Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 05

 

Ш.Адъяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрийн 139/ШШ2017/00064 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Адъяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  “Жи Пи Эф” ХХК-нд  хариуцагдах компаний захирлын 2016 оны 10 сарын   26-ны өдрийн Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/141 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4395000 төгрөг гаргуулах,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Адъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзиймаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаяр, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Жи Пи Эф” ХХК-ний уурхайд 2013 оны 11 сараас хойш ажлаас халагдах хүртлээ 3 жил гаран ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тэгээд ажлаа хийж байгаад 2016 оны 10 сарын 27-нд ар гэрт ажил гараад 28, 28, 30-ны өдрүүдийн чөлөөг чөлөөний хуудсаар хүний нөөцийн ажилтан Х.Өлзиймаа, механик Ма-Нинг нараас аваад явсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусч 10 сарын 31-ний өдөр ажилдаа очих байсан боловч тэр өдөр Чингис хааны мэндэлсний  өдөр тохиож бүх нийтийн амралтын өдөр байсан тул ажилдаа очоогүй. Сар бүрийн эхний 7 хоног хуваарийн дагуу би амралтаа авдаг байсан. Үргэлжлүүлээд тэр 7 хоногийнхоо амралтыг авсан юм. Тэгсэн 11 сарын 4-ний өдөр хүний нөөцийн ажилтан Х.Өлзиймаа утсаар яриад ажлаас халагдсан тушаал гарсан ирж аваарай гэж хэлсэн. 2016 оны 11 сарын 7-нд уурхай дээр очиж тушаалаа автал намайг 2016 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн ажлаас халсан байсан. 2016 оны 11 сарын 11-ний өдөр тус сумын иргэн жолооч Цэрэндондов надад дугтуйтай бичиг авчирч өгсөн. Тус дугтуйн дотор 2016 оны 11 сарын 1-ний өдрийн тушаал байсан. Иймд 1 дугаартай 2 тушаалаар намайг ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи Пи Эф” ХХК-ний уурхайд жолооч ажилтай Ш.Адъяа нь 2016 оны 10 сарын 17-ны өдөр ажлынхаа талбар дээр нэг ажилтантайгаа муудалцан чулуу шидэж, компаний эд хөрөнгөд хохирол учруулсан. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ үндэслэлээр ажлаас нь халсан. Байгууллагаас яагаад 10 сарын 26-ны өдөр тушаал гаргасан гэхээр бид нар хуралдаж, компанийхаа удирдлагуудад мэдэгдсэн. Тэгсэн хотод 10 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан байсан. 2016 оны 10 сарын 26-нд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гаргасан боловч тамга дардаг хүн нь Хятад улс руу явчихаад тамгаа хүлээгээд 10 сарын 26-нд гарсан ажлаас халах тушаал 11 сарын 2-нд миний гар дээр ирсэн. 2016 оны 11 сарын 2-нд би нэхэмжлэгчид мэдэгдэхэд аймаг дээр Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд явж байна, 2, 3 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн. Тэгээд 11 сарын 6-ны өдөр ирж авсан. Манай  компаний хотод байдаг нягтлантай нэхэмжлэгчийн эхнэр нь “ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах гэтэл хуанлийн 14 хоногийн хугацаатай байдаг болохоор бид нар цаг алдчихсан байна. Тиймээс тушаалын агуулга нь өөрчлөгдөхгүй юм чинь тушаалаа 11 сарын 1-нээс болгож өгөөч” гэж утсаар ярьсан байсан учраас бид нар тушаалын он, сарыг 11 сарын 1-н болгож өөрчилсөн. Адъяагийн хүсэлтээр ажлаас халах тушаалын огноог өөрчилсөн болохоос бус нэг хүнийг 2 тушаалаар ажлаас халаагүй юм. Иймд хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар “Жи Пи Эф” ХХК-ий ерөнхий захирлын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 16/Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 16/Б/141 дугаартай “Ажлаас халах  тухай” тушаалуудыг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Олдох овгийн Шатарын Адъяа /ЗМ78021511/-г “Жи Пи Эф” ХХК-ий “Дамп” автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4395000  /дөрвөн сая гурван зуун ерэн таван мянган/ төгрөгийг “Жи Пи Эф” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ш.Адъяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Адъяад олгох олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, хариуцагч “Жи Пи Эф” ХХК нь мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Жи Пи Эф” ХХК-д  даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Жи Пи Эф” ХХК-аас 225670 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун далан/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаяр давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар  сарын 13-ны өдрийн 139/ШШ2017/00064 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1.Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... нэхэмжлэгч нь хүний эрүүл мэнд болон компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажлын байран дээр хэрүүл маргаан хийсэн, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан болох нь дээрх нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба эндээс үзэхэд ажил олгогч нь  ажилтныг компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халжээ” гэж зөв дүгнэсэн. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг баримтлан ажил олгогч 2 тушаал гаргасан нь хэзээ ажлаас халагдсан болохыг тооцох боломжгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш.Адъяагийн нийгмийн даатгалын дэвтэр, Дундговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, түүнд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдүүлбэр зэрэг бичгэн нотлох баримтаар ажил олгогч 2016.11.01-ний өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан  ажил олгогчийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн буюу хуульд заасан үүргээ биелүүлсэн.

... Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн тул хууль зүйн фактыг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй. ...Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэт явцууруулан тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн тул шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

2. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах, шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх гол агуулгатай байх ба ажил олгогч 2016.11.01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, оногдох хугацааны цалин хөлсийг бүрэн тооцож олгосон нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан болох нь огт ойлгомжгүй буюу  анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Гэтэл нэхэмжлэгч тал ажилгүйдлийн тэтгэмжээ бүтэн авах нөхцөл бүрдсэн, ажиллаж байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа  бүрэн авсан зэрэг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тушаалын огноог өөрчлөн хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь огт тогтоогдохгүй буюу тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ “... 2016.10.26-ны тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хамт 2016.11.07-ныөдөр авчирч өгсөн” гэжээ. 2016.11.01-ний өдрийн тушаал гараагүй байхад нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй буюу хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар нийгмийн даатгалын дэвтэрт 2016.11.01-ний өдрийн 16/Б/141 тоот тушаалаар ажлаас халсан болохыг баталгаажуулан тэмдэглэл хийж, тамга дарж баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч тал мөн өдрийн  тушаалаар ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар баримт бүрдүүлэн тэтгэмжээ авч эхэлсэн болох нь хэрэгт цугларсан бичгэн нотлох  баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч тал амаар хүсэлт гаргаагүй бол дахин тушаалын огноог өөрчлөн хүргүүлэх ямар ч шаардлага ажил олгогч талд болох нь илэрхий  үйл баримт болно.

...Харин ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу  ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор маргах  хуулийн зохицуулалт үйлчлэх ба халагдсан өдөрт нь шийдвэрийг гардуулах журамд хамаарахгүй болно.

4.Нэхэмжлэгч тал гаргасан зөрчлөө үгүйсгээгүй, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн байхад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдал, шударга ёсонд үл нийцнэ.

Иймд хариуцагч талын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

 

Ш.Адъяа шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жи Пи ЭФ” ХХК-ний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Ш.Адъяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

“Жи Пи Эф” ХХК-ний ерөнхий захирал 2016.10.26-ны өдөр 16/Б/141, 2016.11.01-ний өдөр 16/Б/141 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 136 дугаар зүйлийн 136.2 дахь заалт, Компаний  хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.8, 8.3.12, 8.3.15-д заасныг үндэслэн Ш.Адъяа нь хамтран ажиллаж байсан ажилчинтай бүдүүлэг харьцаж, түүний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулж, компаний дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг ажилтныг ажлаас халах тушаалын үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  гэдэг ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг ойлгох тухай хуульчилжээ.

Гэтэл ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг  тушаалдаа үндэслээгүй, харин хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.8, 8.3.12, 8.3.15-д заасныг үндэслэл болгосон байна. Байгууллагын дотоод журмын эдгээр заалтууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох нь тогтоогдоогүй байна. 

Бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулсан нөхцөл байдал нь ажилтныг ажлаас халах үндэслэл болсон тухай “Жи Пи ЭФ” ХХК-ний ерөнхий захирлын 2016.10.26-ны өдрийн 16/Б/141, 2016.11.1-ний өдрийн 16/Б/141 тоот тушаалуудад дурджээ.

Гэтэл ажлаас халсан ажил олгогчийн тушаалын үндэслэл болох уг дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.12-т “Аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж, хүний эрүүл мэнд эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан, учруулах нөхцлийг бүрдүүлсэн нь ажлаас халах үндэслэл болохоор заасан хэдий ч аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын эрүүл мэнд, хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй байна.

            Анхан шатны шүүхээс Ш.Адъяагийн үйлдэлд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн атлаа ажил олгогчоос ажилтныг халсан 2 тушаал гаргасан, ажлаас халсан тушаалыг ажилтанд өдөрт нь өгөөгүй нь ажилтныг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэл болсон мэт дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, харин нэхэмжлэгчийн “... тушаал хүчингүй болгох...” гэсэн нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаараагүйгээс гадна энэхүү шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байгааг залруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолд дурдсан үндэслэлээр бус хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  139/ШШ2017/00064 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дугаар заалтыг 1, 3 дугаар заалтыг 2, сүүлчийн 3 дугаар заалтыг хэвээр, 4 дүгээр заалтын “225670 төгрөгийг” гэснийг “155470 төгрөг”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225670 /хоёр зуун таван/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                   ШҮҮГЧИД                             Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ