Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1703

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          24                                   2020/ШЦТ/1703   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Л.Галав,

хохирогч О.Баярчимэг, түүний өмгөөлөгч Б.Баярбаясгалан,

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Год холбогдох эрүүгийн 2006 01941 2065 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр плаза” худалдааны төвийн 25 дугаар лангуунаас иргэн О.Баярчимэгийн I Phone XS max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Баярчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 04 дүгээр сарын 02 өдрийн 11 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “ Тэнгэр плаза “ худалдааны төв дотор 2 давхарт  25 дугаар лангуун дээр худалдагчийн ажлаа хийж байгаад 25.000 төгрөгийн худалдан авалт хийх хооронд 60 гаран насны эрэгтэй хүн хальт орж ирж юм хараад гарсан. Төд удалгүй дахиад 60 гаран насны эрэгтэй өөр хүн орж ирж манай бараануудыг хараад гарсан. Тухайн хүмүүсийг сайн харж амжаагүй болохоор би яг хэнийг авсан болон содон шинж тэмдгийг нь хэлж мэдэхгүй байна. Цагдаа дээр ирж мэдүүлэг өгснийхөө дараа буцаж ажил дээр очоод хяналтын камерын бичлэгийг хамгаалалтын албаны өрөөнд орж байгаад шүүж үзэхэд 11 цаг 39 минутад 60 орчим насны эрэгтэй хүн манай павильоноос гарахдаа миний гар утсыг гадуур хүрмийнхээ дотор талын энгэрийн халаасандаа хийхийг харсан. Энэ хүн манай хажуу талын лангуунаас виза карт уншуулж худалдан авалт хийсэн байсан. Би банкны мэдээллийг нь шүүж үзэхэд Цэдэнбалжир овогтой Г гэж хүний нэр дээр гарч ирж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 20-23/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 927 дугаартай:

Ай Фоне экс эс макс загварын хуучин гар утсыг 2.200.000 төгрөгөөр үнэлэв гэх үнэлгээний тайлан / хх-ийн 31/,

 

            - Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн: ... дэлгэцийн дээд хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны 11 цаг 49 минут 49 секунт байсныг бичлэгийг зогсоож тэмдэглэлд тусгав. ...саравчтай ногоон өнгийн малгай, хар өнгийн маск зүүсэн, бор өнгийн куртик өмссөн дотуураа малгайтай саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай, 60 орчим насны эрэгтэй хүн камерын бичлэгт орж ирээд 25 дугаар лангуунаас гарах замдаа ямар нэгэн эд зүйлийг куртикний дотор талын халаасанд хийгээд явж байгаа бичлэг байсныг үзлэгийн тэмдэглэлд зургаар дугаарлан харуулав гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 09-13/,

 

Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Тэнгэр” худалдааны төвийн 2 давхрын кассаас Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байдаг Жоншны уурхай явахаар билет 15.000 төгрөгөөр аваад доошоо нэг давхар руу буугаад гарах гээд явж байсан чинь хажуу талын павильон онгорхой ширээн дээр хар өнгөтэй гар утас байхаар нь орж аваад шууд гараад явсан. Би тэндээсээ Дорноговь аймгийн Айраг сум руу автобусанд суугаад явсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Дорноговь аймгийн Айраг суманд очоод автобуснаас буугаад явуулын жижиг саарал цайвар өнгийн машинтай 2 залуу явж байхаар нь “утас авах уу” гэсэн чинь тэр хоёр залуу “70.000 төгрөгөөр авъя” гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд гар утсыг өгсөн. Би тэр 70.000 төгрөгөөр тамхи, хуурай идэх юм аваад дуусгасан. Би тэр гар утсыг ил байхаар нь аваад гарч явсан. Би асааж оролдоогүй. Харин зарж мөнгө болгоё гэж бодсон гэх мэдүүлэг / хх-ийн 120-121/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ц.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, /иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 132/, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 27-30/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр плаза” худалдааны төвийн 25 дугаар лангуунаас иргэн О.Баярчимэгийн I Phone XS max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Ц.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Ц.Гын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.Гоос 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Баярчимэгт олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Год ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гоос 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч О.Баярчимэг /ей85011003/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ