| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1647/Э |
| Дугаар | 1717 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1717
2020 09 30 2020/ШЦТ/1717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд,
Хохирогч Д.Баярмаа,
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн П.Сэд холбогдох 2006 00000 2239 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1957 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, Байлдааны медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль тус тус шагнагдсан, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Пн С, /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.С нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр байрны орцонд иргэн Д.Баярмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Сийн өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 18-19 цагийн үед би гэртээ зурагт үзээд байж байтал хохирогч тэндхийн архи уудаг 2 хүнтэй тагтны доор зогсоод 2 давхрын тагт руу заагаад юм ярьж байгаад явсан. Манай 2 давхарт нэг авгай ач, зээ нартайгаа байдаг. Урьд нь манай хаалгыг 2 удаа мөн 34 тоотыг 1 удаа хөшиж байсан. Архи уудаг хүмүүс тагт руу заагаад яваад байхаар гайхсан. 30-40 минутын дараа яваад өгсөн. Нэг намхан залуу шууд тагт руу авирахаар нь би хувцсаа өмсөөд гараад очсон. Өндөр залуу нь үүдэн дээр зогсож байсан. Би тэр хүнийг буугаад ир гэсэн чинь бууж ирэхгүй байсан. Нөгөө хүнийг нь барьж авах гэсэн чинь хохирогч ар талаас татаад тэр хооронд зугтаачихсан. Энэ хохирогч гэх эмэгтэй би байр хөлсөлж байгаа юм түлхүүрээ гэртээ орхичихсон байгаа болохоор энэ хүнийг гуйж цонхоороо оруулах гэж байгаа юм гэсэн. Би “чамайг хараагүй юм байна. Энэ байранд нэг авгай байдаг. Байр хөлслүүлсэн талаараа хэлээгүй” гэж хэлсэн. Би тэр байранд хяналт тавиад явдаг юм. Нөгөө залуу цаашаагаа яваад орчихсон. Би энд байдаг юм бол гэрт нь орж харъя гэж бодоод хамт дээшээ гарсан. 1 давхраас 2 давхрын дунд явж байхад хохирогч араас футболкноос 2 гараараа зуураад авсан. Би гараас нь бариад түлхээд энэ согтуу авгайтай юу ярих вэ гэж бодоод гэр лүүгээ орсон. Гэртээ орсноос хэсэг хугацааны дараа хаалга тогшоод “чи миний толгойг хагалчихлаа” гэж хэлсэн. Би гэртээ оруулж ирээд баруун шанаандаа язралттай байсан. Би цаад өрөөнөөсөө архи авч ирээд салфеткаар арчиж өгсөн. Тэгтэл архи харчхаад үүдний гутлын тавиур дээр очоод суучихсан. Би “чи энд байж болохгүй юу гэж би чамайг энд байлгадаг юм гар” гэж хэлсэн. Гэрээс гарахгүй байхаар нь би хүчээр шахуу гэрээсээ гаргасан. Гадаа гараад “чи намайг зодсон би цагдаа дуудна” гэхээр нь би дууд дууд гэж хэлээд гэртээ орсон. Удаагүй 4-5 минутын дараа цагдаа ирээд намайг авч явсан. Тухайн үед хохирогч нэлээн согтуу байсан учраас цагдаа нар та маргааш ирж үзүүлээрэй, гомдол гэж байвал өргөдлөө өгөөрэй гэсэн. Би дүүрэг дээр очиж мэдүүлгээ өгчхөөд эргээд харихдаа янз бүрийн улсууд отож байж магадгүй гэж бодоод явдаг маршрутаа өөрчлөөд генерал худалдааны төвийн урдуур явж байтал тэндхийн архичид архи ууж байсан. Би 15-20 метрийн зайд ойртоод очтол хохирогчийн дуу сонсогдсон. Би буцаад зам дээр гарсан. Цонхоор орсон 2 хүмүүстэй хамт байсан. Би генералын тэндээс гараад иртэл хохирогчтой хамт явж байсан залуучууд над руу хараад юм яриад байсан. Гэрийн гадаа цагдаагийнхан хохирогчийг авч явах гээд хүлээж байсан. Би цагдаа нараас юу хийж байгаа юм гэж асуутал “хохирогчийг чинь хайж явна” гэхээр нь архи ууж байна лээ гээд байсан газрыг нь зааж өгсөн. Гэртээ ороод унтаж байтал гал тогооны өрөөний цонхыг хүн тогшсон. Би юу болж байгаа юм бэ гэсэн чинь 2 гартаа боргио нэртэй пиво барчихсан нэлээн согтуу байсан. Би гараад очтол “би 7000, 8000 төгрөг хаячихлаа” гээд гудам руу заагаад хоёулаа ярилцъя гэсэн. Би чиний хаясан мөнгийг юу гэж хайдаг юм гэтэл намайг аллаа гэж хашхирсан. Тэр үед нэг залуу хажуугаар өнгөрч яваад гүйгээд хүрээд ирсэн. Би энэ яг болохоо байлаа гэж бодоод гэрийн үүдэнд түлхүүрээ эргүүлээд зогсож байтал нөгөө залуу ирээд “та яагаад хүн зодож байгаа юм” гэхээр нь би “орой нь нэг асуудал болсон цагдаа нар шалгаж байгаа” гэж хэлсэн. Гэртээ ороод цонхоороо хартал нөгөө 2 залуугийн нэгтэйн хажууд зогсож байсан. Би ойлгомжтой хүнтэй явж байгаа юм байна гэж бодоод унтаад өгсөн. Шөнө 04 цагийн үед том өрөөний хаалгыг цохихоор нь би босоогүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баярмаагийн өгсөн: “Тухайн өдөр миний найз хөдөөгөөс ирсэн. 5 литр айрагтай ирээд бид 2 вино ууж байгаад би гаргаж өгөөд буцаад иртэл түлхүүрээ орхиод гарсан байсан. Дээд айлын охиноосоо отвёрток байвал өгөөч гэж аваад 1 цаг гаруй ноцолдоод болоогүй. Нөгөө охин би гэр лүүгээ орлоо эгчээ гэж хэлээд орсон. Би баярлаа гэж хэлээд дэлгүүр ороод 1 литр сүү аваад эмээд нь оруулж өгчхөөд айлын хаалга эвдэж байхаар гэж бодоод тагтаар нь хүн оруулчихъя гэж бодоод 2 хүн явж байхаар нь эгч нь 5 төгрөг өгье та 2 ороод өгөөч гэсэн. Нэг нь өндөр залуу байсан. Би тэдгээр залуучуудыг танихгүй. Хана түшээд кабель унжсан байсан тэрүүгээр татаад авирсан. Би ашгүй орчихлоо гэж бодоод 1, 2 давхрын голд явж байтал шүүгдэгч гарч ирээд тархи толгойгүй хулгайч гээд зодсон. Миний нүүрээр халуун цус урсаад явсан. Шүүгдэгч зодчихоод гэр лүүгээ яваад орохоор нь би “яаж ийм байдалтай явах юм бэ? тархинаас цус гараад тогтохгүй байна” гэж хэлсэн. Гэрт нь ортол шал согтуу 2 хундагатай архи тавьчихсан байснаас хөвөнд шингээж байгаад толгой дээр тавьж өгсөн. Би гараад гэр лүүгээ орох гэтэл цонхоор орж өгсөн залуу хулгайч гэж орилсон болохоор зугтчихсан би гадаа хоносон. Би даараад намайг оруулчихгүй юм байхдаа гэж ядаж хүүхдээ дуудъя гэж бодтол гэртээ оруулаагүй. Би цагдаа дээр буцаж очоод энэ хүнийг согтуу байхад нь яагаад буцааж явуулдаг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баярмаагийн өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай найз гэрт ирсэн. Тэгээд бид манай гэрт тэдний авч ирсэн айргаас талыг нь уугаад бас нэг шил вино уусан. Тэгээд би найзыгаа гаргаж өгчхөөд буцаад гарах гэсэн чинь би гэртээ түлхүүрээ орхичихсон байсан. Тэгээд дээд талын айлын охин бид хоёр онгойлгох гэж үзээд бараагүй... тэгээд тэрүүгээр явж байсан танихгүй хоёр залуугаас бас гуйгаад, нэг нь өндөр залуу байсан болохоор нөгөө хажууд нь байсан залуу тэрний мөрөн дээр гишгээд дээшээ гарсан. Тэгээд би хаалга онгойлгож өгөх байх гэж бодоод орц руугаа ороод дунд талын шатанд хүрч явсан чинь ардаас нэг эрэгтэй хүн гарч ирээд сүр сар гээд “муу сайн хулгайчууд” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг учир зүггүй зодсон. Тэгээд бас миний толгой руу цохисон чинь миний толгой хагараад миний өмсөж явсан цамц нил цус болсон. Тэгээд нөгөө тагтаар орсон залуу айгаад зугтаад яваад өгсөн. Тэгэхээр нь би тэрний хаалгыг тогшоод “чи миний толгойг хагалчихлаа” гэж хэлсэн чинь ширээн дээр нь байсан хундагатай архийг салфетканд норгож өгөөд миний толгойн хагарсан хэсгийг арчиж өгсөн. Тэгээд намайг гэрээсээ гар гар гээд гаргачихсан. Тэгээд би гадаа гудамжинд хоноод цагдаа дээр очсон...” гэх мэдүүлэг /хх.21-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9215 дугаартай:
“1. Д.Баярмаагийн биед тархи доргилт, баруун зулайд шарх, зүүн хөх, хэвлийн зүүн хэсэг, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед би гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байсан. Манай зурагт том өрөөний цонхны хажууд байдаг. Тэгсэн чинь тэр хавиар яваад байдаг өндөр, нэг намхан хоёр архичин залуу нэг хүүхэнтэй хамт дээшээ балконыг хараад заагаад юм яриад байсан. Тэгснээ буцаад тойроод яваад өгсөн... тэр эмэгтэйг би “чи яагаад ийм архичид дуудаж байдаг юм бэ? ямар сонин юм бэ?” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй “тэр эрэгтэйг танихгүй, зүгээр хаалга онгойлгоод өг гэж гуйсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “худлаа яриад бай” гэж хэлээд маргалдаж орц руу ороход тэр эмэгтэй миний футболкны захнаас зуураад авсан. Тэгэхээр нь би 2 гарыг нь барьж байгаад цааш нь түлхчихсэн. Тэр эмэгтэй нэлээн согтуу байсан болохоор намайг түлхсэний дараа шатны бариулын хажуу тал руу уначихсан. Тэгээд би гэр лүүгээ ороод байж байтал хаалга тогшсон. Тэгсэн чинь тэр эмэгтэй “чи миний толгойг хагалчихлаа” гэж хэлэхээр нь би толгойг нь харсан чинь толгойн баруун хэсэг язарсан 1см орчим хэмжээтэй шархтай байсан. Мөн тэр хэсгээс нь цус гараад баруун чихний доод хэсэг хүртэл гоожсон. Мөн энгэрийнх нь хэсэг газарт 2-3 дусал цус дуссан байсан. Тэгээд би тэр эмэгтэйг гэртээ оруулаад цаад өрөөнөөс архи авч ирээд салфетканд архи шингээж толгой дээр нь дараад тэр шархны цус нь тогтсон...” гэх мэдүүлэг /хх.34-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.С нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр байрны орцонд иргэн Д.Баярмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баярмаагийн өгсөн: “... Тэгээд би хаалга онгойлгож өгөх байх гэж бодоод орц луугаа ороод дунд талын шатанд хүрч явсан чинь ардаас нэг эрэгтэй хүн гарч ирээд сүр сар гээд “муу сайн хулгайчууд” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг учир зүггүй зодсон. Тэгээд бас миний толгой руу цохисон чинь миний толгой хагараад миний өмсөж явсан цамц нил цус болсон... ” гэх мэдүүлэг /хх.21-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9215 дугаартай:
“1. Д.Баярмаагийн биед тархи доргилт, баруун зулайд шарх, зүүн хөх, хэвлийн зүүн хэсэг, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би 2 гарыг нь барьж байгаад цааш нь түлхчихсэн. Тэр эмэгтэй нэлээн согтуу байсан болохоор намайг түлхсэний дараа шатны бариулын хажуу тал руу уначихсан. Тэгээд би гэр лүүгээ ороод байж байтал хаалга тогшсон. Тэгсэн чинь тэр эмэгтэй чи “миний толгойг хагалчихлаа” гэж хэлхээр нь би толгойг нь харсан чинь толгойн баруун хэсэг язарсан 1см орчим хэмжээтэй шархтай байсан. Мөн тэр хэсгээс нь цус гараад баруун чихний доод хэсэг хүртэл гоожсон. Мөн энгэрийнх нь хэсэг газарт 2-3 дусал цус дуссан байсан...” гэх мэдүүлэг /хх.34-37/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баярмаагийн өгсөн: “... 1, 2 давхрын голд явж байтал шүүгдэгч гарч ирээд тархи толгойгүй хулгайч гээд зодсон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
П.Сийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Д.Баярмаагийн баримтаар нэхэмжилсэн 273.000 төгрөгийг шүүгдэгч П.С нь нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, эвлэрсэн гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Сийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдэв.
П.Сэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Сэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
П.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдбал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Пн Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, П.Сэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Сэд сануулсугай.
5. П.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 273.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР