Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 878

 

"МТ Дархан" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "МТ Дархан" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Энвисат" ХХК-д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 066 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжавхлан, Б.Баярсайхан,

Хариуцагчийн төлөөлөгч  С.Дэлгэрдалай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  "Энвисат" ХХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай 74/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог тухайн сарын 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх cap бүрийн 10-ны дотор Худалдаа хөгжлийн банкин дахь "МТ Дархан" ХХК-ийн 499066756 тоот данс болон Хаан банкин дахь 5028077704 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 22 711 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 22 711 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 11 355 500 төгрөг, нийт 34 066 500 төгрөгийг "Энвисат" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших "Ди Зет энд Ай" ХХК-ийн эзэмшлийн MV-000168 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны уурхайд 2015 оны 8-р сарын 13-ны 9/08 тоот хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахаар болсон тул "МТ Дархан" ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 74/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ, 75/15 тоот барьцааны гэрээний дагуу 24 711 000 төгрөгийн түлш авч ажиллуулсан болно. Гэвч ашиглалтын явцад 1970 онд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгээр Монгол Улсын Эрдэс Баялгийн нөөцөд хүлээн авсан алтны нөөц батлагдаагүйн улмаас бид "МТ Дархан" ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 74/15 тоот гэрээний давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан.

Иймд манай компани "МТ Дархан" ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 74/15 тоот зээлийн гэрээ одоо ч хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Бид төлбөр барагдуулах талаар "МТ Дархан" ХХК-тай харилцан тохиролцох болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Энвисат" ХХК-иас алдангид 11 355 500 /арван нэгэн сая гурван зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг, үлдэгдэл төлбөрт 22 711 000 /хорин хоёр сая долоон зуун арван нэгэн мянга/ төгрөгийг, нийт 34 066 500 /гучин дөрвөн сая жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "МТ Дархан" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "МТ Дархан" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Энвисат" ХХК-иас 328290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "МТ Дархан" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хурал хэргийн оролцогч хариуцагч талд хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан гэж иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт дурдаж бидэнд шүүхийн товыг мэдэгдсэн гэх боловч бид анхан шатны шүүх хурлын хуралдах товыг тодорхой мэдээгүй бөгөөд биднийг шүүх хуралд оролцож мэтгэлцэх бололцоогоор хангаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 25.1.5-д заасан эрхээ эдлэх бололцоо олгосонгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчоос гэрчийн мэдүүлэг авах, тооцоо төлбөрийн талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн боловч хавтаст хэрэгт аваагүй байх тул анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй тул уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж бидэнд мэтгэлцэх, нотлох баримтыг шинээр гаргах бололцоог олгон хэргийг дахин шийдвэрлэж төлбөр тооцоог бодитойгоор шийдвэрлүүлэх бололцоог олгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч "МТ Дархан" ХХК нь хариуцагч "Энвисат" ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 066 500 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 74/15 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь "МТ Дархан" ХХК нь 29 711 000 төгрөгийн түлшийг шилжүүлэн өгсөн, "Энвисат" ХХК зээлээр уг түлшийг худалдан авсан бөгөөд 22 711 000 төгрөгийн үнэ бүхий түлшний үнийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулсан ба гэрээний 3.2-т зааснаар хариуцагч нь cap бүрийн 10-ны дотор түлшний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбар болон 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар болон гэрээний 5.1 дэх хэсэгт зохигчид алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар тохиролцсон тул нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн алдангид 11 355 500 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүх хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан өгч, эрх үүргийг түүнд тайлбарлан танилцуулсан, шүүх хуралдааны товыг 2016 оны 12 сарын 09-ны өдөр мэдэгдэж, тэрээр энэ талаарх баримтад гарын үсэг зуржээ. /хх-25,26,32/

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 282 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ 

                         

                                          ШҮҮГЧИД                                       Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                 

                                                                                    

                                                                                                  Б.НАРМАНДАХ                                                                                                                      

 

.