Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 848

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Ц Э холбогдох эрүүгийн 1905048191259 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, …. оны .. дүгээр сарын .-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, … настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоер хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, согоотын .. дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, толгойт … дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, /РД:НФ00000000/ Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц Э.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Такара” зочид буудал дотор хохирогч П.А эзэмшлийн гар утсыг ашиглан мобайл банкаар 700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5019247680 дугаартай данс руу шилжүүлэн авч буюу хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

          Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан  “...Баянгол дүүргийн  дугаар хороо “Такара” зочид буудлын 201 тоот өрөөнөөс 700.000 төгрөг хулгайд алдсан гэх...” гэх тэмдэглэл /хх-ийн 11 тал/  

Хохирогч П.Алтанхүүгийн цагдаагийн хэлтэст гаргасан “...Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Такара” зочид буудалд өөрийн танил ээгий гэх эмэгтэйтэй хамт орсон бөгөөд өглөө 9 цаг 30 минутад сэрэхэд ганцаараа байсан, данснаас 700.000 төгрөг алга болсон байна...” гэх өргөдөл /хх-ийн 13 тал/

Хохирогч П.А Хас банкны гүйлгээ хийсэн дансны хуулга /хх-ийн 14, 33-38 тал/,

Хас банкны “...харилцагч П овогтой А нь 0000000000 тоот төгрөгийн харилцах дансны орлого болон зарлагын гүйлгээний мэдээллээ харилцагчийн тус банкинд бүртгэлтэй +97600000000 үүрэн телефоны дугаарт авдаг нь үнэн болно...” гэх тодорхойлт /хх-ийн 31 тал/,

Хас банкны “...П А нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар тус банканд 00000000 дугаартай харилцах дансыг эзэмшиж байна...” гэх тодорхойлолт /хх-ийн 32 тал/,

Шүүгдэгч Ц.Э Хаан банкны депозит дансны хуулга / хх-ийн 39-46 тал/,

Хохирогч П.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дүгээр байрны ойролцоо нэг бааранд найзын хамт сууж байгаад тэнд хуучин ажилладаг байсан Э гэх нэртэй хүүхэн миний утасны дугаарыг аваад удалгүй залгаад намайг дуудахаар нь би АТМ-ээс 100.000 төгрөг аваад ойролцоох караоке орж дуулж ууж байгаад тасарсан. Нэг сэрсэн чинь Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Такара гэх нэртэй зочид буудлыг өрөөнд сэрсэн. Намайг сэрэхэд Э гэх эмэгтэй байгаагүй тэгээд би босоод юмаа шалгахад бүх юм байсан. Буудлаас гараад хажуу талд нь байсан ТҮЦ-нээс тамхи ундаа авчихаад тооцоогоо хийгээд картаа уншуулахад миний дансанд 300.000 төгрөг байхаар би гайхаад Хас банкны лавлахаас асуухад та мобайл банкаараа 700.000 төгрөг шилжүүлсэн байна гэхээр би буцаад буудалдаа ороод буудлын ажилтнаас би танай буудалд хэзээ орж ирсэн талаараа асуухад та өглөөний 04 цагийн  үед нэг хүүхэнтэй орж ирсэн. Та буудлынхаа тооцоог хийх гээд хийж чадахгүй хамт байсан эмэгтэйдээ утасаа өгөөд нууц кодоо хэлээд тэр эмэгтэй чинь буудлын мөнгө шилжүүлсэн гэж  хэлсэн. Тасраад ухаангүй байсан тул бэлгийн харьцаанд ороогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 27-28 тал/,

Хохирогч П.А Баянгол дүүргийн прокуроын газарт гаргасан “...миний бие 700.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 81 тал/,

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн нэртэй караоке  пабад 2 жилийн хугацаанд барменаар ажиллаж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуучин ажиллаж байсан газар дээрээ очиход Хишгээ гэх хүнтэй тааралдахад өөрийн найз А гэх хүнтэй цуг явж байсан. Намайг ширээнд суугаач цуг идэж ууя гэх санал тавихаар нь би боломжгүй байна гэж хэлсэн. А гэх хүн нь намайг гар утасны дугаараа өгчих би эндээс гарах үедээ чамайг дуудаад таксины мөнгөө өгөөд хүргүүлье гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн гар утасны дугаараа өгөөд тэндээс гараад явсан. Удалгүй над руу залгаад хүрээд ир Х явчихлаа би чамаар хүргүүлмээр байна гэж хэлээд дуудсан тэгэхээр нь би дуудахад нь ойрхон явж байсан учраас удалгүй очоод миний хуучин ажиллаж байсан гэх газар ойрхон хоолны газарт хоол идчихээд явах гэтэл тэр хүн хажуу талын караокед ороод 2 пиво ууя ах нь чамд мөнгийг чинь өгнө гэж хэлээд тэр караоке руу намайг дагуулж ороод би хажууд нь сууж байхад тэр хүн 2 пиво уугаад тэндээсээ гараад намайг зочид буудалд хүргээд өг айлд очих гэж байгаад больчихлоо гэж хэлээд зочид буудал хайж явсаар байгаад Такара зочид буудалд очсон. Зочид буудал хайж явах замдаа А нь надтай бэлгийн харилцаанд орчих би уурхайгаас ирээд удаагүй байна чамд хэдэн төгрөг хэрэгтэй байна тэрийг чинь өгье гэж хэлэхээр нь би өөрийн зовлонг яриад 700.000 төгрөг хэрэгтэй байгаа талаараа хэлээд зочид буудалд ороод 2 удаа бэлгийн харилцаанд орчихоод гараад явсан. Тэгээд түүнээс хойш бол сураг чимээгүй байж байгаад гэнэт цагдаа нар ирсэн. А нь өөрийнхөө мобайл банкны нууц үгийг алдаж мөнгөө шилжүүлж чадахгүй байсан. Тэгээд намайг хий гэж хэлээд нууц кодоо хэлж өгөөд надад гар утсаа өгсөн. Би мобайл банкыг нь ашиглаж буудлын тооцоог хийсэн. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Би мобайл банкны кодыг нь буудлын тооцоо төлж байхад мэдсэн. Тэгээд өөр рүүгээ мөнгө шилжүүлчихээд буруу гэдгээ мэдээд сандраад банкны мэдээллийн талаархи мессеж ирэхээр нь устгасан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Миний авга эгч Ц.Э эхээс гурвуулаа бөгөөд  айлын том хүүхэд бөгөөд надтай ойрхон байдаг. Миний авга эгч Ц.Э-г нь хувийн амьдралын хувьд одоогоос 2 жилийн өмнө өөрийн нөхрөөсөө салсан бөгөөд одоо өрх толгойлсон 2 хүүхдийн эх юм. Нөхөр нь ерөнхийдөө их зовоогоод архи дарс уугаад зодож нүдээд байдаг байсан. Ерөнхийдөө өөрөө дандаа хувиараа эд бараа зарж борлуулдаг. Миний эгч Ц.Э нь зан байдлын хувьд бол даруу төлөв тайван тусархаг тууштай нийтэч хүн, архи тамхи хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/, гэрч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...миний охин одоогоор өөрийн 2 охины мөн миний 1 дүгээр ангид суралцдаг бага хүүтэй минь хамт айлын хөлсний хашаанд 5 ханатай гэрт амьдардаг. Түрээсийн машинаар халтуур хийж амьдарлаа залгуулдаг. Миний охин өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 63-66 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 74 тал/, гэрлэлт бүртгэлийн талаарх лавлагаа /хх-ийн 75 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 76 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э-с  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 29-30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.  

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 24-наас 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Такара” зочид буудал дотор хохирогч П.А-ийн эзэмшлийн гар утасны Мобайл банкыг ашиглан 700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5019247680 дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

Иймд шүүгдэгч Ц.Э “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Хавтас хэргийн 14, 33-38 дахь талуудад авагдсан хохирогч П.А Хас банкны гүйлгээ хийсэн дансны хуулга, 39-49 дэх талд авагдсан шүүгдэгч Ц.Э Хаан банкны депозит дансны хуулга, хохирогч П.А мэдүүлэг зэргээр энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.А-д 700.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан болох нь нотлогдон тогтоодсон. Мөн хохирогч П.А хавтас хэргийн 79 дэх талд “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж, 81 дэх талд “...миний бие 700.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гомдол санал байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.    

Мөн шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Э-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх байдал, 7-14 насны бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Э шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ц Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.А 700.000 /долоон зуун мянга/-н төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор acэсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА