Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 101/2016/03022/И |
Дугаар | 1144 |
Огноо | 2016-11-23 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот оршин байрлах, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах, “Я” ХХК-д холбогдох,
“Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлс 576,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Их наяд хөгжил” ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажиллаж байсан. Улаанбаатар хотын банкны барилга дээр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр болсон. Сарын 1.800.000 төгрөгийн төлбөртэйгөөр гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 18-наас эхлэн “Я” ХХК, “Тс” ХХК, “Б” ХХК, “ТК” ХХК гэсэн 4 компани нэмж тус барилгад туслан гүйцэтгэгчээр орж ирсэн. Компанийн удирдлагууд болон манай нэхэмжлэгч “Э” ХХК нар зөвлөлдөөд 5 компани байгаа учир 5 хувааж төлөх санал гаргаж компани тус бүр 360.000 төгрөг төлөхөөр тохиролцож төлж эхэлсэн. 3 сарын төлөлтийг хариуцагч хийсэн байдаг. 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын төлбөрийг төлсөн. Харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 1 сар 18 хоногийн төлбөр 576.000 төгрөг төлөөгүй. Туслан гүйцэтгэх гэрээг Улаанбаатар хотын банктай байгуулсан гэрээгээ төлбөр төлөхгүй байх үндэслэл болгон тайлбарладаг. Энэ туслан гүйцэтгэх гэрээгээр Улаанбаатар банк нь харуул хамгаалалтын зардлыг төлөхөөр тохиролцсон байдаг. Гэхдээ бид Улаанбаатар банктай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн талаар яриагүй. Бид “Я” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын талбай дээр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагч тал 3 сарын төлбөр төлөх ёстой гэж ярьдаг боловч уг барилга нь 3 сарын хугацаанд дуусаагүй цааш үргэлжилж байсан тул манайх үлдсэн хугацааны төлбөрөө нэхэмжилж байна. Бусад туслан гүйцэтгэгч компани нь төлбөрөө төлсөн байдаг. Хариуцагч “Я” ХХК нь манай компанитай гэрээ байгуулсан, байгуулаагүй гэж асуудал ярьдаг. Манай компанийн талаас үйлчилгээгээ үзүүлж байсан. “Э” ХХК-г үйлчилгээ үзүүлж байсан талаар ямар нэгэн асуудал гардаггүй. “Я” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.” гэв.
Хариуцагч “Я” ХХК-ийн төлөөлөгч Ц.Явуухулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь “Хөдөлмөрийн ордон”-ы барилгын агааржуулалтын системийн угсралтын ажлыг тус барилгын захиалагч болох “Улаанбаатар хотын банк”-тай 2015 оны 07 дугаар сарын 31-нд №15/12 тоот гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. Энэ гэрээний 3.1-р заалтад “Гэрээний үнэнд холбогдох татвар, хураамж, тээвэрлэлтийн зардал, автоматикийн тохируулгын зардал мөн уг барилгын харуул хамгаалалтын 3 сарын төлбөр болох 1,110,000 төгрөг байх ба ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зардал багтсан болно” гэж заалтыг гэрээ байгуулах үед захиалагчийн хүсэлтээр гэрээний үнийн дүн багтааж төлөхөөр тусгасан. Үүнээс өөр тус барилгын харуул хамгаалалтын талаар өөр ямар нэгэн байгууллагатай, тэр тусмаа “Э” гэдэг компанитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр, харилцан тохиролцоо хийгээгүй болно.
Дээрх гэрээнд заасан гурван сарын харуул хамгаалалтын төлбөрийг “Улаанбаатар хотын банк”-ны зааврын дагуу эхний төлбөрийг тухайн үед барилгын ерөнхий гүйцэтгэгч байсан “Ихнаяд Хөгжил” ХХК-д төлсөн бөгөөд үлдсэн хоёр төлбөрийг “Э” ХХК-д цаг тухайд нь бүрэн төлж дуусгасан. Эдгээр төлбөрүүдийг төлснөөр манай компани нь №15/12 тоот гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн ба өөр ямар нэгэн харуул хамгаалалтын компанид өглөг болон нэмэлт төлбөрийг төлөх эрх зүйн үндэс байхгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Одгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, төлбөрөө төлөөгүй гэсэн асуудал байхгүй. Барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа манай компани нь Улаанбаатар банктай байгуулсан гэрээний дагуу харуул хамгаалалтын үйлчилгээг авч байсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байхгүй. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Харуул хамгаалалтын гэрээг заавал заах болон нэр дурдсан 10 төрлийн зүйлийг заавал заах ёстой гэж хуульд заасан. “Я” ХХК нь Улаанбаатар банктай гэрээ байгуулагдсан байдаг. Манай талаас Харуул хамгаалалтын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй. Туслан гүйцэтгэгч нар төлбөрийг хуваан төлөх ёстой байсан гэдэг нь тодорхойгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Я” ХХК-д холбогдуулан “Харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 576,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
“Улаанбаатар хотын банк” ХХК болон “Я” ХХК нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №15/12 дугаар “Барилгын агааржуулалтын системийн нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдан, уг гэрээний дагуу “Улаанбаатар хотын банк” ХХК барилгын харуул хамгаалалтын 3 сарын төлбөр болох, 1,100,000 төгрөг байх ба ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх ажлын зардлыг төлөх бөгөөд “Я” ХХК нь харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулсан зардлыг төлөх үүрэг хүлээхээр талууд тохиролцсон байна. /хх-ийн 17-23 дугаар тал/
“Я” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Их наяд хөгжил” ХХК-ийн нэхэмжлэхээр Хөдөлмөрийн ордны барилгын хамгаалалтын гэрээт ажлын хөлсний 2015 оны 08 дугаар сарын төлбөр 360,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлгийн баримтаар “Их наяд хөгжил” ХХК-ийн дансанд тушаасан баримт, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Э” ХХК-ийн нэхэмжлэхээр харуул хамгаалалтын зардалд 360,000 төгрөгийг “Я” ХХК-ийн шилжүүлгийн баримт, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Э” ХХК-ийн нэхэмжлэхээр харуул хамгаалалтын зардалд 360,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн шилжүүлгийн баримт болон нийт харуул хамгаалалтын төлбөрт 1,080,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдохоос гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2015 оны 10 дугаар сарын 18-наас эхлэн “Я” ХХК, “Тс” ХХК, “Б” ХХК, “ТК” ХХК гэсэн 4 компани нэмж тус барилгад туслан гүйцэтгэгчээр орж ирсэн. Компанийн удирдлагууд болон манай нэхэмжлэгч “Э” ХХК нар зөвлөлдөөд 5 компани байгаа учир 5 хувааж төлөх санал гаргаж компани тус бүр 360.000 төгрөг төлөхөөр тохиролцож төлж эхэлсэн. 3 сарын төлөлтийг хариуцагч хийсэн байдаг.
Харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 1 сар 18 хоногийн төлбөр 576.000 төгрөг төлөөгүй.
Бид “Я” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын талбай дээр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагч тал 3 сарын төлбөр төлөх ёстой гэж ярьдаг боловч уг барилга нь 3 сарын хугацаанд дуусаагүй цааш үргэлжилж байсан тул манайх үлдсэн хугацааны төлбөрөө нэхэмжилж байна. Бусад туслан гүйцэтгэгч компани нь төлбөрөө төлсөн байдаг ...” гэж тайлбарладаг.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... “Хөдөлмөрийн ордон”-ы барилгын агааржуулалтын системийн угсралтын ажлыг тус барилгын захиалагч болох “Улаанбаатар хотын банк”-тай 2015 оны 07 дугаар сарын 31-нд №15/12 тоот гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. Энэ гэрээний 3.1-р заалтыг гэрээ байгуулах үед захиалагчийн хүсэлтээр гэрээний үнийн дүн багтааж төлөхөөр тусгасан. Үүнээс өөр тус барилгын харуул хамгаалалтын талаар өөр ямар нэгэн байгууллагатай, тэр тусмаа “Э” гэдэг компанитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр, харилцан тохиролцоо хийгээгүй болно.
Дээрх гэрээнд заасан гурван сарын харуул хамгаалалтын төлбөрийг “Улаанбаатар хотын банк”-ны зааврын дагуу эхний төлбөрийг тухайн үед барилгын ерөнхий гүйцэтгэгч байсан “Ихнаяд Хөгжил” ХХК-д төлсөн бөгөөд үлдсэн хоёр төлбөрийг “Э” ХХК-д цаг тухайд нь бүрэн төлж дуусгасан. Эдгээр төлбөрүүдийг төлснөөр манай компани нь №15/12 тоот гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн ба өөр ямар нэгэн харуул хамгаалалтын компанид өглөг болон нэмэлт төлбөрийг төлөх эрх зүйн үндэс байхгүй...” гэж тайлбарлаж маргажээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн зүйлийн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Я” ХХК-тай хэдийгээр бичгээр байгуулсан гэрээ байхгүй хэдий ч талууд хооронд бий болсон харилцаа нь тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх, харин ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээснээс үзэхэд уг гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх буюу харуул хамгаалалтын үйлчилгээ байх бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь зүйтэй байна.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Харуул хамгаалалтын байгууллага гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь хуульд заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газраас тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна.
Хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрийн талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй тул талууд хэлцлийн хэлбэрт тавигдах Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг баримтлах тул талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасантай нийцэж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч “Я” ХХК “Э” ХХК-д харуул хамгаалалтын төлбөр сарын төлбөр 360,000 төгрөг төлж байгаа нь хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээгээр байгуулсан гэрээний үүргийг биелүүлж байгаа боловч уг барилгын талбайд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулсны төлөө “Э” ХХК-д төлбөр төлж байсныг нотолж байгаа юм.
Хариуцагч “Я” ХХК-ийн тайлбараар сарын төлбөр 360,000 төгрөгийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа “Улаанбаатар хотын банк”-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлсэн гэж тайлбарлах боловч дээрх шилжүүлгийн баримтаар харуул хамгаалалтын төлбөрт төлсөн болох нь баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Э” ХХК нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Улаанбаатар хотын банк”-ны Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Хөдөлмөрийн ордон”-ны барилгын талбайд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан “Их наяд хөгжил” ХХК болон “Буман гал” ХХК-иудтай “Э” ХХК-тай “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулсан гэрээ, “Э” ХХК-ийн харуулын бүртгэл, тэмдэглэл, ажил хүлээлцсэн бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч “Я” ХХК “Улаанбаатар хотын банк”-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг ч тодорхой хэмжээний ажил үйлчилгээ буюу харуул хамгаалалтын үйл ажиллагаа авч байсан болон уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Я” ХХК нь тухайн барилгын талбайд 2016 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байсан болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байсан “Э” ХХК-ийг тус барилгын талбайд ажиллаж байсныг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Э” ХХК хөлсөөр ажиллах харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлс болох 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх төлбөр 1 сар 18 хоногийн хөлс 576,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч “Я” ХХК нь дээрх хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ авсан байх бөгөөд дээрх хугацааны хөлсийг төлөөгүй байх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй гэх тайлбар нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч “Я” ХХК-иас харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлс болох 570,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Я” ХХК-иас 576,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Я” ХХК-иас 18.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС