Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 817

 

 

       

 

 

 

 

              2020           09           10                                        2020/ШЦТ/817

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

                        улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909010160683 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6 эцэг, эх, 2 эгч, ах нарын хамт Улаанбаатар хотын тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

2005 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2009 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 1146 дугаар зүйлийн 146.3, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Батхүүгийн Ганзориг /регистрийн дугаар  /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй И.Билэгшагай, Б.Гантулга нарын эзэшлийн Самсунг А8, самсунг Си 5 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 510.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…би 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Орос элчингийн хажууд талд үл таних 2 хүүхэд явж байхаар нь дуудаж зогсоогоод та 2 энэ ойролцоо байрнаас хүүхэд дуудаад өгөөч ойролцоо байсан байр руу дагуулж очоод хүүхдэд зүгээр өөр хүмүүстэй явж байгаа шүү гэж худлаа хэлж бтед нь байгаа эд зүйлээ бүгдийг нь гаргаад ир ээ гэхэд тэр 2 хүүхэд 2 гар утас гаргаж өгсөн. Би тухайн үед ганцаараа явж байсан юм. Хүмүүстэй явж байгаа гэвэл тэр 2 хүүхэд айна гэж бодоод тэгж хэлсэн юм. Тэгээд 2 гар утсыг аваад Теди төв дээр очиж нэг ченжид 150,000 төгрөгөөр зарсан. Би маш их гэмшиж байна. Би Сэлэнгэ аймагт өгсөн мэдүүлэгтээ энэ үйлдлээ сайн ойлгоогүй болохоор өөр мэдүүлэг өгсөн юм. Одоо уншиж мэдлээ. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-63-64/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Билэгшагайн “…энэ үед 50 дугаар дэлгүүрийн зүүн талаар гараад Орос улсын элчин сайдын яамны баруун талд явж байх үед 30 орчим насны эрэгтэй хүн хажууд гарч ирээд бид хоёроос Содоо гэж хүүхдийг таних уу гэж асуусан тэгэхээр нь бид хоёр танихгүй гэхэд дуудаад өгөөч гээд бид 2 за гээд дагаж явж байсан замын баруун талд нь байсан байрны завсраар дагуулж гараад хойшоо эргээд эхний орцны үүдэнд ирээд “ах нь шоронгоос гарч ирсэн, архи авах гэж мөнгө цуглуулж байна, энэ хүүхдүүдэд 40,0000 төгрөг байгаа хамгийн дээд талын давхарт нь амьдардаг юм. Гэрийнхэн нь хаалгыг тогшоод Содоо гэж хүүхэд байвал гадаа Билгээ ах дуудаж байна гэж хэлээрэй гэсэн. тэгээд дуудах гэж орох гэтэл орцны хаалга нь түгжээтэй байсан учраас орж чадаагүй. Тэгээд тэр ах цаанаас манай 2 найз хараад байна та 2-т юм байгаа юм уу гэхээр нь бид хоёрт байгаа нь 5000 төгрөг байна гэхэд бид хоёрын халаасыг ухаад миний болон манай найзын гар утсыг аваад 2 найзаа энэ хоёр хүүхдэд юу ч байхгүй байна гэж хэлэн найзууд дээрээ очоод ирье манай найзууд та 2-ыг нэгжих байх тэрний дараа би та 2-т буцааж өгнө гэж хэлээд авч явсан тэгээд буцаж ирээгүй. Намайг цохиж зодоогүй харин гар утсаа өгөхгүй бол нүүрэн дээр чинь сорви үлдээнэ шүү гэж сүрдүүлсэн. Мөн явах үедээ эргэж харах юм бол хохино шүү гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-32/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Гантулгын “…энэ үед 50 дугаар дэлгүүрийн зүүн талаар гараад Орос улсын элчин сайдын яамны баруун талд явж байх үед 30 орчим насны эрэгтэй хүн хажууд гарч ирээд бид хоёроос Содоо гэж хүүхдийг таних уу гэж асуусан тэгэхээр нь бид хоёр танихгүй гэхэд дуудаад өгөөч гээд бид 2 за гээд дагаж яву байсан замын баруун талд нь байсан байрны завсраар дагуулж гараад хойшоо эргээд эхний орцны үүдэнд ирээд “ах нь шоронгоос гарч ирсэн, архи авах гэж мөнгө цуглуулж байна, энэ хүүхдүүдэд 40.0000 төгрөг байгаа хамгийн дээд талын давхарт нь амьдардаг юм. Гэрийнхэн нь хаалгыг тогшоод Содоо гэж хүүхэд байвал гадаа Билгээ ах дуудаж байна гэж хэлээрэй гэсэн. тэгээд дуудах гэж орох гэтэл орцны хаалга нь түгжээтэй байсан учраас орж чадаагүй. Тэгээд тэр ах цаанаас манай 2 найз хараад байна та 2-т юм байгаа юм уу гэхээр нь бид хоёрт байгаа нь 5000 төгрөг байна гэхэд бид хоёрын халаасыг ухаад миний болон манай найзын гар утсыг аваад 2 найзаа энэ хоёр хүүхдэд юу ч байхгүй байна гэж хэлэн найзууд дээрээ очоод ирье манай найзууд та 2-ыг нэгжих байх тэрний дараа би та 2-т буцааж өгнө гэж хэлээд авч явсан тэгээд буцаж ирээгүй. Намайг цохиж зодоогүй харин гар утсаа өгөхгүй бол нүүрэн дээр чинь сорви үлдээнэ шүү гэж сүрдүүлсэн. Мөн явах үедээ эргэж харах юм бол хохино шүү гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-35/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Энхдалайн “…Тухайн Самсунг А8, самсунг Си 5 маркийн гар утсыг зарсан хүнийг би санасан надад гар утас зарсан хүнийг Ганзориг гэдэг, одоо Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа тэр үед олон гар утас авч байсан болохоор өмнө нь мэдүүлэг өгөхдөө санахгүй байсан юм. Тэр хүн над дээр ирэхдээ Самсунг А8, гар утсыг самсунг Си 5 маркийн гар утастай цуг зарсан юм. Би тухайн 2 гар утсыг нийлүүлээд 150.000 төгрөгөөр худалдаж авсан авсан.Анх гар утсыг худалдаж авахад самсунг а-8 загварын гар утасны дэлгэц нь хагарсан байсан, цааш нь зарж борлуулаагүй. Би цааш нь зараагүй, аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Эрдэнэсувд тэр хэрэглэж байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-37/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-91/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89/,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-30/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-25-27/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-162-165/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй И.Билэгшагай, Б.Гантулга нарын эзэшлийн Самсунг А8, самсунг Си 5 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 510.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь дээр дурьдсан насанд хүрээгүй хохирогч М.Билэгшагай, Б.Гантулга, иргэний нэхэмжлэгч П.Энхдалай нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Гийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Гийн дээрх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч И.Билэгшагай, Б.Гантулга нарт 510.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч И.Билэгшагай, Б. Гантулга нарт эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байгаагаас гадна хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй И.Билэгшагай, Б.Гантулга нарын эзэшлийн Самсунг А8, самсунг Си 5 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 510.000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 18 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 05 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 03 жил 05 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР