Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 851

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч Н.Ү, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 17-03/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Н Ү холбогдох эрүүгийн 2005023971258 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны . дүгээр сарын ..-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оюу толгой”ХХК-д гүний уурхайн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “ дугаар баг ... тоотод оршин суудаг /РД:00000000/ урьд

Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, А овогт Н Ү.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Айриш нэртэй зочид буудлын 401 тоотод хохирогч Ч.Д маргалдан улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун чамархай, дух ясны шугаман хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ү хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан“...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баянгол дүүргийн 12-р хороо Айриш зочид буудалд бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл / хх-ийн 2 тал/,

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д уулзаад хамт нэг зочид буудалд хоносон. ...бид нар бичил хорооллын зам дагуу байдаг Төрийн банкны хажуу талын нэг буудалд 401 дугаартай 2 ортой өрөө авч орсон. Тэр өрөөнд бид нар 2 шил 500 граммтай Соёрхол нэртэй архийг хуваан ууж байгаад хоёр дахь шил архины тал хүртэл нь уугаад караоке орж дуулахаар болсон. Тэгээд хажуу талд нь байдаг Содон төвийн доошоо ордог Караоке орж нэг цаг дуулах гээд нэг шил архи, 3 пивотой авч уусан. Тэгээд тэр караокед авсан зүйлээ авч дуусгалгүй аваад гарсан. Буудлын өрөөнд ороод үлдсэн пиво архиа уусан. Би Д-ын охиндоо авсан муурыг нь хооллоод байж байтал Д ямар ч байсан хөлөө гозолзуулаад Ү толгой руу жийгээд байсан бөгөөд  Д хөлийг түлхээд байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн тэр хоёр муудалцаад Даваажав ямар ч байсан архины шил барьчихсан байсан. Үыг цохих үед  бултаад зөрүүлээд Д-ын толгой руу архины шилээр цохичихсон. Тэгээд Д-ын толгойноос цус гараад эхэлсэн бөгөөд Ү бид хоёр өөр өөрийн өмсөж байсан хувцасаараа Д-ын толгойноос гарах цусыг тогтоох арга хэмжээ авсан. Тэгээд би даруй буудлын хүмүүст хэлж эмнэлэг, цагдаа дуудах хэрэгтэй гээд хэлээд удаагүй байтал цагдаа ороод ирсэн бөгөөд араас нь эмнэлэг орж ирээд Д-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 8-9 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон газар нь Баянгол дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Айриш нэртэй 5 давхар буудал байх бөгөөд тус буудлын . давхарын ... тоот өрөөнд хэрэг учрал болсон гэх бөгөөд хэргийн газрыг үзлэгээр уг өрөөн цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Уг өрөөний хаалганд эвдрэл гэмтэл байхгүй хаалга онгорхой байв. Хаалгаар ороход нэлэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд уг өрөөний голд тавьсан цайвар өнгийн ширээ, ширээний хойд талд хананд тулгаж тавьсан саарал өнгийн буйдан байв. Уг ширээ болон буйдангийн голд нөжирсөн улаан хүрэн өнгийн зүйл байх бөгөөд шинжээч цагаан өнгийн маарал хөвөн ашиглан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор дээж авав. Шинжээч өрөөний ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Оролцогч болон шинжээч нараас гаргах тухай санал хүсэлт байхгүй гэх бөгөөд шинжээч никон д-3500 маркийн зургын аппарат ашиглан кадр зураг авч хэргийн газарт үзлэг хийх ажиллагаа дуусав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/,

 

Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г ах Ү бид гурав ганц нэг юм ууя гэж ярилцаж байгаад зочид буудал орж уухаар болсон. Тэгээд бид 3 манай охины хамтаар бичил хорооллын А нэртэй зочид буудалд орохоор болсон. Тэгээд тэр буудлын ... тоотын өрөөнд 2 шил Соёрхол нэртэй 500 граммтай архи аваад буцаад орсон. Хоёр шил архийг Г ах Ү бид гурав хувааж уугаад дуусгатал Ү гадагшаа гарч дэлгүүрээс дахиад нэг шил Соёрхол нэртэй архи авч ирсэн. Улмаар Г ах Ү бид 3 зочид буудлаас гарч караоке орж дуулахаар орсон боловч караокены хүмүүс гаднаас архи авч орж ирлээ манайхаас авахгүй гээд уурлаад байхаар нь тэр архийг уулгүй нэг цаг дуулчихаад гарсан. Бид гурав буцаж буудал ороод нөгөө архиа хувааж уусан. Тэгж ууж байхдаа Ү бид хоёр тоглоом шоглоомоор юм ярьж байгаад маргасан. Ү ширээн дээр байсан нэг ширхэг боргио нэртэй пивоны шил авч миний толгой дух орчим нэг удаа цохисон. Тэр үед миний духнаас маш их цус гараад эхэлсэн бөгөөд хэн цагдаа дуудсаныг нь мэдэхгүй байна цагдаа эмнэлэг болоод явсан. Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...Харин хамар ясны хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал гэмтлүүд бол хуучин гэмтлүүд байгаа юм. Миний биед 327.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Надад баримтууд нь байгаа. Намайг гэмтлийн эмнэлэгт хэвтсэн цагаас хойш Н.Ү надад бүх талаар тусалж байгаа эмчилгээний төлбөрийг барагдуулсан байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ч.Д биед баруун чамархай, дух, ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дух, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт баруун зүүн нүдний доод, дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун хацрын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын хажуу хэсгийн зулгаралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун чамархай, дух ясны шугаман хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33 тал/,

           

            Хохирогч Ч.Д гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 39-40 тал/,  

 

            Шинжээч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Д биед учирсан дээрхи гэмтлүүдээс хамар ясны хугарал гэмтэл нь дух орчим хохирогчийг цохих, цохигдох үеийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,

 

            Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 88-89 тал/,

 

Шүүгдэгч Н.Ү мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний хувьд өөрийн үйлдэлээ барьж чадалгүй найзынхаа биед хүнд гэмтэл учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. Миний өөрийн үйлдэлээ бүрэн ухамсарлаж учруулсан хохирлын эмчилгээний зардал болон холбогдох бүх зардлыг сайн дураараа төлж барагдуулсан байгаа. Хохирогч Д бид хоёрын хооронд хохиролтой ямар нэгэн асуудал байхгүй. Би тухайн өдөр хохирогчийн толгойн баруун тал орчим нэг удаа шилээр цохисон байгаа. Өөр гар хүрсэн асуудал байхгүй. Ч. хамарт байгаа гэмтэл бол хуучин гэмтэл. ...Миний хувьд манай том охин 12 настай, дунд хүү 9 настай бага хүү 3 настай бөгөөд эхнэр маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Дээрээс нь би одоо амьдарч байгаа хашаа, байшингаа цалингийн зээлээр авсан бөгөөд маш их өртэй тул торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчид учруулсан хүнд гэмтлийг би учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ би буруу зүйл хийгээд байна. Би Оюу Толгой ХХК-д ажилладаг. 14 хоног яваад 7 хоног амардаг. Хохирол төлбөр 320.000 төгрөг төлсөн. Би сард 5 сая төгрөгийн орлоготой...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 43 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 45 тал/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-47 тал/, эцэг тогтоосон тухай лавлагаа /хх-ийн 48 тал/, Оюу толгой ХХК-ийн “...Норовын Үнэнбаяр нь Гүний уурхайн ложистикийн оператор албан тушаал дээр 917 ам.долларын цалинтай ажиллаж байна...” гэх тодорхойлолт /хх-ийн 50 тал/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 51-58 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 59-61 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-71, 72-74 тал/, ШШГГазарт торгох ял 600.000 төгрөг тушаасан тухай баримт /хх-ийн 75 тал/, гэрч И.Уламдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр 1978 оны 1 дүгээр 16-ны өдөр төрсөн. ...2006 онд Оюу толгой компанид туслан үүрэг гүйцэтгэгчээр ороод одоог хүртэл ажиллаж байна. Манай нөхөр уул нь их даруухан хүн байгаа юм. Ямар нэгэн байдлаар хүн оролдохгүй бол янз бүрийг ааш араншин гаргаад байдаггүй. Машин барингаа хөгжим сонсоод явах дуртай бөгөөд одоо хийж байгаа ажил нь яг тохирдог. Манай хүн амарч явах хугацаандаа аялалаар явах дуртай. Манай нөхөрт муу зуршил гээд байхгүй. Тамхи бол хааяаа татна, архийг бол найз нөхдийн хүрээнд өөрөө тааруулаад уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ү гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 6-7, 28 дахь талуудад авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Айриш нэртэй зочид буудлын 401 тоотод хохирогч Ч.Д маргалдан улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун чамархай, дух ясны шугаман хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д “...гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс)-ны хугарал, заадсын салалт ...энэ ангилалд хамаарна” гэж зааснаар хохирогчийн биед учирсан дээрх баруун чамархай, дух ясны шугаман хугарал нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул шинжээч эмчийн 8811 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, хохирогч Ч.Д биед учирсан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Н.Ү гэмт үйлдэлтэй буюу хохирогчийн толгойн тус газар нь архины шилээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл болно.

 

 

Шүүгдэгч Б.Ү үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Ү хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Д эрүүл мэндэд баруун чамархай, дух ясны шугаман хугарал зэрэг гэмтэл учирсан бөгөөд хавтас хэргийн 39-40 дэх талд 318,636 төгрөгийн баримт гарган өгчээ. Хавтас хэргийн 26-27 дахь талд “...Миний биед 327.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Намайг гэмтлийн эмнэлэгт хэвтсэн цагаас хойш Н.Ү надад бүх талаар тусалж байгаа эмчилгээний төлбөрийг барагдуулсан байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, 88 дахь талд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Н.Ү гаргуулах хохирол төлбөргүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ү нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  /хх-ийн 89 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 90 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Ү танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

          Иймд шүүгдэгч Н.Ү хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөл, шүүхийн хэлэлцүүлэгт нэг сард 5 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ү урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Н Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү 12.000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ү мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ү авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА