| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 101/2016/00653/И |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт Г.У/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Х.Г-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,
“Түрээсийн төлбөр 6,155,250 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний 3 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Г.У нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х.Гтай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын тохиролцоогоор зээлдүүлэгч нь зээлийн хүүний оронд зээлдэгчийн орон сууцанд суухаар тохиролцоод орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 15.000.000 төгрөгийг алдангийн хамт төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй байсан тул талуудын хооронд маргаан үүссэн. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээлээс 8.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7.000.000 төгрөг, алдангийн хамт нийт 18.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 заалтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг. Алданги нь 7.000.000 төгрөгийн 0,5 хувиас хоногийн 35,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөг болж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 116 хоногийн алданги бодсон байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, алданги 4,600,000 төгрөг, нийт 13,600,000 төгрөг болж байгаа. Гэхдээ 7,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн дагуу 3,500,000 төгрөг болж байна. 15,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй гэж тооцоод 7,500,000 төгрөгийн алданги бодсон. 15,000,000 төгрөгийн зээлээ 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул үндсэн зээлээсээ хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги бодсон байгаа. Ингээд нийт 18,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч талын амаар тохиролцсон гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Ямарваа нэгэн гэрээ, хэлэлцээр хийнэ гэдэг бол эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг. Иймд эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай хүмүүс өөрийн үйлдлээ ухамсарлаж хийдэг тул мэдэлгүй ямар нэгэн үйлдэл хийсэн гэдэг бол үндэслэлгүй. Амаар хийсэн тохиролцоо нь бичгэн хэлбэрээр нотлогдохгүй байгаа. Мөн байр, цахилгааны төлбөр төлөөгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэдэг шаардлагыг сайн ойлгохгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсны үр дагавар нь тухайн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болдог ба өгсөн авснаа буцаах үр дагавартай байдаг. Манай тохиолдолд ингэх боломжгүй. Энэ талаар хариуцагчид юу гэж тайлбарлахыг мэдэхгүй байна. Ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 8 тоот 3 өрөө байраа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Г.Утай орон сууц хөлслөх гэрээ хийж байрандаа 6 сарын хугацаатай үнэгүй суулгасан. Зээлийн гэрээ хийж 15,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Анх ам бүл дөрвүүлээ суухаар тохиролцсон. 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч Г.У “манай эхнэр төрөх гэж байгаа, орон байр байхгүй, хөдөөнөөс хүмүүс ирж хамт амьдарч байгаа ам бүл 8 болсон учир 6 сарын хугацаатай сунгая гэж гуйсан учраас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай байрандаа үргэлжлүүлэн суулгасан.
2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд миний байранд суусан боловч 6 сарын түрээс төлөөгүй төлбөр 6,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын байрны төлбөр 83,450 төгрөг, цахилгааны төлбөр 29,800 төгрөг, СӨХ-ын 9, 10 дугаар сарын төлбөр 24,000 төгрөг, домофон системийн төлбөр 18,000 болох нийт 6,155,250 төгрөгийг Г.У төлөөгүй гарсан.
Би байрандаа үргэлжлүүлэн суулгахдаа 3 өрөө байрны 1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгөөр бодож байрандаа суулгасан.
Г.Уд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлсэн 15,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Нотариатаар орж 8,000,000 төгрөг бэлнээр өгсөн.
2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г.Уыг нүүсний дараа байр, цахилгаан, СӨХ, домофон системийн төлбөрийг би өөрөө төлсөн. Г.У нь миний 3 өрөө байранд 1 жил үнэгүй суугаад, надаас 8,000,000 төгрөг бэлнээр авчхаад 18,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Г.Утай гэрээ байгуулсан. Бидний гол тохиролцоо бол 6 сарын хугацаанд би 15,000,000 төгрөгийг зээлж, зээлийн хүү, алдангид байрандаа суулгах байсан. Гэтэл орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээ нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй болсон юм шиг байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд 15,000,000 төгрөгийн хүү, алдангид байранд сууна гэсэн. 15,000,000 төгрөг зээлдүүлээд 3 өрөө байранд сууна гэсэн утга байдаггүй. Иймд 2 гэрээ нь тус тусдаа гэрээ юм шиг ойлголт төрдөг. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ байгуулаад 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай орон сууцандаа суулган гэж орон сууц хөлслөх гэрээнд заасан. Гэрээний хугацаа дуусах өдөр манай ахын бие муу байж таараад би эмнэлэгт сахиураар байсан. Г.У надруу эхэлж яриад дахин 6 сарын хугацаагаар гэрээний хугацааг сунгах саналыг тавьсан. Ингэж тохиролцохдоо сүүлийн 6 сарын хугацаанд орон сууцандаа суулгасны түрээсийн төлбөр авахаар тохиролцсон. Түрээсийн төлбөрөө нэг сарын 1,000,000 төгрөг байхаар тохирсон. Сүүлийн гэрээний хугацааг сунгахад бид нотариатаар орж баталгаажуулсан зүйл байхгүй. Тэр үед манай гэрт хүнд байдал тулгарсан байсан болохоор гэрээгээ баталгаажуулах боломж гараагүй. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дуусаад би 8,000,000 төгрөгийг Г.Уд бэлнээр өгч байрнаасаа гаргасан. Гарах сүүлийн сарын буюу 2015 оны 10 дугаар сарын байрны мөнгө буюу СӨХ, цахилгааны төлбөр төлөөгүй гарсан. Байрны мөнгө 83,450 төгрөг, цахилгааны төлбөр 29,800 төгрөг, 09 дүгээр сар, 10 дугаар сарын СӨХ-ны мөнгө 24,000 төгрөг, домофоны мөнгө 09 дүгээр сар, 10 дугаар сарын 18,000 төгрөг, нийт 155,250 төгрөг төлөөгүй гарсан. 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна.
Мөн анх байгуулсан гэрээ буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн зээлийн гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилж байна. Талууд зээлийн гэрээгээ байгуулахдаа зээлийн хүү болон алдангийг авахгүй байхаар тохиролцсон. Гэтэл нотариатын буруутай үйлдэл буюу хэвлэмэл загвар ашиглан талуудын гэрээг гаргаж өгсөн. Улмаар нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэсэн. Уг нь хүү, алданги нь талуудын тохиролцоонд ороогүй заалт учир 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 3 дахь заалт хүчин төгөлдөр бус юм. Талууд хариу төлбөртэй буюу нэг тал орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцанд сууж нөгөө тал нь 15,000,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр зээлдүүлэхээр тохирсон. 15,000,000 төгрөгийн хүүнд Х.Ггийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд суухаар тохиролцсон. Тухайн үед талуудын хэн хэн нь алдангийг тооцох сонирхолгүй, хүсэл зориггүй байсан зүйл нь нотариатын буруутай үйлдлийн улмаас буюу бэлэн хэвлэмэл байдал гарч ирснээр нэхэмжлэгч талд ашиглаж болохуйц нөхцөл байдал үүссэн. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нь зээлийн гэрээний сунгалт гэсэн нэртэй байгаа боловч талууд уг гэрээгээр зээлийн хугацааны талаар тохиролцоогүй. Үндсэн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог тохирсон төлбөр тооцооны гэрээ байсан боловч зээлийн гэрээ гэж нэрлэсэн нь талууд хууль, эрх зүйн мэдлэг дутуу, буруу агуулгаа андуурч хийсэн гэрээ болсон тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талуудын тохирсон орон сууц хөлслөх, зээлийн гэрээний үүрэг харилцан дуусгавар болж байгаа тул үүнийг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй. 2014 оны гэрээ бол андуурч хийгдсэн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн гэрээ гэж үзэж байна.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Х.Гд холбогдуулан “Үндсэн зээлийн төлбөрт 7,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх алданги 7,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 3,500,000 төгрөгийн алданги, нийт 18,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Г нь нэхэмжлэгч Г.Уд холбогдуулан “Түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, байрны төлбөр 83,450 төгрөг, цахилгааны төлбөр 29,800 төгрөг, СӨХ-ийн 9, 10 сарын төлбөр 24,000 төгрөг, домофон системийн төлбөр 18,000 төгрөг, нийт 6,155,250 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний 3 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
1.Нэхэмжлэгч Г.Уын үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Х.Гтай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, Г.У нь 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар зээлийн хүүгүйгээр Х.Гд шилжүүлэх, Х.Г нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-8 тоот 3 өрөө орон сууцаа Г.Уын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу орон сууц хөлслөх гэрээ байгуулж, зээлийг 2015 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл, мөн орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл хөлслүүлэхээр тохиролцсон байх бөгөөд зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болохоор талууд тохиролцсон, мөн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц хөлслөх ба хөлсүүлэх гэрээ” /гэрээ дуусгавар болсон тухай/-г 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “зээлийн гэрээ /гэрээний хугацаа сунгасан/”, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц хөлслөх ба хөлслүүлэх гэрээ” /гэрээ дуусгавар болсон тухай” болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8, 9, 24, 25, 26, 27 дугаар тал/
Зээлдэгч болох Х.Г нь дээрх зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн үндсэн төлбөрөөс 8,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлж, улмаар үндсэн зээлийн төлбөрөөс 7,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний “Зээлийн гэрээ /гэрээний хугацаа сунгасан/ гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.У нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х.Гтай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын тохиролцоогоор зээлдүүлэгч нь зээлийн хүүний оронд зээлдэгчийн орон сууцанд суухаар тохиролцоод орон сууц хөлслөх гэрээг байгуулсан.
2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээлээс 8.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7.000.000 төгрөг, алдангийн хамт нийт 18.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 8 тоот 3 өрөө байраа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Г.Утай орон сууц хөлслөх гэрээ хийж байрандаа 6 сарын хугацаатай үнэгүй суулгасан. Зээлийн гэрээ хийж 15,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн.
2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд миний байранд суусан боловч 6 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын байрны төлбөр 83,450 төгрөг, цахилгааны төлбөр 29,800 төгрөг, СӨХ-ын 9, 10 дугаар сарын төлбөр 24,000 төгрөг, домофон системийн төлбөр 18,000 төгрөг, нийт 6,155,250 төгрөгийг Г.У төлөөгүй гарсан. Би байрандаа үргэлжлүүлэн суулгахдаа 3 өрөө байрны 1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгөөр бодож байрандаа суулгасан.
Бидний гол тохиролцоо бол 6 сарын хугацаанд би 15,000,000 төгрөгийг зээлж, зээлийн хүү, алдангид байрандаа суулгах байсан. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дуусаад би 8,000,000 төгрөгийг Г.Уд бэлнээр өгч байрнаасаа гаргасан...” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Г.У нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 27, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнүүдийг үндэслэн шаардаж байгаа ба энэ гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй.
Талууд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууц хөлсөх гэрээ”, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ” байгуулан нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Х.Гд 15,000,000 төгрөгийг зээлэн, уг зээлийн хүүнд хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-8 тоот 3 өрөө 40 м.кв талбайтай орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслөхөөр тохирсон бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч талууд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Х.Г 8,000,000 төгрөгийг төлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 7,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон талаар талууд тайлбарлажээ.
Дээрх зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хугацаа сунгасан гэх гэрээнүүдэд талууд зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн зүйлийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцно”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан тул хариуцагч Х.Г нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон алдангийг нэхэмжлэгч Г.Уд төлөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч Г.У нь зээлийн гэрээнд заасан алдангийг тооцохдоо үндсэн зээл болох 15,000,000 төгрөгөөс 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх алданги 7,500,000 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх алданги 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн зарим үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Г.У нь Х.Гтай “Орон сууц хөлслөх гэрээ”-гээр 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон сууцыг хөлсөлсөн хэдий ч 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн орон сууцанд амьдарч байсан болох нь талуудын тайлбар болон 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц хөлслөх ба хөлслүүлэх гэрээ”-гээр тогтоогдож байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх алданги нь нэхэмжилсэн үндэслэлгүй байх тул 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх алданги 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл нийт 56 хоног байх бөгөөд 7,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги /нэг өдрийн 35,000 төгрөг/, хугацаа хэтэрсэн алданги 1,960,000 төгрөг байх тул илүү нэхэмжилсэн 1,540,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зээлдэгч болох хариуцагч Х.Г нь зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 7,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч Х.Г болон түүний өмгөөлөгч нь үндсэн зээлийн төлбөр 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Иймд хариуцагч Х.Ггаас үндсэн зээлийн төлбөрт 7,000,000 төгрөг, алданги 1,960,000 төгрөг, нийт 8,960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,040,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
2.Хариуцагч Х.Ггийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Х.Г нь Г.Утай Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-8 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлсөж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”, “Орон сууц хөлслөх ба хөлслүүлэх гэрээ”, зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байна. /хх-хийн 24, 26 дугаар тал/
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд миний байранд суусан боловч 6 сарын түрээсийн төлөөгүй төлбөр 6,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын байрны төлбөр 83,450 төгрөг, цахилгааны төлбөр 29,800 төгрөг, СӨХ-ын 9, 10 дугаар сарын төлбөр 24,000 төгрөг, домофон системийн төлбөр 18,000 болох нийт 6,155,250 төгрөгийг Г.У төлөөгүй гарсан....” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Г.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Хариуцагч талын амаар тохиролцсон гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Ямарваа нэгэн гэрээ, хэлэлцээр хийнэ гэдэг бол эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг. Иймд эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай хүмүүс өөрийн үйлдлээ ухамсарлаж хийдэг тул мэдэлгүй ямар нэгэн үйлдэл хийсэн гэдэг бол үндэслэлгүй. Амаар хийсэн тохиролцоо нь бичгэн хэлбэрээр нотлогдохгүй байгаа. Мөн байр, цахилгааны төлбөр төлөөгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн зүйлийн 302.4-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т “Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлсөх гэрээний 4.1-д “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлөх”-өөр талууд тохиролцсон байна. /хх-ийн 24, 26 дугаар тал/
Эд хөрөнгө хөлсөх гэрээний хөлс нь тухайн эд хөрөнгийг ашигласны төлөө авч буй төлөөс гэж ойлгодог учир тухайн эд хөрөнгөтэй холбоотой өөр бусад зардал хөлс гэсэн ойлголтод багтахгүй юм. Тухайлбал, хөлсөлж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бусдад төлөгддөг төлбөрүүд буюу хогны мөнгө, цэвэрлэгээний төлбөр, татвар, даатгалын хураамж зэрэг нь хөлсөх гэрээний хөлсөнд хамаарахгүй, харин дээрх эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт зардлын талаар талууд харилцан тохиролцсон бол хөлслөгч нь уг нэмэлт зардлыг хариуцна.
Хариуцагч Х.Г нь орон сууц хөлсөх гэрээг сунгах талаар амаар тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр тохирч сунгасан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Х.Г нь орон сууц хөлсөх гэрээний хөлсийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон талаарх тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй болно.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Ггийн төлсөн 2015 оны 10 дугаар сарын байрны төлбөр 83,450 төгрөг, 10 дугаар сарын цахилгааны төлбөр 24,400 төгрөг, нийт 107,850 төгрөгийг нэхэмжлэгч Г.Уаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх СӨХ-ын 9, 10 дугаар сарын төлбөр 24,000 төгрөг, домофон системийн төлбөр 18,000 төгрөг, цахилгааны төлбөр илүү нэхэмжилсэн 5,400 төгрөг, орон сууц хөлсөх гэрээний 6 сарын хөлс 6,000,000 төгрөг, нийт 6,047,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан зээлийн гэрээний зарим зүйлийг, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Талууд зээлийн гэрээгээ байгуулахдаа зээлийн хүү болон алдангийг авахгүй байхаар тохиролцсон. Гэтэл нотариатын буруутай үйлдэл буюу хэвлэмэл загвар ашиглан талуудын гэрээг гаргаж өгсөн.
2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нь зээлийн гэрээний сунгалт гэсэн нэртэй байгаа боловч талууд уг гэрээгээр зээлийн хугацааны талаар тохиролцоогүй. Үндсэн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог тохирсон төлбөр тооцооны гэрээ байсан боловч зээлийн гэрээ гэж нэрлэсэн нь талууд хууль, эрх зүйн мэдлэг дутуу, буруу агуулгаа андуурч хийсэн гэрээ болсон тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талуудын тохирсон орон сууц хөлслөх, зээлийн гэрээний үүрэг харилцан дуусгавар болж байгаа тул үүнийг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй. 2014 оны гэрээ бол андуурч хийгдсэн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн гэрээ ...” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Х.Г нар нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг талууд байгуулахдаа орон сууц хөлслөх гэрээгээр халхавчлан хэлцлийг ноцтой төөрөгдүүлж, гэрээний агуулгыг зөрчилдүүлэн, түрээсийн гэрээг зээлийн гэрээтэй ямарч уялдаа холбоогүй хийж, хүү алданги авахгүй гэж тохиролцсон боловч нотариатын хэвлэмэл гэрээг ашигласан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү татгалзлын дагуу Г.У болон Х.Г нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 3 дугаар заалт, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Х.Г нь нэхэмжлэгч Г.Уын нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар заалт, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн хэлцэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Г.У болон Х.Г нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар заалт, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан байх тул хариуцагч Х.Ггийн шүүхэд гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Ггаас 8,960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,040,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Уаас 107,850 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,047,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон “Г.У, Х.Г нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар заалт, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” хариуцагч Х.Ггийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөг, хариуцагч Х.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 158,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэгч Г.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, хариуцагч Х.Гд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС