Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 007

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц.Сумын 1 дүгээр багийн оршин суугч Бура овогт С.Ө, С.Б нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц.Сумын Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” **** дугаартай захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сумын Засаг даргын орлогч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Ц.Сумын 1 дүгээр багт оршин суудаг С.Б, С.Ө  бид олон тооны малтайгаар “Х” хэмээх газарт олон жил өвөлжиж байгаа юм.       Бид “Хаг нуурын “Мухар” хэмээх газрыг Ц.Сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” **** тоот захирамж, газар эзэмших эрхийн 2015 оны **** тоот гэрчилгээ, гэрээ  мөн сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 71 тоот захирамж, газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээ, гэрээгээр хууль ёсоор эзэмшиж байгаа юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ц.Сумын Засаг дарга Х.М нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн олон мянган малтай өндөр настан Т.З-д гэдэг эмэгтэйд бидний өвөлжиж буй газрыг давхар эзэмшүүлснээс бидний хооронд газрын маргаан гарч байна. Ц.Сумын Засаг даргын Т.Зд тус сумын 1 дүгээр багийн “Х” хэмээх газраас газар олгосон асуудал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан  хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн  заалтыг ноцтой зөрчиж байна.

Иймд  Баян-Өлгий аймгийн Ц.Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А\93 тоот захирамжийн 1 дэх заалт буюу “тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х”-т байгаа С.Мын өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа 700 м2 газрыг 95 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өмнөх хугацааг нь үргэлжлүүлэн Тетейн Замзад эзэмшүүлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрчилж, Баян-Өлгий аймгийн Ц.Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/93 тоот захирамжийн 1 дэх заалт буюу тус сумын 1 дүгээр багийн нутаг “Х”-т байгаа С.Мын эзэмшиж байсан 700 м2 газрыг 95 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Тетейн Замзад эзэмшүүлсүгэй гэсэн хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг дараах байдлаар ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. “Х” гэдэг өвөлжөөг одоогийн байдлаар гуравдагч этгээд Т.З болон нэхэмжлэгч С.Ө, С.Б нар ашиглаж байгаа ба нэхэмжлэгч нар нь хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан захирамж, гэрээ, гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна. Харин тухайн газрыг урьд нь талийгаач С.М 1996 оноос эхлэн эзэмшиж байгаа талаарх бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч С.М нас барсан байна. Нас барсны дараа 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түүний эзэмшиж байсан газрыг Т.Зд өвлүүлэн эзэмшүүлсэн талаарх захирамжийг нэхэмжлэгч нар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй юм.

Ц.Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/93 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан бүхий захиргааны акт нь хуульд үндэслэгдсэн байх зарчмыг хангаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй гэж үзэж байна. Мөн уг захирамжид Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгийг баримталсан нь Засаг дарга хуулийг буруу баримталсан гэж үзэж байна.

Учир нь, өв залгамжлах эрхийн талаарх маргааныг шүүх шийдвэрлэх бөгөөд өв залгамжлалтай холбоотой шийдвэр гаргах эрх Засаг даргад байдаггүй юм. Дээрээс нь маргаан бүхий А/93 тоот захирамжид “Иргэний тухай хууль” гэж заасан байх ба Монгол Улсад “Иргэний тухай хууль” гэж байхгүй “Иргэний хууль” гэж байгаа. Тийм учраас байхгүй хуулийг байгаа мэтээр хуулийг нэр томьёоны хувьд буруу хэрэглэсэн.

Засаг даргын бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг бүхэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохицуулсан байдаг. Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй явдлыг хариуцагч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Тухайн маргаан бүхий газарт холбоотой албадан нүүлгэх тухай асуудлыг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нь тухайн газартай холбоотой маргаан учраас 2018 оны 03 дугаар сард анхан шатны шүүхийн шийдвэр, 5 дугаар сард давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1624 тоот тогтоол гарсан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэснийг хариуцагч зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, тухайн газартай холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад, хөндлөнгөөс Засаг дарга оролцож Т.Зд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн хэрэг гэж үзнэ. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.” гэж заасан ба өв залгамжлалын журмаар эзэмшүүлсэн нөхцөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасныг үндэслэн Засаг дарга захирамж гаргах ёстой байсан.

Эдгээр хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн, зарим хуулийн заалтуудыг хэрэглээгүй явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийг хариуцагч ноцтой зөрчсөн байна. Энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болох нь нотлогдон тогтоогдсон. Ц.Сумын Засаг даргын маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой байна гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Ц.Сумын Засаг даргын хувьд сумын 1 дүгээр багийн иргэн Т.Зд талийгаач нөхөр нь С овогтой М “Х” дахь өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан газрын гэрчилгээг нэр дээр нь үргэлжлүүлж эзэмшүүлсэн.

Т.Зд өвлүүлэн эзэмшүүлсэн газар нь иргэн С.Ө, С.Б хоёрын эзэмшиж буй газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй юм.

С.М нь тус сумын Засаг даргын 2003 оны  10 дугаар сарын 16-ны өдрийн 71 тоот захирамжаар “Х” гэх газраас 700 м2 газар эзэмшсэн байна.  2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А/93 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн С.Мын эзэмшиж байсан эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагч болох Т.Зд өмнөх хугацаагаар үргэлжлүүлэн эзэмшүүлсэн.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т  газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсон бол уг газрыг өв залгамжлагч хүсвэл өмнөх хугацааг нь үргэлжлүүлэн эзэмшүүлж болно гэж заасан. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд Т.З нь Ц.Сумын “Х”-т байгаа хашаа хороо, газрыг нөхөр болох С.Мын хамт 1987 оноос эхлэн хууль журмын дагуу эзэмшин, ашигласаар ирсэн байна. Нөхөр нь нас барснаас хойш тухайн газрын эзэмших эрхийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хуульд зааснаар шилжүүлэн авсан байна.

Анхандаа маргаан бүхий газарт гуравдагч этгээд Т.З нөхөр болох талийгаач С.Мын хамт нэгдлийн битүү хороонд мал маллаж ганц айл суудаг байжээ. Нэхэмжлэгч С.Ө, С.Б нар нь төрсөн ах С.М, бэргэн эгч Т.З нарын гарт нь амьдарч байгаад өрх толгойлон тус тусдаа гарч, талийгаач С.М, Т.З нарын ойр хавьд байшин барьж, малын битүү хороог хамтдаа ашиглаж ирсэн байна. Сүүлийн үед малын тоо толгой нь ихсээд ирэхээр  бэлчээрийн маргаанаас болж байнга, хэрүүл маргаан үүсгэж, нэг нэгний эд хөрөнгөд халдах тохиолдол ч гарч байжээ. Нэхэмжлэгч С.Ө, С.Б нар нь өөрсдөө эзэмшил бүхий газартай мөртлөө төрсөн бэргэн эгч Т.Згийн нөхрөөсөө өвлөн авсан эзэмшил газарт нь ямар ч үндэслэлгүйгээр маргаад жил болж байгаа.

Гуравдагч этгээд нас барсан нөхрийнхөө эзэмшиж байсан газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх хүсэлтээ гаргаад маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа.

Ингэхдээ нэхэмжлэгч С.Б, С.Ө нарын ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй, Т.З болон түүний нөхөр С.М нар тухайн газрыг олон жил эзэмшиж, ашиглаж ирсэн. Нэхэмжлэгч С.Б, С.Ө нар нь өөрсдийн эзэмшил газраас илүү газрыг ашиглаж байсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Т.Згийн эзэмшиж байсан газар нь нэхэмжлэгч нарын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцахгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдож байгаа юм. Нэхэмжлэгч С.Б, С.Ө нар хуулийн үндэслэлтэй нэхэмжлэл гаргаагүй. Газар эзэмшүүлсэн захирамжид үндэслэл болгосон 95 дугаартай эд хөрөнгө өвлөх эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/93 дугаар захирамжийн холбогдох[1] хэсгээр Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Х” хэмээх газраас гуравдагч этгээд Т.Зд түүний нөхөр  С.Мын өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан гэх 700 м2 газрыг өмнөх хугацаагаар нь үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нараас  сумын Засаг даргын энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан боловч шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ө, С.Б болон гуравдагч этгээд Т.Згийн нөхөр С.М нар нь төрсөн ах дүүс байх бөгөөд Ц.Сумын “Х” хэмээх газраас сумын  Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” захирамжийг үндэслэн олгосон мөн оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 655, 677, 678 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[2] тус бүрдээ 500 м2 газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшдэг байжээ.

1994 оны Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д  Монгол Улсын иргэнд 60 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлж болохоор заасан ба эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрүүдээс  үзэхэд  нэхэмжлэгч С.Ө, С.Б болон иргэн С.М нарын  тус тусын эзэмшлийн газpын эзэмших эрхийн хугацаа  нь 2026 онд дуусахаар байна.

Улмаар сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  өмнө газар эзэмшиж, ашиглаж байсан  иргэн, аж ахуйн нэгжийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохоор шийдвэрлэснээр сумын газрын даамлаас уг захирамжийг үндэслэн олгосон 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ****, 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ****, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  нэхэмжлэгч С. Ө, С.Б, иргэн С.М нар нь тус бүрдээ 700 м2 газар эзэмших эрхтэй болсон буюу  “Хагнуурын Мухар” дах өмнөх газраа үргэлжлүүлэн эзэмшжээ.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заасан. Хариуцагч сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх бүхий этгээдийн хувьд  маргаан бүхий газрыг эзэмшигч С.М  нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д  заасан түүний хууль ёсны өв залгамжлагч  болох эхнэр  нь Т.Згийн хүсэлтээр 2018 оны А/93 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр түүнд тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн 30.2-т заасантай нийцсэн байна.

Иргэн С.М нь өмнөх хугацаанд дээрх байдлаар маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч байсан, тэрээр нас барснаар түүний тухайн газрыг эзэмших эрх Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар дуусгавар болохоор байгаа ч хуулийн 30.2-т заасны дагуу газар эзэмшигчийн   хууль ёсны өв залгамжлагчийн хувьд  гуравдагч этгээд Т.З нь маргаан бүхий газрыг анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал үргэлжлүүлэн эзэмших эрхтэй байна.

Газар эзэмшигч С.Мад олгосон газар эзэмших эрхийн 1996 оны 655 дугаартай гэрчилгээ, түүнтэй байгуулсан 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн 655 дугаартай[3] анхдагч гэрээнд зааснаар уг газрыг эзэмших эрхийн хугацаа 30 жил байх тул гуравдагч этгээд Т.З нь маргаан бүхий газрыг хуулийн 30.2-т заасан үндэслэлээр 2026 он 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл эзэмших эрхтэй юм.

Гуравдагч этгээдэд маргаан бүхий захиргааны актаар уг газрыг эзэмшүүлэх үед анхны газар эзэмшигчийн уг газрыг эзэмших эрхийн хугацаа дээрх байдлаар дуусаагүй байх тул Ц.Сумын Засаг даргын 2018 оны А/93 дугаартай захирамж холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь байршлын хувьд тус тусдаа байх ба хэн аль нь эрх бүхий этгээдээс эзэмшүүлсэн 700 м2 газраас илүү газрыг эзэмшиж, ашигладаг нь, маргаан бүхий газарт гуравдагч этгээдийн эзэмшлийн өвлийн  сууц, амбаар, малын хашаа зэрэг  5 төрлийн эд хөрөнгө оршдог нь, уг газар  нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй нь тогтоогдсон. Ингэснээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх хуулийн зохицуулалт зөрчигдөөгүй, гуравдагч этгээд Т.З нь гэр бүлийн гишүүний хувьд нөхрийн хамтаар олон жил гэр бүлийн зориулалтаар амьдарч ирсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээг нөхөр нь нас барснаар анхдагч гэрээнд заасан хугацаагаар уг газрыг үргэлжлүүлэн эзэмших болсон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нараас бэлчээр ашиглалттай холбоотой тайлбар хэлж маргасан боловч энэ нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд үүссэн гэх  бэлчээр ашиглах асуудлаарх  маргааныг  Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар эхлээд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулах бөгөөд эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж, “Ц.Сумын 1 дүгээр багийн “Х” гэх газарт байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М.М, М.А, М.Ас нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших, бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж байгаа хариуцагч нарын 2132 толгой малыг бэлчээрээс чөлөөлүүлэх” шаардлага бүхий С.Ө, С.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү маргааныг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж үзлээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй гэж заасан. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нар нь тухайн маргаан бүхий газрын эзэмшигч биш болох нь тогтоогдсон, түүнчлэн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх маргааны үйл баримт нь агуулгаараа гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн үйл баримттай холбоогүй, иргэний уг хэргийн хариуцагч нь энэхүү захиргааны хэргийн гуравдагч этгээд Т.З биш  байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн маргааныг  үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ө, С. Б нарын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ц.Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/93 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн            47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн            114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 

 


[1] Хэргийн 32 дугаар хуудас

[2] Хэргийн 6,7,65 дугаар хуудас

[3] Хэргийн 68 дугаар хуудас