Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01429

 

ХХААХҮЯны ““М Х С””-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2016/01028 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2018/00004 дугаар магадлалтай,

ХХААХҮЯны ““М Х С””-ийн нэхэмжлэлтэй

“Ү Г”ХХК-д холбогдох

Зээл, зээлийн хүү, алдангийн нийт 48 480 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөр-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, Г.Мөнхбаатар, хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөр-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч ХХААХҮЯны “М Х С” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Х С”гаас 2011 оны 06 сарын 08-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн сайдын А90 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг “Ү Г”ХХК-д олгож, 30.000.000 төгрөгийг 2,4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл олгосон. Зээлийн төлөлтийг нэг ч хийгээгүй. Манай байгууллагаас төлөхийг удаа дараа шаардсан. 2015 онд тооцооны үлдэгдлийн баталгааг хийж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан төлөхөөр баталгаа хийлгэсэн. Гэтэл нэг ч төлбөр хийгээгүй. Үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 3.480.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 48.480.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчаас монгол мал хөтөлбөрийн 02201102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавьсан гэрчилгээний дугаар 000608571400 улсын дугаартай зочид буудлын газар, склад газрын 300 м2 газар эзэмшлийн барилгуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хүсэлт гаргаж байна. гэжээ.

Хариуцагч “Ү Г”ХХК-ийн захирал Б.Төмөр-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: ХХААХҮЯны “М Х С”гийн нэхэмжлэлд холбогдох зээлийн асуудал нь тус компанийн Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд ХХААЯам төлөөгүйгээс өдий хүрсэн тул бид энэ чирэгдэл хохирлоо барагдуулж байж тэр эх үүсвэрээр төлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа юм. Энэ зээлээр тариалалт явуулахын тулд тус Үдлэг услалтын системд зайлшгүй засвар хийхэд хүрсэн ба тэнд 20-иод сая төгрөгийг зарцуулсан боловч усалгааны найдвартай байдлыг бүрэн хангаж чадаагүй улмаар үер буусны улмаас тариалсан царгасны 80% нь үерт урсан нэрвэгдэж ургац алдсан. Мөн тус компанийн захирал Б.Төмөр-Очир би тогонд цохиулсны улмаас 2 гараа 3-р зэргийн түлэгдэлд оруулж үүний улмаас 4-5 жил эмчилгээ хийлгэсэн ба огт ажил хийгээгүй учраас санхүү нэн хүндэрсэн. Иймд тус зээлийг 2 жилийн хугацаагаар түдгэлзүүлж, манай гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг хариуцагч ХХААЯамнаас Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд эцэслэн төлсний дараагаар төлөх буюу ХХААХҮЯ, “М Х С” ба манай “Ү Г”компани гурвуул хамтдаа шийдэхэд зайлшгүй хууль хяналтын байгууллагын шийдвэр шаардлагатай байгаа болно. Төрийн захиргааны төв байгууллагын хайхрамжгүй хийгээд сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг албан тушаалтан солигдохоор аливаа асуудлыг залгамж шинж чанараар шийдвэрлэдэггүй нэн хүнд сурталтай байдлын улмаас 2 талд ихээхэн хохирол гарсан тул бид шүүхийн байгууллагыг шударга хариуцлагыг эрх тэгш хүлээлгэх зарчмаар шийдвэрлэн иргэн байгууллагын санхүү нэн хүндэрсэн нь үер ба аюул ослын улмаас болсон бодит байдлыг хүмүүнлэг талаас нь хүндэтгэх шалтгаан болохыг харгалзан үзнэ гэж найдаж байна гэжээ

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2016/01028 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т тус тус зааснаар Үлдэгийн гэгээ ХХК-аас 48 480 000 төгрөгийг гаргуулж “М Х С”д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үлдэгийн гэгээ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийн дагуу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу зээлийн гэрээний нэг хэсэг болох барьцааны гэрээний 2.1, 2.2-т заасан Зочид буудлын барилга, склад, конторын барилга, 0.4 га эзэмшил газар зэргийг худалдан борлуулах замаар гүйцэтгүүлэхийг дурдаж, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “Ү Г”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 400.305 төгрөг гаргуулж Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2018/00004 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2016/01028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч “Ү Г”ХХК нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШЗ2018/00884 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөр-Очир хяналтын гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 223/МА2018/00004 гарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эсэргүүцэж байна. Тус компанийн “Үдлэг” услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг манайд ХХААЯам төлөөгүйгээс өдий хүрсэн тул бид энэ чирэгдэл хохирлоо барагдуулж байж тэр эх үүсвэрээр дээрхи зээлийг төлөхөөс өөр аргагүй байдалтаа байгаа тул түүний алданги 12 500 000 төгрөгийг нэмж 37 500 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсээгүй явдал нь иргэн ААНэгжийн өрийн дарамт, галын гамшгийг огт хайхраагүй хэрэг ба энэ нь нийгмийн өмнө хүмүүнлэг бөгөөд шударга зарчмаар манлайлан үлгэрлэх шүүхийн мөн чанарыг гаргаж чадаагүйгээрээ мэргэжлийн ур чадвар дутагдсан гэж хэлж болно. ХХААЯам, манай “ Үдлэгийн гэгээ” компанитай гэрээ байгуулан “Үдлэг” услалтын системд засварын ажилд 50 000 000 төгрөгийн санхүүжилт хийх байснаас Үер бууж ихээхэн хохирол гарсныг далимдуулж дараа жил ажлаа хийчих тэр үед нь олгоно гээд бид үлдэгдэл төлбөрөө авахын тулд ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрсэн ба тэнд дахин 60 гаруй сая төгрөг зарцуулсан боловч үлдэгдэл 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг өдий хүртэл олголгүй биднийг чирэгдүүлэн хохироосон, зарим бичиг баримт алга болсноос нилээд цаг зарцуулж ирсэн юм. Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхэд буцааж, манай “Үдлэгийн гэгээ” компанид ХХААЯам өгөх мөнгийг өгөөгүйгээс үүссэн алданги болох 15000000 төгрөгийг үүсгэсэн эх шалтгааныг өмнөх хурал бүрдүүлбэр хангахгүйгээр хурлыг хийж, нэг талын эрх ашгийг илтэд хохироосон тул шударгаар шүүн хэлэлцэх боломжийг олгох буюу уг 15 000 000 төгрөгийн алдангийг чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул “...алданги 15 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах...”-ыг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ХХААХҮЯны “М Х С” нь хариуцагч “Ү Г”ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48 480 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “Ү Г”ХХК нь нэхэмжлэлийг маргаж, 2005-2006 онд Үдлэг услалтын системд хийсэн засварын ажлын үлдэгдэл хөлсийг ХХААХҮЯ одоо хүртэл төлөөгүй, биеийн эрүүл мэндийн байдал, ажлын байранд гал гарч үйл ажиллагаа зогссон  зэрэг асуудлаас шалтгаалж зээлийг төлөөгүй, ХХААХҮЯнаас засварын хөлсийг авсны дараа зээлийг төлнө гэсэн үндэслэлээр маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 48 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрт хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, шүүх .2018 оны 02 дугаар сарын 09-ний 151/ШЗ2018/00407 дугаар захирамжаар гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигч талуудын байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр ба гэрээний дагуу “Ү Г”ХХК нь таримал тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор 30 000 000 төгрөгийг, 5 жилийн хугацаатай, жилийн 2,4, сарын 0,2 хувийн нөхцлөөр зээлж авсан боловч зээлийг тохирсон хугацаанд буцааж төлөөгүй байна. Гэрээний 7-д үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бол алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбаран хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд алдангийн хэмжээг илт их гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ий өдрийн 151/ШШ2016/01028 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2018/00004 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдусгай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА