Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 859

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул, 

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0261/,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1484/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Ө, Б овогт Б Т нарт холбогдох эрүүгийн 201526022004 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, …. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ногоо тарьдаг, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Сургуулийн ..дугаар гудамжны … тоотод оршин суух,

урьд 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, /РД:00000000/, Х овогт Б Ө.

2. Монгол улсын иргэн, …. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Булган аймгийн Хялгант суманд төрсөн, эмэгтэй, .. настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Шороотын .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/, Б овогт Б Т.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б., Б.Т нар нь Э гэх хүнтэй бүлэглэж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Эко”-ийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлэн урсдаг хаяг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хэргийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, надад хулгай хийх шаардлага байхгүй. Би 500.000 төгрөгийг гарцаагүй байдалд ороод төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э гэх хүнийг 2 дугаар курсийн сурагч гээд утасны дугаартай нь зааж өгч байсан. Энэ хүнийг олох талаар ямар нэгэн ажил хийгээгүй. Би хүнд туслах гээд самбарыг ачсан. Т 2011 оноос хойш миний ажилуулдаг РС тоглоомын газар админаар ажиллаж байгаад одоо манай хувийн караоке, буудалд үйлчлэгчээр ажиллаж байна. Тухайн үед би машинаа жолоодоод Т машины урд талын суудалд, Э машины ар талын суудалд суугаад цугтаа 13 дугаар хорооллоос явсан....” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хулгай хийгээгүй, би тэр машинд яг хэн хэний хамт сууж явснаа санахгүй байна. Би болсон үйл явдлын талаар огт санахгүй байна...” гэх мэдүүлэг,

            Эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо Эко-101 байрны зүүнээс Гэмтэл согог судлалын ертөнцийн зүгээр хойд талд байрлах зүүнээс баруун гарын зүгт чиглэсэн хойд зүгт харсан, 12 давхар байр байх бөгөөд байрны баруун хойд зүгээс орох хаалгатай ногоон төмөр сараалжин хашаа байв. ...Лед гэрлэн самбар байсан гэх газар нь орох хаалганы урд дээд дээвэр дээр баруун зүг харсан газраас 2м өндөрт байсан гэх бөгөөд Лед самбар байсан суурь тогтоогч байв... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 11-12 тал/,

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Шүүгдэгч Б.Ө: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Эко 101 байрны ертөнцийн зүгээр талд машины тавьсан байсан гэснийг шинжээч Тэмүүжин гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тэгээд Айрон фитнесс клубын хашааны гадна 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” машинаа зүүн тийш харуулж зогсоож байгаад багажаа онгойлгож ачсан гэснийг шинжээч Т гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ачих үед машины багааж онгорхой байсан. Лед гэрлэн самбар хойшоо илүү гарсан байсан гэж зааж үзүүлснийг шинжээч Т гэрэл зургаар бэхжүүлэв.

Гэмтлийн автобусны буудал руу ертөнцийн зүгээр урдаас төв зам руу нийлдэг уулзвар буюу гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр хойд талд байх хороолол дундах замын уулзвар дээр очиж машины багаж хэр зэрэг онгорхой байсныг зааж үзүүлэхэд шинжээч Т гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тэгээд урд сандлаа хойш налуулан хэвтүүлсэнийг шинжээч Т гэрэл зургаар бэхжүүлэв. Тэгээд самбарыг урагшлуулж багажаа хаасан. Машины хойд талын суудлыг урагш нь хэвтүүлж, зүүн урд сандлыг хойш нь налуулж, урд хоёр сандлын дундуур зүүн урд сандлын баруун мөрөн дээгүүр даруулж лед самбарыг урагш нь босоо байдлаар байрлуулсан гэж заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,

Сэжигтэн, яллагдагч Б.Ө эзэмшлийн 00-00 УБЕ улсын дугаартай Тоёота Румион загварын автомашиныг иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор битүүмжилсэн тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 16-18, 70 тал/,

 

Эд мөрийн баримтаар “Айрон жим фитнесс клубын баруун хойд тал руу харсан камерын 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн бичлэг нь ...1 ширхэг SONY DVD-R гэсэн бичигтэй шар өнгийн Сидиг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, хэрэгт хавсаргахаар тогтов” гэх тооцож хэрэгт хавсгарах тогтоол /1 хх-ийн 19 тал/,

 

Камерийн бичлэг бүхий сиди, уг камерын бичлэгт 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийсэн: “...2015 оны 10 дугаар сарын 26-ны 02 цаг 40 минутаас 03 цаг 02 минут хүртэлх хугацааны бичлэгт үзлэг хийхэд хяналтын камер нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харуулсан камерын хяналтанд цас ороод жаахан шуурсан байдалтай, Айрон фитнес гэсэн цагаан өнгийн хаалга харагдах ба тэр хаалганы баруун талд 2 метр орчим зайд төмөр хашаа, хаалга байхгүй байна. 02 цаг 47 минутанд хар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн уг фитнес клубын араар зүүн зүгт өнгөрч яваад 30 секундын дараа нэг эрэгтэй хүн нь буцаж яваад, 20 цаг 51 минутанд улсын дугаар нь харагдахгүй машин 2 секунд орчим зогсоод баруун зүгт яваад буцаад 03 цаг 27 секундэд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын багажиндаа илүү гаргаж дөрвөлжин урт хэлбэртэй зүйл ачсан байдалтай ухарч зогсоод дахин зүүн зүгт явна. Уг машин нь хойд талын улсын дугаар нь урт, комби загварын 5 хаалгатай, мөн 5 салаатай хайлшин обудтай машин байна...” гэх тэмдэглэл  /1 хх-ийн 20 тал/,

 

Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг 101 дүгээр байрны 121 тоотод фитнес, гоо сайхан ажиллуулдаг юм. Манай лед гэрлэн урсдаг самбарыг 2015 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө машинтай хүн ирээд хулгайлаад авсан байсан. Тэгээд маргааш нь мэдээд цагдаад хандсан. Манай камерын бичлэгт улаан хүрэн өнгийн комби загварын машинтай хүн ирээд, аваад явж байгаа нь бичигдсэн байсан. Камерт тэр машины улсын дугаар нь харагдахгүй байсан. Лед гэрлийг 1.300.000 төгрөгөөр хийлгэж байсан. Ямар ч хаяг реклам хийж, ашиглах боломжтой. Тэр хулгай хийдэг машинтай адилхан машин маргааш нь манай фитнесийн газрын хажуугаар явж байгааг манай дүү О хараад улсын дугаарыг тэмдэглэн аваад 35-33 УБЭ улсын дугаартай машин явж байсан гэж хэлсэн. Монголд цөөхөн явдаг машин байсан тул тэр машиныг сэжиглээд байгаа. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22-23 тал/,

 

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хулгайлагдсан гэх эд зүйлд хийсэн “...1.3 м урттай 30 см өргөнтэй урсдаг лед гэрэлтэй самбар 1.000.000 төгрөг...” гэх эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 59 тал/,

 

Хулгайлагдсан эд зүйл болох Лэд урсдаг дэлгэцийг 1.300.000 төгрөгөөр 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр худалдан авч байсан талаар Кассын орлогын ордер /1 хх-ийн 60 тал/,

 

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт өмгөөлөгч Т.Барамсайгаас гаргаж өгсөн хүсэлт /1 хх-ийн 99-100 тал/, 

 

 “Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай”, “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах тухай” прокурорын тогтоолууд /1 хх-ийн 103-104, 113-114 тал/,

 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1430 дугаартай “...Яллагдагч Б.Ө хамт явсан гэх Ээгий гэгчийг хэн болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж сэжигтэн яллагдагчаар татаж шалгах, түүний хувийн байдлыг тогтоох...” прокурорын даалгавар /1 хх-ийн 105 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 267 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамж /1хх-ийн 164-166 тал/,

 

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай РС тоглоомын газар Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөнөөс зүүн урд зүгт Сити Car Wash угаалгын газрын 2 давхарт байдаг. ...Э гэх ... нэрээр нь бол мэдэхгүй, царайг нь харвал л хэлнэ. Ер нь хүүхдүүд зөндөө орж ирдэг, ихэвчлэн товчилсон нэртэй хүмүүс л байдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 178-179 тал/,

 

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Java рс тоглоомын газар Бөхийн өргөөнөөс зүүн урд зүгт орон сууцны 1 давхарт байрлалтай. ...Ээгий гэж нэртэй залуу лав орж ирж байгаагүй...’ гэх мэдүүлэг /1 хх-ийн 181-182 тал/,

 

Мөрдөгчийн “...Э гэх нэртэй этгээдийг эрэн сурвалжлахад Э гэх хүнийг мэдэхгүй, танихгүй, Мазаалай гэх Пс-ний газар ажиллахгүй байсан, ажиллаж байгаа Java, Mob, Virtual нэртэй PC тоглоомын газарт ажиллаж байгаа хүнээс гэрчийн мэдүүлэг авсан болохыг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 183 тал/,

 

Мөрдөгчийн “...Э гэгчийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо хэсгийн байцаагч д/ч Г.Уухайбааатартай уулзаж Ээгий гэх нэртэй шар царайтай, эрүүний баруун талд том мэнгэтэй баруун хөмсөгний дээд талд эрхий хурууны хумс шиг үстэй хүнийг тодруулахад мэдэхгүй ПС тоглодог хүүхдүүдээс асууж тодруулъя сураг гарвал эргэж мэдэгдэнэ...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 184 тал/,

 

Мөрдөгчийн “...Э гэх нэртэй шар царайтай, эрүүний баруун талд том мэнгэтэй баруун хөмсөгний дээд талд эрхий хурууны хумс шиг үстэй хүнийг эрэн сурвалжлахад таньж мэдэх хүн гарч ирээгүй, Цагдаагийн байгууллагийн Асап сангийн иргэн бүртгэлийн сангаас Э нэрээр шүүхэд жагсаалт хоосон байв.  гэх нэртэй ойролцоо нэр Э гэж шүүхэд 258.172 хүний нэр гарч ирж байсныг шүүх боломжгүй байв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 185 тал/,

 

Мөрдөгчийн “...МУБИС-ийн сургалтын албаны нарийн бичгийн дарга С.Оюунтай уулзахад тус сургуульд жилд 500 оюутан суралцдаг Ээгий гэх нэрээр хайх боломжгүй гэв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 187 тал/,

 

Ээгий гэгчид холбогдох эрүүгийн 170501707 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /1 хх-ийн 192 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1247 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж /1 хх-ийн 211-212 тал/,

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 218 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 833 дугаартай “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1247 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай...” гэх магадлал /1 хх-ийн 227-231 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 855 дугаартай шийтгэх тогтоол /1 хх-ийн 246-248 тал/,

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай магадлал /2 хх-ийн 17-21 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоол /2 хх-ийн 40-42 тал/,

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 533 дугаартай магадлал /2 хх-ийн 57-61 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоол /2 хх-ийн 102-107 тал/,

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1170 дугаартай магадлал /2 хх-ийн 120-123 тал/,

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 292 дугаартай тогтоол /2 хх-ийн 156-160 тал/,

 

Шүүгдэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 26-ны шилжих шөнө орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 хороо, 64 байрны нэг давхарт байрлах өөрийнхөө Жава интернет тоглоомын төвөө ажилуулаад байж байтал Ээгий гэдэг залуу орж ирээд “агаа орой завтай юу зав байгаа бол орой дүүгээ нүүлгээд өгөөч, би эхнэрээсээ салж байна“ гэхээр нь би тоглоомын төвөө хаачихаад явъя гээд явуулсан. Тэгтэл шөнийн 00 цаг үед Ээгий эргэж манай тоглоомын төвд ороод ирэхээр нь би хуурай дүү Түвшинжаргал Ээгий нарын хамт гарч өөрийнөө 35-33 УБЕ улсын дугаартай Тоёота Румион Королла маркийн улаан өнгийн машинаар гэмтлийн эмнэлэгийн зүүн талын 9 давхар байр болох 101 байрны гадна ...зогсоолд шөнийн 3 цагийн үед очиж зогссон. Тэгээд Ээгий машинаас бууж байр руу яваад хэсэг хугацааны дараа жижиг хар өнгийн гар цүнх барьж гарч ирсэн. Буцаж 101 байрны баруун талын өнцөгөөс босоо байдалтай 2,5 метр орчим урттай 25 см өргөнтэй лед гэрлэн самбарыг тэвэрч авч ирэхээр нь түүний урдаас эргэж очоод хажууд зогсож байгаад би бууж машиныхаа багажийг онгойлгож эвтэйхэн ачилцаж өгсөн. Э бид хоёр машиныхаа багажийг хагас хаачихсан тухайн байрны хойд талын замаар хойшоо өгсөж уулзвар дээр зогсож байгаад би зүүн талын буюу жолоочийн эсрэг талын сандлыг урагшлуулж байгаад лед самбарыг лав хийж багажаа хаасан. Тухайн үед  хойд талын сандал дээр, Түвшинжаргал урд талын суудал дээр хазгай хавчигдаж сууж байсан. Ээгийг 2015 оны 7 сарын үеэс таньдаг болсон. Ээгийн бүтэн нэр, утасны дугаарыг нь мэдэхгүй. Гэрийн хаягийг мэдэхгүй. Э 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, дугуй шар царайтай, 20 орчим настай эрэгтэй. Эрүүний баруун талд том хар мэнгэтэй, баруун хөмсөгний дээд талд эрхий хурууны хумс шиг үстэй мэнгэтэй. Өөрийгөө багшийн их сургуулийн оюутан гэж байсан. ... одоо хаана байгааг би мэдэхгүй. Одоо Э  олох боломжгүй. 2015 оны 11 сарын эхээр Ээгий над руу нэг ...999 ... гэсэн мобикомын дугаараас залгаж ярьсан. Тэгэхээр нь би “чи бид хоёрын ...лед самбар хулгайнх юм биш үү” гэтэл “за юу гэж дээ, таныг яах гэж тэгж алах вэ дээ” гэсэн. Тэгээд 2015 оны 11 сарын 16-ны хойш утсаар холбогдохгүй, ирж уулзахаа больсон. ...Тухайн шөнө Баянгол дүүргийн 7 хороо, 101 байрны гадна лед самбар машинд багтахгүй байхаар нь багажаа онгорхой хөдөлж явсан. Би уг нь ачихдаа хаалга зурчихаж магадгүй гэж бодоод даавуу хавчуулж ачсан. Тэгтэл хойшоо гүйгээд байхаар нь гэмтлийн арын замын уулзвар дээр очиж янзалсан. Тухайн лед самбарыг зухуйлгаад аваад явчихъя гэж бодсон. Тэгээд шөнөөр машинаасаа юм зухуйлгаад аваад явбал цагдаа нарт байцаагдах болов уу гэж бодож далд хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-39 тал/,

Яллагдагчаар өгсөн “...Сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчийн эрх, үүргээс асуух зүйл байхгүй. ...Манай цахим тоглоомын газарт 2015 оны 9, 10 сарын үеэс Э гэх залуу ирж эрчимтэй тоглодог байсан. Бид нар Э л гэж дууддаг байсан. ...Би орой 23 цаг өнгөрөөж ажил тарахаар нь манайд админ хийдэг байсан. Т хамт Э гурвуулаа хорооллын эцсийн гэмтлийн эмнэлгийн зүүн хойд талын байранд очиж Э дотогш ороод хар цүнхтэй зүйл барьж гарч ирсэн. Тэгээд буцаж буугаад байшинд түшээтэй байсан Led гэрлийг авчирч миний машинд ачсан. Тэгээд Баянзүрх дүүргийн хүнсний захын баруун талд байдаг оюутны хотхоны гадаа байсан. Намайг таксинд явсан гээд 20.000 төгрөг өгсөн. Би хулгай хийгээгүй. Хулгайнх гэдгийг мэдээгүй машиндаа авч явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 47, 108, 131-133 тал/,

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 13 дугаар хороололд байдаг Жава ПС төвийн ажил тараад Ө машинд нь суусан байлгүй. Тэгээд гэртээ хүргүүлсэн байхаа. Би тэр шөнө БГД 7 хороо Эко 101 байрны гадна юу хийж байсанг тэнд байсан эсэхээ санахгүй байна. Хүн гэдэг энгийн нэг өдрийг санаад байдаггүй юм. Миний ой ухаан өнөөдөр санахгүй байна” гэх мэдүүлэг /1 хх-ийнн 45 тал/,

“...Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрөөгөөд ажил тараад манай тоглоомын газрыг хариуцан ажиллуулж байсан найз Ө гэр лүүгээ хүргүүлэхээр явахад эхнэрээсээ салсан гээд нэг залуу хүргээд өг гээд байсан байх. Тэр залуутай хамт гурвуулаа Ө машинтай явсан юм. Тэгээд би ядарч байсан болохоор машины урд талын суудал дээр суугаад л унтсан. Тэгээд хаагуур явж хаана хүргэж өгсөн талаар нь санахгүй байна. Намайг Ө гэртээ ирчихлээ ороорой гэж хэлээд сэрээхээр нь би сэрээд гэртээ орсон. Намайг тухайн үед гэрэл тавих гээд босгоод буцаагаад суулгасан гэж байгаа боловч би энэ талаар санахгүй байгаа юм...” /1 хх-ийн 119 тал/, 

Яллагдагчаар өгсөн “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хулгай хийгээгүй, хулгайн хэрэгт холбогдсон үйл явдлаа санахгүй байна. ...Миний энгийн нэг өдөрт ийм үйл явдал болоод байдаггүй. Тухайн шөнө Ө машиндаа ачсан лед гэрлэн самбар ямар хэмжээтэй байсан, хаана зөөж аваачсаныг мэдэхгүй байна. Би 2013 онд Ө буудалд үйлчлэгчээр ажилд орж байсан. 3 жил ажиллаж байна. Би өдөр бүр Ө гэр рүүгээ хүргүүлдэг. Миний ажил хамгийн эртдээ 23 цагт, оройтохдоо 00 цагт тардаг. ...Би Э гэгч залуугийн талаар сайн мэдэхгүй. Манай бөхийн өргөөний урд байдаг РС тоглоомын газар хальт орж ирдэг залуу шиг санагдаад байна. Ганц хоёр удаа л харж байсан. Нэрийг нь Э гэж ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49, 107, 129-130 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүгдэгч Б.Ө хувийн байдалтай холбоотойгоор гэрч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Б.Ө нь архи ууж тамхи татдаггүй, алиа хошин зантай, өрөвч сэтгэлтэй, хүн тусархуу, амьтан тэжээх дуртай...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 52 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 53-55 тал/, шүүгдэгч Б.Өлзийбаярын зан байдлын тодорхойлолт /1 хх-ийн 56 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 58 тал/, авто тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1 хх-ийн 70, 78 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 79, 82 тал/,

Шүүгдэгч Б.Т хувийн байдалтай холбоотойгоор гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний төрсөн эгч Т нээлттэй, шударга зантай, халамжтай, ажилч хичээнгүй. Архи тамхи хэрэглэдэггүй, найз нөхөд гээд байх хүн байхгүй. Илүү дутуу зангүй. Нэг хүүхэдтэй хүүхэд нь хөдөө аав, ээжтэй нь хамт амьдардаг. Төгсөөд хүүхэдтэй болсон болохоор их дээд сургуульд сурч чадаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 83 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 92 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 136 тал/ зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /1 хх-ийн 193-195 тал/

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн шөнө хаана хэнтэй юу хийж явсан, ямар үйл явдал болсоныг огт санахгүй байна...” гэж,

Шүүгдэгч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болсон үйл явдлын талаар мэдүүлж, сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч “...Хулгайн гэмт хийгээгүй. Миний машиныг хураасанд гомдолтой байна. Э гэгч хүн олох талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй. Э гэгчийн эд зүйлийг л хүргэж өгсөн...” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлж мэтгэлцэн оролцсон.

Энэ нь шүүгдэгч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн үндсэн эрхэд хамаарах тул шүүх тэдгээрийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудтай өөр хооронд нь харьцуулан шинжилж, нэгтгэн дүгнэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: 2015 оны 10 дугаар сарын 26-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Урантуулын фитнес клубын 1 сая төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбар алга болсон үйл баримтанд шүүгдэгч Б.Ө Б.Т нар гэм буруутай байна гэж дүгнэв.

Тодруулбал, хэрэг учрал болдог 2015 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь өөрсдийн ажилдаг Баянзүрх дүүргийн 13 хороололд байрлах Жава гэх нэртэй РС тоглоомын газраас шөнийн 00 цагийн үед Э гэгч этгээдтэй хамт гарч, хамтдаа шүүгдэгч Б.Ө эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Румион загварын машинаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Эко 101 байрны баруун талд залгаа байрлах Айрон фитнесс клубын хашааны гадна очиж, улмаар алга болсон лед гэрлэн самбарыг өөрсдийн сууж явсан тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт авагдсан камерын бичлэг бүхий сиди, уг камерын бичлэг бүхий сидид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн “...2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цаг 47 минутанд хар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн уг фитнес клубын араар зүүн зүгт өнгөрч яваад 30 секундын дараа нэг эрэгтэй хүн нь буцаж яваад 20 цаг 51 минутанд улсын дугаар нь харагдахгүй машин 2 секунд орчим зогсоод баруун зүгт яваад буцаад 03 цаг 27 секундэд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын багажиндаа илүү гаргаж дөрвөлжин урт хэлбэртэй зүйл ачсан байдалтай ухарч зогсоод дахин зүүн зүгт явна. Уг машин нь хойд талын улсын дугаар нь урт, комби загварын 5 хаалгатай, мөн 5 салаатай хайлшин обудтай машин байна...” гэсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Эко 101 байрны ертөнцийн зүгээр талд, …Айрон фитнесс клубын хашааны гадна 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” машинаа зүүн тийш харуулж зогсоож байгаад багажаа онгойлгож ачсан. ...Ачих үед машины багаж онгорхой байсан. Лед гэрлэн самбар хойшоо илүү гарсан байсан. ...Гэмтлийн автобусны буудал руу ертөнцийн зүгээр урдаас төв зам руу нийлдэг уулзвар буюу гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр хойд талд байх хороолол дундах замын уулзвар дээр очиж ...машины хойд талын суудлыг урагш нь хэвтүүлж, зүүн урд сандлыг хойш нь налуулж, урд хоёр сандлын дундуур зүүн урд сандлын баруун мөрөн дээгүүр даруулж лед самбарыг урагш нь босоо байдлаар байрлуулсан...” гэсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо Эко-101 байрны зүүнээс Гэмтэл согог судлалын ертөнцийн зүгээр хойд талд байрлах зүүнээс баруун гарын зүгт чиглэсэн хойд зүгт харсан, 12 давхар байр байх бөгөөд байрны баруун хойд зүгээс орох хаалгатай ногоон төмөр сараалжин хашаа байв. ...Лед гэрлэн самбар байсан гэх газар нь орох хаалганы урд дээд дээвэр дээр баруун зүг харсан газраас 2м өндөрт байсан гэх бөгөөд Лед самбар байсан суурь тогтоогч байв... ” гэх тэмдэглэл, 35-33 УБЕ Тоёота Румион тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Ө өмчлөлд байгаа болохыг тогтоосон тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Б.У “...Тэр хулгай хийдэг машинтай адилхан машин маргааш нь манай фитнесийн газрын хажуугаар явж байгааг манай дүү Онон хараад улсын дугаарыг тэмдэглэн аваад 35-33 УБЭ улсын дугаартай машин явж байсан гэж хэлсэн. Монголд цөөхөн явдаг машин байсан тул тэр машиныг сэжиглээд байгаа...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн хэргийн үйл баримтыг тогтоосон гол нотлох баримтууд болох камерын бичлэг бүхий сидид хоёр эрэгтэй хүн нэг нэгнийхээ араас хэргийн газар луу явах ба буцаад ар араасаа машин байгаа зүгт яваад нэг нь машинаа урагшлуулж, нэг нь араас нь гар чийдэн бариад явж байгаа, мөн машин хэрэг учралын газраас багажиндаа илүү гаргаж ачаа ачсан байдалтай ухарч гарч ирээд хөдлөн явж байгаагаар бичигдсэн, мөн машины хойд талын суудлыг урагш нь хэвтүүлж, зүүн урд сандал хойшоо нь налуулж урд хоёр сандлын дундуур, зүүн урд сандлын баруун мөрөн дээгүүр даруулж лед самбарыг урагш нь босоо байрлалаар байруулсан гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Ө, Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, Э гэгч самбарыг бариад гараад ирэхэд нь тосож машинд ачилцсан, болсон үйл явдлыг санахгүй байна, мэдээгүй гэх мэдүүлгүүд үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй байж болох хэдий ч гэмт хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэн хамтран оролцжээ.

Иймд хохирогч Б.У эзэмшлийн 1000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Лед гэрлэн урсдаг самбар 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө алга болсон үйлдэлд шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь гэм буруутай буюу тэдгээрийг Э гэгчтэй бүлэглэн 00-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тухайн шөнийн 2 цаг 47 минутаас 3 цаг 01 минут 30 секундийн хооронд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.  

Учир нь Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба гэмт хэрэг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцдог. Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр зүйлчлэх нь зүйтэй юм.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д “...энэ гэмт хэргийг ...машин механизм ...хэрэглэж ...үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “...энэ гэмт хэргийг ...машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус зааж, хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл 2015 оны Эрүүгийн хуулиар хүндэрч хуульчлагдсан байна.

 Иймд прокуророос шүүгдэгч Б.Ө, Б.Т нарын Ээгий гэгчтэй бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар шүүгдэгч Б.Т болсон үйл явдлыг огт санахгүй байна гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэдий ч 2013 оноос хойш шүүгдэгч Б.Ө ажилуулдаг РС тоглоомын газраар үйлчлүүлж буй хүмүүсийг бүртгэх, тоглох компьютерыг зааж өгөх, цагийн тооцоо хийх ажил үүрэгтэй, шүүгдэгч Б.Ө нь хулгайн гэмт хэргийг хийгээгүй, Э гэгчийн эд зүйлийг хүргэж өгсөн, Э гэгч этгээд 2011 оноос хойш манай тоглоомын газраар үйлчлүүлдэг байсан, хэрэг болсны дараа миний утас руу өөрийн утаснаасаа залгаж ярьж байсан талаар мэдүүлж, тухайн этгээдийн царай зүс, онцлох шинж тэмдэгийг зааж байгаа зэргээс дүгнэхэд тэдгээр нь хэрэг учрал болсон цагаас тодорхой хугацаа буюу 4 жил гаран өнгөрч байхад өөрсдийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолж мөрдөн шалгах ажиллагаанд Э гэгч этгээдийн бүтэн нэр, утасны дугаарыг мэдүүлэх, олж өгөх бүрэн боломжтой байсан байна.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Э гэгч этгээдийг эрэн сурвалжилж тодорхой ажиллагаа явуулсан боловч олдоогүй үндэслэлээр прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс Э гэгчид холбогдох 170501707 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан байгааг буруутгах боломжгүй юм.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

            Хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.У хулгайд алдсан Лед гэрлэн урсдаг самбар 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь  тогтоогдсон тул хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.У эд хөрөнгийн буюу 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэв.  

            Шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь Ээгий гэгчтэй этгээдтэй бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, Э гэгчид холбогдох эрүүгийн хэргийг уг хэргээс тусгаарласан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон байх ба шүүх шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрээс хохирогчид учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь хохирогчийн эрх ашигт төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохиролд тооцож 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2 дугаар хавтас хэргийн 89 дахь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу үлдэх хохирол болох 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т гаргуулж хохирогч Б.У-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт ногдох хохирлоос илүү хохирол төлсөн гэж үзвэл тухайн хохирлоо гэм буруутай этгээдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ээгий гэгчтэй бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байх учир хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Нөгөөтэйгүүр, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан.

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.Ө өмгөөлөгчөөс “...хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгчөөс “...хорих ялыг хойшлуулах болон тэнсэх тухай 2002 оны Эрүүгийн хуулийн 61, 63 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү...” гэх, улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг тус бүр 3 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт гаргаж оролцсон.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Б.Ө хувьд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Т хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээг, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл, оролцоо, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Б.Т эд  хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.   

Түүнчлэн, гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний төрсөн эгч Т нэг хүүхэдтэй, хүүхэд нь хөдөө аав, ээжтэй нь хамт амьдардаг. Т хүүхэдтэй болсон болохоор их дээд сургуульд сурч чадаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 68 тал/, шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 2, 11 настай 2  хүүхэдтэй. Одоо ээж харьж байгаа. Нөхөр маань салаад тусдаа амьдарч байгаа...” гэж мэдүүлсэн зэрэгт шүүх дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т бага насны хоёр хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63 дүгээр зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүний оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад шийдвэрлүүлэхээр даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

          Хэрэгт авагдсан нотлох баримт болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа баримтаар шүүгдэгч Б овогтой Т нь ам бүл 4, тус хорооны Шороот, 2 дугаар гудамж 13 тоотод оршин суудаг /1 хх-ийн 83, 92 тал/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т 2009 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Т-н Т, 2018 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Т-н А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайн хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 00-00 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” загварын автомашиныг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан ба мөн энэ агуулгаар 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заажээ.

Иймд хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Ө-н өмчлөлийн 00-00 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” загварын автомашиныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон албадан гаргуулж, улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд эд мөрийн баримтаар сиди нэг ширхэгийг хүргүүлсэн гэх боловч хэрэгт 3 ширхэг сиди бичлэг байх ба 1 ширхэг цагаан өнгийн ямар ч бичиггүй сиди нь хоосон, шар өнгийн 201526022004 DVD-R гэх бичиглэл бүхий сиди, цагаан өнгийн 201526022004 бичиглэл бүхий сиди буюу 2 ширхэг сидид хэргийн үйл баримтыг тогтоосон камерын бичлэг байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Шар өнгийн сиди /1 хх-ийн 19 тал/ болон хэргийн хамт ирсэн бусад 2 ширхэг сидиг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтлоо.

Энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501707 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцож тэдгээрт хорих ял оногдуулах болсонтой холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б Ө, Б овогт Б Т нарыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Б.Т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-с 500.000 /таван зуун мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Б.У олгосугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ө-н эзэмшлийн 00-00 УБЕ улсын дугаартай “Тоёота румион” загварын автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 63.1 дүгээр зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Түвшинжаргалын бага насны хоёр хүүхдийн буюу 2009 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Т-н Т, 2018 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Т-н А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

9. Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501707 тоот эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн тэдгээрт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА