Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 846

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овгийн Г.Х-д холбогдох эрүүгийн 2005020331359 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ...дугаар сарын ...-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон .... баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ....дүүргийн .... дугаар хороо Дээд салхитын.... дугаар гудамжны ...тоотод оршин суух /РД:00000000/ урьд

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г.Х.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Х нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NRJ лоунжны орчимд иргэн Б.Э-н халааснаас Ай фоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Х хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны модны хоёрын автобусны буудал дээр автобуснаас буугаад доошоо уруудаад гарцаар баруун тийшээ гараад явж байгаад гар утсаа алдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 30ны өдөр 15 цагийн үед Багшийн дээдийн автобусны буудал дээрээс гэр рүүгээ харихаар автобусанд суусан. Тухайн автобус нь Офицеруудын ордон 3, 4 дүгээр хороолол чиглэлийн тролебус байсан бөгөөд 15 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал дээр буусан. Би тухайн автобусны буудал дээр буумагцаа гар утсаа шалгаад куртикныхаа баруун талын халаасанд хийгээд замын нөгөө талд гарсан. Тэгээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NRJ нэртэй лоунж өнгөрөөд явж байхдаа гар утсаа алдсан байснаа мэдсэн. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 75-76 тал/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний “... iphone 8 64gb загварын гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 21-23 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны үеийн хяналтын камерын бичлэгийг эх хувиар CD дээр хуулбарлан ирүүлсныг 2020 оны 6 сарын 12 ны өдрийн 12 цаг 40 миниутанд хүлээлгэн авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэгийн 3 минут 50 секундэд хохирогч нь NRJ лоунжын урдуур алхаж өнгөр байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд нь хохирогчийн халаасанд гараа хийж байгааг харуулав. ...Тус хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй саарал өнгийн малгайтай, саарал өнгийн цамц өмсөж, цэнхэр өнгийн амны хаалт зүүсэн этгээд нь урьд өмнө халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Хуншагай гэх этгээдтэй төстэй харагдаж байгааг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 28-30 тал/,

 

Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 77 тал/,

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 83, 85 тал/,

 

шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 30 ний өдөр үдээс хойш Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны хоёрын голын замаар алхаж байсан чинь гарцаар гарах үед миний урдуур нэг эгч өнгөрсөн. Тухайн үед би тэр эгчийн гар утсыг баруун талыг халаасанд байгааг олж харсан.Тэгээд араас дагаж байгаад NRJ  лоунжийн гадна автомашины хажуугаар нарийн замаар явж байх үед нь нууцаар айфоне 8 маркийн гар утсыг нь хулгайлаад Монтел дээр аваачаад явуулын хүнд 60.000 төгрөгөөр зарсан. ...Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Би хохирлоо барагдуулж тэр эгчээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42, 43-45 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Г.Хуншагай нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 49-53 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55-56, 57-58 тал/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 61 тал/, гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Нөхөр маань сүүлийн хоёр жилийн хугацаанд хүмүүстэй нийлж улирлын шинжтэй барилгын ажил хийдэг байсан. Нүүрсний компанид хүнээр дамжуулан ажилд оруулах гэж байгаа гэхдээ бүтэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний хувьд гэртээ 2 хүүхдээ хараад ажил хийдэггүй манай нөхөр л мөнгө олж амжиргаагаа залгуулж тэжээдэг. Бидэнд өөр хүн байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 тал/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66, 68 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 69, 79 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 70-71 тал/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 72-74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Х  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 31-32 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Х нь түр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NRJ лоунжны орчимд хохирогч Б.Э халааснаас Ай фоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна. Шүүгдэгч Г.Х энэ үйлдэл шууд санаатай, шунахайн сэдэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Э-д 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 6 дугаар сарын  22-ны өдрийн  “Ашид Билгүүн” ХХК-ний дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Х 2020 оны 5 дугаар сарын 30 ны өдөр Баянгол дүүргийн ....... хорооны нутаг дэвсгэрт байрлах NRJ лоунжны орчимд хохирогч Б.Э халааснаас Ай фоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол  учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч Г.Х-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд тооцож 500.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Э “... надад одоо гомдол санал байхгүй. Би хохирлын мөнгөө хүлээн авсан...” гэх мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл, хохирогч Б.Э “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Х-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Х нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  /хх-ийн 85 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 86 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.Х-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Х-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 700 /долоон зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.Х-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуншагайд 700 /долоон зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Х-д мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Хуншагай нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА