Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0368

 

 

 

                  Ц.Яын нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н,

Нэхэмжлэгч: Ц.Я,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2020/765/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Я нь Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Ц.Яын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” А/1097 дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... үзлэгээр, бодитоор хэмжиж үзэхэд, сэндвичэн өргөтгөлийн талбай хэмжээ 218,9 м.кв хэмжээтэй, харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжид сэндвичэн өргөтгөлийн хэмжээ 180 м гэж алдаатай, зөрүүтэй заасан байх хэдий ч энэхүү алдаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл биш. Учир нь маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гаргасан байх ба уг захиргааны акт нь зорилгодоо нийцсэн байна ...” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь ганцхан зорилгодоо нийцсэн л байвал захиргааны актын бусад нөхцөл байдал хамаагүй, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны хууль зөрчсөн байсан ч хамаагүй гэдэг байдлаар дүгнэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлахыг хуульчилсан ба захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь дээрх зарчмыг хангасан байхыг шаардана. Гэтэл бодит байдал дээр 218,9 м.кв хэмжээ бүхий 2 ширхэг сэндвичэн өргөтгөл байхад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамж нь 180 м, 1 ширхэг сэндвичэн өргөтгөл гэдэг буюу бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” зэргээр захиргааны акт гаргах процессыг нарийвчилж зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх ганцхан “зорилгодоо нийцсэн гэдэг үндэслэлээр хуулийн дээрх зохицуулалтуудыг үгүйсгэж, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааг өмөөрсөн буюу хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй.

3.2. Анхан шатны шүүх шийдвэртээ “... нэхэмжлэгч Ц.Я нь зохих зөвшөөрөлгүй дур мэдэж сэндвичэн өргөтгөлийг барьсан” мэтээр дүгнэж бичжээ. Гэтэл бодит байдал дээр уг сэндвичэн өргөтгөлийн доорх газрыг 2008 онд Сүхбаатар дүүргийн Газрын албатай “Газрын төлбөр тогтоох тухай акт” үйлдэж эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд газрын төлбөрийг 13 жилийн турш тасралтгүй нийт 2,512,000 төгрөгийг бүрэн төлж ирсэн. Мөн нэгэнт төлбөр төлж ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс газрыг зохих журмын дагуу бүхий л баримтыг бүрдүүлэн /Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын дэмжиж буй тодорхойлолтын хамт/ эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан.

3.3. Мөн шүүх “... маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг зорилгодоо нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 218,9 м.кв 2 ширхэг сэндвичэн өргөтгөл нь цаашаа мухар гудамж байдаг буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан, явган хүний зам талбайг багасгасан гэх нөхцөл байдал огт байхгүй, галын аюулгүй байдлын дүгнэлттэй ба Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн 29А байрны сэндвичэн өргөтгөлөөс 30 дугаар байр хүртэлх зай нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 0,32 м дутаж байгаа бөгөөд уг зайг заавал сэндвичэн өргөтгөлийг буулгахгүйгээр засаж янзлан зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх бүрэн боломжтой.

3.4. Иргэн Ц.Ят холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжийг үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 30, 2019 оны 29/33 дугаар тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.5.11, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/133 дугаар захирамж зэрэгт иргэн Ц.Я болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн тал, Усны гудамж, 29 дүгээр байрны байршилтай холбоотой сэндвичэн өргөтгөлийн тал мөн огт дурдагдаагүй, тусгагдаагүй.

3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Ц.Я нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Маргаан бүхий А/1097 дугаар захирамжаар “иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаарх авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, дурдсан байршлуудад орчны аюулгүй байдлыг хангах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтанд даалгаж” шийдвэрлэжээ.

            3.3.  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус тодорхой хуульчилсан. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүсээгүй, тэрээр “...  уг сэндвичэн өргөтгөлийн доорх газрыг 2008 онд Сүхбаатар дүүргийн Газрын албатай “Газрын төлбөр тогтоох тухай акт” үйлдэж эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд газрын төлбөрийг 13 жилийн турш тасралтгүй нийт 2,512,000 төгрөгийг бүрэн төлж ирсэн” гэснээс өөрөөр газар эзэмших, ашиглах эрхтэй болохоо нотолж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ асуудлаар маргаагүй байна. Нэхэмжлэгч нь “...нэгэнт төлбөр төлж ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс газрыг зохих журмын дагуу бүхий л баримтыг бүрдүүлэн /Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын дэмжиж буй тодорхойлолтын хамт/ эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан” гэж гомдолдоо дурдсан байх бөгөөд ийнхүү тухайн газрыг эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасан, мөн хорооны Засаг даргын газар эзэмшихийг дэмжиж байгаа талаарх тодорхойлолтоор газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүссэн гэж үзэхгүй. Түүнчлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02-06/454 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид “... нийтийн эзэмшлийн зам, талбайд зохих зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьсан тул Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 29 дүгээр байрны 1 давхарт барьсан өргөтгөлийн барилгын доорх газрыг ашиглах тухай ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/899 дүгээр албан бичгээр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “... Ц.Я нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй агуулахын зориулалттай өргөтгөл, граж барьсан тул холбогдох хариуцлага тооцон, арга хэмжээ авахыг мэдэгдсэн” байна. Мөн нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшүүлж, ашиглуулаагүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй байна.

3.4. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий захирамжаар уг газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

3.5. Мөн нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тодруулах, тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааг өмөөрсөн буюу хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн, бодит байдал дээр 218,9 м.кв хэмжээ бүхий 2 ширхэг сэндвичэн өргөтгөл байхад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамж нь 180 м, 1 ширхэг сэндвичэн өргөтгөл гэдэг буюу бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй” гэж, хариуцагчаас “... газрын мэдээллийн санд 180 м.кв гэж гарч байгаа, маргаан бүхий газарт баригдсан 2 сэндвичэн барилгыг хамтад нь нураана” гэж тайлбарлан маргах бөгөөд хэдий захирамжид бодит байдлаас газрын хэмжээг өөрөөр бичсэн боловч энэ нь захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна. Учир нь дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүсээгүй тул уг газрыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үлдээх ёстой гэж маргах эрхгүй, тодруулбал, нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг эдлэхгүй. Түүнчлэн “газрын төлбөрийг 13 жилийн турш тасралтгүй төлсөн” гэх тухайд нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүсээгүй ч тэрээр тухайн газрыг ашиглаж байсантай холбогдуулж маргадаггүй тул ийнхүү “төлбөр төлсөн тул маргаан бүхий газрыг түүний эзэмшил, ашиглалтад үлдээх ёстой, заавал сэндвичэн өргөтгөлийг буулгахгүйгээр засаж янзлан зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх бүрэн боломжтой” гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй бөгөөд энэ тайлбараар нэхэмжлэлийн шаардлага хангах хууль зүйн үндэслэлгүй.

3.6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Газрын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ыг баталсан, уг журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалт болон газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний талаар зохицуулж, газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлүүдийг болон зөрчлийг илрүүлэх, таслах зогсоох арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой заасан байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолоор Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/133 дугаар захирамжаар “... дугуйн зам шинээр барих ажлын зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг баталсан” зэргээс үзвэл эдгээр актуудаар газрын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шат дараатай хийгдэх ажлуудыг тухай бүр тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн “... дээр дурдсан актуудад иргэн Ц.Я болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн тал, Усны гудамж, 29 дүгээр байрны байршилтай холбоотой сэндвичэн өргөтгөлийн тал мөн огт дурдагдаагүй, тусгагдаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлагагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Яын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА

  ШҮҮГЧ                                                                            Н.ДОЛГОРСҮРЭН