Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1644

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          11                                   2020/ШЦТ/1644

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга Н.Солонго, 

Өсвөр насны шүүгдэгч Г.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Амгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны Г.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Г.Н нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн Ганц худаг гэх газарт иргэн Г.Түшигтэй маргалдан чулуу авч шидсэний улмаас толгойн тус газарт нь онож тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад:

Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Түшигийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 21-р хороо Ганц худаг гэх газар явж байтал замд нэг эрэгтэй надад хандан “хөөе чи байж бай” гэж хэлээд харахад надаас насаар бага хүүхэд байсан. Тэр хүүхэд одоо манай эгч бууж ирнэ байж бай гэж хэлэхээр нь юун эгч вэ гэж хэлсэн чинь цаад талаас нь нэг эмэгтэй гарч ирээд чи манай дүүг яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Миний хувьд юу болсон талаар мэдэхгүй байсан бөгөөд тоохгүй яваад өгсөн чинь араас нөгөө эмэгтэй гөлөг минь байж бай гэх мэтээр намайг харааж доромжилсон. Би маргалдаж байгаад эргэж хараад гудамжаар алхаж байхад миний араас чулуу шидэж намайг оносон. Тэгээд би эргэж харахад зүс таних эрэгтэй хүүхэд эгчийнхээ араар орж нуугдаж байхыг харсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Одоо миний биеийн байдал зүгээр, ямар нэг бэртэл гэмтэл ажилагдахгүй байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 7-11/,

 

Гэрч Г.Номуундарийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 21-р хороо Бага Дарь Эхийн 1-р гудамжаар дүү Нтай хамт дэлгүүр орохоор явж байхад Н үл таних 1 залуу руу гараараа заагаад энэ ах намайг дээрэлхээд байсан охины найз залуу нь явж байна гэж хэлсэн. Би тухайн үл таних залуутай муудалцаж, үл таних залуу нэг гараараа миний цамцны хоолой хэсгээс заамдаж авсан. Би зөрүүлээд үл таних залуугийн цамцны хоолой хэсгээс заамдсан. Тухайн үл таних залуу надтай хэрэлдэж байгаад эргэж хараад явсан ба араас нь манай дүү Н газраас чулуу авч шидээд үл таних залуугийн толгойн ар хэсгийг оносон. Тэр залуу Н бид 2 руу эргэж хараад цагдаад өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 8501 дугаартай:  

Г.Түшигийн биед тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 18-19/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-хохирол төлсөн, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, баримт /хх-ийн 22, 41-42/,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Н мөрдөн байцаалтад өгсөн:

Би эгч Номуундарьтай хамт дэлгүүр рүү явж байхад Түшиг ах явж байсан. Би эгчид хандаж “Түшиг ахын найз охин нь чулуугаар миний дагзруу 1 удаа цохисон” гэж хэлсэн. Тэгээд эгч Номуундарь Түшиг ахыг дуудаад “Би танай найз охинтой чинь уулзмаар байна” гэж хэлэхэд Түшиг ах Номуундарийг хараалын үгээр доромжилж байгаад цаашаа хараад явах үед нь би Түшиг ахын араас нь чулуу шидсэн. Тэгээд Түшиг ах Номуундарь бид 2 руу эргэж хараад “Цагдаа дуудна” гэж хэлээд гудамжаар цаашаа явсан. Тухайн үед бусадтай маргадаагүй. Харин Түшиг ах манай эгчийг хараалын үгээр доромжлоод байсан болохоор би чулуу шидсэн юм. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Гаргах санал хүсэлт байхгүй. Би бусдад учруулсан хохирол нөхөн төлж 250.000 төгрөгийг хохирогчийн ээж болох Эрдэнэцэцэгийн данс руу шилжүүлсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс өсвөр насны шүүгдэгч Г.Нн төрсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, нас тоолсон тэмдэглэл,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-38/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн Ганц худаг гэх газарт өсвөр насны иргэн Г.Түшигтэй маргалдан чулуу авч шидсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч, гэрч, өсвөр насны шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож өсвөр насны шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Нг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Уг хохиролыг өсвөр насны шүүгдэгч төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болжээ.

 

Тухайн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Гийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох  ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ