнхийлөгчийн удирдсан захирлуудын зөвлөлийн хурлаар Б503 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэмэгдэл цалин хөлс, урамшуулал зэргийг олгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын байцаагчийн урамшуулал нь ажлын үр дүнгээр нь дүгнэж байж олгодог нэмэгдэл тул ажиллаагүй үед урамшуулал олгохгүй, урамшууллыг заавал өгөх үүрэг байхгүй. Төлөвлөгөөнд заасан ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэж, үр дүнтэй ажилласан гэдгийг нь удирдлагын зүгээс дүгнэсэн тохиолдолд олгодог урамшуулал юм. МБ бүх ажиллагсад нь урамшуулал авдаггүй. Урамшууллыг өгөх үндэслэл байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.О нь “МБ”-д холбогдуулан “МБны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь “нэхэмжлэгч Л.Оын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Л.О нь Увс аймаг дахь МБны салбарын захирлаар 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан байх бөгөөд МБны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, Увс аймаг дахь МБны салбарын захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, МБны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 дугаар тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6, 7-9 дүгээр тал/
Нэхэмжлэгч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. 2015 онд гаргасан зөрчлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр актаар илрүүлсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу Л.Оын гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байсан. Иймд МБ ажлаас халсан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлага татгалзаж буй үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан. Ноцтой зөрчил гэдгийг Л.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д заасан. МБны ерөнхийлөгчийн удирдамжийн дагуу Дотоод хяналт шалгалт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Увс аймаг дахь МБны салбарт иж бүрэн шалгалт хийсэн. Улсын байцаагчийн актаар 2 зөрчил илрүүлсэн.
Эдгээр зөрчлийг ноцтой зөрчил гэж үзээд улсын байцаагч нар акт гаргасан байгаа.
Салбарын захирал нь удирдан чиглүүлж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг МБны ерөнхийлөгч 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр тушаалаараа баталгаажуулж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн МБны ерөнхийлөгчийн удирдсан захирлуудын зөвлөлийн хурлаар Б503 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.
Хариуцагч МБны ерөнхийлөгчийн дээрх Б503 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг Төв банк /МБ/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, “МБны хөдөлмөрийн дотоод журам”-ын 1.1 дэх заалт, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн МБны Улсын байцаагчийн 2016/12048/001, №2016/12048/002 дугаар акт, МБны Захирлуудын зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар хурлын шийдвэр, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн гаргажээ.
МБны ерөнхийлөгчийн Б503 тоот дугаартай тушаалаар Увс аймаг дахь МБны салбарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтад хангалтгүй үнэлгээ авч, мөнгөн хөрөнгө, санхүүгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл МБны дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Увс аймаг дахь МБны салбарт газар дээрх иж бүрэн шалгалт хийх удирдамжаар шалгалтыг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ДХҮАЭГ-ын ДХШХ-ийн хянан шалгагч, улсын байцаагч У.Үнэнбат, ДХҮАЭГ-ын ДХШХ-ийн хянан шалгагч, улсын байцаагч П.Батзул нарын бүрэлдэхүүнтэй иж бүрэн шалгалт хийж, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №2016/12048/001, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №2016/12048/002 тоот улсын байцаагчийн актууд тогтоосон байна. /хх-ийн .... дүгээр тал/
Дээрх шалгалтын дагуу Увс аймаг дахь МБны салбар касст Хаан банкнаас хүлээж авсан мөнгөн тэмдэгтийг тоолж, шалгахгүйгээр хүлээн авсан зөрчил, мөн касс дахь мөнгөн тэмдэгтийн үлдэгдлийг тоолж шалгахад зөрчил илэрсэн үндэслэлээр улсын байцаагч П.Батзул акт тогтоож, уг зөрчилд ажил олгогч сахилгын шийтгэл 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. /хх-ийн .......... дүгээр тал/
Ажил олгогч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх боловч шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалын үндэслэлийг өөр байдлаар буюу хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж буйгаас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-ийн аль нөхцөлөөр гэрээг цуцалсан нь ойлгомжгүй, тушаалын үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ. Гэтэл Л.Оын гаргасан гэх зөрчлийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр илрүүлж улсын байцаагчийн акт тогтоосон байхад буюу сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сар өнгөрснөөс хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Л.От ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э улсын байцаагчийн актыг МБны ерөнхийлөгч 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр тушаалаараа баталгаажуулж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн МБны ерөнхийлөгчийн удирдсан захирлуудын зөвлөлийн хурлаар Б503 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан гэж тайлбарлах боловч үүнийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд МБны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 дугаар тушаалаар Л.Оыг Увс аймаг дахь МБны салбарын захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Л.Оыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоов.
Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Л.Оыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2016 оны 08 дугаар сарын 27-28-ны өдөр ажлын 2 өдрөөр тооцон 103.914 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 52.456 нийт 156.370 төгрөг, 9 сар бүтнээрээ ажлын 22 хоног сарын үндсэн цалин 1.508.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754.050 төгрөг, нийт 2.262.150 төгрөг, 10 сар ажлын 21 хоног үндсэн цалин 1.508.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754.050 төгрөг, улирлын урамшуулал 1.327.128 төгрөг, нийт 3.589.278 төгрөг, 11 дүгээр сард ажлын 22 хоног 1.508.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754.050 төгрөг, нийт 2.262.150 төгрөг, 12 дугаар сард 2 хоног 137.100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 68.550 төгрөг, нийт 205.610 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны ажлын 69 хоног нийт, үндсэн цалин 4.766.313 төгрөг улсын байцаагчийн нэмэгдэл 2.383.156 төгрөг, улирлын урамшуулал 1.327.128 төгрөг, нийт 8.476.597 төгрөгийг нэхэмжилжээ.
Л.О нь үндсэн цалин сард 1,508,100 төгрөг, улсын байцаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувиар нэмэгдэл авдаг болох нь МБны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Н/49 дүгээр тушаал, түүний хавсралт, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Н/38 дугаар тушаал, түүний хавсралт, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Н/38 дугаар тушаал, түүний хавсралт,2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б188 дугаар тушаал, түүний хавсралт болон нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдсон болно.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан бөгөөд Л.О Увс аймаг дахь МБны салбарын захирлаар ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлс нь 137,654 төгрөг болох нь хэрэгт авагдсан Л.Оын Нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нь 9,222,818 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цалинг 8,476,597 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу МБинд нэхэмжлэгч Л.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Л.Оын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч МБнаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+150,576 төгрөг/ нийт 220,776 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Оыг Увс аймаг дахь МБны салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МБнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,476,597 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “МБинд”-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар МБнаас улсын тэмдэгтийн хураамжид 220,776 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС