Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1094

 

    2020      06      10                                      2020/ШЦТ/1094

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

         Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

         улсын яллагч П.Даваасүрэн,

         иргэдийн төлөөлөгч С.Төрбат,

         хохирогч Ч.Батцэрэн,

         шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Байгальмаа,

         шүүгдэгч Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Чулууны Өлзийбатад холбогдох эрүүгийн 2006 00000 1005 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Харчин овогт Чулууны Өлзийбат, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны арын 5-5 тоотод оршин суух бүртгэлтэй,  РД:УМ89123110.

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүггэр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Товчооны арын 5-5 тоотод өөрийн төрсөн ах Ч.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ах, аав нарын хамт гурвуулаа амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ахтайгаа архи ууж байгаад маргалдсан. Би тухайн үед мах эвдэж байсан. Бид 2 архинаас болж маргалдаад гартаа барьж байсан хутгаараа зүсэх үйлдэл хийсэн. Ах гадаа гарчихаад орж ирэхэд нуруунд нь зүсэгдсэн байсан. Ахын маань далнаас цус гоожиж байхыг нь хараад түргэн тусламжийн байгууллагад хандсан. 103 ирээд ахын биеийг үзэж байгаад цагдаагийн байгууллага дуудсан. Тэгээд намайг цагдаа нар ирээд аваад явсан. Намайг цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр байцаасан. Би ахынхаа биед учирсан гэмтэл, шарх сорвинд зохих хэмжээний мөнгө төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

         Хохирогч Ч.Батцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Амгалан зах дээрээс утасны дугаар аваад тэрнээс болж маргалдсан. Би хутгаар зүссэн талаар мэдээгүй. Дараа нь цус гарч байна гээд 10 хоногт эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, мөн хагалгаанд орсон. Уушгинд хутга хүрсэн байсан учраас уушги цоорсон. Одоо биеийн эрүүл мэнд зүгээр болсон. Тухайн үед эмчилгээний зардал 1.700.000 төгрөг гараад эмнэлгээс хөнгөлөөд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан.” мэдүүлэг,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7/,

          Хохирогч Ч.Батцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн дүү Өлзийбат, миний ах Гомбожав, Е.Чулуун нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны задгай тоотод аавындаа байсан. Тэгээд ах Гомбожав, дүү Өлзийбат бид нар 0.5 литрийн “Морьт” гэдэг нэртэй архи 09 цаг өнгөрч байхад уусан. Тэгээд би согтсон, юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрэхэд нь түргэний машинд сэрсэн. Би бүдэг санаж байна. Гэрийн гадаа бие засаж байгаад гэрт орж ирэхэд миний нуруунаас цус гарсан байсан. Тэгээд ах Гомбожав намайг орон дээр хэвтүүлээд 103 дуудсан байх, өөр санах зүйл байхгүй байна. Өнөөдөр би утасны дугаараас болоод дүү Өлзийбаттай жаахан муудалцсан, миний бодож байгаагаар Өлзийбат намайг хутгалсан байх, Өлзийбат согтохоороо агсам зантай, аав руу хүртэл ямар нэгэн юм бариад дайраад байдаг.” гэх мэдүүлэг /хх-н 08-15/,

          Гэрч Ч.Гомбожавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Амгалан захаас манай хоёр дүү Өлзийбат, Батцэрэн хоёр шил архи авч ирж би аав Чулуун болон хоёр дүүгийнхээ хамт хувааж уусан. Тэгтэл Батцэрэн, Өлзийбат хоёр маргалдаад хоорондоо зодолдоод байсан. Батцэрэнгийн нурууны хэсэг нь цус болсон байсан. Яг хаана нь ямар гэмтэл яаж учирсныг ч мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 16/,

          Гэрч Е.Чулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Батцэрэн, Өлзийбат хоёр Амгалан захаас хүнсээ цуглуулж ирэхдээ архи уучихсан. Нэг шил архитай ирсэн. Тэр архиа Батцэрэн, Гомбожав, Өлзийбат 3 хувааж уугаад Батцэрэн, Өлзийбат хоёрын хооронд маргалдаад байсан. Би тухайн үед Батцэрэн, Өлзийбат хоёрыг юунаас болж муудалцаад байгааг ойлгохгүй байсан. Нэг харсан чинь Батцэрэнгийн зүүн талын далны доод хэсгээс цус гарч байсан. Тэр үед Өлзийбат өөрөө эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэгт ирээд араас нь цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

Яллагдагч Б.Өлзийбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ ах Гомбожав, Батцэрэн ах хоёртой хамт архи ууж байхдаа Батцэрэн ахтай утасны дугаараас болж маргалдан цаашаа харсан байхад нь мах хөшиглөж байгаа хутгаараа Батцэрэн ахын цээжний зүүн талын хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед хутга тийм гүн орсон гэж мэдээгүй байсан. Тэгтэл Батцэрэн ахын нуруунаас цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 47-50/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4851 дугаартай:

1.Ч.Батцэрэнгийн биед сээрний 6-7 дугаар нугаламын түвшинд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушги гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн хий, цус хуралт /1000 мл/, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

         5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 26-28/,

Өвчний түүхийн хуулбар /хх-н 29-41/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 42-43/,  Ч.Өад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, Ч.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 25/, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 26-35/, Ч.Өад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  51-52/ зэрэг болно.    

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

         

         Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүггэр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Товчооны арын 5-5 тоотод өөрийн төрсөн ах Ч.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ахтайгаа архи ууж байгаад маргалдсан. Би тухайн үед мах эвдэж байсан. Бид 2 архинаас болж маргалдаад гартаа барьж байсан хутгаараа зүсэх үйлдэл хийсэн. Ах гадаа гарчихаад орж ирэхэд нуруунд нь зүсэгдсэн байсан.” гэх мэдүүлэг, 

          Хохирогч Ч.Батцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хутгаар зүссэн талаар мэдээгүй. Дараа нь цус гарч байна гээд 10 хоногт эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн мөн хагалгаанд орсон. Уушгинд хутга хүрсэн байсан учраас уушги цоорсон байсан.” гэх мэдүүлэг,       

Хохирогч Ч.Батцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр би утасны дугаараас болоод дүү Өлзийбаттай жаахан муудалцсан миний бодож байгаагаар Өлзийбат намайг хутгалсан байх, Өлзийбат согтохоороо агсам зантай, аав руу хүртэл ямар нэгэн юм бариад дайраад байдаг.” гэх мэдүүлэг /хх-н 08-15/,

          Гэрч Ч.Гомбожавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Батцэрэн, Өлзийбат хоёр маргалдаад хоорондоо зодолдоод байсан. Батцэрэнгийн нурууны хэсэг нь цус болсон байсан. Яг хаана нь ямар гэмтэл яаж учирсныг ч мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 16/,

          Гэрч Е.Чулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр архиа Батцэрэн, Гомбожав, Өлзийбат 3 хувааж уугаад Батцэрэн, Өлзийбат хоёрын хооронд маргалдаад байсан. Би тухайн үед Батцэрэн, Өлзийбат хоёрыг юунаас болж муудалцаад байгааг ойлгохгүй байсан. Нэг харсан чинь Батцэрэнгийн зүүн талын далны доод хэсгээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

        Яллагдагч Б.Өлзийбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ ах Гомбожав, Батцэрэн ах хоёртой хамт архи ууж байхдаа Батцэрэн ахтай утасны дугаараас болж маргалдан цаашаа харсан байхад нь мах хөшиглөж байгаа хутгаараа Батцэрэн ахын цээжний зүүн талын хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед хутга тийм гүн орсон гэж мэдээгүй байсан. Тэгтэл Батцэрэн ахын нуруунаас цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 47-50/,

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4851 дугаартай дүгнэлт /хх-26-28/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Хохирогч Ч.Батцэрэн нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгч Ч.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Өад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Өын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нийт 251 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Харчин овогт Чулууны Өлзийбатыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ч.Өад 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ч.Өад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Өын урьд цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Ө нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

         7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Өлзийбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

      

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ

 

                            ШҮҮГЧИД                               С.ПҮРЭВСҮРЭН    

 

                                                                             Г.ХАТАНЦЭЦЭГ