Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1759

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2020         10          08                                   2020/ШЦТ/1759    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,   

нарийн бичгийн дарга Н.Солонго,

хохирогч Н.Шинэхүү,

шүүгдэгч М.Ш оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш холбогдох эрүүгийн 2006 02179 2355 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч М.Ш нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо нутаг дэвсгэрт Г.Дашнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед зүүн чамархайд шарх гэмтэл бүхий, мөн Н.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед духанд шарх, баруун зовхи, баруун хацар, хоёр шанаа, дээд уруулд цус хуралт, баруун бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 02179 2355  дугаар хэргийг шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Н.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Шар хадны эмнэлгийн урд найз Амараа, Дашка нарын хамт явж байх үед үл таних цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай согтуу залуу таарсан. Цэнхэр өнгийн цамцтай залуу нь миний толгой руу архины шилээр цохиод өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-16/,

 

Хохирогч Г.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн:

“Шархадны эмнэлгийн тэндээс такси барих гээд алхаж байх үед зам дээр М.Ш зогсож байсан. Миний толгой хэсэг рүү блокны хагархай аваад шидэж онож хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-16/,

 

Гэрч М.Билгүдэйгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Ш нэг залуу дээр очиж байгаа харагдсан. Шинэхүү гэж залуутай зууралдаад цохилцоод байсан. Ш цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4820 дугаартай:

“Г.Дашнямын биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар таниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4821 дугаартай:

“Н.Шинэхүүгийн биед духанд шарх, баруун сорви, баруун хацар, хоёр шанаа, дээд уруулд цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/ болон мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Шийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархад-ны СЭМҮТ гадаа 23 цагийн орчим хохирогч Шинэхүү, Дашням хоёртой таарч, хэрүүл маргаан үүсгэж зодолдсон. Хохирогч Шинэхүү, Дашням нарын биед хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн. Би хохирогч нартай уулзаад хохирлыг барагдуулсан. Гомдол саналгүй гэж надад бичиг хийж өгсөн. Би өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээж байна. Би бусад болсон үйл явдлыг гэрчийн мэдүүлгээр үнэн зөв өгсөн тул надад өөр хэлэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06/,

 

Шүүгдэгч М.Шийн оршин суух газрын тодорхойлолт /хх-10/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/, хохирогч болон шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эсрэг үйлдсэнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Шийн иргэн Н.Шинэхүү, Г.Дашням нарын буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч М.Ш нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд заасан хугацаагаар оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц овог Мны Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ