Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0011

 

М.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2018/0029/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой М.Бд холбогдох 1838000000019 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Онход овогт М-ын Б, …. оны .... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1 дэх хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар, 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.1 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох ялаар, 2000 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаар захирамжаар 04 сар 09 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө суллагдсан /регистрийн дугаар: ................/.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн ....сумын .... дугаар баг, .... зочид буудлын хажуу талын нийтийн байранд оршин суух иргэн М.Мын байрны цоожийг эвдэн орж 38 инчийн зурагт, 12 сувгийн хүлээн авагч станц, антень хулгайлж 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч М-ын Быг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Быг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 04 /дөрөв/ сар 09 /ес/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 09 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 1/нэг/ жил 5/тав/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1838000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.” гэж заасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч М.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ. 

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн .... сумын ....дугаар баг, ..... зочид буудлын хажуу талын нийтийн байранд оршин суух иргэн М.Мын байрны цоожийг эвдэн орж 38 инчийн зурагт, 12 сувгийн хүлээн авагч станц, антень хулгайлж 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Энэ нь хохирогч М.Мын мэдүүлэг, гэрч Д.А, Б.Ө, О.М нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан болон  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

М.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоожээ. 

Дээд шатны прокурор “... шүүгдэгч М.Б урьд 9 удаа ял шийтгүүлсэн, ял эдлэх дэглэмийг нь Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэх”-ийг хүссэн эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т  “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг  хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “нээлттэй” гэснийг “хаалттай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАЯРХҮҮ

                     ШҮҮГЧИД                                                         С.ЦЭЦЭГМАА

                                                                                   Б.СОСОРБАРАМ