Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 200

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б д холбогдох 163/2020/0191/Э индекстэй, эрүүгийн 2015000000173 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, О  ХХК-д даампын оператор ажилтай, ам бүл 1, ... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж  овогтой Л.Б, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь Булган аймгийн Хангал сумын нутагт 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Б.Б ыг “тариан талбайд зам гаргаж явлаа” гэх шалтгаанаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000173 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Б ын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тариалангийн талбайгаа эргэхээр очоод 19 цагаас 20 цагийн хооронд машинтайгаа талбайгаа тойрсон. Тэр үед манай талбайн хажууд төмс тарьдаг хүний машин явж байсан. Тэгээд хойноос нь явж байтал манай талбай руу буюу тарьсан тариа руу маань ухарч тариа будаан дээр эргэлт хийсэн. Тэгэхээр нь би нөгөө машин руу талбай руу орчихлоо гэж дуут дохио өгсөн. Тэгээд тулж зогстол машинаас Ц  гэж дууддаг залуу гарч ирсэн. Бид хоёр хэрэлдсэн... Би эхлээд уурандаа Ц гийн хацар руу нь алгадсан. Намайг алгадангуут Ц  хөлийг минь давхар хамж газарт унагаагаад дээр сууж байгаад учир зүггүй нүдсэн. Ц  намайг газарт зүүн гараараа хүзүүн дээр дарж байгаад баруун гараараа цохисон...

Намайг газраас босох гэж байхад Ц  миний юүдэнтэй цамцнаас дарж газарт дөрвөн хөллүүлээд нүүр рүү 2 удаа өшиглөсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,

Гэрч Т.У ын өгсөн: “... Найз Б ийн хамтаар ногооны талбайг тойроод явж байгаад буцах санаатай машинтайгаа эргэж байгаад хажуу талын айлын будааны талбай руу 1-2 метр ухраад орчихсон. Тэгтэл дээрээс жижиг тэрэг сигналдаад бид хоёр дээр ирсэн. Тэр машины жолоочтой Б  бууж уулзса.н. Тэгтэл Б ийг тэр машинтай ирсэн үл таних залуу нүүр рүү нь нэг удаа цохиж унагаасан. Намайг очих хооронд тэр үл таних залуу Б ийг хоёр удаа цохиж унагаасан. Тэгээд Б  зөрүүлээд давхар хамж унагаагаад тэр хоёр ноцолдож байх хооронд би очиж салгасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Яллагдагчаар Л.Б  мэдүүлэхдээ: “...Б  “пизда минь чи талбай руу орчихлоо” гэж хэлэхээр нь би хаана орчихоод байгаа юм гэж хэлсэн чинь Б  баруун гараа атгаж байгаад миний баруун хацар хэсэгт нэг удаа цохихоор нь би манараад газарт унасан. Манараа гарахаар нь миний уур хүрээд босож очоод Б ын хоёр хөлийг нь давхар хамаж аваад газар унагааж дээрээс нь баруун, зүүн гараа атгаж байгаад ээлжлэн 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгэхэд У  машинаасаа бууж ирээд Б  бид хоёрыг салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 226 тоот дүгнэлтэнд: 1. Б.Б ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн доод ханын цууралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 61-64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь Булган аймгийн Хангал сумын нутагт 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Б.Б ыг “тариан талбайд зам гаргаж явлаа гэж хэлэн нүүрэн тус газарт нь цохисноос” шалтгаалан түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Б , гэрч Т.У  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Б ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн доод ханын цууралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 226 дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Л.Б ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Л.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  Шүүх хуралдаанд хохирогч Б.Б  нь 2.136.697 төгрөгний эмчилгээний болон бусад зардалтай холбоотой баримтыг ирүүлжээ.

  Шүүх нотлох баримтын шаардлага хангасан болох хавтас хэргийн 23 дугаар тал 2020 оны 8 дугаар сарын 5-нд 5 удаа бариа хийлгэсэн төлбөр 30000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр MT шатахуун түгээх станцын шатахууны төлбөр 20000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар Сонгодо эмнэлэг MRI төлбөр 469000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эмийн үнэ 25000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сайн сайхан медикал мэс ажилбарын төлбөр 300000 төгрөг,  2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сайн сайхан медикал ор, хоног, эмчилгээний төлбөр 700000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр MT шатахуун түгээх станцын шатахууны төлбөр 54630 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр MT шатахуун түгээх станцын шатахууны төлбөр 33900 төгрөг,   2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр MT шатахуун түгээх станцын шатахууны төлбөр 49007 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлбөртэй зогсоол 1500 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлбөртэй зогсоол 4000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 15000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эмийн үнэ 4060 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эрүүл мэндийн үйлчилгээ 100000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр толгойн зураг авах төлбөрт 150000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шигтгэмэл эмнэлэг эрүүл мэндийн үзлэг 40000 төгрөг нийт 1.996.097 төгрөгийг шүүгдэгч Л.Б ээс гаргуулж хохирогч Б.Б т олгох нь зүйтэй байна.

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй хавтас хэргийн 24 дүгээр талд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн сэрүүн пиво, печень, ерөөл архины үнэ 32350 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн юу авсан нь тодорхойгүй 9300 төгрөгний баримт, хавтас хэргийн 25 дугаар талд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тагтурита хоолны төлбөр 48000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн баримлын гэх 5950 төгрөг, хавтас хэргийн 26 дугаар талд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн барааны нэр 5000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-ний бэлэн гүйлгээ 2500 төгрөг, хавтас хэргийн 30 дугаар талд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн бараа 7100 төгрөг, хавтас хэргийн 31 дүгээр талд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Fuze tea 10200 төгрөг, хавтас хэргийн 37 дугаар талд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Kagortairovskii 10100 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23ны өдөр Villa Aliarosso 10100 төгрөг нийт 140.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Л.Б  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж  овогт Л.Б ийг “хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзааснаар шүүгдэгч Л.Б ээс 1.996.097 төгрөгийг гаргуулж ...т оршин суух хохирогч Б  овогт Б.Б-т олгож, үлдэх хохирлын 140.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Шүүгдэгч Л.Б ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН