Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2018/0053/З |
Дугаар | 008 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 008
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч К.Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комисст тус тус холбогдох,
“Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын болон тус салбар зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоолын И.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, гуравдагч этгээд И.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа::
Нэхэмжлэгч К.Д би 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Өлгий сумын 3 дугаар 10 жилийн сургууль, Сагсай сумын 8 жилийн сургуульд багшаар, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Өлгий сумын 4 дүгээр цэцэрлэгт багшаар, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгт багшаар томилогдон ажиллаж байгаад Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ажилласан. Надтай тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармен томилогдсон өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалт зарласан.Сонгон шалгаруулалт зарлах орон тоо дотор миний одоо хашиж байгаа 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо байсан.
Надтай өрсөлдөхөөр Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан И.А гэгч бүртгүүлсэн байсан ба тэр нь удирдах ажилтнаар огт ажиллаж байгаагүй, зөвхөн цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан хүн юм.
Анх сонгон шалгаруулалт зарлахдаа цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагад “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 ба түүнээс дээш жил багшилсан, удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх” гэж заасан байсан.
Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг баталсан бөгөөд дээрх хавсралтын 5 дахь хэсэгт зааснаар цэцэрлэг, яслийн арга зүйч нь ТҮБД-4 зэрэглэлд хамаарах мэргэжлийн албан хаагч юм.
Шалгалтын комисс нь бусад цэцэрлэгүүдийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэхээр ирсэн арга зүйч нарыг удирдах ажилтан биш гэж бүртгээгүй мөртлөө зөвхөн И.Аийг бүртгэсэн нь хууль бус юм.
Би энэ асуудлаар шалгалт эхлэхээс өмнө Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Т-д өргөдөл өгсөн ба Х.Т нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаар албан бичгээр “...Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс хэлэлцээд хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч нарыг цэцэрлэгийн удирдах албан тушаал мөн гэж үзсэн тул И.Аийн бүртгэлийг хэвээр үлдээсэн болно” гэсэн хариу өгсөн.
Би сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт авах гэж салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н-д удаа дараа хандсан боловч холбогдох материалыг манайд ирүүлээгүй гэсэн хариу өгсөн.
Шалгалтын комисс нь ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан хүнийг бүртгэх ёстой. Гэтэл тус комисс нь шалгуур хангаагүй хүнийг бүртгэж шалгалтад оруулснаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.
Нөгөө талаар би цэцэрлэгийн эрхлэгчээр 3 дахь жилдээ ажиллаж байна.Тухайн ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд тухайн үед ажил олгогч надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Би тухайн үед тэтгэвэрт гарсан хүний орон тоон дээр томилогдсон.
Сонгон шалгаруулалт явуулах журамд ажил олгогч нь шинээр сул орон тоо гарсан тохиолдолд 14 хоногийн дотор захиалга өгөх ёстой.Гэтэл 3 жил өнгөрсөн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус юм.
Ингээд би эрх ашгаа хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “ Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9.5,-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гарсан энэхүү журмын “нэг”-ийн 4.1-4.3-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу шүүхэд хандаж байна.
Миний гомдлыг зохих журмын дагуу хянан миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсалт баталсан тогтоолын И.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Мөн дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хуралдаж И.А-г Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоолыг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан миний бие нэхэмжлэлийн шаардлагыг “Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн И.А Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах“ гэж нэмэгдүүлж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие К.Дгаас тавьсан хүсэлтийн дагуу түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж энэ хэрэгт өмгөөлөгчөөр эхэлж оролцож байгаа. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаргуулах журам нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмаар явагддаг. Энэ журмын 1.3-д энэ журмын зорилгыг тодорхойлсон. Уг журамд зааснаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах ажиллагаа явагдах ёстой. Тавигдсан шаардлагыг И.А хангаж байсан уу, үгүй үү гэдэг асуудалд өнөөдөр мэтгэлцэх учиртай. Хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд ажлын байрны тодорхойлолт авагдсан. Уг ажлын байрны тодорхойлолтод удирдах ажилтнаар ажилласан туршлагатай байна гэж заасан байдаг. Ажиллаж байсан биш, туршлагатай байсан гэж заасан. Туршлага гэдэгт хүний оронд ажилласан байдлыг авч үзэх үндэслэл байхгүй. Тодорхой ажлыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэснээр тухайн ажлын байрны туршлагатай болсон гэж үзэх ёстой. Бүртгэсэн асуудлын талаар тайлбар хэлэхэд, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 147 тоот албан бичигт хариу өгөхдөө нэхэмжлэгчийг бүртгэсэн ба үүнийг өөрчлөх боломжгүй гэсэн байна. Журмын 4.3-д “комисс сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан. Хэрвээ тухайн үед хуралдаж нэхэмжлэгч шаардлага хангаж байна гэж үзэж бүртгэсэн бол тухайн холбогдох хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт байх ёстой.
Энэ талаар ямар нэгэн хуралдааны тэмдэглэлийн холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн тайлбарт Боловсрол, соёл урлагийн газрын даргын тайлбараар бүртгэсэн гэсэн байгаа. Арга зүйч удирдах албан тушаалтанд тооцогдоно гэж Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Х.З тайлбарласнаар бид нар бүртгэсэн гэж комисс тайлбарласан. Хэн нэгэн албан тушаалтны тайлбараар бүртгэл хийх нь үндэслэлгүй байна. Т.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ирсэн арга зүйч нарыг бүртгээгүй буцаагаад явуулсан гэдгийг хэлсэн. Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.З 2 арга зүйч байсан, эдгээр арга зүйч нар бүртгэгдсэн гэсэн агуулгатай үндэслэлгүй зүйл ярьж байна. Бүртгээгүй буцаагаад явуулсны дараа ямар процесс болсон талаар тодорхой мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн тойргоос сонгогдсон иргэдийн Төлөөлөгчийг дагуулж ирээд түүнийг Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зтэй уулзуулж дараагаар нь Т.Атэй уулзуулсан байдаг. Т.А тухайн үед шүүхэд очиж, энэ талаарх асуудлыг ярина гэж хэлсэн байдаг.
И.Аийг удирдах албан тушаалтанд ажилласан уу, эсвэл арга зүйч нар удирдах албан тушаалтны орон тоонд тооцогддог гэсэн үндэслэлээр бүртгэсэн үү, аль эсвэл Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Згийн тайлбараар бүртгэсэн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Сургуулийн өмнөх насны боловсролын ангилал, зэрэглэлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд тодорхой заагаад өгсөн. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Згийн аман тайлбараар биш, уг тогтоолоор арга зүйч ямар ангилалд хамаарах ёстой вэ гэдгийг харах ёстой. ТҮ-4 мэргэжлийн арга зүйч нар урьд нь багш нартай адилхан цалин авдаг байсан. Өнгөрсөн жилийн өөрчлөлтөөр багш нарын ТҮ-4 хэвээрээ үлдсэн байгаа. Журмын холбогдох заалтууд зөрчигдсөн гэж үзэж байгаа.
Энэ журмын 4.1.3-д Боловсрол, соёл, урлагийн чиглэлийн аймаг, нийслэл, сум дүүрэгт байгаа сургууль цэцэрлэгийн ажилтны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, урлагийн газар зохион байгуулна гэж тодорхой зааж өгсөн. Үүнийг Боловсрол, соёл, урлагийн газар зохион байгуулаагүй. Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулсан. Журмын 2.1-д зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан ажлын байрны саналаа Боловсрол, соёл, урлагийн газарт ирүүлэх ёстой гэж мөн тодорхой зааж өгсөн. Хавтаст хэргийн 88 дугаар хуудаст аймгийн Засаг дарга 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1-02/1132 тоот албан бичгээр захилгаа Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн байдаг. Мөн журмын 7.2-д сонгон шалгаруулалт явуулсан дүн, тайлан мөн тэнцсэн иргэдийн жагсаалтыг 24 цагийн дотор комисс Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлэхээр зохицуулсан байдаг. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөл хугацаандаа дүнгээ нэгтгэж гаргасан уу гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н надад материал ирээгүй гэсэн. Тэгээд эхний шаардлагаараа шалгалтын дүнг хүчингүй болгуулахаар шаардлага өгсөн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Журмын 7.3-д Боловсрол, соёл урлагийн газар шалгалтын дүн мэдээг аймгийн харьяалах Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, нэр дэвшүүлэх асуудлыг түүгээр шийдвэрлүүлнэ гэж Боловсрол, соёл, урлагийн газар зохион байгуулах ёстой. Гэтэл шууд Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн ажиллагаа явагдсан.
Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З тайлбарлахдаа боловсрол, арга зүйн удирдлагаар хангах учиртай гэж хэлж байна. Арга зүйн удирдлагаар хангах гэдэг нь журмын 9.4-д Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөл энэ журмыг хэрэгжүүлэх мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангана гэсэн. Түүнээс биш Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулна гэсэн зүйл байхгүй. Журмын 2.1-д зааснаар 14 хоногийн дотор зохион байгуулах асуудал яригдсан. Сонгон шалгаруулалтын дүн, тогтоол зэрэг бүх баримт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Нэг шийдвэрт техникийн алдаа гаргаж 10 дугаар сарын 10-ны өдрөөр бичсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Сонгон шалгаруулалт зохион байгуулсан талаарх ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Журмын 1.7-д сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулж болно гэж заасан. Төрийн албаны зөвлөлд хүсэлтээ гаргаж түүний дагуу чиглэл авч, зохион байгуулагдах ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд цахимаар явагдах талаар Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасан асуудал байхгүй байна.
Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Х тайлбарласнаар Төрийн албаны зөвлөлийн 62 дугаар тогтоолоор түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэсэн зүйл ярьж байна. 62 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг зохицуулсан байгаа. Түүнээс биш үйлчилгээний удирдах албан тушаалтны түр орлон гүйцэтгэх журам үүнд хамаарахгүй. Анх нэхэмжлэгч К.Дг ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зүйлийн 26.2 дахь заалтыг баримталж томилсон байдаг. Харин төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх тодорхой журам байхгүй. Аймгийн Засаг дарга анх нэхэмжлэгчийг томилохдоо хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Өмнө нь шалгалтад орж тэнцээгүй асуудал энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд, шалгалтад И.Аийг бүртгэхдээ давуу байдал бий болгож, шалгалтад тэгш эрхээр оролцох боломжоор хангаагүй байгаа. Шалгалт ил тод нээлттэй явагдах ёстой. Шалгалтад орох үеэр хүмүүсийн ширээ, сандлыг заагаад байгаа явдал нь эдгээр хүмүүсийн эрх, ашгийг тодорхой хэмжээгээр зөрчиж байгаа. Тухайн үед И.А бүртгэгдээгүй бол Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулж, уг шалгалтад К.Д дахин орох боломж нь нээгдэх ёстой. Нэгэнт шаардлага хангаагүй хүнийг бүртгэж, шалгалтад оруулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комиссоос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилогдсон бүртгэлийн ажлын хэсэг нь Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/703 тоот захирамж, ажил байдлын тодорхойлолт, бусад холбогдох материал болон аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын даргын тайлбарыг /СӨБ-ын салбарын эрхлэгч, арга зүйч нарыг цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар тооцдог, цэцэрлэгийн эрхлэгч эзгүйд арга зүйч нар орлодог, тус газрын дотоод сүлжээнд удирдах ажилтан гэж явдаг гэж тайлбар өгсөн/ тус тус үндэслэн И.А-г, мөн Цэнгэл сумын *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан иргэнийг бүртгэсэн.
Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс томилогдсон сонгон шалгаруулах комиссын гишүүд нь холбогдох хууль, журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар хуульд заасан журмын дагуу явуулж, шалгалтын дүнг аймгийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, салбар зөвлөлийн олонхын саналаар дэмжигдэж, зохих шийдвэр гарсан зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч нь ‘Сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт авах” талаар манайд ямар нэг хүсэлт гаргаагүй болно.
К.Д нь нэхэмжлэлдээ “Өлгий сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоонд 3 дахь жилдээ ажиллаж байгаа ба энэ нь байнгын ажлын байр боловч сонгон шалгаруулалт явуулах журамд ажил олгогч нь шинээр сул орон тоо гарсан тохиолдолд 14 хоногийн дотор захиалга өгөх ёстой гэтэл 3 жил өнгөрсөн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус” гэжээ.
Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/1132 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тус зөвлөлийн 125 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө http.//csc.gov.mn, www.bayan-olgii.gov.mn цахим хуудас, facebook, аймгийн ЗДТГ болон орон нутгийн радиогоор дамжуулан мэдээлэхэд болон 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэл хийх үед, мөн шалгалтын явцад орон тоог зарласан талаар ямар нэг гомдол гаргаагүй. Өөрөө хүлээн зөвшөөрч шалгалтад ороод тэнцээгүй унасны дараа гомдол гаргасан ба нэхэмжлэгчийн "Сонгон шалгаруулалтын салбар комиссын 2018.10.10-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын нэгдсэн дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” талаар гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Нээлттэй сонгон шалгаруулалтыг зохих хууль журмын дагуу 21 хоногийн өмнө салбар зөвлөлөөр дамжуулан интернэт сүлжээнд нээлттэй байрлуулсан. Тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад цэцэрлэгийн эрхлэгч буюу удирдах ажилтнаар тийм жил ажилласан байх гэсэн тодорхой хугацаа заагаагүй, удирдах албан тушаалтан хашиж байсан гэж тусгасан байгаа. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулах ажлыг гардан зохион байгуулсан байгаа. Ингэхдээ салбар зөвлөлийн ажлын хэсэг зохих хууль, журмын дагуу өглөө 8 цагаас орой 05 цаг хүртэл ажлын цагтаа багтааж бүртгэл хийж, шаардлага хангасан хүмүүсийг бүртгэсэн. Энэ үед сонгон шалгаруулах комиссоос хоёр цэцэрлэгийн арга зүйч бүртгүүлэхээр ирсэн байна бүртгэх үү, үгүй үү гэдэгт надаас тайлбар авсан.
Цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйчийг тухайн цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар тооцогдож явдаг гэж хэлсэн. Учир нь, цэцэрлэгийн эрхлэгч эзгүй үед түүний чиг үүргийг арга зүйч хэрэгжүүлж байдаг тул арга зүйчийг удирдах албан тушаалтнаар тооцдог. Тухайн үед сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч Айгерим, Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн арга зүйч И.А нар бүртгэгдсэн байсан. И.Аийн хувьд арга зүйчээс гадна ажиллаж байгаа цэцэрлэгийн эрхлэгч байхгүй үед хоёр удаа эрхлэгчийн ажлыг үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учраас сул орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзсэн ба бүртгэлийн ажиллагаанд ямар нэгэн зөрчил гараагүй болно.
Шалгалтыг салбар зөвлөлөөс зарласан цаг, минутад буюу өглөөний 9 цагаас эхэлж, дуусах ёстой цагт нь дуусгасан. Шалгалтын явцыг Төрийн албаны төв зөвлөлөөс камераар хянасан. Нэхэмжлэгч К.Дгийн хувьд онлайнаар авагдсан хууль, эрх зүйн тестийн шалгалтад тэнцээгүй учраас дараагийн шалгалтад орох эрх нь хаагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны 10 дугаар сард Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах шалгалт хууль, журмын дагуу явагдсан гэдгийг хэлмээр байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагад “Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн И.Аийг Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах” гэсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилогдсон Сонгон шалгаруулах комисс холбогдох хууль, журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан журмын дагуу явуулж, шалгалтын дүнг аймгийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, салбар зөвлөлийн олонхын саналаар дэмжигдэж, зохих шийдвэр гарсан зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
К.Д нь Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт буюу Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн орон тоог зарлах, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэл хийх үед, мөн шалгалтын явцад орон тоог зарласан талаар ямар нэг гомдол гаргаагүй өөрөө хүлээн зөвшөөрч шалгалтад ороод тэнцээгүй унасны дараа гомдол гаргасан, мөн урьд нь дээрх албан тушаалд 2 удаа сонгон шалгаруулалт зарлаж шалгалтад орж тэнцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч К.Д нь аймгийн Засаг дарга надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул миний орон тоог зарласан нь үндэслэлгүй гэж маргаж байна. Тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоонд нэхэмжлэгч К.Дг түр томилсон бөгөөд сул орон тоог түр орлон гүйцэтгүүлэх журмыг Засгийн газрын 2011 оны 61 дүгээр тогтоолоор зохицуулсан байгаа. Одоо үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулиар энэ асуудлыг тодорхой зохицуулсан байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. К.Д нь дээрх журмын дагуу Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоонд түр томилогдож ажилласан ба 2016 онд байх сонгон шалгаруулалт зохион байгуулахад К.Д нь орж тэнцээгүй. Энэ нь хэрэгт авагдсан гэрч Х.Нын мэдүүлгээр тогтоогдож байна. Зохих хууль журмын дагуу аймгийн Засаг дарга захиалга өгснөөр Төрийн албаны салбар зөвлөлөөс энэхүү сонгон шалгаруулалтыг зарласан байдаг. Гэхдээ тухайн үед нэхэмжлэгч талаас энэ хугацаанд миний орон тоог зарлах ёсгүй, миний эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн агуулга бүхий гомдол гаргаагүй мөртлөө сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа миний эрх ашиг зөрчигдсөн гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Яагаад гэвэл аймгийн Засаг дарга сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн ба салбар зөвлөлөөс Төрийн албаны төв зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны төв зөвлөлийн веб сайт болон орон нутгийн радиогоор зарлахад ямар нэгэн гомдол гаргаагүй явдлыг энэ орон тоо сул орон тоо гэж нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулах комисс шалгалтыг хууль журмын дагуу зохион байгуулж, дүнгээ гаргаад Төрийн албаны салбар зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тус салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор тэнцсэн И.Аийн нэр дэвшүүлэх тогтоол гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Төрийн албаны салбар зөвлөлийн И.Аийн нэрийг дэвшүүлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Гуравдагч этгээд И.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр гаргасан шийдвэрээр Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсөв байгууллагууд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын буюу зарим удирдах албан тушаалтны сул орон тоонд сонгон шалгаруулалтыг улс орон даяар зарласан билээ. И.А би Төрийн албаны зөвлөлд цахим мэдээлэлд зарлагдсан Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор батлагдсан тухайн удирдах албан тушаалтны ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн ханган улмаар ажлын хэсэгт холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн өгснөөр ажлын хэсэг И.А намайг уг сул орон тоонд сонгон шалгаруулалтад орохыг зөвшөөрч албан ёсоор бүртгэсэн юм. Хэрвээ И.А би тухайн удирдах албан тушаалтны ажлын байранд тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байсан бол намайг тухайн үед ажлын хэсэг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарах ёстой юм.
И.А би тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шалгуурыг хангаж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байсан тушаал, шийдвэрүүдээр нотлогдож байгаа юм. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон Баян- Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн эхний байр эзлэн Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаар тогтоолоор Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлсэн юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар И.А миний хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянаж үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх байдал тогтоогдохгүй байгаа талаар аймгийн Засаг дарга А.Г-д Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн юм.
Иймд И.А би Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд хууль ёсоор ажиллах ёстой гэж үзэж байна. Миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Нэхэмжлэгч К.Д нь Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тус аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15- ны өдрийн Б\83 дугаар захирамжаар түр томилогдсон, тэрээр ажилд томилогдон цагаас хойш уг албан тушаалд 2 удаа сонгон шалгаруулалт явагдаж, тэрээр 2 удаа шалгалтад орж, шалгалтаас унаж байсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд дахин өрсөлдөн эхний сорилтын шалгалтад тэнцээгүй учраас дараачийн шалгалтад орох эрх нь хаагдсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Д нь Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор[1] байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисст тус тус холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын[2] болон сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоолын[3] И.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Маргаан бүхий албан тушаалд аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар томилогдох үед ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, холбогдох журамд зааснаар сул орон тоо гарсны дараа 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах ёстой байтал 3 жилийн дараа сул орон гэж зарлан сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус, мөн уг сонгон шалгаруулалтад маргаан бүхий албан тушаалын ажлын байранд тавигдсан “ ...удирдах ажилтнаар ажилласан дадлага, туршлагатай байх” шаардлагыг И.А хангаагүй” гэж тодорхойлон маргажээ.
Аймгийн Засаг дарга нь К.Дг Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд түр томилсны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс уг албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж, энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч орж тэнцээгүй болох нь хэрэгт авагдсан салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Комисс байгуулах тухай” 23 дугаар, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 24 дүгээр тогтоолууд, сонгон шалгаруулалтын зар[4], Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1425 дугаар албан бичиг[5], мөн аймгийн Засаг даргаас маргаан бүхий албан тушаалын сул орон тооны захиалгыг аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1-01/1353[6] дугаар албан бичгээр, гэрч Х.Нын мэдүүлгээр[7] тус тус тогтоогдож байна.
Эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг даргаас аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/1132 дугаар албан бичгээр[8] захиалга хүргүүлсний дагуу салбар зөвлөлөөс маргаан бүхий албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин зохион байгуулж, нэхэмжлэгч К.Д уг сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй болох нь хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтын бүртгэлийн жагсаалт[9], сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ[10], сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан[11] зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа ба дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Шүүхээс хэргийн үйл баримт болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Аймгийн Засаг дарга нь маргаан бүхий албан тушаалд нэхэмжлэгчийг 2016 онд түр томилсон, мөн ажил олгогчоос уг албан тушаалын сул орон тооны захиалгыг аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн, нэхэмжлэгч өөрөө уг албан тушаалын сонгон шалгаруулалтад удаа дараа оролцсон зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч К.Д нь маргаан бүхий албан тушаалд анхнаасаа Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “ Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д /цаашид журам гэх/ заасны дагуу томилогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгэнт нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу маргаан бүхий албан тушаалын орон тоонд томилогдоогүй тул уг орон тоог сул орон тоо гэж үзэх ба энэхүү сул орон тоог холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах замаар нөхөх ёстой тул нэхэмжлэгчийн маргасан “... ажил олгогч надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, маргаан бүхий албан тушаалын орон тоо нь сул орон тоо биш” гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтын дүнгийн болон нэр дэвшүүлсэн тогтоолын И.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй юм.
2. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын[12] ерөнхий шаардлагын туршлага хэсэгт заасан “ сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 түүнээс дээш жил багшилсан, удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх” гэсэн шаардлагыг гуравдагч этгээд И.Аийг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргажээ.
И.А нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 7 жил Өлгий сумын 10 дугаар хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан, арга зүйчээр ажиллаж байх хугацаанд цэцэрлэгийн эрхлэгчийн эзгүйд түүний ажлыг хавсран гүйцэтгэж байсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 27 дугаар тушаал[13], нийгмийн даатгалын НДД №А 000016780 дугаартай дэвтрийн хуулбар[14], Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаар захирамж[15], гэрч В.Хуандыхын мэдүүлэг[16] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан “... удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх” шаардлагыг хангаагүй, тодруулбал, удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Гуравдагч этгээдийг сонгон шалгаруулалтад оруулахаар бүртгэсэн сонгон шалгаруулах комиссын үйлдэл, мөн тэрээр сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан гэх үндэслэлээр түүнийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “...иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байна” гэсэнтэй тус тус нийцсэн гэж шүүх үзлээ.
3. Журмын Хоёрын 2.1- дэх хэсэгт “...Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ” гэж заасан.
Эрх бүхий этгээдээс маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гарсны дараа журамд заасан хугацаанд захиалгаа хүргүүлээгүй гэж үзэх боломжгүй, урьд нь 3 удаа сул орон тооны захиалгыг хүргүүлж байсан, гэхдээ сонгон шалгаруулалтад орсон иргэдээс тэнцээгүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсоноос гадна ийнхүү уг сул орон тоог нэхэмжлэгчийн түр ажиллаж байсан 3 жилийн хугацаанд журамд заасны дагуу нөхөөгүй нь нэхэмжлэгчийн эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй байна.
4. Журмын Нэгийн 1.4.3-д “...Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...уг сонгон шалгаруулалтыг журамд зааснаар аймгийн Боловсролын газар зохион байгуулах ёстой байсан, салбар зөвлөлөөс зохион байгуулсан нь хууль бус” гэж маргасан нь үндэслэлтэй боловч анх уг сонгон шалгаруулалтыг зарлах үед нэхэмжлэгч талаас энэ асуудлаар маргаагүй, тухайн үед салбар зөвлөл зохион байгуулж байгааг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсон, түүнчлэн сонгон шалгаруулах комиссын гишүүний бүрэлдэхүүнд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Х.З оролцсон тул салбар зөвлөлөөс энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Дгаас Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор[17] байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисст тус тус холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын[18] болон сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоолын[19] И.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 149 дүгээр хуудас
[2] Хэргийн 73 дугаар хуудас
[3] Хэргийн 61-62 дугаар хуудас
[4] Хэргийн 125 дугаар хуудас
[5] Хэргийн 124 дүгээр хуудас
[6] Хэргийн 94 дүгээр хуудас
[7] Хэргийн 102-105 дугаар хуудас
[8] Хэргийн 88 дугаар хуудас
[9] Хэргийн 63-66 дугаар хуудас
[10] Хэргийн 70 дугаар хуудас
[11] Хэргийн 71 дүгээр хуудас
[12] Хэргийн 89-91 дүгээр хуудас
[13] Хэргийн 142 дугаар хуудас
[14] Хэргийн 143-147 дугаар хуудас
[15] Хэргийн 85 дугаар хуудас
[16] Хэргийн 106-108 дугаар хуудас
[17] Хэргийн 149 дүгээр хуудас
[18] Хэргийн 73 дугаар хуудас
[19] Хэргийн 61-62 дугаар хуудас